Энэ 7 хоногт
Мутацад орсон сонгуулийн клиентелизм ба төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглах нь
Архиар явдаг АНУ-ын сонгогч түүх болсон шиг авилгаар явдаг ард түмэн ч бас түүх болох цаг ирсэн шүү нэр дэвшигчид, эрх баригчид аа!
Ковид-19 лугаа адил мутацад орон оршсоор буй нэгэн “вирус” манайд бас байна. Энэ бол сонгогчдын саналыг авахад чиглэсэн улс төрчид ба эрх баригч намуудын ажиллагаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр “Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан...Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо...2012, 2016 онд энэ киноны 1, 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги?” хэмээн хоролгон үйлдэлдээ гэмшиж уулга алдсаар атал Киноны 4 төдийгүй 5,6-р ангийг бөөндсөнийг тоймлохын өмнө хувь улс төрчдийн ажиллагаанаас дурдъя.
Улс төрийн шинжлэх ухааны онолд харилцааны клиентелизмээс гадна сонгогчдын саналыг татахад чиглэсэн өгөө авааны тухай сонгуулийн клиентелизм гэх ухагдахуун бий. Үүнийг өөрөөр сонгуулийн авилга гэж ойлгож болно. Улс төр судлаач Скот, Стокез нарын тодорхойлсноор “Сонгогчдыг үзэл баримтлал, бодлогоор бус ашиг тус хүртээх замаар татахыг оролддог намуудыг клиентелист намууд (улс төрийн машинууд) гэнэ. Тэд эрх барих үедээ орлого багатай иргэдийг харж үзэн, мөнгө, эд зүйлс тарааж, элдэв үйлчилгээ үзүүлэхэд сонгуулийн гол ажлаа чиглүүлдэг” аж. Уг тодорхойлолтоор бол одоогийн эрх баригч нам арга байхгүй авилгач, клиентелист нам юм.
Хувь улс төрчид санал худалдан авах нь
Vote-buying /VP/ буюу санал худалдан авах ажиллагаа нь бүр манай эриний өмнөх 500-аад оны Эртний Грекийн ардчиллын сонгуулийн үеэс улбаатай ба орчин үеийн ардчиллын өлгий АНУ-д ч мөн элбэг байж. 1880 онд Мэйн мужийн сонгуулиар сонгогчоос саналаа хэнд өгөхийг нь асуутал “Бүгд Найрамдах Намаас өгсөн хүрэм хослолын маань гол чимэг болсон тул өмд өгсөн Ардчилсан намд энэ удаад өгч чадахгүй нь дээ” хэмээн хариулсан хошин ч гэмээр юм уу жишээ байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон Хууль тогтоох байгууллагын сонгуульд анх 1855 онд өрсөлдөхдөө сонгогчдоо архидуулаагүйн улмаас ялагджээ. Гэвч 1858 онд “дутагдалдаа” дүгнэлт хийн, сонгуулийн бүх төсвөө архи авахад зориулснаар ялсан түүхтэй аж (Dennis Pogue). Үүнээс үзэхэд хорвоогийн хамаг муу аргыг зөвхөн манайхан бус гаднынхан ч бас хэрэгжүүлж байж.
Манайд ч 1990 оны анхны чөлөөт сонгуулиар барааны саван тараахаас эхэлсэн энэ ажиллагаа хүүхдүүдэд мөхөөлдөс, хүүхнүүдэд торго, хөгшдөд гурил тараах, залуучуудад үзвэр үзүүлж, үсийг нь засах, өвгөдийн өвчнийг нь оношилж, өрөөл мах өгөх зэргээр хавтгай явж ирсэн. Бараа, үйлчилгээнүүд давхцахгүй бол сонгогч түмэн харин ч нэг башийгаад авна. Ёстой нөгөө юун наадам юун цагаан сар гэдэг шиг л юм болдог байлаа. Ил цагаан энэ ажиллагаа хэмээс хэтэрсэн тул 2012 оноос хориглосон ч бэлэн мөнгө тараах далд хэлбэрт шилжсэн. Сонсох нь ээ сонгуулийн ид халуурлын өнөө үед хөдөө орон нутаг, захын хорооллоор гэмгүй дүрээр гэр барин байршиж боорцог, хоолоор дайлах замаар “сонгогчдыг морьтой явуулж” байгаа ажиллагаа хийгдэж буй сурагтай.
