Энэ 7 хоногт
Монголчууд: 2017
Бүхий л үйл явдлын голд байдаг, цаг үргэлж эерэг ба сөрөг мэдээ, мэдээллийн хайчин дунд ажилладаг мэргэжлийн сэтгүүлч, сэтгүүл зүйн түүчээ тоймчдыг урин оны онцлох, олныг анхаарлыг татсан явдлуудыг тоймлов.
Синдикат ярилцлага #20
2017 он улиран одож, 2018 он айсуй. Бүхий л үйл явдлын голд байдаг, цаг үргэлж эерэг ба сөрөг мэдээ, мэдээллийн хайчин дунд ажилладаг мэргэжлийн сэтгүүлч, сэтгүүл зүйн түүчээ тоймчдыг урин оны онцлох, олныг анхаарлыг татсан явдлуудыг тоймлов. Энэ дугаарт “Өдрийн сонин”-ы улс төр, гадаад мэдээллийн албаны дарга, тоймч Д.Мөнгөндалай, “Монгол ТВ”-ийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва, www.newspress.mn мэдээллийн сайтын эрхлэгч Г.Улсболд, “Үндэсний шуудан” сонины тоймчдын албаны дарга Г.Отгонжаргал нар оролцлоо.
В.ГАНЗОРИГ: Хэвлэлийн байгууллагууд жил бүр оны онцлох үйл явдлуудыг зарладаг. Бүхий л салбарыг хамруулбал нэвтрүүлгийн цаг хүрэхгүй тул улс төр, эдийн засаг, нийгмийн онцлох үйл явдлуудыг тоймлох саналтай байна.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Ерөнхийлөгчийн сонгууль байх шив дээ. Улс төрийн хувьд Засгийн газар бүрдсэн, огцорсон явдлууд голлох болов уу.
В.ГАНЗОРИГ: Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг нь сонгууль болсон нь өөрөө онцлох үйл явдал юм уу, эсвэл Х.Баттулга гэдэг хүн сонгогдсоныг онцлоод байна уу?
Д.МӨНГӨНДАЛАЙ: Ерөнхийлөгчийн сонгууль болсон нь ч, Баттулга ялсан нь ч хоёулаа онцлох үйл явдалд орно.
Г.УЛСБОЛД: Улс төрийн гурван том нам гурвуулаа даргаа сольчихлоо.
Э.ЛХАГВА: Улс төрийн хувьд халуун жил болсон. Ерөнхийлөгчийн сонгууль дууссан хэдий ч зарим хүмүүс одоо хүртэл сонгуулийн уур амьсгалаас гараагүй байна. Морин дээр мордоод сонгуульдах амархан, мориноосоо буугаад улс орон, институци удирдах хэцүү гэдгийг зарим хүмүүс ойлгож байгаа байх. Зарим хүмүүс сонгуулийн ид дунд байгаа мэт харагдах байдал дээрээ хэт анхаараад байгаа харагддаг.
В.ГАНЗОРИГ: Та хэд сэтгүүл зүйн салбарынхан тул дуу нэгтэйгээр улс төрөөр оны онцлохыг эхэлж байна. Хэвлэлийнхэн улс төрийн тухай хэт их ярьж, бичээд байгаа юм биш үү? 2018 он бас л улс төрөөр амьсгалах уу?
Д.МӨНГӨНДАЛАЙ: Улс төр бол зөвхөн хэвлэлийнхний халуун сэдэв биш. Манай ард түмэн өөрсдөө улстөрждөг. Бидний амьдралд улс төр нөлөөлөөд байгаа учраас хүн бүр сонирхож байна. Буруу шийдвэр гарах, шүүмжлэх ёстой үйлдлүүд шийдвэр гаргагчдын зүгээс гаргахад хэвлэл түүнийг нь бичихгүй байж болохгүй шүү дээ. Халамжийн мөнгө тараах эсэх, иргэдийн татварыг нэмэх эсэх зэрэг асуудлууд дээр бид дуугарах ёстой. Эдгээр асуудал дээр хэвлэл мэдээлэл байтугай хүмүүс дуугарч байхад бид дуугарах үүрэгтэй.
Г.ОТГОНЖАРГАЛ: Сонголтын асуудлыг бид энд ярих ёстой. Ерөнхийлөгч, МАН, АН-ын даргын сонгуулиудын дүнг харахад хүмүүс рационал байдлаар сонголт хийхээс илүүтэйгээр эмоци, хувь хүний араншин дагасан сонголтууд хийж байна. Эдгээр сонголтууд нь хүссэн хүсээгүй улс төрийн амьд байлгаад, хэвлэл мэдээллийг идэвхитэй болгож, олон нийтийг улс төрөөс холдох аргагүй болгож байна. Сонгууль өнгөрөөд хагас жил болж байхад асуудал, сэдэв Ерөнхийлөгчөөс холдож чадахгүй л байна шүү дээ. Хүрэлсүх Ерөнхий сайд болсон ч хувь хүнийг нь ярихаас биш түүний баг, хийх ажлыг нь, түүнийг яагаад сонгосныг тэр бүр ярихгүй байна. Хувь хүн тойрсон асуудлуудаас бидний хэн нь ч гарч чадахгүй байна.
Э.ЛХАГВА: Өнгөрсөн жил “Ийгл ньюс” агентлаг Монголын оны хамгийн тод хүмүүсийг нэрлээч гээд санал асууж байсан юм. Тухайн үед Эрдэнэтийн хувьцааны наймаа ид яригдаж байсан тул би Пүрэвтүвшин гэдэг залууг албаар нэрлэж байсан. Энэ жил Хулан редактороос санал дахин ирсэн. Би энэ жилийн хамгийн тод харагдсан хүнээр Халтмаагийн Баттулга эсвэл Ухнаагийн Хүрэлсүх биш цагаан сонгогчдыг нэрлэсэн. 2016, 2017 он залуусын хувьд сонголтгүй сонгуулиудтай тулсан. Нийт сонгогчдын 10 хувь буюу 100 мянган хүн цагаан сонголт хийж, шаардлага хангасан нэр дэвшигч байхгүй байна гэж эсэргүүцлээ илэрхийлсэн.
