Энэ 7 хоногт
ЛУВСАНЖАМЦЫН ЦОГЗОЛМААГИЙН ХӨГЖИМЧНИЙ ҮЙЛС-УРАН БҮТЭЭЛИЙН ЗАМНАЛААС
Лувсанжамцын Цогзолмаа гуайн мэндэлсний 100 насны ойд зориулав
ЛУВСАНЖАМЦЫН ЦОГЗОЛМААГИЙН ХӨГЖИМЧНИЙ ҮЙЛС-УРАН БҮТЭЭЛИЙН ЗАМНАЛААС
Энэхэн зуур зуун насны босгыг алхаж буй манай урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа (1924) гуайн их ойн хүндэтгэлийн “Цогзолмаа судлал”–ын анхдугаар хуралд хүрэлцэн ирсэн та бүхний энэ агшины амгаланг айлтгая ! Монголын ард түмний зүрхэнд олон үеэр хайрлагдан, гишгэсэн мөр бүхий нь домог үлгэр мэт ам дамжин яригдсаар байдаг түүний дуучны, найруулагчийн, жүжигчний, сурган хүмүүжлийн, соён гэгээрлийн болон соёлын удирдлагын менежментийн зэрэг олон талд, далайцтай үйл ажиллагааны нэгэн сонин содон жигүүр, амьдрал, уран бүтээлийнх нь урт удаан замналын нэгээхэн хэсэг нь түүний хөгжимчний үйлс – уран бүтээлийн замнал билээ. Энэ тухай цааш өгүүлэх болно. Л. Цогзолмаа гуайн дурсамж, намтрын хуудсыг шагайвал: “...1934 онд Төв театрт (Бөмбөгөр ногоон)“Говийн хүүхэн Гүндэгмаа” гэдэг жүжиг үзсэн минь одоо хүртэл санаанд минь тод үлджээ... Би анх багш, сурган хүмүүжүүлэгч маань болсон ийм хамт олны (Төв театрын хамт олныг хэлж буй Б.Б) дунд орсон билээ. Намайг бага байсан болохоор бүгд эрхлүүлж, Бүлтүүш гэж дуудна. Тал талаас дэмжин тусалж, зааж сургадаг байлаа. Баяр багш хөгжим заана. Гончиг гуай дуу, Даарийжав гуай бүжиг заадаг байлаа. Мандолин хөгжим бариад түүнийгээ дагаж “Хэрэв маргааш байлдвал” гэдэг Орос дуу дуулна. ...” Тэгэхээр Цогзолмаа гуай арван хэдтэйгээсээ Төв театртай амьдрал холбож, анх эзэмшсэн хөгжмийн зэмсэг нь “мандолин” байсан аж. Жанжны Клуб, Багшийн Сургууль орчим 1920 - иод оны үесээс манай нийслэлд Италиас гаралт хос дөрвөн төмөр чавхдаст, өөр хоорондоо квинтээр хөглөгддөг, мандолин (mandolino) хөгжмийг чуулгаар тоглох арга маяг ихэд дэлгэрч, “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн” – ийг эгшиглүүлэн дуулж байсан хөгжмийн ихэд соньхон үзэгдэл өрнөн байсан түүх буй. Өрнөдийн энэхүү зэмсэг хэрхэн, яаж монголд нэвтэрсэн нь өдгөө оньсого мэт таавраа хүлээн байгаа. Энэхүү зэмсгийн Орос – Зөвлөлтөд дэлгэрсэн түүхээс ажихад 1926 оноос А. В. Луначарскийн нэрэмжит Ленинградын Чавхдаст Шудрах Хөгжмийн Үйлдвэрт зууван артай цар бүхий мандолиныг олноор үйлдвэрлэж эхэлсэн аж. “...1932 онд 59400...мандолин үйлдвэрлэлээс гарчээ...”