Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна

Монгол Улсын Төр, Дипломат алба зун болгон л гадаад бодлогодоо сюрприз барьдаг болсон. Амралт зугаалгын улирал боловч зун болгон л гадаад бодлого, гадаад харилцааны сонин содон үзэгдэлтэй монголчууд биднийг учруулдаг болсон. Болоод өнгөрсөн үйл явдлыг нэгтгэн дүгнэж амжаагүй байтал дараагийнх нь залгадаг. 

Хоёр талын харилцаан дээр авч яривал гадаад бодлогын орон зай жилээс жилд тэлж, түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх айлчлалууд ар араасаа тохиосоор байна. Айлчлалын давтамжууд өнгөрсөн гурван жилд огцом нэмэгдлээ. 

Энэ оны зун гэхэд л Төрийн тэргүүний түвшинд Туркменистаны Ерөнхийлөгч, Узбекистаны Ерөнхийлөгч (бараг угсруулаад), Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор Японы Цог жавхлант эзэн хааныг хүлээн авч айлчлуулсан бол Гадаад харилцааны сайдын урилгаар Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, Хорватын Гадаад хэрэг, Европын сайд, Лаосын Гадаад хэргийн сайд нар айлчилжээ.

Алтан үсгээр тэмдэглэгдэх айлчлалууд гэж юуг илэрхийлнэ вэ? Ромын Папын айлчлал,Японы Цог жавхлант эзэн хааны айлчлалыг түүхэн айлчлал хэмээн үзэж болно. Тэр бүрий гадаад улс орнуудаар айлчлаад байдаггүй хоёр өндөр зочныг хүлээн авсныг гадаад бодлогын томхон ялалт хэмээн үзүүштэй.

Гадаад бодлого, гадаад харилцаа маань жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ гадаад бодлогын тэнцвэр ч бүрэн хангагдсаар байгааг хоёр талын урсгалтай болж төлөвшсөн айлчлалууд тодорхой харуулж байна. Сүүлийн жилүүдэд, ковидоос хойш 4 орчим жилд Монгол Улсыг чиглэн ирэх өндөр, дээд түвшний айлчлалын давтамж өмнөх үетэй харьцуулахад ийнхүү огцом нэмэгдсэн төдийгүй олон улсын томхон арга хэмжээг гурван зун дараалан амжилттай зохион байгуулж чадлаа. Энэ тоолонгоор Монгол Улсын олон улсын нэр хүнд бэхжиж, Энхийг эрхэмлэгч улс гэсэн алдраа бадруулж чадаж байна.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн Монголд айлчлахдаа бидэнд оноосон “Энх тайвны бэлгэ тэмдэг Монгол Улс” гэдэг алдрыг би хэлж байна. 

Манайхан мартчихаагүй байгаа даа, олон талт хамтын ажиллагааны саяхны түүх. 

  • 2022 оны зун Олон улсын энхийг сахиулах эмэгтэй цэргийн албан хаагчдын олон улсын “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” чуулга уулзалтыг НҮБ-ын мандат, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор хийсэн. 
  • 2023 оны зун “Дэлхий дахины Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”,нийт 20 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид ирсэний дотор хэд хэдэн Гадаад хэргийн бүсгүй сайд нар оролцсон. Даян дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын клубыг албажуулж албан ёсны форум–институц болгож тогтмолжуулсан анхдугаар чуулга уулзалтаа Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт хийснээрээ Монгол Төр гадаад бодлогодоо нэг том түүхэн гавьяагаа мөнхжүүлсэн. “Феминист гадаад бодлого” Монголд, Азид анх удаагаа ийнхүү албажсан. 
  • 2024 оны зун. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. “Тогтвортой ирээдүйн төлөө Улаанбаатарын тунхаглал” батласан.
  • 2025 оны энэ зуны оргил нь болох олон улсын хоёр чухал форумын хүлээн авагч нь манай улс болж байна. ФЕАЛАК буюу Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум, мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохиогдох гэж байна.

