Парламентын 126 гишүүний 81 нь шинэ гишүүн, 32 нь эмэгтэй гишүүн байгаа нь дэлхийд ховорхон үзүүлэлт, ард түмний хүсээд байдаг хувьсгал маягийн шинэчлэл болов. Олон нийтийн хувьд гишүүдийн тоо нэмэгдээд байдал хэрхэх бол хэмээн гайхаж хүлээж буй цаг. Цоо шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламент хэрхэн ажиллах вэ гээд учраа олчих гээд л буй цаг. Яг ийм үед нь засаглал тогтворгүй, шинээр байгуулагдсан засаг нь ч хэр удах нь тодорхойгүй, эдийн засаг хүндэрч, намууд нь зөвшилцөж чадахгүй хэрэлдээд байвал хүмүүс 126 гишүүнд эргэлзэж эхэлнэ, магад дарангуйлал хүсэх биз. 

Уг нь өмнөх хамтарсан засаг жил хүрэхгүй хугацаанд 60 жил яригдсан Эрдэнэбүрэн УЦС, 30 жил яригдсан Монгол-Францын ураны төсөл, 20 жил улс төржсөн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг эхлүүлж чадсан юм, хамтарч зөвшилцсөний ач. Аан мэдээж ингээд бусад намтай хамтраад эхлэхээр МАН-ын ихэнх бүлэгт дургүйцэл төрнө, өөрсдийнх нь суудлыг өөр намын гарууд аваад байхаар. Бас сөрөг хүчингүй мэт муухай харагдах нь мэдээж. Гэхдээ зөвшилцөх хэцүү, хэрэлдэх амархан. Том төслүүдийг урагшлуулах хэцүү гацаах амархан. Засаг огцорсны үр дүнд хэрэгжих гэж байсан том төслүүдийн дийлэнх нь зогсонги байдалд орлоо. Төмөр замын хил холболтыг “машиндах” гэж байсан хятадууд ч эргэлзэж дахин судлуулахаар нэг инженер явуулсан сурагтай.

Ер нь тэр 17 саяын цүнхний асуудлыг түрдээ орхиод, том зургаараа харвал хамтарсан Засгийн газар яг ямар момент дээр огцорсон бэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Энэ бол Үндэсний баялгийн сан буюу стратегийн ордуудын 34 хувийг хуримтлуулж, иргэдэд тэгш хуваарилах талаар эд хэлэлцсэн цаг. УИХ-аас ажлын хэсэг гарч “асуудлыг судалж” эхэлсэн цаг. Мэдээж МАК, MCS зэрэг том ордтой томчуудын эрх ашиг хөндөгдөнө, ямар комунистууд биш 34 хувийг шууд хурааж авах ёс суртахуун ч чадал ч Засагт байхгүй. Заримтай нь зөвшилцөж, заримтай нь тохиролцож байтал ганц тохироогүй нь Ухаа худаг ордын асуудал, бүтнээр нь авчихъя гээгүй 34 хувь. Хувийн өмч гэх байх л даа, гэхдээ тэр нь яаж яваад хувийн өмч болчихсон бэ гэдэг ихээхэн маапаантай. Шуудхан хэлэхэд Ухаа худгийн асуудлыг хөндсөн нь Засаг огцрох гол хүчин зүйл болов, “Бэлла Вистагийн СӨХ” л ер нь Засаг унагачих шиг харагдсан. Оюун-эрдэнийн Засгийн газар хэд хэдэн том жагсаал, хэчнээн ч улс төрийн эсэргүүцлийг даваад гарсаар ирсэн ч энэ удаа тэссэнгүй. Аль урьдын охин хүргэний цүнхний зураг гэнэт гарч ирж сэвэгдэв. 20 саяын асуудал 20 их наядын том төслөөс илүү ард олны сэтгэлийг хөдөлгөдөг аж. Талбай дүүрэн залуус цугларав, сонгуулийн үеэс ч илүү улс төржив. MCS-ийн пэйжийг хөтөлдөг хурган од залуу төлгөн од болов. Ил далд ямар олон эрх ашиг нэгдсэнийг хангалттай харж болохоор. 

Оюун-эрдэнийн гол имиж бол авлига, хулгайд холбогдоогүй гэсэн дүр, тэр ч утгаараа бэрийн цүнхний асуудал тийм их риакц төрүүлж. Ямартай ч тэр маш зоригтой хөдөлж Эрдэнэтийн 49 хувийг цүнхний компанид эзэмшүүлсэн “Сахал” Эрдэнэбилэгийн аймшигт схемийг илчилсэн. Сахал нь ганц Эрдэнэтээр тогтохгүй Хөтөлийн цемэнт, Дарханы төмөрлөгийг авчихсан байсныг ч буцаав. Хөгжлийн банкны 1.8 их наядын өрийг төлүүлсэн, Чингис Самурай бондыг төлсөн, Дубайн гэрээг цуцалж 2.3 тэрбум долларын өрийг тэглүүлсэн гэх мэт зоригтой шийдлүүдийг гаргасан гэх мэт. Эндээс л улс төрийн хүчний харьцааг алдагдуулж, их олон дайсан өөртөө хурааж. 

Тоо худлаа хэлдэггүй л дээ, түүний засагласан өмнөх гурван жилийн хугацаанд экспорт хоёр дахин өсөв, ДНБ 37 их наядаас 80 их наяд, н.х.н ДНБ 4100$-оос тогтмол өссөөр 7000$ орчимд хүрсэн нь үнэн юм. Монгол улсын зээлжих зэрэглэл хүртэл “B+ тогтвортой” ангилалд шилжсэн нь гадныхны дүгнэлт юм. Харин улс төр нь “D- тогтворгүй” ангилалд байгаа нь асуудал байж. Гэвч ялалт мөнх биш, ялагдал сүйрэл биш шүү дээ...