. Тэгэхээр энэ цаг үед Зөвлөлтөөс манай оронд энэхүү зэмсэг олноор ирж, дэлгэрсэн бололтой. Зөвлөлт засгийн 1920 – 30 – аад онд Оросын хөдөө тосгоны клубүүдэд мандолин болон түүнтэй төст балалайк, гитар хөгжмийн холимог болон Неаполитан гэгдэх чуулга ихэд дэлгэрч байсан нь “Соёлын хувьсгал” буюу оросоор “Культурная революция” үзэл сурталч бодлогын тусгал манайд гэрэлтсэн нь энэ байх. ЗХУ, Беларусь, Украйн улсуудад 1960 – аад он хүртэл мандолинаар хөгжимдөх хөдөлгөөн эрмүүн өрнөсөн нь манайхтай давхцан байна. Залуучуудын Соёлын Ордны дэргэдэх “Залуу театр” манай анхны сайн дурын театр болох тухай Л. Цогзолмаа гуай цааш дурсана. “...дээр үеийн жүжигчид жүжиг, бүжиг, дуу хөгжмөө өөрсдөө зохиож, бүгдийг өөрсдөө хийдэг байсан нь олон талын чадвар мэдлэгтэй урлагийн мастеруудыг төрүүлэхэд түлхэц болсон билээ...” хэмээн өгүүлнэ. “...1940 оны намар нэг өдөр намайг Соёлын Ордны дарга Ламзав гуай (малгайгаа үргэлж ар дагзан дээр тавьж явдаг байсан болохоор малгай Ламзав хочтой. Сүүлдээ Төв театрын даргаар олон жил ажилласан.) дуудаж: “Ленин Клуб дээр оч !” гэж хэллээ. Би яах гэж байгааг нь ч асуусангүй. Яваад очсон чинь хүрэн бор бужгар үстэй, намхавтархан биетэй их шалмаг хөдөлгөөнтэй Орос хүн (Гальперин - Б.Б), бас нэг Монгол хүн (Сайнбаяр) хоёр угтаж аваад, хачин гоё гялалзсан олон даралттай гаанс хэлбэртэй хөгжим өгөөд: -“За энэ хөгжмийг дарж сур ! Бас ноот сурах хэрэгтэй !” гэж хэллээ. Би ямар ч учрыг нь олохгүй гайхаж байтал нөгөө монгол хүн: - “Циркийн сургууль байгуулагдаад, хөгжим анги нь энд, акробатын анги нь театрын ар талын байшинд сургуулилж эхэлсэн” гэж тайлбарлаж өглөө ...”Ийнхүү Цогзолмаа гуай модон үлээвэр хөгжмийн зэмсгийн аймагт багтдаг “саксафон” гэх жазз, сонгодог, цэргийн гээд олон төрөл ангиллын хөгжимд гайхалтайгаар нийцтэй, өргөн хэрэглэгддэг хөгжмийн зэмсэгтэй монголчуудаас анхан удаа учран танилцсан бололтой. “...1840 онд Адольф Сакс (1814-1894) хэмээх Бельги улсаас гаралтай флейт хөгжимчин, хөгжим урлаач, зохион бүтээгч уг хөгжмийг илүү боловсронгуй болгон урласан нь одоогийн саксафон хөгжмийн үндэс суурь болсон юм. Тиймээс энэхүү зэмсэг зохиосон хүнийхээ овгийн нэрийг мөнхөлж, “саксафон” хэмээн нэрлэгдэх болсон байна. Өдгөө дэлхийн олон оронд хайр дурлалын дууч шувуухай хэмээн цоллогдох энэхүү хөгжмийн зэмсэг дэлхийн олон оронд нутагшиж, улам бүр төгөлдөршсөөр байна...”.Энэхүү дурсамжийн хэсэгт циркийн сургууль дөнгөж байгуулагдаад байгаа тухай мэдээлж байна. Монголчууд циркийн урлагтай 1931 оны зунаас анх танилцсан ба анхандаа “цирк” хэмээхийг “уран биеийн тамир”, “биеийн тамирын бүлгэм”, “биеийн тамир ба хөгжим танцын наадам” гэж өөр өөрөөр нэр оноон нэрлэж байгаад төдөлгүй олон улсын нэр томьёогоор нь “цирк” гэх болжээ. Яг энэхэн цагт Европ зүгийн чиг хандлагатай анхны театр болох Төв театр байгуулагдаж, Зөвлөлтийн сургагч нар өрнө маягийн урлагийг түлхүү сурталчлах болсон ба тэр зүгийн урлагийг ерөнхийд нь “уран сайхан” гэж нэрлэж байв. Монгол хүн циркийн урлагтай анх учирсан түүхийн тухай Ё. Доржсүрэн гуай “Монголын цирк” номондоо ийн өгүүлж байна: “...