ФЕАЛАК гэж юун, ямар сонин нэртэй хурал вэ гэж уншигчид гайхаж магад. Иргэдэд шууд хамаарахгүй учраас онцын сонирхол татахгүй байж болно. Гэхдээ Монгол Улсын гадаад байдал бэхжиж байна, олон улсын тавцанд эх орны маань нэр хүнд өсч байна гэдэг л гол утга учир, ач холбогдол нь учраас тайлбарлах нь зүй. Эхлээд нэрийн тайлбар. Англиараа The Forum for East Asia-Latin America Cooperation (товчлол нь FEALAC), монголоор үгчилбэл Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум. Уг нь “ЗАЛАХАФ” гэж монголоор товчлох ёстой ч бид 1999 оноос хойш ФЕАЛАК гээд хэвшүүлчихсэн юм. Тэр нь ч зөв болсон.

Олон талт хамтын ажиллаагаанд манай улс идэвхтэй оролцох, тэр ч бүү хэл олон улсын хурал, олон талт арга хэмжээг идэвхтэй зохион байгуулах бодлого баримталсаар ирсэний нэг тод илэрхийлэл нь энэ зуны оргил гэж нэрлээд буй хоёр форум мөн л дөө.

ФЕАЛАК-ийн хамтын ажиллагааны форумын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт “25 жил ба түүнээс цаашлахуй: Зүүн Ази, Латин Америкийн Хамтын Алсын хараа” уриатайгаар өнөөдөр Улаанбаатарт хуралдаж байна. 

ФЕАЛАК гэх энэ институц анх 1999 онд Номхон далайн хоёр эргийн дагуу байрлах Зүүн Ази, Латин Америкийн бүс нутаг хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгуулагдаж, Гадаад хэргийн сайд болон ахлах албан тушаалтнуудын уулзалтын механизмтай болтлоо өргөжжээ. 

Эдүгээ энэхүү олон улсын форумд Зүүн Азийн, Номхон далайн 16 улс, Латин Америкийн 20улс нэгдэж, өргөжин тэлсээр байна. Азиас гишүүн улсад ньманай өмнөд хөрш, иж бүрэн стратегийн түнш Хятад бий, “Гуравдагч хөрш”-үүдийн дотроос тусгай стратегийн түнш Япон, стратегийн түнш Өмнөд Солонгосоос гадна Австрали, Индонез, Бразил зэрэг том улс орон, том эдийн засгууд бий. Зүүн Ази-Латин Америкийг холбосон цорын ганц бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны платформ хэмээн дэлхийд танигдсан. Цорын ганцаараа ч үлдэх байх, өөрийг орлуулаад гаргаад ирэх боломжгүй. Бидний хувьд гадаад бодлогын шинэ тутам тэлж буй орон зай болох Зүүн өмнөд Ази, шинээр тэлэх Өмнөд Америк бүхэлдээ энэ орон зайд багтана. Монгол Улс ФЕАЛАК-ийн хүрээнд “Гуравдагч хөрш”-ийн бодлогын орон зайгаа тэлэх боломжтой бөгөөд заавал их гүрэн, гүрэн гэлтгүй, дунд бага жижиг улсуудтай түншлэх боломж гарц энэ форумын хүрээнд харагдаж байна, бид оновчтой ашиглаж чадвал. Гадаад бодлогын тэнцвэр тэр хэрээр хангагдана.

Манай улс бол энэ форумд 2010 онд элссэн отгон гишүүн улсад тооцогдоно. Харин энэ оноос бид тус байгууллагыг бүс нутгаа төлөөлөн хамтран даргалах хүндтэй үүргийг өөртөө хүлээгээд байна. Хамтран гэдэг маань Зүүн Азиас нэг, Латин Америкаас нэг улс хоёр хоёр жилээр форумын даргалагч улсын үүрэг хүлээдгийг нь хэлж буй хэрэг. 2025-2027 онд Зүүн Азиас Монгол Улс, Латин Америкаас Доминиканы Бүгд Найрамдах Улс гэж томилогджээ.

ФЕАЛАК-ийн 25 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Гэвч 25 жилийн ойгоо угтсан тус форумын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд бага зэрэг доголдож, цар тахал, улс төрийн болон бусад шалтгаанаар Гадаад хэргийн сайд нарын уулзалтаа хийж чадалгүй 6 жилийг үдсэн нь харамсалтай.

