Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Чулууны тосгон
Эдийн засагтай танилцсан нь
Эдийн засаг гэдэг ойлголт маань сонсоход сүртэй ч үнэндээ бол тун энгийн зүйл юм. Энэ тухай өгүүлэх бяцхан түүх ярьж өгье.
Эртээ урьдын цагт хоёрхон хүнтэй тосгон байж. Ерөөсөө тэгээд л болоо. Тэр хоёр зөвхөн талх л барьдаг. Тэр талхаа өөрсдөө иддэг байж. Үүгээрээ ч тэд бахархалтай. Гэтэл үүнийг харсан хүмүүс тосгоны чинь эдийн засаг тэг хэмжээтэй юм байна, буруу шүү гэж хэлжээ.
Анх удаа л эдийн засаг гэх үгийг сонсож гэнэ. Нөгөө хоёр гайхаж, учир мэдэх хүнээс лавлатал, та хоёр хэдэн талх идсэн нь хамаагүй. Зөвхөн ашиг олсон байх учиртай. Үүнийг капиталист нийгэм гэдэг юм. Хэрэв та хоёр барьсан талхаа өөрсдөө идчихвэл танай эдийн засгийг тэг гэж хэлэх нь зөв.
Harvest Time at Village, Samiran Sarkar
Хэрэв талхнуудаа солиод нэгэндээ худалдвал танай эдийн засгийн нийт хэмжээг хоёр талх гэж үзнэ. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнчинь хоёр талх боллоо гэсэн үг. Ингэж гэмээ нь бусад тосгодод хүлээн зөвшөөрөгдсөн тосгон болох болно хэмээжээ.
Түүнчлэн та хоёр эдийн засгаа сайн авч явъя гэвэл талхаа л сайн хий. Хөдөлмөрлөөд бай гэжээ.
Тэд ч бас эдийн засгаа сайжруулчих санаатай хэлснээр нь хийж, талхаа сольж идэв. Талх хийх нь зардалгүй байсан тул тус бүр нэг талхны ашигтай ажиллалаа хэмээн дотоодын нийт бүтээгдэхүүнээ хоёр талх хэмээн бүртгүүлж чаджээ. Талхаа ч жил бүр тогтмол хийгээд байж. Том амжилт.
(Дотоодын нийт бүтээгдэхүүн нь хэдийг идсэн, хэдийг үйлдвэрлэсэн тухай биш хэдий хэмжээний ашиг олсон болохыг бүртгэдэг)
Амжилт дагаад аз ирдэг
Гэтэл удалгүй мөнөөх хоёр залууд гэнэтийн бөөн аз тохиож гэнэ. Тэр хоёрын гэрийнх нь бууринаас бусад тосгодын иргэдийн сонирхлыг татсан чулуу олджээ. Тэд чулуугаа талхаар солих болов. Нэгэнт л чулууг талхаар сольчих юм чинь талх барих хэрэг байна уу? Хоёр талхнаас илүүг идэхгүй юм чинь гээд нэг талхаа барихаа ч болив. Нэг талхыг нь өөрсдөө барьж, нөгөөхийг нь чулуугаар сольжээ.
Сүүлдээ тэр хоёр зөвхөн чулууны наймаа л ярьдаг болов. Юун талх барьж, хөдөлмөрлөх. Тэр огт хамаагүй болсон.
(Ийнхүү хөдөлмөрийн зах биш гадаад худалдаа чухал болсон юм)
Paintings Castle sunset on the island oil painting village high temperature core Church Bright Colors printed
Төвөгтэй тогтолцоо
Гэтэл нөгөө эдийн засгийн систем гээч нь их төвөгтэй эд байж таарлаа. Өөрсдийнх нь барьсан болон чулууны оронд авсан талхыг нь тэг гэж үзэв. Ингэснээр тэдний тосгоны эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн нэг талх болж хувирав.
Хоёр талхтай байснаа нэг талхтай болох үед эдийн засгийн өсөлт нь хасах 50 хувьтай болжээ. Учир мэдэх хүмүүс, наадахыг чинь эдийн засгийн хүндрэл гэдэг хэмээн тайлбарлав.