Монгол ардын хувьсгалын ялалтын 10 жилийн ойг тохиолдуулан ЗСБНХОУ – ын Ардын Гэгээрлийн Комиссариатаас 1931 оны 6 – р сарын 26 – нд Михайл Яковлевич Рейс ахлагтай Зөвлөлтийн цирк, эстрадын жүжигчдийн хэсгийг 2 сарын хугацаагаар БНМАУ – д ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ бригадын бүрэлдүүнд Г. А. Самсонов, В. И. Якунин, И. Г. Петров, Н. Н. Курчанин нарын акробат – 4, Хефецийн хөгжмийн эксцентрик, А. Н. Федотов, (Александров А. Н), Е. П. Сержантова нарын мэргэн буучид, С. И. Павлов, В. Л. Жерехов нарын баян хуурын хослол, И. В. Ласкари, Л. С. Вейс (Арнольди) – ийн уулынханы бүжиг, Тамара Брокийн жонглёр, П. А. Алексеев, Т. С. Алексеева нарын “Маркс - Максли” гэдэг акробат үсрэлт зэрэг нэртэй номерууд оролцжээ. Зөвлөлтийн циркийн энэ хамтлаг 1931 оны 7 – р сарын 7 - нд Улаанбаатар хотод анх хүрэлцэн ирсэн юм...Наадмын дараагаар тус бригадынхан 1931 оны 7 – р сард Баянхонгор, Архангай зэрэг аймгийн нутгаар аялж, Ламын Гэгээний Хийд, Мишиг Гүний Хүрээ зэрэг төвлөрсөн газруудаар очиж, урьд монгол хүн үзэж хараагүй циркийн гайхамшигт урлагийг сурталчилсан байна...” гээд монголчууд харин анх циркийн урлагийг хэрхэн хүлээн авсан тухай Ё. Доржсүрэн гуайн номон дахь Зөвлөлтийн жүжигчдийн дурсамж, тайлан онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Тэрээр: “...Энэ үе бол намаас феодал, шашны эсрэг хувьсгалт арга хэмжээг хэрэгжүүлж байсан онцлог цаг байлаа. Зөвлөлт нөхдийн аялал, бахдам тоглолт нь залуу үеийнхэнд үзэл санааны гүнзгий нөлөө үзүүлж, харгис лам нарын хорт явуулгад хүчтэй цохилт өгч байлаа...” гээд “...Энэ талаар бригадын ахлагч М. Я. Рейсийн тайланд: “Арвайхээр хошууны хүрээний задгай газар цирк тоглоход уул хүрээний Майдар эргэж байсан 3000 гаруй хүмүүс манай тоглолт дээр цугларсан ба Майдар дээр байсан лам нар ч ажлаа орхиж, тоглолт үзсэн” гэж дурдсан байна. Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг, Ламын Гэгээний Хийд дээр сор залах үеэр циркийн тоглолт болжээ. Лам нар ажлаа орхиж, үзэгчдийн хамт цирк үзэхээр ирсэн тул сор дээр бараг хүнгүй болж, дээд мяндаг тушаалын хэдхэн лам нар уурлан үлдэж байсныг баримтаар дурдсан байна ” гэж дурдсан байна. ...”