Хуулийн хориглолт зөвхөн сонгуулийн жилд үйлчлэх тул нэр дэвших болон дахин сонгогдохыг санаархагчид элдэв сангийн шугамаар бүтэн 3.6 жилийн турш наашаа харж инээн, цаашаа харж уйлсаар дараах байдлаар тойргоо усалдаг. Тойргийнхоо нөлөө бүхий сонгогч, эмч, багш нарыг бэл бэнчингээсээ хамаараад наад зах нь Утаа гүмбэн, Улаан-Үд, цаад зах нь Хонконг, Солонгос явуулдаг. За тэгээд сургуульд оруулах, сургалтын төлбөрийг нь даах, гэр байшин олгохоос эхлээд гэргий нөхөр авч өгөх нь халаг юм болдог.Сугалаа гэж бас дэлхийн хаана ч байхгүй онцгой арга хэмжээ орон нутагт голцуу зохион байгуулагдана.Тохирол болох аяга, шанага, гар чийдэн, чихэр жимс тэргүүтнийг сумын клубд битүү өрсөн байх нь мэдэхгүй хүнд үзэсгэлэн-худалдаа юм уу гэж андуурмаар. Мөн хөргөгч, угаалгын машин, мотоциклыг хүртэл 3 давхрын зааланд яаж оруулсан юм бол гэмээр байршуулсан байх нь ч бий. Гоё дээрээ тавьсан зургаа наадаг сав нь 400 граммын аяганаас 4 литрийн данх, 40-ийн бидон хүртлээ хөгжсөн нь манайхны энэ талын сэтгэлгээ тун сайтайг илтгэнэ.Ийнхүү мөнгөтэй нь бааварлаж, мөнгөгүй нь шоргоолжилсоор сонгуулийн өмнөх жилийн 12-р сард нутгийнхаа шинэ жилд оролцох оюутнуудын таксыг төлж, айлуудын шинэ жилийн бялууг тарааснаар дуусна. Үүний уршгаар нэгэн аймгийн төвийн дэлгүүрүүдийн бялуу нь зарагдахгүй шатсан гэх яриа ч бий. Дэлгэрэнгүй хувилбар /маникюр, үсчний дамжаа ажиллуулсан г.м/-ыг УИХ-ын гишүүдийн 4 жилийн тайлангаас харж болно. Ашгүй нэг сонгуулийн жил эхэлж зариманд нь онцын нөлөөгүй сонгогчдын өргөдөл, хүсэлтэд татгалзах аятайхан шалтаг болдог ч ихэнх нь ажиллагаагаа далд хэлбэрт шилжүүлэн сонгуультай золгоно. Ийнхүү 1-р сараас хувь нэр дэвшигчийнх албан ёсоор дуусаж, эрх баригч намынх эхэлнэ дээ. Ахмадын зээл тэглэх ажиллагаа ч шинэ юм биш. Найман нэрийн барааны дэлгүүрт тавьсан сонгогчдын өрийг нэр дэвшигчид өмнөөс нь төлж барагдуулдаг аргыг л эрх баригч МАН овжноор ашиглан, төр засгийн түвшинд гаргасан хэрэг.
