Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Арамко-гийн ар дахь улс төр
1857 онд Коннектикут мужийн хэсэг хөрөнгө оруулагчид Пеннсилваниа Рок Оил хэмээх компанийг байгуулж, Эдвин Дрэик гэгч 38 настай залууг компаниа удирдуулахаар томилжээ.
1857 онд Коннектикут мужийн хэсэг хөрөнгө оруулагчид Пеннсилваниа Рок Оил хэмээх компанийг байгуулж, Эдвин Дрэик гэгч 38 настай залууг компаниа удирдуулахаар томилжээ. Түүнийг томилох болсон нь нэг талаас тэрээр тухайн үед хөрөнгө оруулагчидтай нэг зочид буудалд буудаллаж таарсан, нөгөө талаас “Би чадна аа” гэсэн тэмүүлэлтэй, гуравт өмнө нь галт тэрэгний кондуктор байсан тул галт тэргээр үнэгүй зорчдог байсан зэрэг шалтгаантай байв. Эдвин Дрэик 1859 онд гаргаж авсан анхны газрын тосоо Үискиний торхонд хийсэн бөгөөд 42 галлоны (158.99 литр) хэмжээтэй тэрхүү торх нь газрын тосны стандарт хэмжүүр болж үлджээ.
Түүнийг олборлолтоо эхэлж байх үед баррел газрын тос 10 орчим доллар байсан бол үүнээс жил гаруйхны дараа хүн бүр Пеннсилваниа руу газрын тос олборлох гэж хошуурч, зуу зуугаараа олборлодог болсноос нийлүүлэлт ихэсч, баррел газрын тосны үнэ ердөө 10 цент хүртэл унав. Энэ үед Кливландын жижиг оврын газрын тос боловсруулах үйлдвэрийн эзэн 26-хан настай Жонн Д. Рокефеллер газрын тосны зах зээл олборлолтондоо биш харин тээвэрлэлт болон боловсруулсны дараахь бүтээгдэхүүний борлуулалтандаа гол ашиг нь байгааг олж харав. Тээвэрлэлт, борлуулалтыг гартаа авснаар их хэмжээний ашиг олж болохыг ойлгосон Рокефеллер юун түрүүнд хамтрагч нараасаа үйлдвэрийг нь бага багаар худалдан авч, мөнгөн хуримтлал үүсгэж эхлэв. Энэхүү бэлэн мөнгөний хуримтлал нь дараагийн үнийн уналт ирэхэд өрсөлдөгч нараасаа үйлдвэрлэлийг нь бэлэн мөнгө амлаж хямд үнээр авах боломжийг түүнд олгосон юм.
1870 онд тэрээр Стандарт Оил хэмээх компанийг байгуулав. Байгуулагдаад ердөө 7 жилийн дотор Америкийн газрын тосны зах зээлийн 1/10-г гартаа оруулсан Стандарт Оилийн арга барилд 3 шатлалт шинж байв. Нэгд, тэд хангалттай удаан хугацаанд бүсээ чангалж чадах учир зориудаар зах зээл дээрх өрсөлдөгч нараа сөхөртөл үнээ унагаж, дараа нь нэгэнт сөхөрсөн өрсөлдөгчийнхөө компанийг хямд үнээр худалдан авна. Хэн аль компаний ард байгааг мэдэх бололцоогүй байлгахын тулд үүнийгээ бусдад мэдэгдэлгүй нууц гэрээгээр хийдэг байжээ.
Стандарт Оилийн энэхүү “монополь”-ийн эсрэг АНУ-ын Засгийн газар хэрэг үүсгэж, энэ хэрэг яван явсаар 1911 оны 5 сард дээд шүүхээр таслагдаж Стандарт Оил гэгч аварга компани 34 хэсэг болж хуваагдав. Гэсэн хэдий ч Стандарт гэдэг бренд амь бөхтэй үлдэж, Стандарт Оил Нью Жэрси (одоогийн Екссон), Стандарт Оил Нью Йорк (Мобил), Стандарт Оил Калифорниа (Шеврон) зэрэг компаниуд дэлхийн хэмжээний болж өсчээ.
Тусгаар улсаа байгуулаад удаагүй байсан Саудийн Арабын хаан Абдулазиз-тай АНУ-ын ерөнхийлөгч Рүүзвелт уулзаж, тусгаар тогтнолыг нь хамгаалахаа амлаж, хариуд нь Америкийн компаниудад газрын тос олборлох давуу эрх авахаар болов. 1938 онд Стандарт Оил Калифорниа, Тексако нар Саудийн Араб-д үйл ажиллагаа явуулах 60 жилийн хугацаатай концессын гэрээтэй Арамко буюу Араб Америкийн газрын тосны компани гэгчийг байгуулав. Арамкод дараа нь Стандарт Оил Нью Жерси, Стандарт Оил Нью Йорк нар хамтран оролцох болов. Давуу эрхийнхээ ачаар тэд нэг хэсэгтээ л улс дамжсан дэлхийн хамгийн хүчирхэг компаниуд болцгоосон юм.
