Хийрхэл бас үр дагавартай. Монголчууд бидний хийрхсэн хий хөөрөл, утгагүй, хий дэмий үйлдэл хандлагууд араасаа хор хөнөөлтэй, хачирхалтай, гаж үзэгдэл, үр дагавруудыг дагуулсаар. Бид тэдгээр зүйлсийг амьдрал дээр таньдаг, хянаж хязгаарладаг болох хэрэгтэй байна. Үгүйрэл хоосрол гэх гаж үзэгдэл, үйл явц манай оршихуйд биежсээр. Тухайн үйл ажиллагаа, хөтөлбөр, төсөл, бүтээн байгуулалтаас үр дүн, үр өгөөж, ашиг тус, тус нэмэр гарахгүй эсрэгээр хортой хөнөөлтэй, гарз гарлага нь давамгайлдаг үйл явц юм билээ.Санаачлаад л,зориод л, хийгээд л, бүтээгээд л, байгуулаад л, төсөвлөөд л, хөрөнгө мөнгө зарцуулаад л, зүтгээд байгаа хир нь тухайн зүйл эцсийн дүндээ мөнгө хөрөнгө хий дэмий гарздаад л, цаг хугацаа хий үрэгдээд л, орчин тойрондоо хор хөнөөл учруулаад л, төсөв мөнгө үргүй зарцуулагдаад л, эдийн засгийг хоосруулаад л гэх мэтээр урвуу үйл явц явагдана. Урвуу үйл явц тул тухайн зүйл дээшлэх бус доошилно, хөрөнгө мөнгө нэмэгдэх бус дуусч дундарна, ахиж дэвших бус буурч доройтно, эдийн засаг хүчирхэгжих бус дампуурал руу явна гэх мэтээр буруу эргэчихдэг үйл явц тул өргүй байсан бол өр ширэнд орно, эд хөрөнгөнь хоосорно, эд зүйлээ барна, гарз гарлага гарна, юу ч үгүй болж үгүйрнэ. Энэхүү үйл явц бол үгүйрч хоосорч буй явц юм билээ. Гэхдээ тухайн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөөс нэг зүйл үлдэнэ. Тэр нь хий хоосон хэлбэр эсвэл ийм зүйл хийсэн гэх цаасан дээрх тайлан. Үр дүн бол тэг. Гарз гарлага нь дэндсэн, хор хөнөөл нь хэтэрсэн, хачирхалтай, гаж, урвуу үйл явц юм билээ.

Амьдрал дээрх хэлбэржлүүд нь сум бүрт шахуу харагддаг шашны суваргууд, энд тэнд баригдсан элдэв дээдийн ур хийц муутай хөшөөнүүд, хагас дутуу баригдсан барилгууд, бүтээн байгуулалт нэртэй дотоод үйл ажиллагаагүй эсвэл ашиглаж хэрэглэх боломжгүй гоё гоё нэртэй ордон өргөөнүүд юм. Зөвхөн нэг төрөл нь эд. Хий дэмий хэлбэрүүд гэж тооцно. Дараах учиртай. Зүй нь бол бүхий л зүйл дотоод тал, амьдрал, үйл ажиллагаатай. Харин дотоод үйл ажиллагаа байхгүй, ашиглалт хэрэглээ байхгүй, үүрэг зорилго нь тодорхойгүй, амьдралд хэрэгцээ шаардлагагүй, цаг үедээ нийцэхгүй энэ мэт тохиолдолд тухайн зүйл нь хий дэмий хэлбэр байдаг. Нэг төрлийн хог новшид тооцогдоно. Хэлбэр талаасаа бүтээн байгуулалт харагдах боловч, харин агуулга, зориулалт, хэрэгцээ, зарцуулалт энэ талаасаа бол манай улсад энд тэнд хий дэмий хог новш л нэмэгдэж буй хэрэг юмсанж. 

Хий дэмий зүйл, хэлбэрүүд боловч хэрвээ санхүү руу нь шагайвал, толгой эргэм их хөрөнгө мөнгө зарцуулсан тайлантай. Зарцуулсан хэдэн арван тэрбум, их наядын хөрөнгө мөнгө тэгэхээр ашиглалт, хэрэглээ, дотоод үйл ажиллагаа байхгүй байшин сав, хий дэмий хэлбэрүүд, үнэндээ бол хог болж хувирчээ. 