Саяхны нэг судалгаагаар улс төрийн намуудад итгэхгүй байгаа хүмүүс нийт сонгогчдын 40 хувьд хүрсэн байсан. Энэ их улстөржилтөөс болж намууд хүмүүсээсээ холджээ. Тэр хүмүүс нь та нарыг сонгохгүй ээ гээд тухайн үед 100 мянгуулаа байсан бол одоо биднийг энд ярилцаж байх хооронд 300 бүр 400 мянгад хүрсэн байж магадгүй шүү. 2017 онд сонгогчдын төлөвшил ахисан төвшинд гарч, аль “гайгүй” мууг нь заавал сонгох албагүй гэдгээ илэрхийлсэн нь оны онцлох үйл явдалд тооцогдох ёстой.
В.ГАНЗОРИГ: Энэ янзаараа явсаар байгаад 2020 оны сонгуультай тулбал сонирхолтой үр дүн гарах нь дээ.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Сонирхолтой гэхээс илүү сонгууль дахих магадлалтай.
Г.ОТГОНЖАРГАЛ: Сүхбаатарын талбайд жагсахгүйгээр сонгуулийн саналын хуудсаараа цагаан бослого гаргах байх. Цагаан сонгогчдын тоо нэмэгдэх тусам улсад, бидэнд ч гэсэн аюултай.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Өөрийн чинь амьдралыг шийдэх хүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцох ёстой. Цагаан сонгууль бол шинэлэг бас эсэргүүцлийн том дохио болж чадсан.
В.ГАНЗОРИГ: Анзаарч байхад сүүлийн үед Ерөнхийлөгчөөс илүү Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд хэвлэлээр тод гарч байна. Ерөнхийлөгчийн Тамгийн газрыг утгаар нь ашиглаж, маш хүчтэй институци болгож чадаж байна. Энэ хүнийг та нар оны онцлоход оруулах уу?
Г.ОТГОНЖАРГАЛ: Оруулахгүй. З.Энхболд дарга бол оны онцлох биш оны сондгой хүн. Тэр хүн хувийн араншингаар асуудал шийдэх нь тэр хүний асуудал.
Г.УЛСБОЛД: Энхболд даргын хувьд хуучин намынхаа дарга, УИХ-ын дарга байсан. Харин одоо бол Ерөнхийлөгчийн Тамгийн газрын л дарга. Энэ нь УИХ-ын гишүүдтэй харьцуулбал хамаагүй доогуур албан тушаал. Одоо хүртэл дарга амбицаа дарж чадахгүй байх шиг байгаа юм.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Тэр хүн өмнө нь УИХ-ын гишүүдийг удирдаж байсан ч одоо УИХ-ын гишүүдтэй захиран тушаах маягтай харьцах эрхгүй л дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ: Нөгөө талаас нь харвал Ерөнхийлөгч Х.Баттулга дээр ирж байгаа олон галыг өөр дээрээ хэргээр авч байж болох юм.
Г.УЛСБОЛД: Ерөнхийлөгч одоо хүртэл хуулийн зөвлөхөө томилоогүй байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс гарч байгаа албан бичгүүд алдаатай гарч байгаа нь ч үүнтэй холбоотой.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Тухай тухайн салбарууд хариуцаж байгаа мэргэжлийн зөвлөхүүд дутагдаж байгаа нь Ерөнхийлөгчийн Тамгийн газраас гаргаж буй албан бичгүүдээс нь мэдрэгддэг. Энэ нь хэвлэлийнхэний хувьд эргээд л нэг дуулианы сэжим болчихдог.
Э.ЛХАГВА: Бүгдээрээ хүн яримааргүй байна. Хүн яривал энэ онд гарсан бараг бүх мэдээний 30-40 хувь нь хүний нэртэй гарчигтай байгаа. З.Энхболд даргын тухай юу гэж боддогоо энд тавуулаа яривал Зөрчлийн хуулиар торгуулж магадгүй. (Инээлдэв) Энэ жил Зөрчлийн, Эрүүгийн хуулиуд гээд нэлээд өөрчлөлтүүд хууль эрх зүйн салбарт гарсан.
Энхболд даргын хувьд очсон институци бүр дээрээ хуулийг маш сайн хэрэглэж чаддаг хүн гэж харагддаг. Төрийн өмчийн хороо, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр бидний мэддэггүй, хэрэглэж байгаагүй хуулиудыг хэрэглэж асуудлыг урагш, хойш нь болгох, дэгийг өөрчлөх, чимээгүй байдаг байсан протоколын албыг хөдөлгөх, Элчин сайдууд дээр жишээ нь хуулийг улс төрийн зэвсэг болгон хэрэглэж чадаж байна. Хууль ашиглаад төр гэдэг аппарат дотор би ийм ач холбогдолтой гэдгээ харуулж чадаж байгаа.
Балдорж агсны хэлсэн үг байдаг. Улстөрчдөөс яриа битгий ав, тэднийг бүү од болго гээд. Жиргээ дээр Бат инженер бас бичдэг. Хэвлэлийнхэн улстөрчдийг сурвалжлахгүй долоо хоноход л өөрсдөө араас чинь гүйгээд ирнэ ээ гээд. Ингээд хэлэхэд амархан. Гэхдээ www.ikon.mn сайтын Монгол Улсыг хамгийн их өрөнд оруулсан хүмүүстэй танилц гэдэг цувралд тэдгээр хүмүүсийн ихэнх нь УИХ-ын гишүүд байдаг. УИХ дээр төсөв баталж, тэр хүмүүсийг бүгдийг шийдэж байгаа үед хэвлэлийнхэн хүссэн хүсээгүй тэдний байр суурийг сонсохоос өөр аргагүй. Өөр эх сурвалж байхгүй.
В.ГАНЗОРИГ: Хэдүүлээ хүн ярихгүй гэж тохирч байгаа тул институцийн зүгээс оны онцлох дээр нэг өнцөг хэлье. МАН өөрийн Засгийн газраа унагасан явдлыг та бүхэн хэрхэн дүгнэж байна?
Г.ОТГОНЖАРГАЛ: Хүнийг нь ярих уу, намыг нь ярих уу? (Инээлдэв)
Г.УЛСБОЛД: Ярих юм уу, яах юм? (Инээлдэв)
Д.МӨНГӨНДАЛАЙ: Хүний оролцоотой л үйл явдлууд тул хүн рүү орохоос өөр аргагүй юм.
Г.УЛСБОЛД: 60 тэрбум төгрөгийн хэргийг энд дурдах ёстой.
