Г.Занданшатарын Засгийн газрыг онилсон хонзогнол төсвийг барьцаалсан “террор” болж хувирлаа
-Тоо мэдэж ярь, толгой дааж шийдвэр гарга, АН-ынхан МАН-ын зодоонд оролцоод хожиж байсан түүхгүй-
УИХ-ын чуулганы танхим ойрын өдрүүдэд ажлын талбар биш ажил хаялтын цэг болж хувирлаа. Хүсэхгүй л бол хаяад гардаг. Гараад худал мэдээлэл өгдөг “жүжигчид”-ээр дүүрсэн байна. Тэд багш нарыг, эмч нарыг өрөвдөж хоолой зангируулж, нулимс гялтгануулан камерын өмнө худал хэлдэг боллоо. Зөвхөн тэд л хүн чанартай, бусад нь харгис, хэрцгий, амьдралаас тасарч одсон гэнэ.
Тохиролцооны үндсэн дээр УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагаа явдаг байдал руу шилжих хандлага харагдаж Төрийн ордон цаанаа л хүйт даах болжээ.МАН-ын зарим гишүүн “ажил хаялт” зарлаж байгаа юм байлгүй, “ирцээс хасчихаарай” гээд гараад явчихдаг боллоо. Зарим нь “завсарлага авсан” гэх мөртлөө чуулганы танхим дотор халаасандаа гараа хийчихээд сэлгүүцэж явна.
Тэд Засгийн газрыг огцруулахыг хүссэн бол эрүүл үзэгдэл. Харин Төсвийг туйлдуулах уршигтайг мэдсээр байж зориуд иргэдийг бухимдуулж “цалин нэмэх” болон “цалин нэмэхгүй” улстөрчид болгон талцаж харагдуулан, олон нийтэд бодитой бус мэдээлэл өгөөд буйг бид харж байна. Энэ бол танхайрал.
Багш нарын цалинг нэмж хүүхдүүд хичээлдээ явахаар боллоо. Гоё мэдээ. Гэхдээ хэцүү шийдвэр байсан юм. Төсвийн байнгын хорооноос орж ирж буй саналаас харахад 1.3 их наяд төгрөгийн зохицуулалт хийхээр байна. Үүнд багш нарын цалингийн нэмэгдлээс гадна тэтгэврийг 2.6 хувиар нэмж 8.6 хувь болгох, мөн халамж, эрдэм шинжилгээний салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдэл бас багтсан. Энэ зохицуулалтыг хийхийн тулд урсгал зардлуудаасаа маш өндөр хувиар танаж хассан. Цаашид хасах зүйл үлдээгүй.
Гэтэл энэ сарын 13-наас эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлана гэсэн мэдээ түглээ. Засгийн газар энэ тохиолдолд төсвийн гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагаа, төрийн үйлчилгээгээ хэрхэн хүргэсэн тухай тайлангаа УИХ-д яаж тавих, УИХ ямар нүүрээрээ тэдний ажлыг шүүмжилж хяналт тавихыг бүү мэд. Тиймээс төсвийг батлангуутаа, Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусмагц Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дахин хяналт тавьдаг болох шаардлагатай.
Ингэснээр төсвийг өөрчлөхгүй ч гэсэн тэдгээр байгууллагын дүгнэлтийг УИХ сонсох ёстой. Тэгэхгүй бол төсвөө батлангуут популист гишүүд нөхцөл байдлаа мэдсээр байж хурц хутга шиг үг чулуудаж, эсвэл Үйлдвэрчний эвлэлээс гаралтай улстөрчид нь ажил хаялтыг туршлагатайгаар зохион байгуулах байдлаар улс орны хэмжээний эдийн засгийн шархаа хориотой аргаар эмчилнэ гэж байхгүй.