Форумын түүхэн ой таарсан, олон улсын харилцааны нөхцөл байдал адармаатай байгаа энэ цаг үед 6 жил тасарсан сайд нарын уулзалтыг зохион байгуулах хариуцлагатай үүрэг Монгол Улсад ногдсоныг бид ийнхүү гүйцэтгэж байна. Олон улсын харилцааны энэ эгзэгтэй цаг үед өөр хоорондоо маргаан зөрчилтэй, тэр нь магадгүй даамжирч байгаа 36 улсыг (бүгд ч биш л дээ) нэгтгэсэн энэ форумын Гадаад хэргийн сайдын түвшний уулзалтыг зохион байгуулах боломж чадавхи манай улсад бий бөгөөд давуу тал гэх үүдээ, манай улс энэхүү 36 түнш дотроо хэнтэй нь ч маргаан зөрчилгүй, энх тайванч, гадаад бодлого нь улам тэлж буй гэдгээрээ бусдаасаа ялгарч магадгүй. 

Эрдэмтэн доктор номын садан Д.Уламбаяраасаа эшлэе. Тэрээр ингэж бичжээ:– Орчин үеийн олон талт дипломат ажиллагаанд шинэ чиг хандлага, өөрчлөлтүүд гарсаар байна. Үүнд бүс нутгийн интеграциуд хоорондоо холбогдож тив, далай тэнгис дамнасан хамтын ажиллагааны шинэ форматыг буй болгоод 30 гаруй жил болжээ. Эдгээр нь олон тулгуурт дипломат ажиллагааны шинэ чиг хандлагыг илтгэн харуулаад зогсохгүй олон хэмжээст дипломат ажиллагааны парадигмыг өөртөө агуулж байна. Түүгээр зогсохгүй бүс нутгийн тулгамдаж буй асуудлуудыг улс орнууд их гүрнүүдийн харьцангуй оролцоогүйгээр залж жолоодох (manipula­tion) гадаад бодлого (foreign policy navigation) явуулахыг эрмэлздэг гэжээ. Тэр эрмэлзэлийн нэг тод илрэл нь Монголд зун болгон тохиодог олон улсын энэ олонфорумууд юм биш үү? 

Дүгнэе. Монгол Улсын гадаад бодлого эрс хурдтай урагшилж, “Глобал Өмнөд”-ийн гэгдэх орнууд руу ч нэгэн адил чиглэж, Төв Ази, Зүүн өмнөд Ази, цаашлаад Латин Америк руу тэлэх хандлагатай болж байна. Бид зөвхөн өнгөтэй, өөдтэйтэй нь түншилдэг, гуйдаг, зээлдэг, хандивлуулдаг биш (гуйлгаасаа холдож байна!), чадах зүйлээрээ, давуу талаараа манлайлах бодлого барих нь зөв юм. Том жижиг, хүчтэй хүчгүй гэж голж шилэхгүйгээр дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа хөгжүүлэх хэрэгтэй. Аль болох олон улс орны итгэлийг хүлээх хэрэгтэй. Улаанбаатар хотод хүлээн авч буй олон талт энэ олон жил дараалсан уулзалтууд бол Монгол Улс энхийг эрхэмлэгч улсынхаа хувьд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дундах манлайлагчийнхаа хувьд, цөмийн зэвсгээс ангид байх, энхийг сахиулах үйлсэд манлайлсаар ирснийхээ хувьд даян дэлхийд үзүүлж буй нэг ёсны манлайлал юм. Олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг өндрөөр үнэлнэ. 

Үнэхээр ч ФЕАЛАК-ийг даргалж, Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хүлээн авч буй нь бидний хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хэрэг бөгөөд “Улаанбаатарын Тунхаглал” гэж манай эх орны нийслэлээр овоглосон хамтын ажиллагааны Замын зураглал–баримт бичиг ФЕАЛАК-ийн түүхэнд мөнхрөх нь дамжиггүй. Ингэхэд манай эх орны нийслэлээр овоглосон хэд дэх Тунхаглал вэ, ухаанаа уралдуулна уу.


Элчин сайд Д.Баярхүү, 2025.08.22