Г.ОТГОНЖАРГАЛ: МАН-ыг ярих юм бол хасахтай байсан эдийн засагтай улсыг аваад хагас жилийн дотор өсөлт гаргаж чадсан. Энэ утгаараа тэр бол гайхамшигтай Засгийн газар байлаа. 2016 оны төгсгөлд Монгол Улс цалин тавих мөнгөгүй, бараг шахуу дампуурлаа зарлахад ойрхон байсан. Энэ бүх байдлыг засч чадсан Ж.Эрдэнэбатын Засгийн газраа яагаад унагасан нь сонин. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд азтай. Эдийн засгийн нөхцөл байдал хамаагүй сайжирсан хойно ажлаа авсан. ОУВС-гаас 450 сая ам.доллар ороод ирсэн, энэ долоо хоногт нэмж 71,9 сая ам.доллар орж ирж байна. Японоос 850 сая, Солонгосоос 750 сая, Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар орж ирэх хэлцлүүд яригдаад, ашигт малтмалын үнэ ид өсч байгаа энэ үед Хүрэлсүх гарч ирээд Монголыг аварч байна гэж ярих нь учир дутагдалтай.
Засгаа хамгаалж үлдэнэ гэж байсан МАН-ын улстөрчид засгийнхаа эсрэг хөдөлсөн. Улс орныг булчин, бяраар удирддаг цаг өнгөрсөн гэж боддог. Бид африк, латин америкийн орнууд биш. МАН засгаа унагасан явдлыг би гайхдаг.
Э.ЛХАГВА: Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч байсан Отгонбаярын бичсэнээр “Засаг унагасан явдал бол маш ойлгомжтой. Зөвхөн улс төр байсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл дараагийн ээлж нь хоолонд орж, хүнийг хүнээр л солисон. Ерөнхий сайд Хүрэлсүхэд төлөвлөгөө байгаа юм уу гэдэг бол гадны шинжээчдийн байнга асууж байгаа хамгийн том асуулт байсаар л байна.
Эрдэнэбатын засгийг хэнтэй нийлж, яаж унагаасан бэ гэдгийг хэвлэл дагаж явдаг бүх хүн мэдэж байгаа. Тэрэнд нь оролцсон залуучууд ч хэвлэлд нь одоо ажиллаж байна. Нам дотроо ийм улс төр хийж болно оо. Хамгийн гол нь өөрөө яг л энэ аргандаа орж унана. Хүнийг, найзаа, намын нөхрөө бодит биш үндэслэлүүдээр, улстөр хийж хэвлэлтэй нийлж, сөрөг хүчинтэй хамтраад баалсаар байгаад унагааж ажлыг нь хийлгээгүй бол өөрөө үүндээ тийм юманд бэлэн байх хэрэгтэй. Үүнийг карма ч гэж ярьдаг. Үүнээс дүгнэхэд манай одоогийн засаг ямар ч тогтворгүй гэдэг нь харагдана. Энд ярьсныг бататгах зүйл нь шинэ бүрдсэн кабинетэд аль аль фракцуудын ямар хүмүүс орж ирснээс харж болно. Тэрнээс бус шинэ засаг ийм гоё зүйл хийх гээд байна гэдэг зүйл огт харагдахгүй байгаа.
Г.ОТГОНЖАРГАЛ: МАН-ын даргад өрсөлдсөн Энхтүвшинд Шадар сайд өгөөд л. Н.Энхболд гишүүнийг Батлах хамгаалахын сайдаар тавиад л. Хотын фракцид хуваарилалт хийж, өөрийн Зүүний хүчний фракцдаа ч суудал өгч байгаагаас дүгнэхэд ямар нэг байдлаар муу муухайгаасаа ангижирч байгаа байдал ерөөс харагдахгүй байгаа. Шинэ Ерөнхий сайд энэ хэрээр өөрөө улс төрийн барьцаанд орсон.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Нэг талаас нь харвал алдаа оноотой Засгийн газраа огцруулж байвал эрүүл үзэгдэл. Томилгоо, Засгийн газрын бүрэлдэхүүнийг харвал дээр хэлсэнчлэн хүнийг хүнээр л солисон. Эцсийн дүндээ бид буюу ард түмэн л хохирч байгаа. Нөгөө л нэг хэдэн дарга нарыг унагаана гэж бөөн цаг авна, томилно гэж хэсэг цаг алдана, тохироо хийж байна гээд хэчнээн ч хугацаа авав даа.
Г.ОТГОНЖАРГАЛ: Бид ингээд ярихаар Ж.Эрдэнэбат засгийн газрыг хамгаалдаг хүмүүс бөөнөөрөө ирээд суусан мэт харагдаад эвгүй болчих гээд байна. Бид бол бодит мэдээлэлтэй байдаг хүмүүс. Шударга ёс, зарчим, улс төрийн соёл гэдэг зүйлс чинь хаана байна вэ гэдэг талаас л харж бичдэг хүмүүс шүү бид.
Э.ЛХАГВА: Ингэж ярихад яадаг юм. Угаасаа монголчууд чинь ялагдсан талд орж өмөөрдөг хүмүүс шүү дээ. (Инээлдэв)
Г.УЛСБОЛД: Нөгөө талаасаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасанд буруутгах үндэслэл бий. Тэр бол 60 тэрбумын хэрэг, концессын асуудал шүү дээ. МАН-ын бүлгийн мэдээлэл нь задраагүй бол бид энэ талаар юу ч мэдэхгүй л сууж байх байсан шүү дээ.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Хотын фракцийн хүчийг сулруулах, бугласан идээ бээрийг шахах гэсэн оролдлого гээд “цагаанаар” харвал засаг унагасан нь зөв үйлдэл, 60 тэрбумаар далим гаргасан хийсэн үйлдэл байж болохоор.
В.ГАНЗОРИГ: Хэдүүлээ улс төрийн сэдвээ түр азнаад эдийн засгийн сэдэв рүү оръё. 2017 оны эдийн засгийн онцлох явдлуудаар юуг нэрлэхээр байна?
Д.МӨНГӨНДАЛАЙ: ОУВС-гийн хоёр дахь шатлал руу орж байна.
Г.ОТГОНЖАРГАЛ: ОУВС-нд ажиллаж байсан Доржхандаас мэдээлэл авсан юм. Сайханбилэг, Алтанхуягийн Засгийн газрын үед ОУВС-г оруулж ирэх гээд ярьж байсан. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаар тэр үед орж ирж чадаагүй. Хэрэв тэр үед оруулсан бол одоогийн ханш, хүүгийн зөрүүгээс хамгийн багадаа 50 сая ам.доллар хэмнэх байсан. Тухайн үед хариуцлага алдсан улстөрчдөөс энэ мөнгийг нэхэх хэрэгтэй гэж байсан. Эдийн засгийг сэргээх шийдвэрт оролцож байгаа улстөрчдийг хариуцлагажуулах хэрэгтэй.