. Зөвлөлтийн цирк 1930 –аас 1940 оны хооронд улс төр, ухуулгын зорилгоор 4 удаа (1931; 1934; 1936; 1939) манай оронд айлчлан тоглож байжээ. Манай циркийн урлагийн анхдагч, тулгын гурван чулуу нь Жамъянгийн Раднаабазар (1912 - 1947), Д. Гомбо, Ламжавын Нацаг нар болох бөгөөд монгол хүмүүс анх удаа циркийн үзүүлбэр нийтэд үзүүлсэн нь 1933 оны 6 – р сарын 24 – ний өдөр болох бөгөөд тус үзүүлбэрээ Улсын Төв Театрт толилуулжээ. Циркийн анхны сургуулийг 1935 оны хавар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны дэргэд Уран Биен Тамирын Сургууль нэртэйгээр байгуулсан ба тус сургуулийг Ж. Раднаабазар удирдаж байжээ. Харин Монгол Циркийн нээлтийн ёслол, анхны тоглолт улс хувьсгалын 20 жилийн ойгоор Улаанбаатар хотын баруун урд орших Яармагийн дэнж дээр 1941 оны 7 – р сарын 10 – нд 2000 үзэгчийн өмнө болжээ. Цогзолмаа гуай альт саксафон суралцсан түүхээ цааш ийн хүүрнэнэ: “...Надад Лувсанбалдан гэдэг хүнийг багшаар өгөв. Надтай хамт Соёлын Ордноос Довдон (хожим нь Улсын Их Сургуульд хөгжмийн багшаар олон жил ажилласан) ирж бөмбөрчин болохоор бас сургуулилж эхлэв. Бидний дараа Дарийжав, Аюуш хоёр шилжиж ирэв. Дараа нь өөр газраас Мөрдорж, Чимиддорж нар ирсэн шиг санагдана. Хөгжим ангийн ихэнх хүмүүсийг цэргийн хөгжмөөс татаж авчирсан юм билээ. Харин өөр газруудаас Сайнбаяр, Намхайцэрэн, Гончигсумлаа, Лувсанбалдан, Мөрдорж, Чимиддорж, Довдон, Аюуш, Жүрмэд бид ирсэн юм. Ингээд Мөрдорж, Лувсанбалдан, Аюуш бид дөрөв саксафон, Гончигсумлаа, Чимиддорж хоёр аккордеон, Намхайцэрэн гуай хийл, Жүрмэд гитар, Довдон цахилуур хөгжимд хуваарилагдаж сургуулилж эхэллээ. Цэргийн хөгжмөөс ирсэн хүмүүс тус тусын үлээвэр хөгжмөө барьж сургуулилав. Лувсанбалдан багш Аюуш бид хоёрт уйгагүй заахаас гадна Гальперин багш өөрөө бидэнтэй ажиллана. Ноот сургах талаар хүн бүгд л тусалдаг байлаа. Тэр үед эмэгтэй хүн саксафон үлээж байгаагүй болохоор Аюуш бид хоёрын хацраа бөмбийлгөөд л хөгжим тоглох нь хачин харагддаг байсан байлгүй. Миний чигчий хуруу нарийхан түүгээр хөгжмийн даралтыг дийлэхгүй болохоор хүчилсээр байгаад одоо ч эхний үеэрээ үл мэдэгдэм моониг байдаг юм...” гэх. Энэхэн дурсамжаас бид фото зураг нь хадгалагдан үлдэж, интернэт орчинд тархсан, цөөнгүй номонд хэвлэгдсэн Монгол Циркийн анхны жазз хөгжмийн бүрэлдэхүүн хэрхэн бүрэлдсэн, хэрхэн суралцаж эхэлснийг өнөөдөр мэт уншиж болно. Цогзолмаа гуай мөн циркийн анхны хөгжимчид хэрхэн ажилладаг байсан тухай ингэж дурсана: “...Циркийн хөгжимчид тэр үед сургууль их хийдэг, ажилдаа их дур сонирхолтой хүмүүс байсан. Өглөө 9 цагт цугларахаас өмнө ирж, нэг цаг гамм (эгшгийн цуваа) уншина. 9 – 11 цаг хүртэл дан дасгал уншина. 11 – 14 цаг хүртэл нийлж сургуулилаад, өдөр завсарлахдаа хөгжмөө авч яваад, гэртээ сургууль хийнэ. Орой тоглолтгүй бол 18 – 23 цаг хүртэл бас сургуулилна. Үүний үр дүнд циркийн дагшаа хөгжим чадалтай хамтлагт тооцогддог байлаа ...”.