Энгийн л нэг өглөө. Ажлын ширээнд дээрээ дөнгөж тухлаад байлаа. Кофе уугаад л, Simeon ten Holt-н Palimpsest хөгжмийг сонсож суухдаа ажлынхаа төлөвлөгөөг гаргаж байлаа. Ирэх онд юу хийхээ бодож байсан юм. Харин сонирхолтой нь би яагаад ч юм баяртай сууж байлаа. Тэрхүү сайхан мэдрэмж нүүрээр минь илэрч инээмсэглэн суулаа. Гэнэт л бодол төрөв. Миний амьдралд хэцүү, зовлонтой олон өдөр байдаг. Тэр үед эргээд жаргалтай болоод инээх юмсан гэж хүсдэг. Мэдээж ямар хүслээр болох биш. Тухайн үед сайхан мэдрэмж гэж юу болохыг ч мартаж орхисон байдаг. Өнөөдөр шиг өдөр олон байлгахын тулд яг энэ мөчид юу намайг жаргалтай болгож байгаа олж илрүүлэхээр шийдсэн юм. Тэгээд өөрөөсөө асуув. 

Ер нь аз жаргалтай амьдралын нууц нь юу юм бэ? гэж.

Хариултыг бодож суусаар эцэст нь хэдэн сарын өмнө уншсан ярилцлага санаанд оров. Тэрхүү ярилцлагад: 

“Аз жаргалтай ба аз жаргалгүй хүний тухай байсан. Аз жаргалтай хүн гэж дандаа амжилттай байдаг, аз жаргалгүй хүн гэж байнга бүтэлгүйтдэг гэсэн түгээмэл ойлголт хүмүүсийн дунд байдаг шүү дээ. Тэгтэл, энэ хоёр төрлийн хүнийг заагладаг гол ялгаа нь аз жаргалтай нь аз жаргалгүйгээсээ өнгөрснийг хоёр дахин бага боддог, бусдаар бол нэг их ялгаа байхгүй хэмээн бичсэн байсан. Аз жаргалгүй хүмүүс өнгөрсөнд харамсах, өнгөрснийг сөхөх хандлагатай байдаг бол аз жаргалтай нь илүү урагшаа хардаг гэсэн үг юм уу даа”.

Marina Meirelles, 2015

Яг ийм хэсэг байсан. Тэгээд бүх зүйл ойлгомжтой болсон юм даа.

Би ажлаа болохгүй бүтэхгүй биш, болно бүтнэ гэж бодоод төлөвлөсөн. Тэгээд жаргалтайгаар инээж байсан байх нь л дээ. Та ч гэсэн мөрөөдсөн бүхэн чинь биелсэн тийм нэг өдрийн тухай төсөөлөөд үздээ. Бүх зүйл сайхан байх тийм ирээдүйн тухай төсөөлөөд үз. Нүүрэнд тань инээмсэглэл тодорно. Өөрийн эрхгүй баярлана. Болохгүй, бүтэхгүй байх гэсэн сөрөг бүх бодлоо орхиод тэгээд төсөөлөөд үз. Бүх зүйл болно гээд бодоод үз. Үнэхээр сайхан байгаа биз? Үүнийг л аз жаргал гэдэг байх нь. Тэр юу ч байж болно. Хувь хүний л сонголт. Ямартай ч бүх мөрөөдөл биелсэн тэр нэг өдрийн тухай бодох сайхан. 

Тэгээд би бодсон л доо. Мэргэжилтэйгээ холбож бодсон.

Олон хүмүүс эдийн засаг гэхээр нэг тийм өсөлт, бууралт, математик эсвэл мөнгө ярьсан хүмүүс гэж ойлгодог. Гэхдээ эдийн засгийн шинжлэх ухаан нь тийм биш. Хэзээ ч тийм байгаагүй. Энэ нь үргэлж л хүний сайн сайхан амьдралын тухай байсан. Хэрхэн сайхан амьдралыг бий болгох вэ гэдэг тухай байсан юм. Үүнийхээ хүрээнд мөнгө, баялаг ярьдаг. Үүнийг хялбараар ойлгохын тулд математикар илэрхийлдэг аж. Зарим хүний хэлэхээс зугтаадаг, ойлгодог ч үгүй зүйлсийг эдийн засагчид хэмжиж болох тоон утгад шилжүүлж байгаад загварт оруулаад, тэр ч бүү хэл хамгийн оновчтой сонголтыг нь хийчихдэг байна. Нийгэм тэр чигтээ хэрхэн сайн, сайхан амьдарч болох вэ гэдэг эцсийн асуултын хариуг олохоор л явж буй хүмүүс.