Энэ үйл явцыг юу гэж харах вэ? Хий хоосон гэж. Хөрөнгө мөнгө хий дэмий зүйлд зарцуулагдана гэдэг, үр дүнгүй зарцуулагдана гэдэг, хог новш болно гэдэг хөрөнгө мөнгө нь хий хоосон зүйл болж хувирлаа гэсэн үг. Хөрөнгө мөнгө байгаагүйтэй яг адилхан утга. Бүтээн байгуулалт ч байхгүй, хөрөнгө мөнгө ч байхгүй аль аль нь хий хоосон зүйл болчихож байна. Зөвхөн хөрөнгө мөнгө ч биш давхар бас тухайн зүйлд зарцуулсан хөрөнгө мөнгө, цаг хугацаа, зүтгэсэн хичээл зүтгэл, оролцоо цөм үр дүнгүй, хий хоосон зүйл болж байна гэсэн үг. Хий хоосон агуулгаас хий хоосон, хий дэмий хэлбэр төрж байгаа нь энэ юм. 

Хий дэмий хэлбэр, зүйлсийг би энд зөвхөн байшин савтай холбож бичив. Ард иргэддээ хавтгайруулан тараасан “ Эх орны хишиг “ дээр ноолуур, ямаанд өгсөн мөнгө бас нэмэгдэнэ. Мөн ганц удаа хэрэглээд хаясан зүйлс, хэрэглэх гэж авсан боловч хэрэглээгүй зүйлсийг нэмэх хэрэгтэй. Хуучин цагийн үнэлэмж болох төрийн одон медалиуд, өргөмжлөл, цом мөн л хий дэмий зүйлс. Энэхүү зүй тогтлыг энэ мэтчлэн амьдрал дээрээс олж харж, хий дэмий хэлбэр, зүйлсийг таниарай. Манайд мөнчиг их байгаа. 

Энэ гаж байдал хийрхэл, түүний зүй тогтлоос үүдэлтэй. Сүртэй сүржин хэлбэр хийгээд хий хоосон агуулга эрс тэс зүй тогтолтой бол тухайн ажил, үйл ажиллагаа, хөтөлбөр нь хий дэмий хэлбэр, хөрөнгө мөнгө нь хий хоосон зүйл болон хувирна шүү. Энэхүү үйл явцыг юу гэж харах вэ? Ертөнцийн хуулиар хий хоосон агуулга нь хэлбэрээ сүйтгэдэг зүй тогтол амьдралд хэрэгжиж байна гэж харах нээ.

Энэхүү зүй тогтол цаашид ч гэсэн амьдралд хэлбэржсээр бас хэрэгжсээр байх төлөвтэй байна. Энэ үйл явцыг задлан харуулъя. Эрс тэс зүй тогтол бүхий төсөл хөтөлбөрүүдийн хамгийн сүүлийнх нь тэрбум мод тарих хөдөлгөөн юм. Ой модны нөөц багатай манай улсад амин чухал хэрэгтэй хөтөлбөр билээ. Гэвч хэрэгжүүлж буй арга барил нь буруу, төсөл хэрэгжих суурь нөхцөл бүрдээгүйбайна.Энэхүү хөдөлгөөнд нэгдэж, төрийн албан хаагчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, улс төрийн намууд намар мод тарьцгаав.Хөтөлбөрт зориулж, лого бүхий нэгэн жигд ижилхэн хувцас, цоо шинэхэн хувин сав, ганган хийцтэй пайз бэлджээ. Дараа нь энд тэндгүй мод тарих тухай хурал зөвлөлгөөн залган үргэлжлэв. Уул уурхайн компаниуд, аймаг сумд хэдэн арван сая мод тарих үүрэг авцгаав. Сүржин эхлэв. Ертөнцийн зарчмаар сүржин эхлэлтэй зүйл, үйл явдал, үзэгдэл ихэвчлэн даржин төгсгөлтэй байдаг жамтай. Энэхүү лоозогносон, сүржин, бөөндсөн арга барилаа өөрчлөхгүй бол миний харж байгаагаар энэ хөдөлгөөнийгүр дүнгүй, хий хоосон хөтөлбөр болон үлдэх хувь тавилан тосч байна. Энэ хөтөлбөрт зарцуулсан хөрөнгө гээд толгойд багтахгүй их хэмжээний мөнгөн дүн цаасан дээр дурайх боловч эцсийн дүнд баахан ижилссэн хувцас, хуучирч амжаагүй хувин сав, пайз, энд тэндгүй хоосон нүх, үхсэн мод л үлдэнэ. Нэгэн төрлийн хий дэмий зүйл, хэлбэрүүд, баахан хог л нэмэгдэх нээ.