Одоо танай эдийн засаг хөдөлмөрийн зах зээл дээр бус худалдаанд суурилдаг болсон. Тиймээс чулуугаа зарах ханш танай эдийн засгийн суурь болсон шүү. Үүнийг л санаж яваарай гэв.
Манай хоёр ч анхнаасаа л эдийн засгийн үзүүлэлт, өсөлт зэргийг ойлгодог байгаагүй. Одооноос л гэнэт айхтар ойлгоод эхлэв гэж. Хэлсэн зүйлсийг нь ч үл ойшоож, гол нь идэх талхтай л байхад болно гэж үзжээ.
(Өөрийн мэдэлгүй эдийн засгийн хүндрэл рүү ийнхүү орсон юм)
Чулуунаас хэт хамааралтай байдал бий болсон нь
Газраа ухах тусам чулуу гарсаар л байв. Тэд чулуугаа олноор нь тэврээд өөр тосгонд очно. Цаадуул нь ч оронд нь хоёр талх өгнө. Бөөн баяр. Тэд дахиад нэг ч талх барих шаардлагагүй болов. Ингэснээр эдийн засгийн нийт хэмжээ нь бүртгэлийн зарчмаараа тэг болж хувирлаа. Тэр ч дүүрч.
Манай хоёрт бол хоолтой бас дээр нь зүгээр суух боломж бүрдээд байна шүү дээ. Үүнийг л хувь тавилан гэхгүй юм бол өөр юуг хэлэх вэ. Жинхэнэ тэнгэр заяа.
Гэтэл хөндлөнгийн нүдээр чулуу л байхгүй бол талх байхгүй нөхцөлд орсон байгаа юм. Юу болох нь энэ вэ? Амтай болгон ярив. Энэ тосгон хоёр жил дараалаад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь хасах утгатай гарлаа. Эдийн засаг ньхямарчихлаа гэж шуугив.
(Хоёр удаа эдийн засаг буурснаар хямралтай нүүр тулав. Дотоод үйлдвэрлэл гэж юу ч байхгүй болов.)
Ид шидтэй өр
Гэтэл тэр нэг балагтай өдөр. Бусад тосгод чулууг нь сонирхохоо больжээ. Өмнө нь нэг чулуугаар нэг талх сольдог байсан бол зөндөө ихийг өгч байж ганц талх авдаг болов. Чулуу нь үнэ цэнэгүй болсон хэрэг л дээ.
Бүр аргаа барахдаа, та нар дараа жил манай чулууг авах нь тодорхой юм чинь өнөөдөр хоёр талх өгөөч гээд гуйгаад идчихэж.
Ийнхүү тус тосгоны эдийн засаг 1 талхны өртэй, дотоодын нийт бүтээгдэхүүн нь тэг, гадаад худалдаа нь 1 талхны алдагдалтай болж хувирав.
(Төвөгтэй эдийн тоонууд нь бүгд л сөрөг зүйлсийг хэлж байлаа)
Амьдрал тийм ч муухай биш аж
Хөрш тосгон нь нөгөө хоёрыг ихэд өрөвдөж, урт хугацаатай талхны зээл өгөхөөр болов.
Тэд ч дуртайяа авна. Угаасаа өөр ямар сонголт ч байгаа биш.
Ийнхүү тус тосгоны эдийн засаг өмнөх жилийн өртэйгээ нийлээд 2 талх, дотоодын нийт бүтээгдэхүүн тэг, үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл гэж үгүй, гадаад худалдаа нь 1 талхны алдагдалтай боллоо. Хийдэг ажил нь ердөө чулуу ухаж, талхаар солих.Өөр юм байхгүй.
Эхэн үедээ бусад тосгод чулуу сонирхохоо болиход савлаж байсан эдийн засаг нь хөрш айлын зан аашнаас бас хамаарах болов. Хэрвээ тэд зээлсэн талхнуудаа авна гэвэл яана. Гэнэт нэхвэл төлөх боломжгүй байдаг... гэх мэтээр асуудал ундарсаар л байв.
Мэдээж ийм байдалд орохыг тэр хоёр хүсээгүй. Гэвч буцаад талх барих гэхээр нэг л сонин. Олон жил чулуугаар талх солиод сурчихсан байдаг. Дээр нь дэлхийн талхны жор шинэчлэгдчихсэн. Тэрийг нь хийж сураагүй. Үгүй, тэгээд чулуу байхад тэнгэр заяатай хүмүүс яах гэж ч талх барих билээ. Тийм биз дээ.