Монголд дагшаа жазз хөгжим хэзээ анх хүрч очив ? Түүх нь хэрхсэн ? тухай сэдэв тун сонирхол татах билээ. Ямартай ч энэ түүх, туурвих эзнээ хүлээн байгаа нь лавтай үнэн байх аа !. VIII Богд Жавзандамба Хутагт Хааны захиалсан “Форд” машиныг хүргэхээр ирсэн дилер - борлуулагч америк эр жазз хөгжимчин байсан ба монголын хааны ордонд жазз хөгжим эгшиглүүлэн, баясган байсан тухай мэдээ байх. Энэ тухай АНУ –аас МУ – д сууж байсан Элчин сайд Жонатан Аддлетон (Jonathan Addleton) нэгэн ярилцлагадаа: “.....1911 онд тусгаар тогтнолоо олсон Монгол Улсын тухайн үеийн удирдагчид Монголын тусгаар тогтнол, хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд бусад улс орон болон АНУ - тай холбогдож байсныг би их үнэлдэг. 1900 - гаад оны үеийн манай хоёр улсын харилцаа мөн сонирхол татдаг юм. Тухайн үед Америкийн худалдаачид Монголд “Форд – Т” болон “Харли Дэйвидсон” машиныг оруулахаас гадна Голливудын кино жазз хөгжим нэвтрүүлж байсан юм билээ...” хэмээсэн байдаг. Мөн “НарДом ” хэмээх Нийслэл Хүрээн дэхь цагаач иргэдийн цугладаг соёлын ордонд жазз хөгжмийн концертыг “хөө бараан царайт” америк цагаач тэртээ 1920 – д оны үед нэг бус удаа зохиож, түүнийг нь хүрээний нөлөө бүхий ноёд, хатад ажигладаг байсан гэх зэрэг мэдээ нь “монгол дагшаа жазз хөгжмийн түүх” – ийн эхэн үүдэл болох биз ээ . Цогзолмаа гуай циркийн жазз хамтлагийнхаа урын сангийн тухай ийн дурсаж байна: “...Хөгжим ангийнхан сурсан бүтээлээрээ цирк нээхээс өмнө театр зэрэг газар тоглолт хийдэг байлаа. Түүнд Гальперин багш орос, зөвлөлтийн болон монгол ардын дууг найруулан тоглуулна. П.И.Чайковскийн “Унтсан гоо дагина”бүжгийн жүжгийн оршил хөгжим, И. Дунаевскийн “Сэргэлэн залуус” киноны марш, Б.Макроусов, Д.Покрасс, М.Блантер, С.Кац нарын бүтээлээс гадна монгол ардын дуу “Гандий мод” – ыг багш дагшаа хөгжимд тохируулан найруулж, түүний нь Ванчигсүрэн (циркчин байсан. “Цогт тайж” киноны Мангуус баатарт тоглосон) бид хоёр дуулж билээ. Бас Гончигсумлаа бид хоёр “Полюшка поле” гэдэг дууг хоёр хоолойгоор дуулж байсныг санаж байна...Гальперин багш дэлхийн сонгодог бүтээлүүдээс дагшаа хөгжимд найруулан тоглуулна. Англи – Америкийн дармал ноотнууд маш хэцүү хэмнэлтэй бүтээл тоглодог байсан нь хөгжимчдийн уран чадвар дээшлэхэд сайн нөлөөтэй байсан байх аа...” ДҮГНЭЛТ: Зуун жилийн түүх хүүрнэж болох манай жазз хөгжмийн урлаг монгол орноо цаг, түүхийн дараах давтамжтайгаар хөгжиж ирсэн байна. Үүнд: а/ 1920 – иод он: - америк худалдаачид, экспедицийн судлаач, цагаач хөгжимчид анх монголчуудад буюу Хүрээний ноёд, хатдад америк жазз хөгжмийг танилцуулсан байна. б/ 1940 – өөд он: - С. Гальперины оролцоотой жазз хөгжмийн анхны мэргэжлийн сургалт явагдаж, жазз биг бэнд хамтлаг байгуулагдан, уран бүтээлээ туурвиж байсан. в/ 1960 – аад он: - “Монгол блюзийн хаан”, УГЗ, хөгжмийн зохиолч Т. Чимэддорж “Баян Монгол” дагшаа найрал хөгжмийн 1969 онд санаачлан байгуулж, “Зам дээр гээгдсэн цэцэг” (шүлэг - С. Дашдооров) дуугаа зохиов. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З. Хангал (1948 - 1996) Барилгачдын Соёлын Ордон, Залуучуудын Ордон, Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн багш нарын дагшаа найрал хөгжмийг үүсгэн байгуулж, “Аяны шувууд” (шүлэг - Дашдондог) зэрэг дуугаа зохиов. УГЗ Г. Алтанхуяг ХБДС – ийн сурагч, багш нарын дагшаа хамтлаг зохион байгуулж, “Монгол бүсгүйн үзэсгэлэн” (шүлэг - ?) зэрэг дуугаа зохиов. г/ 1990 – ээд он: - УГЗ, хөгжмийн зохиолч, жазз импровизацич Г. Пүрэвдорж буюу “Сахал Пүүжээ”, төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин, бөмбөрчин, жазз импровизацич П. Ганбат буюу “Ереван Ганбаа” 1990 – оос өрнүүлсэн жазз - поп хөгжмийн “Хар, Цагаан” (Black & White) хамтлаг үйл ажиллагаагаа явуулж, Улаанбаатар хотод жил бүр “Их талын жазз” Олон Улсын Хөгжмийн Наадам зохиогдох болов. Г. Пүрэвдорж “Улаанбаатарын үдэш” дуугаа зохиов. г/ 2020 – иод он: - Мартин Зенкер багш С. Гончигсумлаагийн нэрэмжит ХБК – д “Гёте – Хөгжмийн Лаб - Улаанбаатар” жазз хөгжмийн сургалтыг 2014 оноос эхлэн явуулж, Т. Пүрэвсүх 2014 онд “Агула” цомгоороо, Э. Шүтээн 2023 онд монгол жазз хөгжмийн “Мандах нар” цомгоо гаргаж, Грэммийн шагналд нэр дэвшив. 2024 оны энэхэн цаг үест монголын жазз хөгжмийн урлаг хөгжлийн цоо шинэ шатанд гарч, менежментийн хувьд олон улсын түвшинд хүрч, дэлхийтэй зиндаалан хөгжих болов. “Их талын жазз” НҮТББ, ХБНГУ ын “ Гёте Хүрээлэн” (Goethe Institut) - тэй хамтран, С. Гончигсумлаагийн нэрэмжит ХБКоллеж дээр 2014 – 2015 оны хичээлийн жилээс эхлэн, 62 мянган еврогийн өртөгтэй хэрэгжүүлж буй олон улсын жазз хөгжмийн мэргэжлийн сургалт – төсөл (“GMUB - Goethe-Musiklabor Ulan Bator” - төслийн удирдагч, их хийлч -хөгжимчин Мартин Зенкер (Martin Zenker) нь 10 жилийн турш тун амжилттай эхлээд явж байгаа нь манай оюуны хөрөнгө оруулалтын бахдам жишээ, монголын жазз хөгжмийн дэлхийн түвшний хөгжлийн түүчээ болоод олон улс дахинд монгол жаззын Э. Шүтээн зэрэг оддыг төрүүлээд америкийн хөгжмийн 2023 оны Грэмми шагналд хүртэл нэр дэвшсэн гайхам үйл явдал өрнөн байна. Энэхүү амжилтын үндэс нь дэлхийд жазз хөгжмийн хөгжимдөн туурвих, багшлан сургах онол арга зүйгээрээ шагшигдсан зочин багш, Шотландын нэрт төгөлдөр хуурч Дэвид Пэтрик (David Patrick), АНУ - ын Аризонагийн Хөгжмийн дээд сургуулийн профессор Наталие Жонн, зочин багш, саксофонч Михайл Луцайр нарын зэрэг олон арван нэрт хөгжимчин – эрдэмтэн – багш нарын хичээл зүтгэлийн үр билээ. Манай циркийн урлаг үүсээд 90 – ээд жилийн түүхэн замыг туулахад өдгөө МУК гэх малгай дээвэртэй дэлхийн томоохон дэг сургууль бүхий олон улсын түвшний, өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсон хүчинтэй, үе үеийн уран бүтээлчдийн бүрэлдүүн бүхий циркийн урлагийн бүх төрөл зүйлийг өв тэгш, гайхам эзэмшсэн “Монте Карло”, “Алтан арслан” зэрэг олон арван шагналын эздийг төрүүлсэн маш том хүчирхэг арми болон дүнхийн босжээ. 