Ерөнхий сайд Хүрэлсүхээс эдийн засгаа сайжруулна, шинэлэг дорвитой реформ хийнэ гэдэг юу ч харагдахгүй байгаа. Хүнс, хөдөө аж ахуйг дэмжинэ гэж ганц үг л дуугарсан. Ингээд ярихаар эргээд л Эрдэнбатын Засгийн газрыг ярьчих гээд байна. Уг нь бол өдийд Хүрэлсүхийн Засгийн газрын хийж байгаа ажил энд яригдаж байх ёстой.
Э.ЛХАГВА: 2017 оны Монголын макро эдийн засгийн дүгнэсэн том ярилцлага олж хараагүй байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Золжаргал гуай удахгүй хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэж сонссон. Магадгүй энэ хүн тэр том хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байсан гэдэг утгаараа макро эдийн засгийн талаар нэлээд мэдээлэл өгөх байх.
Татвар нэмсэн асуудал бол яах аргагүй оны онцлоход орох ёстой. МАН-ын Засгийн газар хэдий энэ үйлдлээ ОУВС-гийн шахалтаар гэж байгаа боловч мэдэгдлүүд нь зөрж байгаа. Татвар нэмсэн горыг бид удахгүй шинэ он гараад л арьсан дээрээ мэдэрч эхлэнэ. Уул уурхайн салбарт ажиллаж буй, амьдрал нь дөнгөж тогтож эхэлж буй залуусын хувьд энэ татварын нэмэгдэл маш хүнд тусна. ОУВС-гийн хөтөлбөр нь ард түмний ам хаадаг одоогийн Засгийн газрын нэг бамбай нь болчихлоо. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн сэтгүүлчид, судлаачид, олон нийт, хэвлэлийнхний игзаарыг хөдөлгөсөн зүйл бол төрийн албаныханд нэг удаа өгөх 300 мянган төгрөг. Бэлэн мөнгө тараах нь ямар үр дүнд хүргэдэг гэдгийг бид сүүлийн 12 жилийн турш хангалттай харсан шүү дээ. Гаднын захын эдийн засагч Монголоор ороод л гарахдаа наад халамжийн бодлогоо зогсоо гэж хэлдэг.
Ядуурал бодитой өссөн. 2012-2016 оны хооронд хийсэн Дэлхийн банк ба Статистикийн төв газрын судалгаагаар гурван хүний нэг нь ядуу болчихоод байна. Монголбанк болохоор эдийн засгийг зөөлөн газардуулсан энэ тэр гэж ярьдаг. Гэхдээ би эдийн засгийг аав, ээжийнхээ найман нэрийн барааны борлуулалтаар л хардаг. Хүмүүсийн худалдан авалт үнэхээр муудсан. Ядуурлаас дөнгөж гарах гэж байгаа хэд дээр нь он гараад долоон төрлийн татвар нэмэгдэж байна.
Г.ОТГОНЖАРГАЛ: Дундаж давхарга нь хүчтэй байж гэмээнэ улс орон хөгждөг гэж ярьдаг. Дундаж давхарга гэдэг нь жилдээ нэг удаа гэр бүлээрээ гадаад явчихдаг, эрүүл мэндийн үйлчилгээг хэрэгтэй үедээ авчихдаг, байрны зээлээ цаг хугацаанд нь төлчихдөг, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт санаа зовдоггүй хэсгийг хэлнэ гэж тодорхойлдог. ХАОАТ-ын нэмэгдэл нь энэ татварыг төлдөг сегментийн найман хувьд л нөлөөлнө гэж байгаа хэдий ч энэ найман хувь чинь голцуу уул уурхайн салбарынхан байгаа. Тэд гэр бүлээсээ хол буюу жилийн 365 хоногийн 250-г гэрээсээ алсад, халуун хоол иддэггүй, эрүүл мэндийн хүнд нөхцөлд, мэргэжлээс шалтгаалах өвчний аюул дунд, ажлын орчноосоо болоод гэр бүлээсээ салах өндөр эрсдэл дор, сэтгэл зүйн хүнд стресстэй ажилладаг хүмүүс байдаг.
Татварын алба одоо хүртэл эдгээр татварын нэмэгдлээ ойлгомжтой тайлбарлаагүй байгаа. Энэ тулдаа л хүмүүс харьцангүй тайван байна. Дундаж давхарга гэдэгт бид өөрсдөө орно гэж бодож байна. Жаахан л санхүүгийн асуудал гарвал бид ядуучуудын эгнээнд ороход бэлэн явдаг. Энэ татварын нэмэгдлээс болоод ядуу иргэдийн тоо улам нэмэгдэнэ.
Э.ЛХАГВА: Татварын шатлалыг эдийн засаг өсч буй үед хэрэглэвэл хамгийн оновчтой гэж ярьдаг. Эдийн засаг агшилттай байгаа үед үүнийг хэрэглэвэл ямар үр дүнд хүрдгийг бид 2018 оны эхний улирлын мэдээнээс харах болно. МАН-ыг азтай гэж ярьдаг. Засаг барих мөчлөгт нь ашигт малтмалын дэлхийн үнэ өсч таардаг. Энэ удаад ч мөн тойрсонгүй.
В.ГАНЗОРИГ: Отгоогийн хэлдгээр Энхболд дарга Ерөнхийлөгч рүү ирж байгаа дайралтыг өөр дээрээ хэргээр авдаг гэдэг шиг Засгийн газар ОУВС-г асуудал болгоныхоо бамбай болгон ашиглаж байгаа хэрэг биш биз?
Г.ОТГОНЖАРГАЛ: Тухайн үедээ ОУВС бид Монголын Засгийн газарт яг ингэ тэг гэж үүрэг өгөөгүй, энэ бол танай Засгийн газрын байр суурь гэж хэлж байсан шүү дээ.
Д.МӨНГӨНДАЛАЙ: ОУВС ерөнхий чиглэл өгдөг болохоос биш Засгийн газарт тулгалт хийдэггүй гэж мэдэгдсэн. Иймээс бид ОУВС-нд бурууг өгөх хэрэггүй.
