Энэтхэгийг иогийн Мастер Шри Сохам Гуру нь Yoga Alliance-н RYS200, RYS300 БНЭУ-ын QCI байгууллагын итгэмжлэл бүхий “Сохам Аюур Иог Ашрам”-ийг үүсгэн байгуулагч бөгөөд 2018 оноос хойш Монгол Улсад багш бэлтгэх сургалтууд зохион байгуулж, олон арван шавьтай болсон Монголд элэгтэй нэгэн билээ. Түүний сургалтын онцлог нь иогийн уламжлалт гүн ухааныг хувиршгүй байдлаар нь Энэтхэг багшаас шавьд уламжлуулахад оршдог. Шри Сохам багш нь олон улсад алдартай Гуру багш нарын нэг бөгөөд иогийн цэвэрлэгээнээс эхлэн иогийн эрүүл зохист хоол хүнс, иогийн онол, дадлагын хичээлийг гүнзгий түвшинд зааж сургадаг хатуу зарчимч бөгөөд өргөн мэдлэгтэй, дэлхийн олон улс орноор айлчлан сургалт зохион байгуулдаг арвин туршлагатай багш юм. 

Тэрээр энэ оны 3 сард Энэтхэг улсын Бангалор хотоос холгүй орших өөрийн Иогийн Ашрамдаа олон улсын иогийн багш бэлтгэх сургалт зохион байгуулсан бөгөөд уг сургалтанд 8 орнысуралцагчид ирж оролцон амжилттай төгссөн. 

Сургалт дуусах үеэс дэлхий даяар аюулын харанга дэлдсэн корона вирусын халдвар Энэтхэг улсад хурдацтай тархан гэнэт хөл хорио тогтоосноос эх орон руугаа буцаж чадахгүй гацсан монголчууд болон бусад улс орны шавь нартаа тэрээр тухайн орноос нь тусгай үүргийн онгоц ирж авах цаг мөч хүртэл нь Ашрамдаа аюул эрсдэлгүй байлгахын сацуу, хоол ундыг нь зохицуулан, виз сунгуулах, эрүүл мэндийн шинжилгээ өгөх, хувийн хэрэгцээний зүйлсээ дэлгүүрээс худалдан авах, хөл хорионы үед тусгай нислэгт хамрагдахаар муж хооронд зорчиход шаардлагатай автобус унаа олж өгөх, бичиг баримт бүрдүүлэх, эрэлт ихтэй тусгай галт тэрэгний билет захиалж авч өгөх зэргээр гадаад иргэдэд тулгарсан яаралтай шаардлагатай бүхий л ажилд халуун сэтгэлээр зөвлөн, чин сэтгэлээсээ тусалж дэмжиж ирсэн юм. 

Хүнд хэцүү цагт сэтгэл түгшин, шаналсан олон хүмүүст нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж, иогчин хүний бусдын төлөөх өгөөмөр энэрэнгүй сэтгэлээр үлгэрлэн, нутаг руугаа буцах өдөр хүртэл нь жаргал зовлонг нь хуваалцан, нэгэн гэр бүл болж, элэгсэг дотно хандаж эх орондоо эрүүл саруул буцаж ирэхэд гүүр болсон түүнд Карма иога студийн зүгээс талархал илэрхийлж байна. 

Карма иог студи нь Энэтхэг улсын Сохам Аюур Иога Ашрамтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан иогийн олон чиглэлээр хамтран ажиллаж, Монгол- Энэтхэгийн найрамдалт харилцааны хүрээнд олон хүнд иогийн гайхамшиг, сайн сайхныг мэдрүүлэн таниулж, бэлтгэсэн багш нараараа уламжлуулан олон Монгол хүний эрүүл мэнд, оюун санаанд эерэг өөрчлөлт хийхэд зохих хувь нэмрээ оруулахыг зорьж байна. 

Шри Сохам багшдаа болон нийт иогч нартаа Олон Улсын Иогчдын өдрийн мэнд хүргэе!


“КАРМА ИОГ СТУДИ”