1. Л. Цогзолмаа гуай 1920 – иод оны эхэн, дунд үеэс манай оронд дэлгэрсэн “мандолин” хөгжмийн зэмсгийг эзэмшигч хөгжимчдийн андагчдын нэгэн мөн байна. Түүний мандолин хөгжмийн багш нь “солгой” Баяр байжээ. 2. Л. Цогзолмаа гуай шанз хөгжмийг мөнхүү “солгой” Баяр багшаараа заалган, хөгжимдөж сурчээ. 3. Л. Цогзолмаа гуай XX зууны манай хөгжмийн түүхнээ жазз хөгжмийн анхны мэргэжилтэн, мөн анхны саксафон хөгжимчин байсан ажээ. Тэрбээр альт саксафон эзэмшсэн анхны монгол дөрвөн иргэний (Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Алдарт гавьяат хөгжимчин, хөгжмийн зохиолч Лувсанжамцын Мөрдорж (1919 - 1995), Лувсанбалдан, Аюуш болон Л. Цогзолмаа гуай) нэгэн буюу нэгдүгээр саксофончин буюу гоцлол 1 – р пулть дээр сууж байжээ. 4. Л. Цогзолмаа гуайн амьдрал, уран бүтээлийнх нь нэгэн сонин содон жигүүр нь түүний хөгжимчний үйлс – уран бүтээлийн замнал болох бөгөөд энэ нь 1938 оноос 1944 оны намар хүртэл түүний урт удаан амьдралынх нь 6 - хан жил үргэлжилсэн хэдий ч манай хөгжмийн соёлын нэгэн тод томруун үзэгдлийн жишээ болон дурайж байна. Тэрбээр “Улсын 2 – р зэргийн хөгжимчин” хэмээх үнэмлэх бичиг, сертификаттай нэгэн ажгуу.
НОМ ЗҮЙ:
- Балдорж, Ц. (2003). Олон гэдэг оломгүй далай //Түмэн хүрээлж, төр соёрхсон гэр бүл. Улаанбаатар. х. 137 – 173.
- Батболд, Ё. (2011). Лувсандоржийн Цогзолмаа //Монгол циркийн нэвтэрхий толь. Улаанбаатар: “Мөнхийн үсэг” ХХК. х. 378.
- Батжаргал, Б. Жазз хөгжим бол Америк маягийн үзэгдэл //Улаанбаатар, 1997.11.29. Бямба, № 228 (1408).
- Ганхуяг, Н. Лувсанжамцын Цогзолмаа // Монголын театрын нэвтэрхий толь. Улаанбаатар: “Бэмби сан” Хэвлэлийн газар. х.512 – 513.
- Доржсүрэн, Ё. (1979). Монголын цирк. Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Газар.
- Лачинова Т. Многоликая мандолина// Газета Играем сначала № 5 (143) Май 2016.
- Равдан, Б., Шаравнямбуу, Б. (1990). Хүмүүсийн дунд // Урлаг соёлын зүтгэлтэн. Улаанбаатар: Улсын Хэвлэлэийн газар. х. 328 – 331.
- Цогзолмаа, Л. (1993). Олон гэдэг оломгүй далай (редактор Д. Цэдэв). Улаанбаатар хот.
- Энхзул, А. (2022). Саксафоноор хөгжимдөх Монгол дэг сургуулийн үүсэл, хөгжлийн тухай. Хөгжмийн урлагийн бакалаврын зэрэг горилсон судалгааны ажил. Монгол Улсын Консерватори.
Архангай - Хайрхан / Уубулан - Хайрхан баг, Байшинтын гол.
2024-08-21
Доктор БАДАМЖАВЫН БАТЖАРГАЛ