Нэг тал нь хэт давуу эрх эдэлсэн харилцааг гэрээ гэхэд хэцүү, урт насгүй байдаг аж. 1948 онд Венесуэлд популистууд төрийн эрхэнд гарч ирээд шинэ газрын тосны хууль батлав. Энэ бол газрын тосны салбарт төрийг өмчжүүлэх их давалгааны эхлэл болсон юм. Тэд ашгийн 50%-ийг төрд авч, дээр нь бусад төрлийн хураамжуудыг гадаадын томоохон компаниудад ногдуулав. 1948 онд Америкийн ерөнхийлөгч Харри Трүман Саудын хаанд захидал бичиж “танай улсад чиглэсэн аюул заналхийлэл бүр АНУ-ын анхаарал хандуулах ёстой чухал асуудал байх болно” гэв. Энэ удаад харин Саудынхны хувьд аюулгүй байдлаас гадна ашиг чухал болсон байв. Давалгааны дараагийн түрлэг Саудын Арабд 1949 онд ирж, Саудын засгийн газар Арамкогийн 50%-ийн эзэмшлийг шаардаж, түүндээ ч хүрчээ. Тэд үйл ажиллагаа эхлэхэд төрийн эзэмших хувь хэмжээ нэхээгүй, 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаа нь жигдэрсний дараа 50 хувь нэхсэн нь ч бас учиртай байх.
Саудын Арабын газрын тосны сайд Тарики, Венесуэлийн сайд Алфонзо нарын идэвх санаачилгаар байгуулагдсан ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага 1960 онд газрын тосны үнийг зохицуулах зорилгоор байгуулагдсанаас хойш 10 гаруй жилийн дараа гэхэд Зөвлөлт Холбоот Улсыг оруулалгүйгээр дэлхий дахин дахь газрын тосны хэрэгцээ 21 сая баррелаар нэмэгдэж, үүний 2/3 нь Ойрхи Дорнодоос хангагддаг болсон байв. Энэ үеэс эхлэн Америк тэргүүтэй улс орнууд эрчим хүчний аюулгүй байдал гэгчийг анхаарч эхэлсэн юм. Америкийн Техас, Оклохама, Калифорниа дахь газрын тосны нөөц нь аль хэдийнэ эрэлтээ гүйцэхээ больжээ.
Мэдээж газрын тосны хамгийн баялаг нөөцтэй Саудын Арабын бүс нутагт үзүүлэх жин нөлөө улам нэмэгдэх боллоо. 1973 оны 10 дугаар сард Египет, Сири зэрэг улсууд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Израйлийн эсрэг Ём Киппүрийн дайныг эхлүүлэв. Израйльд Америкаас тусламж хүсэхээс өөр сонголт байсангүй, Америк ч хариуд нь цэргээ илгээж, дээр нь 2.2 тэрбум долларын цэрэг, техникийн тусламж үзүүлэхээр болов. Америкийг Израйльд тусалсных нь шанг харин Саудчууд өндөр өгөв. Тэд Арамко дахь өөрийн эзэмшлийн хэмжээг 25%-аар нэмэгдүүлж, Израйлийг дэмжсэн улсуудын эсрэг газрын тос нийлүүлэхээ зогсоож, хориг тавьсан. Үүнээс болж газрын тосны үнэ тэр жилдээ 5 доллараас 16 болж өссөн юм. Хориг 1974 онд цуцлагдсан ч, Арамког Америкчууд алдаж буй нь бараг тодорхой болж, 1980 он гэхэд Арамко тэр чигтээ Саудын Арабын төрийн өмч болсон байна.
Өнөөдөр Сауди Арамкогийн мэдэлд 260.1 тэрбум баррел газрын тосны нөөц, 66 орны 54000 ажилтан байна. Тэд өдөрт Америк тив тэр чигээрээ олборлодогоос ч илүү буюу 10.2 сая баррел газрын тос олборлож байна. Дээр нь үйлдэрлэлийн өртөг бусад оронтой харьцуулахад хамаагүй хямд. Баррел газрын тосны үнэ зах зээл дээр 50 доллараас доош ороход Орост алдагдалтай болно. Ираны эсрэг Барууны хориг цуцлагдмагц Иран газрын тосоо борлуулах гэж яарах нь аргагүй, учир нь үнэ 27 доллараас доош унахад ашиггүй болж байна. Баррел газрын тосны үнэ 20 доллар луу ч унаж болзошгүй гэж Морган Станли, Голдман Сакс, Ситигрүп зэрэг хөрөнгө оруулалтын банкууд дүгнэж байгаа бол Сауди Арамкогийн хувьд асуудал харьцангуй эерэг. Тэдний хувьд үнэ 15 доллартай тэнцэж байхад ч ашигтай ажиллах боломжтой юм.