Dan Williams, 2016

Энэхүү аялалдаа эдийн засагчид маань олон зүйлсийг олж нээсний нэг нь жаргалтай нэг өдрийн ирээдүйгээ өнөөдөр авчирч, өдөр бүр мэдэрч болох арга юм.

Төсөөлөөд үздээ. Нөгөө жаргалтай болгож байсан тэр нэгэн өдрөө. Тэртээх олон жилийн дараа биш яг өнөөдөр бий болсон байна гээд. Бүр их жаргалтай болно. Үүнийг одоогоос 5000 жилийн өмнө хүн төрөлхтний анхны соёл иргэншил болох Шумерт бий болгожээ. Хүмүүс нэгдэж амьдарсан цагаасаа л кредит системийг нээж илрүүлсэн байгаа юм. Нээсэн хүмүүс нь анхны эдийн засагчид юм уу даа. Энэхүү систем нь ирээдүйд олох орлогоо барьцаалж, өнөөдөр хэрэглээг бий болгодог. Нөгөө хүсээд байсан зүйлсээ авах боломжийг олгох тийм систем аж. 

Манай улсын хувьд бид төдийлөн кредит системд шилжээгүй. Харин АНУ, Япон зэрэг улс нь энэхүү системтэй. Хүн бүр өөрийн кредит оноотой буюу эрсдэлийн үнэлгээтэй. Тэгэхээрээ хүмүүсийн авах зээлийн хүү, зээлийн хэмжээ өөр өөр байдаг гэсэн үг. Шударга систем. Манайд бол бүгд ижил шахуу. Тэрхүү эрсдэлийн үнэлгээ нь зээл өгнө, өгөхгүй гэдэг хоёрхон шатлалтай. Өндөр эрсдэлтэй хүн бол зээл гаргахгүй. Эрсдэл багатай бол зээл олгоно. Ердөө л энэ. Манай улсад хөгжөөгүй олон зүйлс байдгийн нэг нь энэ. Бараг дүгнээд бодоход нийгэм маань бухимдал ихтэй, аз жаргал багатай байгаагийн суурь шалтгаануудын нэг нь энэ байх. Санхүүгийн систем төгөлдөржиж чадаагүйтэй холбоотой байх. 

Сүүлийн үед үүнтэй холбоотой зүйлс болж буй нь Монголбанкнаас ирэх оноос хэрэглээний зээлийн хугацааг 30 сар байхаар шийдвэр гаргасан явдал юм. Макро эдийн засгийн хувьд оновчтой шийдвэр боловч мөрөөдлөө биелүүлэх тухай бодож буй хувь хүмүүст тийм ч сайхан шийдвэр биш. Тэгэхээр ямар нэгэн юм төлөвлөж байсан бол он дуусахаас өмнө авах ёстой болж байгаа ч юм шиг. Үгүй ер нь эдийн засгийн нөхцөл байдал маань Монгол хүмүүсийг улам л аз жаргалгүй болгож байна даа. 

Хэдий нөхцөл байдал биднийг сорьж байгаа ч гэсэн сайн, сайхан болно гээд ирээдүйдээ төвлөрөөд, түүнийгээ бодитой болгох санхүүгийн болон бусад аргуудыг тогтмол ашигласаар байвал тэгээд болно доо. Хүний амьдралын зорилго эцэстээ аз жаргалтай л байдал шүү дээ. 

Заза. Сүртэй бодлуудаа хойш нь тавъя. Сүүлдээ аз жаргалын тухай бодол ч биш, бүр эдийн засгийн асуудал болж хувирлаа. Эргээд ирэх оны төлөвлөлт рүүгээр анхаарлаа хандуулъя.



Г.ГАНЗОРИГ