Э.ЛХАГВА: Яг энэ асуудлыг маш хурдан тодорхой болгохгүй бол болохгүй. Хэдхэн хоногийн өмнө би дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй ярилцлага хийж ОУВС-гийн хөтөлбөр амжилттай болсон эсэхийг яаж дүгнэдэг юм бэ гэж асуусан. БНСУ хүртэл 1997 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн тал нь огт буруу байсан гэж ярьдаг. Тэд бид өөрсдөө хямралаас гарчих байсан. Манай эдийн засгийг хэт агшаасан гэж ярьдаг хүмүүс байхад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол өнөөгийн Солонгосын эдийн засаг байхгүй байх байсан гэж ярьдаг ч эдийн засагчид байдаг. Иймээс хэвлэлийнхэн маш хурдан ОУВС ба Засгийн газраас хөтөлбөрийн зорилго, хэрэгжил, хүлээгдэж буй үр дүн, уг үр дүн хэрхэн хэмжих хэмжүүрийг баримтаар баталгаажуулж тулгаж авах ёстой.
В.ГАНЗОРИГ: Эдийн засаг дээр та бүхэн оффшор гээд яагаад дурдахгүй байна вэ? Оны онцлох сэдэв биш үү?
Д.МӨНГӨНДАЛАЙ: Оффшорчин Лхагва яриарай.
Э.ЛХАГВА: Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас хэд хэдэн удаа баримтуудыг нийтэд ил болгосон. Эхнийхээс сайд асан Баярцогтын нэг сая ам.долларын мэдээлэл ил болсон. Дараа нь Панамын баримтуудаас Монголын зарим нэг улстөрчдийн мэдээлэл задарсан. Сэтгүүлч Мөнхбаясгалан эдгээр баримтуудаар хоёр ч нэвтрүүлэг хийсэн. АТГ-ын комиссор Энхжаргал эдгээр баримтууд дээр ажиллаж шалгаж байгаагаа мэдэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард төрийн албан хаагч оффшор данстай байж болохгүй гээд хуульчлагдсан. Үүний дараахан оффшор гэж яг юуг хэлэх вэ гэдэг дээр хоёр ч удаа мэтгэлцээн болсон. Саяхан Монгол Улс өөрөө оффшор бүсээр дэлхийд зарлагдсан.
Орлогын тэгш бус байдал дэлхий даяар тулгамдсан асуудал болсон. Энэ асуудал дээр залуу сэтгүүлчид, эрэн сурвалжлах редакциуд нийлж ажиллаж байгаа. Датагаа хамгаалж чадахгүй байгаа болохоор хуулийн фирмүүд нь мэдээллээ гадагш алдаж байна. Эдгээр мэдээлэл дунд санхүү нь олон нийтэд ил байх ёстой хүмүүсийн нэрс гарч ирж байна. Дэлхий ямар процессоор явж байна, бид яг л тэр процессоор явж байгаа.
Манайд оффшор зүгээр шүү дээ гэдэг ойлголт явуулах гэж хэсэг хүмүүс үзэж байна. Бизнесийн салбар ч гэсэн энэ асуудал дээр ёс зүй яригддаг. Татварын зөөлөн бүсийг яах гэж ашигладаг юм бэ? “Формула нэг”-ийн жолооч Луис Хамилтон яагаад сая иргэншилээ солив? Одууд онгоц худалдаж аваад оффшор арал дээр буугаад дөчин минутын дотор бичиг баримтаа янзлуулаад л нисээд явчихдаг. Ингэж татвараас зайлхийдэг. Хэний ч өмнө хариулах ёсгүй, тайлбар тавих албагүй “Формула нэг”-ийн жолооч татвараа шалгуулж, олон нийтийн өмнө эвгүй байдалд орж байхад манай улс төрийн хамааралтай этгээдүүд оффшор чинь зүгээр гэж хэлэх нь учир дутагдалтай хариу тайлбар. Тэд хүчний байгууллага, олон нийтэд тайлбар тавьж, хуулиа мөрдөнө гэдгээ харуулах ёстой.
Г.УЛСБОЛД: Нэг талд оффшорчид гээд баахан төрийн албаныхан гараад ирсэн. Нөгөө талд уул уурхайгаас баяжсан 30 гэр бүл гээд гараад ирсэн. Эдгээр хүмүүсийн хөрөнгийг нь оффшороос оруулж ирсэн ч гэсэн татварын өршөөл, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлаад хариуцлагаас чөлөөлбөл яах вэ.
Э.ЛХАГВА: Өршөөлийн хуулийг ухрааж хэрэглэж болж байгаа шүү.
В.ГАНЗОРИГ: Лхагва чамд баримжаа мэдээлэл байна уу? Манай төрийн алба, улс төртэй хамааралтай оффшорчдын нуусан хөрөнгө ойролцоогоор хэдэн ам.доллартай тэнцэх бол?
Э.ЛХАГВА: Тийм тоо гаргаж үзэж байгаагүй. Олон нийтийн дунд яригдаж байгаа олон тэрбум ам.долларын яриаг би хувьдаа үндэслэлгүй гэж бодож байгаа. Татварын хөнгөлөлттэй бүсүүдэд дэлхийн нийт ДНБ-ий 5-10 хувь байршиж байна гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байдаг. Эхний задарсан материал дунд манайхны нэр холбогдсон баримтууд оффшор бүртгэлтэй холбоотой баримтууд байсан. Диваажингийн баримтууд дээр гэрээ, контрактуудын мэдээлэл нь ил болж эхэлсэн. “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн захирал Бум-Эрдэнэ жишээ нь зургаан оффшор компанитай байсан. Эдгээр компаниудаар дамжуулан ямар уул уурхайн төслүүд дээр ажилласан их сонирхолтой. Миний асуултанд хариулаагүй.
Г.ОТГОНЖАРГАЛ: Хүмүүс дасна зохицно гэж байдаг. Авлигачид авлига аваад байна гээд яриад байдаг. Энэ ярианд хүмүүс бүр дөжирчихлөө. Яг үүнтэй адил хүмүүс одоо Баярцогт оффшордоно гэж гурилддаг байжээ гэж яриад эхэлсэн байна. Ингэж ярьдаг, ингэж ойлгоод эхэллээ гэдэг нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр зүйл. Оффшорын талаар ийм идэвхгүй ойлголт төрөөд эхэлсэн нь маш харамсалтай.
Дэлхийн нэртэй хөлбөмбөгчид хүртэл оффшор данснаасаа болоод асуудалд орж байна. Европын улс төрчид хариуцлагаа хүлээж шууд огцорч байна. Гэтэл манайд энэ зүйл бараг стандарт боллоо. Ийм ойлголтыг нийгэмд хүчээр бий болгох гээд байна шүү дээ. Энэ зорилгодоо тэр хүмүүс хүрчих вий дээ!