Эрх баригч нам санал худалдан авах нь
Abuse of State Recourse /ASR/ буюу Төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглахыг “Трансперенси Интернэшнл” хамгийн зөв ангилж, тодорхойлсон” хэмээн ОХУ-ын улс төр судлаач Ю.А.Нисневич судалгаандаа дурджээ. Үүнд: 1.Хууль, хүчний байгууллагын хүч, нөөц /улстөрийн өрсөлдөгчөө айлгах, мохоох, дарамтлах, устгах зорилгоор барьж хорих/, 2.Төрийн захиргааны байгууллагын хүч, нөөц /лиценз зөвшөөрөл олгохгүй боох, улс төрийн нам, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, хасах/, 3.Хууль тогтоох байгууллагын хүч, нөөц /парламентад олонх болсон нам өөрт ашигтай хууль батлах/, 4.Байгууллагын хүч, нөөц /унаа тэрэг, техник төхөөрөмж, хүний нөөц/, 5.Санхүүгийн хүч, нөөц / улс, бүс, орон нутгийн төсөв, төрийн төсвөөс гадуурх нөөц/,6.Мэдээлэл, харилцаа холбооны хүч, нөөц /төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл/,7.Албан тушаалын хүч, нөөц/ улс төрийн албан тушаалтан, Ерөнхийлөгч, сайд, парламентын гишүүд/ орно. 2007 оны Төрийн Думын сонгуульд нэр нөлөө бүхий улс төрийн албан тушаалтнууд намын жагсаалтын эхэнд бичигдэж сонгогдсоныхоо дараа мандатаасаа татгалзан, орондоо ардаа байсан хэн ч мэдэхгүй хүмүүсийг оруулжээ. Ийнхүү хууль бус биш боловч луйврын аргаар Думын бараг 25% бүрдэж байсан гэдэг.
Монголд дээрхийг хуулиар хориглодог ч санаатай, санамсаргүйгээр нарийн заадаггүй тул ашиглалт бүрийг ялгаж салгаж бичих эцэс алга. Иймд хамгийн ноцтой ба хамгийн элбэг хоёрыг нь авч үзье. Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг урвуугаар ашиглахыг хамгийн ноцтойд тооцсон нь хүний улс төр, иргэн, эдийн засгийн болон бусад эрх, эрх чөлөөг хязгаарладагтай холбоотой аж. АН-ын Л.Гүндалайг, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын Ц.Анандбазар болон багагүй тооны Засаг дарга нарыг сонгуулийн өмнө хорьчхоод заримыг нь дараа нь суллаж байсан. 2003 оны үед АН-ын дарга, Эх орон Ардчилал эвслийн Тэргүүн М.Энхсайханыг “Зоригийн хэрэг”-т холбогдуулах зорилгоор Францаас нэгэн залууг улс дамнуулан хулгайлж авч ирээд тамласаар цааш харуулсан эрх баригчдын түүх тэгтлээ хуучраагүй байна. “Даргагүй нам сонгуульд яаж орохыг нь харнаа” гэсэн зуунги үг эндээс эхлэлтэй. Он гарсаар АН-ын аппаратын удирдах ажилтнууд болон Монголын Хүний Төлөө Намын дарга Х.Бат-ялалтыг тус тус цагдан хорьж байгаад гаргасан, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татахыг завдсан зэрэг үйлдлүүд энэ удаагийн буухиаг эхлүүлэв. Үргэлжлээд Ардчиллын удирдагчдын нэг М.Энхсайханыг “Сошиалын постууд нь шүүхэд нөлөөлөх гээд байна” гэж барьж хорин, улс орныг хорлон сүйтгэхийг завдсан Ц.Элбэгдоржийн үйлдлийг дэмжсэн үйлдэлд нь ял өгөхөөр шүүсэн. Гэвч нотлогдоогүй тул эцэст нь “яамнаас төсөвлөснөөс бага үнээр машин авсан” гэх хэрэг тохон 4.6 жилийн ял өгөв. Төсөвлөснөөс доогуур авсныг нь шийтгэж байгаа тохиолдолд дээгүүр авсныг нь шалгаж, шийтгэвэл манай улс даргагүй болж мэднэ. Эдийн засагч Л.Наранбаатар нэгэн намаас нэр дэвшихээр өргөдөл, анкетаа өгсөн ч өөр нэг нам түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтдаа бичсэнээс болж бас л бүртгэсэнгүй. Хамгийн сүүлд намдаа жийгдэж бие даан нэр дэвшихээр 31.041сонгогчийн гарын үсэг цуглуулсан Н.Номтойбаярыг өөрсдийнх нь саналыг хуваана хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг бас л УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон халдашгүй дархан эрхийг нь үл тоон барьж хорилоо. Гэх мэтээр хууль зөрчсөн асуудлууд байгаа ч дээрх хүмүүсийн буруу зөв, гэмт хэрэг үйлдсэн эсэх тухай мэтгэлцэхээсээ илүү Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг урвуугаар ашиглах сонгуулийн технологийн сонгодог жишээнүүд гэдгээр нь авч үзэв. Гол төлөв МАН-ын засаглалын үед ашиглагддаг нь их хэлмэгдүүлэлтийг хийж байсан хуучны улбаатай нь холбоотой юм биш байгаа гэх хар дагуулдгийг нуух юун.