Багш нарын цалингийн нэмэгдэл ААН-үүд хаалгаа лацдахад ч хүргэж болзошгүй
Тоо харцгаая. Үндэсний статистикийн хорооноос гаргасан цалингийн динамик юуг харуулав? Улсын хэмжээнд нэрлэсэн дундаж цалин 2 сая 730 мянган төгрөг байна. Ажлын байрны тоо 1 сая 390 мянга. Хувийн хэвшлийн бүх салбарт. Төсөвт байгууллагад 220 мянган хүн ажиллаж байна. Тэдний дундаж цалин 2 сая 750 мянган төгрөг байлаа.
Сая багш нарын цалинг нэмлээ. Магадгүй эмч нарынх ч ажил хаялтын дүнд нэмэгдэж болзошгүй. Энэ тохиолдолд багш, эмчээс бусад төрийн байгууллагын ажилтнууд болон хувийн хэвшлийнхны цалинд ямар өөрчлөлт орох вэ?Багш нарын цалинг дээрх цалингийн системээс шүүж үзэхэд үндсэн цалин 1 сая 300 мянган төгрөг, үүнээс гар дээр авч буй, орон нутаг болон бусад нэмэгдэлтэй цалин нь дунджаар 2 сая 400 мянган төгрөг авдаг юм байна. Бүх багш биш шүү, ажилласан жил, цаг, янз бүрийн үзүүлэлтээрээ харилцан адилгүй.
Нийтдээ боловсролын салбарт 93 мянган хүн ажиллаж байна. Тэдэн дээр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 33 мянган хүнийг нэмээд 126 мянган хүнийг “эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтан” гэж тооцъё. Ингээд “эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтан”-ы цалинг нэмэгдүүлэхэд дээрх хоёр салбарынхнаас бусад төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй атлаа нийт төрийн албан хаагчдын цалингийн динамикийг 3 сая 300 мянга орчим руу авааччихаж байна.
Тэгвэл хувийн хэвшлийнхний цалин яах вэ? Хувийн хэвшлийнхний дундаж цалин 2 сая 720 мянган төгрөг байна. Төрийн албан хаагчдын 3 сая 300 мянган төгрөг болно гэсэн үг. Ийм ялгавартай байж болох уу. Тэгэхээр зөрүүг ойртуулах, наанадаж 10-15 хувиар цалингаа нэмэх дарамт ирж таарна. За ингээд багш, эмчийн цалин нэмэгдлээ, үүнтэй уялдаад төрийн бусад албан хаагчид, хувийн хэвшлийнхний цалин нэмэгдлээ гэж үзвэл юу болох вэ?
Цалин бол өрхийн бодит орлого руу шууд ордог, хэрэглээнд нөлөөлдөг учраас инфляцийг хамгийн багадаа 0.5 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолж болно. Ирэх оны төсвийн төсөлд инфляцийг 7 хувьтай байхаар төсөөлсөн. Өөрөөр хэлбэл, дээрх 1.3 их наяд төгрөгийг багш нарын цалинг нэмэхэд зохицуулалт хийснээр инфляц 8.5 хувьд хүрэх магадлалтай, хувийн хэвшлийнхэн цалин нэмэх өрсөлдөөнд татагдан орвол улам ч хөөрөгдөх эрсдэлтэй юм.