Г.УЛСБОЛД: Оффшортой холбоотой жижиг хөдөлгөөнүүд үүсээд идэвхжээд байгаа. Хөдөлгөөнүүдийн гишүүнчлэлийг нь харахаар АТОЗ гэхэд Батчулуун нь АН, Нарангэрэл нь Ногоон намаас байх шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төрийн л зорилготой. Оффшорын эсрэг энэ хөдөлгөөн үүсээд арваннэгдүгээр сарын 26-нд их хурлаа хийгээд УИХ-ыг тараах шийдвэр гаргасан байна лээ. Тэд одоо урт цагаанд байр түрээслээд хүмүүс цуглуулж байгаа сурагтай байсан.
Г.ОТГОНЖАРГАЛ: Оффшор гээд ярихаар мөнгөтэй хүмүүст атаархаж байна гээд мушгидаг. Тэр мөнгөтэй хүмүүс нь яаж мөнгө олсон бэ гэдгийг улс орон юм бол яалт ч үгүй ярих ёстой, бодох ёстой. Ерөнхийлөгчийн өршөөлийн хугацаанд НИК-ийн Давааням гээд ганц хүн л дөрөв гаруй сая ам.доллар оруулаад ирлээ шүү дээ. Гэхдээ энэ оффшорын асуудал Ерөнхийлөгчийн улс төртэй хутгалдаад байгаа нь асуудалтай байгаа.
Г.УЛСБОЛД: Авилгатай тэмцэх газар, прокурорын байгууллагууд одоо сайн ажиллах хэрэгтэй. Тэд маань сэтгүүлчдийн задалсан баримтын араас явах бус өөрсдийн сүлжээгээ ашиглан мэдээллийг түрүүлж олох ёстой. Оффшор улсуудын жагсаалтыг нь гаргаад өгсөн. Хуулийг нь батлаад өгчихлөө. Хүчний байгууллагууд одоо ажиллах л үлдлээ.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Оффшор дээр сэтгүүлчид өөрсдийн боломжийн хэрээр баримт гаргаад явахаар үүнийг нотол гэдэг. Бид хууль, хүчний байгууллагатай адил мөрдөн байцаалт явуулах боломжгүй. Нөгөө талдаа ард олон хэвлэлийн та нар дуугараач гээд шахдаг. Бид дуугараад дуугараад үр дүн гарахгүй, хэцүү л байна.
Э.ЛХАГВА: Хувийн хэвшлийнхэн оффшорыг хэрхэн хэрэглэж байгааг бид болгоомжтой ярьж бичих ёстой. Ил тод байдал талд нь хэт орох гэхээр Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том уул уурхайн компанийн толгой компани нь оффшор, Монголын томоохон банкны нэг хувь нийлүүлэгч нь оффшор бүртгэлтэй хувь хүн. Тэр хүнийг хэн гэдгийг Монголбанк нь ч мэддэггүй.
Сангийн яамны өгсөн эх сурвалжаар нэг инээдтэй нөхцөлд бид бүгд орсон байгаа. “Эрдэнэс Монгол”-ын 1072 хувьцааг бид бүгд, УИХ-ын бүх гишүүд эзэмшиж байгаа. Тэгэхээр та бид улстөрчидтэй хамааралтай этгээдүүд болж таарах уу? Үүнийг яаж тайлагнах ёстой вэ? Энэ хуулийг эргэж шалгах, сайжруулах ажлын хэсгийг хууль зүйн яаман дээр байгуулсан гэсэн. Тэгэхээр бид улстөрчдийн ямар нэг оффшор бүст хийх үйлдлийг бүрэн хаасан, нөгөө талдаа хувийн хэвшилд бизнесийн таатай нөхцөл бүрдүүлсэн хууль боловсруулж мөрдүүлэх ёстой.
В.ГАНЗОРИГ: Эдийн засагтай холбоотой сэдвээ дуусгаад нийгмийн асуудал руу оръё. Сүүлийн үед Холливүүд, спортын одуудаас авахуулаад хүчирхийллийн эсрэг асуудал дэлхий даяар хурцаар яригдаж байна. Монголд маань ч харамсалтай нь жигшүүрт хэргүүд зөндөө гарлаа. Оны онцлох гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ хэвлэлийнхний зүгээс хөндөх ёстой сэдэв гэж би бодож байна.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Сүүлийн хэдхэн сарын хугацаанд хүчирхийлэлтэй холбоотой маш аймшигтай хэргүүд гарлаа. Эдгээр хэргүүд олон нийтэд ил болсон л болохоос бус цаана нь мэдэгдээгүй асар ноцтой олон хэрэг байдаг. Хүчирхийллийн хэргүүд дээр хохирогчид нь өөрсдөө буруутан болох гээд байдаг. Ийм учраас олон нийтээс их нуудаг. Нийгэм эхнээсээ “Нүдээ нээ” гээд хөдөлгөөн өрнүүлээд явж байна. Ямар үр дүн гарахыг нь мэдэхгүй байна. УИХ-ын гишүүн асан Ганхуягийн охины ярианд хар тамхи, хүчирхийлэл гээд маш олон ноцтой баримтууд дурдагдсан. Гэтэл одоо тэр охиныг сэтгэцийн өвчтэй болгох гэж, яах гэж өөрөө тийм газар очиж, тэр хүмүүстэй уулзсан юм гэдэг ярианууд яваад эхэллээ. Өөрөөр хэлбэл хохирогч руу бурууг чихэж эхэлсэн.
Ганхуяг гуайтай яриа авах гэж би уйгагүй нэлээд хөөцөлдөж байж хагас сайн өдрийн шөнийн 03 цагт зөвшөөрөл авсан. Бусад бүх хэвлэл яг адил яриа авахаар хөөцөлдөж байсан. Гэтэл энэ хугацаанд олон нийт маань хэвлэлийнхэн юу ч хийхгүй байна гэж дайрч байна. Ганхуяг гуай өөрөө шоконд орсон байсан. Яаж үүнээсээ гарах, хэвлэлд юу ярих вэ гээд хэцүү шүү дээ, охиныхоо ирээдүйг бодсон эцэг хүний хувьд.
Г.ОТГОНЖАРГАЛ: Энэ ярихад хүнд сэдэв л дээ. Хэний хүүхэд, хэн байсан юм, ямар орчинд амьдардаг, мөнгөтэй юу, мөнгөгүй айлын хүүхэд үү гэдгээс үл хамааран хохирогч гэдэг талаас нь, нийгмийн сэтгэл зүй талаас нь бид харах ёстой. Засгийн газар анх удаа хүчирхийллийн эсрэг зориулж таван тэрбум төгрөг 2018 онд төсөвлөж байгаа юм билээ.