Сонгуульд зориулан БНХАУ-ын Чалко компани болон Хөгжлийн банкнаас зээл авч ахмад, группынхан, шинэ гэр бүл, оюутнууд, иргэдэд тараасан тухай С.Баяр агсны дурдсан Киноны 1,2,3-р анги бол хамгийн элбэг тохиолддог Хууль тогтоох хүч, нөөцийг ашиглах замаар Санхүүгийн хүч, нөөцийг ашиглаж буй хосолмол хэлбэр юм.
Коронагаас өмнө УИХ-ын чуулганы хуралдаан даргалж, зохицуулах үндсэн үүрэг бүхий УИХ-ын даргын өрөөнд Ахмадын зээлийг төлөх тухай гэрээнд “Эрдэнэс Монгол” ХХК, арилжааны банкуудын удирдлагууд гарын үсэг зурснаар Киноны 4, ”Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг 5-р сараас тарааж эхэлснээр 5, гадаадад сурсан оюутны зээлийг тэглэснээр 6 дугаар анги тус тус гарсан. Гэтэл 2019 онд баталсан МУИХ-ын Сонгуулийн тухай хуулиар уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх /38.3.2./, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэхийг /38.3.3./Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах /38.3./-ыг хорьжээ. Энэ нь дээрх ажиллагаа бүгд санал татах зорилготойг нотолчихож. Дээрээс нь төрийн албан хаагчдын цалинг 12-р сард 2, 2-р сард 1 удаа тус тус нэмсэн. Төр, засгийн нэрээр сонгуулийн жилд үзүүлж буй энэ бүх нэг удаагийн халамж бүхэлдээ сонгогчдын саналыг татах гэсэн эрх баригч намын башир арга гэдэг нь захын чавганцад ч ойлгомжтой. Хэлбэр дүрсээ өөрчлөн мутацад орсон нь энэ буй. Санал татахыг зорьсон ч бүтэлгүйтсэн малчдын ноолуурын 120.000 зэргийг коронагаас хойш гэдгээр нь орхиё. Эдгээрээс гадна Political Budget Cycle (PBC), манайхаар “сонгуулийн төсөв” гэх бас нэг төрлийн санал татах технологи бий. 2012 оны сонгуулийн жилийн төсөв өмнөх оноосоо 1.2 их наяд, 2016 оных 2.3 их наядаар данхайж, 2020 оных 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан, МСҮТ-д суралцдаг 37.5 мянган хүнд сар тутам 200 мянган төгрөг өгөхөөр тусгагдсан, коронагаас үүдэн эдийн засаг хүндэрч байгаа ч төсөвтөө тодотгол хийхгүй (хөрөнгө оруулалтын ажлуудын тендерийг аль эрт зарлаж, тараасан гэх яриа бий) гүрийж байгаа зэрэг нь бүгд сонгуультай холбоотой.