Алт, зэсийн ханш өссөн нь туйлдуулсан төсвийг аврахгүй
Зэс. Зэсийн ханш дэлхийн зах зээл дээр өсөөд байгаа боловч манай улс Оюутолгой, Эрдэнэт гэдэг үйлдвэрлэж экспортолдог хоёр том компани дээр л энэ төрлийн бизнес төвлөрдөг. Тэдгээр нь урт хугацааны нийлүүлэлтийн гэрээтэй. Тухайн гэрээнүүд голдуу тогтвортой үнэд суурилдаг учраас тухайн ААН тус бүрийн зах зээлийн мэдрэг байдлын үед ашигт ажиллагаа нь өсөх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс явцуу. Оюутолгой л гэхэд экспортын орлогыг нь бүртгээд байгаа болохоос үнэ өссөнтэй холбоотойгоор тухайн компанийн ашиг хэрхэн нэмэгддэгийг бид мэддэггүй. Өнгөрсөн аравдугаар сард зэсийн үнэ тонн тутам нь 10700 ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар өсчихөөд байна. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогод зэсийн ханшийг 8300 ам.доллараар тооцож төлөвлөсөн. Үүнээс дээших 2000 ам.доллар нь Тогтворжуулалтын санд орно. Төсвийн динамикийг харахад манай төсвийн орлогын 8 орчим хувийг нь Тогтворжуулалтын сан болон Үндэсний баялгын сандаа хуримтлуулж байна.
Алт. Алтны үнийн өсөлт валютын нөөцтэй л холбоотой болохоос улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл бага. Тухайн өдрийн зах зээл дэх ханшаар л тушаадаг болохоор бид үнэд нь нөлөөлөх боломжгүй. Алтны экспорт оны эхний есөн сарын байдлаар 6.8 тонн байна. Үүнийг 16 тонн хүрнэ гэж тооцоолоод Засгийн газар ажилласан. Гэхдээ бодит байдал дээр биет хэмжээ бага байгаа учраас ханш 4000 ам.долларт хүрсэн ч төсөвт орох орлого бага, харин алтны үйлдвэрлэл нэмэгдвэл валютын нөөцөд эерэг нөлөөтэй. Ирэх оны төсөвт нэг унц алтыг 2800 ам.доллар байхаар тооцсон. Хэрэв 4000 ам.доллар хүрсэн тохиолдолд төсвийн орлогыг 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Нүүрс шиг их наядаар яригдахаар биш л дээ. Үүнээс тодорхой хэсэг нь Ирээдүйн өв санд, үлдсэн нь тэнцвэржүүлсэн орлого дээр 80 орчим тэрбум төгрөг орно. Эргээд харахад 2020 оны үед 30 тонн хүрч байсан атал өнөөдөр 6.8 тоннын тухай ярьж байна. Тэр ч байтугай өнгөрсөн жилийнхээс долоон хувиар буурчихаад байна шүү дээ. Энэ юуных вэ? Тэр үед үйлдвэрлэж байсан үйлдвэрлэгчид хэвээрээ боловч ийнхүү буураад буйн шалтгаан нь төрөөс хайгуул, олборлолтын бодлогодоо анхаарах ёстой, “сум, багаас зөвшөөрөл ав” гэдэг хуулиар чөдөрлүүлсэнтэй ч холбоотой. Наанадаж багийн хурлыг хуралдуулах гэж, тэндхийн эсэргүүцэгчидтэй ойлголцоход маш их зардал гаргаж байна гэж энэ салбарын бизнесийнхэн ярьж байна. Тэгэхээр валютын ханшид нөлөөлөгч, экспортын орлогын “гол баатар”-аа тэртээх багийн дарга, түүний хэдэн хүнд барьцаалуулж дарамтлуулаад байгаа хуулиа эргэж харах талаар бас бодууштай.
Нүүрс. Нүүрсний экспортын хувьд биет хэмжээ нь нэмэгдэж буй ч үнэ нь унаад байна. Өнөөдрийн байдлаар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар ханш буурчихлаа. Төсөвт нүүрсний үнийг дунджаар 70 ам.доллароор тооцсон байтал өнөөдөр хилийн үнэ дунджаар 66 ам.доллар байна. Сүүлийн саруудад бага зэрэг сэргэлт ажиглагдаж буй ч худалдан авагч талын сонирхол тэгтлээ сэргэхгүй байна. Яах аргагүй л Хятадын гангийн үйлдвэрүүдийн нүүрсний арилжаан дээр л ханш тогтож байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард Хятадын төрөөс улсын үйлдвэрүүд дээрээ квот тогтоож олборлолтыг нь хүчээр буулгах бодлого хэрэгжүүлсэн. Ингэж Хятад улс өөрийн нөөцийг дуусгах бүтэн зохицуулалт хийж байж манайд нийлүүлэлтийн орон зай гарч экспорт жаахан нэмэгдсэн. Энэ онд 85 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн, өнөөдрийн байдлаар 72 сая тонныг гаргаад байна. БНХАУ 2024 оны байдлаар импортоор авсан коксжих нүүрсний хэмжээ нь 122 сая тонн, үүнийхээ 60 орчим сая тонныг нь Монголоос авсан. Индонез, Австрали, ОХУ-аас илүү манайхаас авч байгаад нь баярлахаас өөр аргагүй.
