УИХ-ын намрын чуулган өнөөдөр завсарлалаа. Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчийн томилгоонд барьцаалагдаад байсан чуулганы хаалт намын бүлгүүдийн ханцуй доторхи наймаалцал дор “ногоон гэрэл”-ээр урагшлав. АН-ынхан Н.Золжаргалыг томилохгүй бол намрын чуулганыг завсарлуулахгүй гэж бойкот зарлачихаад байсан юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Жавхлан, дэд ерөнхийлөгчөөр Н.Золжаргал нарыг томиллоо. АН-аас санал болгосон Н.Золжаргалыг УИХ дахь МАХН-ын бүлэг дэжихгүй гэсэн шийдвэр гаргасан ч засгийн эрхийг хамтран барьж байгаа гэдэг шалтгаан, шахалтаар аргагүйн эрхэнд шийдвэрээсээ буцжээ. МАХН-ын дарга нар УИХ-ын гишүүдээ тас загнаж, АН-ын нэр дэвшигчийг хүчээр дэмжүүлсэнд дургүйцэх хүн олон байлаа. Гишүүн С.Бямбацогт “манай намын бүлэг гаргасан шийдвэрээсээ эргэж буцлаа. Хэрэв асуудлыг ингэж хүчээр шийдээд явах юм бол АН, МАХН хоёр УИХ-д хамтарсан бүлэг байгуулбал яасан юм бэ” хэмээн дээгүүрээ тохиролцсон дарга нарынхаа амыг таглав. Харин гишүүн Ж.Энхбаяр “АН албан тушаалын төлөө сүнсээ худалдахад ч бэлэн болчихжээ” гэсэн нь танхимын уур амьсгалыг хурцатгаад авлаа. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “АН, МАХН хоёр 20 жил хэрэлдлээ. Одоо хамтраад ажиллаж яагаад болдоггүй юм бэ. Монголбанкны томилгоо  бол жижиг асуудал. Үүний цаана улс орны хөгжлийн томоохон асуудлууд бий. Тэр болгон дээр ингэж хагаралдаад байх уу” хэмээн хариу барив.

Уг нь Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг санал болгох эрх гагцхүү Монголбанкны ерөнхийлөгчид бий. Гэхдээ хүссэн хүсээгүй УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөхөөс өөр арга байгаагүй гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж мэдэгдсэн нь анхаарал татлаа. Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлдог Монголбанк улс төрөөс хол байх ёстой гэж улстөрчид өөрсдөө хэлдэг. Тэгсэн хэрнээ дарга цэргийг нь солих болохоор намууд өөрсдөө наймаалцдаг, хүн шахдаг, болохгүй болохоор нь чуулганыг завсарлуулахгүй гэж бойкотолдог жишиг тогтсонд олон гишүүн сэтгэл дунджжр байсан ч бүлгийнхээ шийдвэрийг бодоод дэдүүдийг томилох шийдвэрт гар өргөсөн юм. Харин “цөөнхийн цөөнх” гэдэг нэр аваад байгаа гишүүн С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нар Монголбанкны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эсрэг санал өгсөн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл шинээр томилогдсон дэд ерөнхийлөгч нарт амжилт хүсээд, арилжааны банкуудад анхаарал хандуулахыг үүрэг болголоо. Ийнхүү 100 шахам хоног хуралдсан намрын чуулган хаалтаа хийв. Эрхэм гишүүд маргаашаас тойрог руугаа явахаар төлөвлөжээ.   

Б.Түвшинтөгс