Хөтөлбөрийг шүүмжлэх хийгээд гутаах санааг агуулсангүй, зүй тогтол, учир зүй талаас нь харж ийн хэллээ. Эхлэл сүржин, төгсгөл даржин байдгийн шалтгаан нь суурь нөхцлүүд бүрдээгүй энэ шалтгаанаар тухайн зүйл бодитой хэрэгжих боломжгүй байдаг.Хамаг учир үүнд байгаа юм. Суурь нөхцөл нь бүрдээгүйн учир эхлэл сүржин, бас суурь нөхцөл бүрэлдээгүйн учир тухайн ажил, хөтөлбөр жигд хэвийн тасралтгүй үргэлжлэх боломжгүй байдаг энэ шалтгаан, зүй тогтлоор даржин төгсгөлтэй байдаг билээ. Ер нь бол төгсгөл ч гэж байхгүй. Арван жил үргэлжлэхгүй, дундаасаа замхарна. Ойрын хэдхэн жилд л замхрах болно.

Санаачилж, хийж хэрэгжүүлж буй ажил бүхэн тухайн зүйлийнхээ суурь нөхцөл болж чаддаггүй. Мод тарьж буй байдал, арга барил бол тухайн хөтөлбөрийг үр дүнтэй явуулах суурь нөхцөл биш байна. Учир нь модыг зөвхөн тарих зорилготой бол энэ нөхцөл таарна, харин ургуулах зорилготой бол таарахгүй. Нөхцөл бүрдээгүй шалтгаанаар намар тарьсан моддоос хавар гэхэд хоосон нүх үлдэнэ. Энэ хэвээр үргэлжилбэл, хэдэн жилийн дотор тэрбум биш юм аа гэхэд хэдэн зуун сая хоосон нүх энд тэндгүй тэндгүй нэмэгдэх биз. Хөтөлбөр эргээд байгаль орчиндоо хор хөнөөл учруулж байна. Бас нэгэн төрлийн үргүй хоосон зүйл, байгаль орчинд халтай хортой, хохиролтой зүйл нэмэгдэв. Мод ургахгүй л бол тухайн төсөл үр дүнгүй боллоо гэсэн үг. Энэ бол намар зарцуулсан хөрөнгө мөнгө нь ч гэсэн үргүй зарцуулагдаж, хэдийнээ хий хоосон зүйл болоод эхэлчихжээ гэсэн үг. Тэгэхээр арга барил нь хөтөлбөрөө үр дүнгүй, хий дэмий зүйл болгож орхих нээ. 

Мод амжилттай ургавал хөтөлбөр үр дүнд хүрч байгаа нь тэр. Үр дүнд хүрэхийг зоривол, нэн түрүүнд гадаад хийгээд дотоод нөхцлөө бүрдүүлж, бүрдүүлсэн тэрхүү нөхцлүүд нь мод ургах таатай нөхцөл, суурь нь болж өгнө. Суурь нөхцөл бүрдсэн тохиолдолд л тухайн үйл ажиллагаа одоо ч тэр, ирээдүйд ч тэр бодитойгоор байнга, тасралтгүй, үр дүнтэй үргэлжлэх боломж нөхцөл бүрдэнэ. Тэр суурь нөхцөл нь нэгд, мэргэжлийнбайгууллагууд, хоёрт, мод тарихын учир, үүрэг, ач холбогдлыг ухамсарласан, оюун санаа, сэтгэлгээнд нь тодорхой хэмжээний зөв ойлголт, мэдээлэл, мэдлэг бүрэлдсэн, тарьж ургуулаад дадаж хэвшчихсэн, мод бутыг хайрлах, хамгаалах ухамсарт хандлагахийгээд чадвар тогтсон иргэд юм. Ийм ухамсар тогтсон нөхцөлд иргэд ядахдаа л нэгнийхээ тарьсан модыг нөгөөх нь авч хаяхгүй, хайрлаж хамгаалах, услах арчлах ухамсарт санаа сэдэл, хандлага суусан байдаг. Хамгийн чухал нөхцөл энэ. Нэн чухал энэ зарчим, суурийг орхигдуулаад байна. Харин ухамсарт хандлага хэвшин тогтоогүй тохиолдолд нэгнийхээ тарьсан модыг нөгөөх нь тайраад хаячихна, сугалаад авчихна, үхэр малаараа гишгүүлчихнэ зэргээр хайрлах хамгаалах, хямгадах сэдэлгүй байдгаас нэгнийхээ хийсэн ажлыг нөгөөх нь сүйтгэж, хий дэмий, үргүй хоосон зүйл болгочихдог. Энэ нь тухайн хөтөлбөр хэрэгжих хамгийн чухал, дотоод хүчин зүйл, суурь нөхцөл бүрдээгүй байна гэсэн үг.