Хуримтлалаасаа төсвийн алдагдлыг нөхөх шаардлага ч, эрх зүйн орчин ч байхгүй!
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар, түүнийг дагасан тээвэр, худалдаа гээд харахаар манай ДНБ-ий хэмжээ сүүлийн гурван жилд 35-42 хувь болтлоо өссөн. Зэсийн тэнцвэржүүлсэн үнэ төсөвт баталснаас өндөр байгаа учраас ихэнх нь Тогтворжуулалтын санд орж байгаа юм. Тухайн жилд орж буй тэнцвэржүүлсэн орлогод зэсээс оруулах хэмжээ, нөлөөлөл нь үнэ ханшаас шалтгаалаад янз бүр байдаг. Жишээ нь зэсийн үнэ 8300 ам.доллар гэдэг тэнцвэржүүлсэн үнээр тооцоод, түүнээс дээш өсвөл Тогтворжуулалтын санд орж байгаа юм. Мөн тэнцвэржүүлсэн үнээс дээших үнээс орж буй АМНАТ-ийн болон ногдол ашгийн тодорхой хувь нь Үндэсний баялгийн санд ордог. Гэхдээ Тогтворжуулалтын сангийн болон Баялгийн сангийн зорилго нь өөр. Тогтворжуулалтын санд 2 их наяд төгрөг байна. Өнөөдөр бид тэнцвэржүүлсэн орлого маань хүрэхгүй байна гээд байгаа боловч болохоо байхад ашиглах хоёр их наяд төгрөг байна. Хамгийн хэцүү нь Тогтворжуулалтын сангийн хуульд “алдагдлыг санхүүжүүлэхэд л зориулна” гэсэн зохицуулалттай.
Гэтэл өнөөдрийн алдагдал бол орлого дутсан алдагдал биш. Угаасаа гадаад эх үүсвэрээс мөнгө нь орж ирэх учраас алдагдал гэж үзэх боломжгүй буюу Тогтворжуулалтын санг ашиглах болзлыг хангахгүй билээ. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.1 дээр уг сангийн хөрөнгийг юунд зарцуулж болох тухай тодорхой заасан байдаг. Бидний яриад байгаа 1.3 их наяд төгрөгийн алдагдал бол өнөөх цар тахлын үеийнх шиг орлого 2 хувь, зарлага 10 хувь болоод байсан шиг биш шүү дээ. Тэр үеийнх шиг татварын орлого, зарлагын зөрүү 8 хувь болоод байсан бол Тогтворжуулалтын сангаас ашиглаж зарцуулж болох байсан. Өнөөдөр бидний байгаа байдал бол орлогоо хэвийн олоод зогсохгүй зардлаа санхүүжүүлчихээд байна.
Дахин хэлэхэд энэхүү 1.3 хувийн алдагдал маань гадаад зээл тусламжийн эх үүсвэртэй, төсвийн орлогоор санхүүжүүлэх шаардлагагүй зардал юм. Тиймээс Тогтворжуулалтын сангаас үүнд ашиглах шаардлагагүй, тэгэх эрх зүйн орчин ч байхгүй.
2025.11.07