Нийгмийн сэтгэл зүй хаашаа яваад байна гэдгийг суурь судалгаа хийж дүгнэлт гарган, түүн дээрээ үндэслэсэн хөтөлбөр гаргаж үндэсний хэмжээнд ажиллах цаг нь болжээ. Сэтгэц, эрүүл мэндийн төвүүд дээр жаахан хүүхдүүд олноороо очиж эмчилгээ хийлгэж байна. Монголын хүн амын гурав билүү дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэдэг судалгаа хүртэл гарсан байгаа шүү дээ. Эдгээр тоонууд дахиад хүчирхийлэл гарна гэдгийг батлаад байна шүү дээ.
Г.УЛСБОЛД: Хүчирхийлэл гэхээр дорнын соёл гээд манай нэг гишүүн өөдөөс хариулаад байдаг даа. Энэ бол хандлага, гэр бүлийн төлөвшлийн асуудал. Хүний төлөвшил гэр бүлээс нь угшилтай. Дээрээс нь сургуулийн орчин байна. Мөн хорооны нийгмийн ажилтнууд улам сайн ажиллах ёстой. Үүнтэй холбоотойгоор хүмүүс цаазийн ял сэргээх тухай ярьдаг. Энэ бол хүн хүчиндвэл цаазлана шүү гэдэг айдас л үүсгэж байгаа хэрэг. Цаазийн ялыг хэрэглэх эсэхийг шүүх л шийднэ шүү дээ. Хүчиндсэн хүнийг цаазлаад ч хэн ч хожихгүй. Бид урьдчилан сэргийлэх, хүнээ хүмүүжүүлэх тал дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй байгаа.
Г.ОТГОНЖАРГАЛ: Ардчиллын 27 жилийн хугацаанд бид эдийн засаг, тоо гэсээр байгаад хүнээ орхижээ. Үүний гор нь одоо гарч байна. ЕБС-иудад сэтгэлзүйч ажиллуулна гэсэн мэдээг би сая харсан. Үүнийг бодлогын төвшинд хэрэгжүүлбэл тодорхой үр дүн гарна. Сэтгэл зүйн боловсролыг багаас нь төлөвшүүлэх асар чухал. Хүчирхийлэл гэж юу гэдгийг мэдэхгүйгээр хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
Г.УЛСБОЛД: Хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд ихэнхдээ нууцаар үйлдэгддэг. Хохирогчид цагдаагийн байгууллагад хандахад саад болдог зүйл нь хувийн нууцлал байдаг. Хохирогч хүүхэд жишээ нь үүнийгээ багшдаа, хорооныхоо нийгмийн ажилтанд хэлдэг. Нөгөө хэд нь хоорондоо шивэр авир хийдэг. Удалгүй тэр гэр бүлийнх зовлон сургууль, сум, суурингаар нь тардаг. Боломжтой айл нь хүүхдээ нүүлгэж, гадаад явуулах юм даа. Боломжгүй айлууд нь яах юм бэ? Хэцүү шүү дээ!
Э.ЛХАГВА: Өчигдөр гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 0-19 насны хүүхдүүдийн нас баралтын шалтгааны сүүлийн дөрвөн жилийн мэдээллийг гаргасан. 10-14, 15-19 насны хүүхдүүдийн амиа хорлолт 32 болон 36 хувьтай байна. Эндээс харахад өсвөр насныханы сэтгэцийн хямрал ямар аюултай төвшинд байгаа нь батлагдаж байна.
Манай сэтгүүлчид энэ талаар хүүхдүүдээс яриа авахад аав, ээжүүд нь асуудлыг нь шийдвэрлэж өгч чаддаггүй, түүний орон байрны, ангийнхаа найздаа хэлсэн нь дээр байдаг гэж байсан. Өөрөөр хэлбэл аав, ээжүүд хүүхдүүдийнхээ итгэлт анд нь байж огт чадахгүй байна. Манай сэтгүүлчид ч гэсэн хүчирхийллийн эсрэг баримтыг хүний эрхийн мэдрэмжтэйгээр яаж гаргаж тавих вэ гэдэг дээр суралцаж байна. Өмнө нь хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй сурвалжлага хийгээд хүний аминд хүрч байсан харамсалтай жишээнүүд байдаг. Одоо харьцангүй суралцаж байгаа.
Ийглийн Хулан редактор хэлж байсан. Хүчирхийлэлд өртсөн охиныг “Н охин” биш “иргэн Н” гэж явъя аа гээд. Хүйсийг нь тодотгох ямар ч шаардлагагүй ээ гээд. Энэ бол наад захын зүйл. Дээрээс нь зарим нэг дуулиант хэргүүд дээр сэтгүүлчдийн сэтгэгдлийг унших би маш дургүй. Мөнгөндалай сэтгүүлч шиг эх сурвалжуудтай уулзаж, бодит мэдээлэл түгээж, шинэ баримт нийгэмд өгөхгүй атлаа хувийн бодлоо бичээд байдаг. Тэр хүний хувийн бодол хэнд ч хамаагүй шүү дээ. Тэрнээс бус аль нэг талд нь гараад шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгний нэр ус, зураг хөрөг барьж явах нь маш буруу бөгөөд гэм зэмгүй хүмүүст аюултай үйлдэл шүү дээ.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Яг үнэн. Энд ярьж байгаа охины хэрэг дээр мөрдөн байцаалт дуусаагүй байхад гэмт хэрэгтнүүд гээд баахан хүүхдүүдийн зураг тавиад ил гаргаад цацаад эхэлсэн. Улсууд бүгд тэр хүүхдүүдийг үүх түүхтэй нь, эцэг эхтэй нь доромжлоод эхэлчихсэн. Тэр дунд гэмт хэрэгтэй байж магадгүй. Хажууд нь зүгээр л цуг зургаа авахуулсан хүмүүс нь буруутгагдаад эхэлж байгаа нь туйлын харамсалтай.
В.ГАНЗОРИГ: 2017 оны улс төр, эдийн засаг, нийгмийн онцлох үйл явдлуудыг тоймлоход дандаа сөрөг, гунигтай үйл явдлууд нэрлэгдлээ. Эдгээрийг онцлох гэж хэлэхэд хэцүү юм. Туйлын харамсалтай байна. 2018 оныг илүү гэгээлэг байлгахын тулд хэдүүлээ юу хийх ёстой вэ? Түүнчлэн нийгмийн сүлжээнээс мэргэжлийн сэтгүүлчид хэрхэн ялгарч, ард иргэдээ соён гэгээрүүлэх ёстой гэж бодож байна?