Одоо чулуу маань үнэд хүрээсэй, хөрш тосгон маань сайхан ааштай байгаасай л гэж найдах үлдлээ.
(Хамаг л муугаа харуулж байгаад олон улсын зээл тусламж авдаг аргад суралцсан юм)
Аврагч
Хүндхэн байдалд орсон хоёр залуу дотроо ихэд бухимдалтай явах болов. Гэтэл хаанаас ч юм нэг залуу гарч ирээд бүх зүйл сайхан болно оо. Та хоёр ингэж амьдрах учиргүй. Бид нэг угсаа гаралтай, тэнгэр заяатай хүмүүс. Сайхан амьдрах ёстой гэж хэлээд тултал нь уяраав. Тэр хоёр ч итгэж, за та л манай эдийн засгийг удирд хэмээн талхнаасаа хуваалцаж эхлэх нь тэр.
Гэтэл төд удалгүй нөгөө аврагч бүх талхыг нь идчихээд яваад өгчээ. Одоо нөгөө хоёрын эдийн засагт их хэмжээний өр, гадаад худалдааны алдагдал, ямар үйлдвэрлэлгүй байдал гээд ярих юмгүй болсон. Эдийн засагт нь өнгөтэй, өөдтэй гэхээр юм үлдсэнгүй.
(Эдийн засаг нь хүнд байх тусам иймэрхүү далимдуулагчид гарч ирсээр байв)
Дахиад л нэг аврагч, гэхдээ өөр хүн
Сайхан амлалт бүхэн бодитой биш гэдгийг ойлгоод удаагүй байтал дахин нэг аврагч гарч ирэв. Гэхдээ энэ хүн өмнөхөөсөө үнэхээр өөр байлаа. Арай цайвар царайтай, үл ойлгогдох олон хэлээр мөнөөх эдийн засаг гээчийн тухай баруун солгойгүй ярьж гэнэ.
Өөрийнх нь ирсэн газарт олон төрлийн нарийн төвөгтэй загвар байдаг. Танайх туршвал нөхцөл байдал сайжирна гэв. Мань хоёр үзээд алдахаар шийдлээ. Ийм өнгөлөг, мундаг мэдлэгтэй юм чинь биднийг аврах байх гэж итгэв.
Аврагчаа тэжээхийн тулд дахиад л зээл тавилаа. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн алга болж, сүйд болоод байсан загвар нь ч сайн ажиллахгүй байв.
Яагаад гэвэл тэр загвар нь хэзээ ч энэ хоёрынх шиг жижиг эдийн засагт тохирохгүй байж л дээ. Бас нөгөөх аврагч нь өөрийнхөө нутгаас хөөгдсөн хүн байж таарлаа.
(Манай хоёр бүр туйлдаа хүрэв)
One of over 20 Illustrations for a personal exhibition project named Osmadth
Буруутан хайх эрэл
Нэгэнт байдал хүндхэн болсон бөгөөд тэр хоёр маань хийж чадах зүйл үлдээгүй юм. Хамгийн сүүлийн алхам бол яагаад ийм болсон буруутанг олж устгах. Энэ нь нөхцөл байдлыг сайжруулахад тус болохгүй ч гэсэн ядаж л үзэн ядалт дүүрэн буй сэтгэлээ цатгах юм. Ийнхүү нөгөө хоёр маань хоёр биенээ буруутгаж, үгийн муухайгаар хэлж гэнэ. Нэгнээ бараг үгүй хийдгийн даваан дээр өөр тосгон руу дүрвэж түүх дуусч байгаа юм даа.
(Энэхүү үлгэрт сайхан төгсгөл хийгээгүйд уучлаарай. Гэхдээ амьдрал тийм ч сайхан биш болохыг бид бүгд мэднэ. Үгүй ер нь сайхан төгсгөлийг хүсч байвал энэ хоёр шиг лав байж болохгүй байх)
Г.ГАНЗОРИГ
Бараг бишээ яг Монгол
Зочин
зочин