Шинэ оны эхээр Саудын Арабын ханхүү Мухаммад бин Салман тус компанийн хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжих бодолтой байгаа талаар мэдэгдлээ. Гэхдээ мэдээж өөрсдийн хяналтаа алдах хэмжээнд хувьчлахгүй нь ойлгомжтой. Шинжээчдийн тооцож байгаагаар эхний ээлжинд 5 орчим хувийг хөрөнгийн бирж дээр гаргах бололтой. Ашгаа бодвол хөрөнгө оруулагчдын хувьд энэ бол таатай мэдээ. Дэлхий дээр хамгийн бага зардлаар олборлолт явуулдаг, харьцангуйгаар компанийн үйл ажиллагаа сайн явж байгаа (1940-өөд оноос Араб залуучуудыг Америк арга барилаар сургаж дадлагажуулсны дүнд) зэрэг гээд давуу талууд байна. Эрсдэлээ бодвол дарангуйллын тогтолцоотой, өмнө нь эзэмшлийн хувиа төрд алдсан, дахиад ч алдах бодит эрсдэл бий, компанийн үйл ажиллагааны тайлан нээлттэй бус, засгийн газрын оролцоо их (тус компани Саудын засгийн газрын орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг) зэрэг орохгүй байх шалтаг олон.
Газрын тосны бусад төрлийн байгалийн эрдэс баялгаас ялгаатай нь энэ бүтээгдэхүүнгүйгээр хүн төрөлхтний амьдарлын хэв маягийг төсөөлөхийн аргагүй болсонд юм. Америкийн тээврийн хэрэгслийн 97 хувь нь газрын тосны эх үүсвэртэй. Газрын тосноос гаргаж авсан хуванцар пластик бүтээгдэхүүнүүд, шампунь, сахлын хөөс, шүдний оо, резинэн ултай гутал зэргээс харахад бид өдөр тутамдаа газрын тосны үр шимийг байнга хүртэж байна. Богино хугацаандаа нийлүүлэлтийн илүүдлээс болж үнэ нь унасан ч гэсэн газрын тосонд урт хугацаандаа ирээдүй байна. Эцэг өвгөдөөс өвлүүлсэн энэ баялгийг үнэгүй шахам гадныханд өгөхгүй гэж лоозондсонгүй, харин ч эсрэгээрээ Саудын Араб газрын тосны хангамжаа бууруулахгүй гэдгээ тодорхой хэлсэн. Үнэ унахын хэрээр зарим улсууд олборлолт, нийлүүлэлтийнхээ хэмжээг багасгах болно. Мэдээж тэр орон зайнд хямд өртгөөр газрын тос гаргаж авах боломжтой Саудын Араб зэрэг орнууд орж ирэх нь тодорхой. Өнөөдөр Саудын Араб газрын тосны нийт хэрэглээний 11.4%-ийг дангаараа нийлүүлж байна. Цаашид үнэ унавал тэдний зах зээл эзлэх хувь хэмжээ өсөн нэмэгдэж, түүнийгээ дагаад бусад улс орнууд тэдний газрын тосноос хамаарах хамаарал нэмэгдэнэ. Бог хаяж бодны зөрүү гаргах ухаалаг тоглолтыг Саудын Арабын засгийн газар хийж байна.
Байгалийн баялгаас нь бусад улс орон хамааралтай, цаашлаад хараат болно гэдэг бол тухайн улсад маш чухал гадаад бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэх зэвсэг гэсэн үг. Дээр дурдсанчлан 1973 онд Саудчууд энэ зэвсгээ ашиглан Израйлийг дэмжсэн улсуудын эсрэг хориг тавьж байлаа. Гэхдээ энэ зэвсэг бол хоёр иртэй хутга. Болгоомжтой, ухаалгаар хэрэглэхгүй бол өөрийгөө исгэх ч эрсдэлтэй. Гадаад улсын баялгаас хараат эсвэл хэт хамааралтай болсон аливаа улс тухайн бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч, тэрхүү гадаад улс дахь стратегийн ашиг сонирхлоо ямар ч хамаагүй аргаар (цэргийн хүчээр ч хамаагүй) хамгаалахыг эрмэлздэг. Үүнийг олон улсын харилцаанд Картерийн номлол гэж нэрлэдэг. Саудын Арабын хоригийн улмаас эрчим хүчний аюулгүй байдлын хүнд нөхцөлд орсон Никсоны засаг захиргаа цэргийн хүчээр Ойрхи Дорнодын газрын тосны нөөц газруудыг хяналтандаа авах төлөвлөгөө боловсруулж байсныг Английн тагнуулын албаны баримт бичигт дурдсан байдаг.
Б.МӨНХЖИН
2016.01.21
2016.01.21
Dr pradhan
Zochin
33
Зочин
Овоо
Овоо