Үр дагавар ба шийдэл
Киноны 1-6-р ангид өмнө ба одоо зарцуулж буй дүн ойролцоогоор 3 их наяд 226 тэрбум бололтой.Үр ашгаа өгдөггүй талаар хангалттай ярьсан ч зөвхөн 10% буюу 300 тэрбумаар нь 1 тэрбум төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн цэцэрлэг барихад л цэцэрлэг хүрэлцээгүй гэх 30.000 хүүхдийг хамруулчих байж. Мөн 10 саяын зээл л байвал амьдрал нь босчих олон зуун мянган жинхэнэ ЖДҮ-чдэд өгсөн бол ядуусын эгнээ ингэтлээ тэлээ ч үү гүй ч үү гэж бодохоос л ёстой нөгөө хүрэл зүрх хайлмаар.... Хамгийн ноцтой нь 2004 оноос хойш эхэлсэн эрх баригч намын сонгууль бүрийн амлалт, тараалтын үр дүн дандаа урвуу байсан нь хувь заяаны шоглоом гэлтэй. Энэ удаагийнх ч бас зүй тогтлоо дагавал дахиад л хайран хөрөнгө мөнгө, хүч нөөц!
Улс орнуудын сонгуулийг ажиглаж, дүгнэлт зөвлөмж гаргадаг ЕАБХАБ,Трансперенси Интернэшнл, Европын комисс зэрэг олон улсын байгууллагууд сонгогчдын санал татах аргуудыг авилга, албан тушаалын гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хуулиар шийдвэрлэхийг зөвлөдөг. Улс төрийн соёл төлөвшсөн Скандинав зэрэг оронд сонгуулийн үеэр намууд нь энэ асуудлаар хоорондоо тохиролцож, зөрчвөл олон нийт, хэвлэл мэдээллээр хэлэлцүүлж шившиглэдэг аж. Харамсалтай нь манайд ийм улс төрийн соёл нэгэнт үгүй тул хүчээр хуулиар хийхээс өөр замгүй.Сонгуулийн тогтолцоог пропорционал болговол ихээхэн асуудал шийдэгдэнэ. Санал татахаар нэр дэвшихийг санаархагчдын болон тэдний байгуулсан халхавчны сангийн дээр дурдсан бүхий л ажиллагааг зөвхөн сонгуулийн жилд бус 4 жилийн турш; ЗГ, УИХ-д төрийн төсвийн болон төсвөөс гадуурх (төрийн өмчит, оролцоот аж ахуйн нэгж бас хамаарна) хөрөнгө, нөөцөөр хувь хишиг, хувьцаа тараах, зээл тэглэх ажиллагааг сонгууль болохоос 1 жилийн өмнөөс явуулахыг (Гүрж 6 сарын өмнөөс хорьдог); Цалин нэмэх, нийгмийн халамжийн ямар нэгэн хөтөлбөрийг сонгууль болохоос 8 сарын өмнөөс шинээр хэрэгжүүлэхийг; Улс төрийн намын удирдлагыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсанаас бусад тохиолдолд сонгууль болохоос 6 сарын өмнөөс барьж хорихыг тус тус хориглохоос гадна байгаа хууль тогтоомжийг ягштал мөрдүүлэх хэрэгтэй. Мөн Засгийн газар, УИХ, Улс төрийн намаас явуулдаг санал худалдан авахад чиглэсэн ажиллагаануудыг авилгын хэлбэрт тооцох, эдгээр этгээдийг Авилгатай тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд оруулах; сонгуультай жилийн төсвийг аудитаар тусгайлан дүгнэлт гаргуулж батлах зэргээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай. Хөнгөхөн бодоход л энэ шүү дээ!
Эцэст нь сонгуулийн клиентелизм нь албан тушаалтан, улс төрчдийн хувьд баталгаагүй, эрсдэл өндөртэйд тооцогддог тул элдэв арга сэдэн, санал худалдан авах, регистр цуглуулахын оронд бодлого, хөтөлбөрөөрөө уралдсан нь өлзийтэй бөгөөд хохирол багатай. Архиар явдаг АНУ-ын сонгогч түүх болсон шиг авилгаар явдаг ард түмэн ч бас түүх болох цаг ирсэн шүү нэр дэвшигчид, эрх баригчид аа!
Жудагийн БАЯРМАА
2020.06.16
ERX TSAS
Зочин
Зочин