Г.УЛСБОЛД: Хүчирхийллийн хэрэг сошиал медиагаар шуугиж байхад сэтгүүлчид буруутгагдаж байсан. Одоо хар л даа. “Өдрийн сонин” хохирогчийн гэр бүлтэй уулзаж бодит байдлыг тодрууллаа, “Өнөөдөр” сонин араас нь очоод шинжээчийн дүгнэлтийг нийтэд хүргэлээ, www.newspress.mn мэдээллийн сайт прокурортой очиж уулзаад ярилцлага хийлээ. Мэргэжлийн сэтгүүл зүй олон нийтийг дагаж шуугих бус бодит баримтын араас л явдаг. Харин алинд нь итгэх вэ гэдэг бол хүмүүсийн сонголтынх нь асуудал.
Э.ЛХАГВА: Хүчин, хар тамхины хэргийг илрүүлэхэд цагдаа, хүчний байгууллагад ямар цаг зарцуулагддаг гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 72 цагийн дотор илрүүлэхэд хүнд. Ийм байхад сэтгүүлчдээс 72 цагийн дотор гэмт эдгээдийг илрүүлэхийг шаардаж байгаа нь манай нийгмийн мэдээ, мэдээлэл шүүн тунгаах чадвар, процессоо ойлгох хуулийн мэдлэг нь ямар байгааг илтгэж байгаа юм. Гэхдээ нийгэм ийм байна гээд орхиж болохгүй. Сэтгүүлч нар ч өөрсдөө сайжрах ёстой, олон нийт ч гэгээрэх ёстой.
Америкийн судалгаагаар хүмүүсийн уламжлалот хэвлэл мэдээлэлд үл итгэх байдал 28 хувь, сошиал медиад үл итгэх байдал нь 48 хувьтай байсан. Сошиал медиад хамаагүй итгэж болохгүй гэдгийг бид өдөр болгон шахуу будаа шатаадгаас эхлүүлээд нэг муухай жишээгээр мэдэж байна шүү дээ. Энэ хэрээр хүмүүс улам хэрсүү болж, шүүмжлэлт сэтгэлгээ нь сайжирна. Ингээд ирэхээр мэргэжлийн сэтгүүл зүйн үнэ цэнэ улам бүр өснө.
Г.ОТГОНЖАРГАЛ: Засгийн газар нэг жилийг ялангуяа өсвөр үеийн сэтгэл зүйн жил болгон зарлах ёстой гэж боддог. Үүний хүрээнд суурь судалгаагаа хийж, түүнийгээ үнэлэн бодлогоо гаргаж, үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлж, дэд бүтцээ байгуулж, мэргэжлийн хүмүүсээ цалинжуулаад хариуцлага хүлээлгэн ажилуулах ёстой. Энэ засгийн газраас ийм хүлээлттэй байгаа.
Сошиал медиагийн хувьд энэ бол олон нийтийн нэг хэсэг. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээ олон нийтийн саналаар сонгодог. Ийм байж өөрсдөө сонгосон хүмүүсээ субъектив байдлаар муулаад гоочлоод байх нь ёс зүйн хувьд онцгүй зүйл. Иймээс мэргэжлийн сэтгүүл зүй ажлаа хийнэ.
Д.МӨНГӨНДАЛАЙ: Сошиал медиад байдаг хүн бүр шахуу сэтгүүлч гэж зарим нь ярих гээд байдаг. Сошиалын хүн бүр хамаг ажлаа алдаад нэг хэргийн араас хэдэн өдөр явж чадахгүй. Ганжавхлан зэрэг яг тодорхой зорилго тавиад хүүхдийн эрхийн талаар ажиллаж байгаа мундаг залуус бол байгаа. Сошиал медиад хүн дуртай зүйлээ, бодсон бодлоо бичих амархан. Гэхдээ доромжлол, гүтгэлэг нь хэтрээд бусдын эрхэнд бүдүүлгээр халддаг жишээ зөндөө бий. Энэ нь эргээд нийгэмд сөрөг үр дагавар бий болгодог.
Саяны охины хэрэг дээр хэвлэл мэдээлэл хурдан ажиллаач гээд сошиал дээр шаардаад байсан. Бид яг яах ёстой байсан юм бэ? Тэр охин сошиал дээр ярих ёстой юмаа ярьчихсан байсан. Гэр бүл нь цагдаад дөнгөж хүсэлт гаргаад мөрдөн байцаалт нь эхэлж байсан. Процесс эхлээгүй байхад бид нар яах байсан юм бэ? Хурдан ажиллаж байна гээд хэрэг зохиож бичих юм уу? Энэ хугацаанд хэвлэлийн бид ард нь ямар хүмүүс байна гээд яваагүй биш зогсолтгүй явж байгаа шүү дээ. Дутуу, түүхий мэдээлэл яаран сандран түгээвэл хүмүүс хэлмэгдэнэ, маш аюултай.
В.ГАНЗОРИГ: Та бүхэнд маш их баярлалаа! Товч дүгнэлт хийхийг зөвшөөрнө үү. Нийгмийн сэтгэл зүй гээд маш чухал ойлголтыг та бүхэн хөндлөө. Шийдвэр гаргагчид, олон нийт, хэвлэл мэдээлэл нийлээд энэ асуудалд мэргэжлийн үүднээс хандах цаг нь хэдийнэ болжээ. Мөн нийгэм гэж ярихаар хүнтэй холбогдоод субъектив шүүмжлэл болох гээд байдаг хэдий ч систем маань хүнээс л хамаардаг. Бидний одоо байгаа байдал бидний л байгаа царай. Иймээс одооноос эхлээд өөрсдөөсөө эхлээд хандлагаа өөрчлөөд, бусаддаа эерэгээр нөлөөлөөд, түнэр харанхуйд нэг нэг лаа асаагаад явахаас өөр аргагүй нь ээ.
Эцэст нь мэргэжлийн сэтгүүлчдийн орон зай үргэлж байх болно. Байх ёстой гэдэг нь сүүлийн үеийн олны анхаарлыг татсан явдлуудаас тод харагдлаа. 2018 онд ямар нэг сонгууль байхгүй тул нийгэм маань харьцангүй тайван өнгөрөөсэй гэж залбиръя даа.