Бид яагаад аливаад сүржин сүртэй хандаад байна вэ? Энэ бол утгагүй хоосон хийрхэж, хий хоосон балайрч, попрох байдлаар гаднаа хоосон дүр, маяг хэлбэрдэл бүтээж байгаа нэг хэрэг юм шүү.Дараах учиртай. Энэ бол өөрийн ярьж буй, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө агуулга, суурь нөхцлүүдийг мэддэггүй гэдгийн гадаад шинж тэмдэг байдаг. Иймэрхүү үйлдлүүдийг тэгэхээр дотоод тал, агуулгыг мэдэхгүй байдлаа гадаад хэлбэр, сүрт үйлдлээр нөхөж байна хэмээн харах нээ. Хэн нэгэн ирээдүйдингэнэ тэгнэ гэх мэтээр хэт алс холын, хэт гоё сайхан зүйл ярьж байгаа бол тэр хүн ярьж буй зүйлийнхээ дотоод тал, агуулга, учир, зүй тогтол, суурь нөхцлүүдээ мэддэггүй гэсэн үг шүү.Хэм хэмжээт, тэнцвэрт ертөнцөд хэт гоё, хэт сайхан эсвэл хэт муухай, хэт сүржин, хэт алс холын зүйлс гэдэг хий хоосон агуулгатай, худал хуурмаг, зэрэглээ адил хоосон зүйл байдаг жамтай. Худал хуурмагт нэвчсэн оршихуй амьдралаас гаж буруу, худал зүйлсийг энэ зарчмаар ялгаж харж сурах нь бидэнд амин чухал хэрэгтэй байна.

Бүтээн байгуулалт хэмээн нэрлэсэн зүйлсийн цаана ийм урвуу, гаж үйл явц явагдаж байна. Бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд үнэн чанартаа нэг талдаа хий дэмий зүйлс, хэлбэрүүд нэмэгдээд энэ нь нөгөө талдаа хөрөнгө мөнгө үр ашиггүй, хий дэмий үрэгддэг, эцэст нь хий хоосон хэлбэр, хог нэмэгдэх ийм л гаж үзэгдэл болчихжээ.Тоочивч дуусахгүй, иймэрхүү үй түмэн бүтээн байгуулалтууд улс орны төсөв хөрөнгийг хий хоосон зүйл болгож, эдийн засгийг үгүйрүүлж хоосруулж байгаа нь бодит үнэн юм. Улсынхаа эдийн засгийг үгүйрүүлж хоосруулж байгаа эзэд нь бид өөрсдөө. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрс, алт, түүхий эдийн үнэ өссөн тэр зурвасхан үеийн орлого, хөрөнгө мөнгө энэ мэтээр үр ашиггүй, хий дэмий зүйлс, хэлбэрүүд болж дууссан. Тэр их мөнгө байгаагүй мэт хий хоосон зүйл болж, зэрэглээ мэт замхарсан. Өдгөө ч улсын төсөв голдуу энэ мэт хий дэмий зүйлд зарцуулагдаж байна. Улс оронд асар их өр хуримтлагдсан, эдийн засаг хямарсан бараг дампуурахад ойрхон байгааг бүгд мэдэж байгаа. Энэ явдал дотоод шалтгаантай бөгөөд тэр нь энэ үйл явц юм шүү. Энэ гаж буруу үйл явцыг хянаж хязгаарлах, бүр таслаж зогсоох хэрэгтэй болсон байна бус уу? 

Жич, энэ үйл явц маш олон гэр бүлийг өр ширэнд унагаж, эдийн засгийн хувьд хоосруулж байна. Асар үнэтэй эд хөрөнгө, машин тэрэг, гар утас, баян тансаг харагдах гэж хичээх, ер нь бол аливаа хэлбэрдэлийн цаана энэ үйл явц явагдаж байгаа. Сэдвийн агуулгаас хазайхгүйн тулд энэ удаад бичилгүй орхив.

Үргэлжлэл бий. 

Ч.ТУЯА