Энэ 7 хоногт
Эерэг хүчээр эрчлэгдсэн наян есөн төсөл
Эерэг бодол санаа, өөдрөг үзлийг түгээх бидний аялал үргэлжилж байна. Бид энэ удаад өөдрөг үзлээр жигүүрлэн, хийж бүтээх гэж тэмүүлж яваа нэгэн залуутай уулзлаа.
Гутранги хүмүүс асар их боломжийг ч
бэрхшээл гэж хардаг, өөдрөг хүмүүс бөөн
бэрхшээлийг ч сайхан боломж гэж хүлээн авдаг.
Winston Churchill
бэрхшээл гэж хардаг, өөдрөг хүмүүс бөөн
бэрхшээлийг ч сайхан боломж гэж хүлээн авдаг.
Winston Churchill
Эерэг бодол санаа, өөдрөг үзлийг түгээх бидний аялал үргэлжилж байна. Бид энэ удаад өөдрөг үзлээр жигүүрлэн, хийж бүтээх гэж тэмүүлж яваа нэгэн залуутай уулзлаа.
Эерэг бодлыг эерэг банк л дэмжжээ
Түүнийг Хишигбаярын Билгүүн гэдэг. Globe stone гэж гоёлын чулууны үйлдвэр байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүнийг эндээ хийх гэж эрмэлзэж яваа нэгэн. Тэрээр хоёр жилийн өмнөөс гоёлын чулуу хийх технологийг судлаж, эзэмшээд жижиг үйлдвэр байгуулах төсөл гаргажээ. Америкчуудаас силикон хэвний технологи, хятадуудаас зуурмагийн машин, чичирхийллийн төхөөрөмж украинаас будгийн түүхий эд авах, татах тохироо хийж, тооцоо судлагаагаа ч хийв. Мэдээж үйлдвэрлэл нь ихээр хийгдэж, жигдэрчихсэн газрынхаас өртөг шальтай буурахааргүй тооцоо гарчээ. Гол нь эх орны түүхий эд голлож, монгол хүмүүс ажилтай, орлоготой болно. Бараа нийлүүлэх хурд ихсэж, нийлүүлэгч, захиалагчид ойр ажиллах, ойлголцох боломж нээгднэ гэдэг дээр Х.Билгүүн гоёлын чулууны үйлдвэр байгуулах нь ашигтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Харин түүний бодлыг арилжааны банкнууд ойлгосонгүй, дэмжсэнгүй. Хэдийгээр барьцаа хөрөнгө, үйлдвэрлэлийн тооцоо, эхлэл хөрөнгө гээд банкныхны шаардсан бүх зүйл байлаа ч “борлуулалт хийсэн түүх”, “ийм үйлдвэрлэлээр орлого олж байснаа нотлох” гэсэн муйхар асуулт төслийнх зээл авах боломжийг унагаж байлаа. Х.Билгүүн “Би энэ чинь шинээр баригдах үйлдвэр. Баригдаагүй үйлдвэрт борлуулалт гэж байх уу? гэж асуухаар зээлийн мэргэжилтнүүд хувьсхийгээд нүүр буруулаад таг болчихдог байсан” хэмээн дурсаж байна.
Жил гаран банк тойроод, цөхрөнгөө барж суутал нь Эдийн засгийн хөгжлийн яамнаас Экспортыг дэмжих, импортыг орлох төслийн хүрээнд 888 үйлдвэрлэлийн төсөл шалгаруулах гэж байгааг сонссоноор сэтгэлийн гал бөхсөнгүй. Бэлэн төсөл байсан болохоор аваачаад өгчихөж.
Удалгүй Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үйлдвэрүүдийн жагсаалт нийтлэгдэхэд Globe stone гоёлын чулууны үйлдвэр дэмжигдсэн нь тодорхой болжээ. Х.Билгүүн “Би өөртөө итгээгүй. Жил гаран банкныханд чичлүүлж, дарамтлуулсан хүн чинь итгэж ядаад ахин дахин утасдаж асууж байж сая үнэмшсэн. Үнэхээр их баярласан. Хийе бүтээе гээд зүтгэж явахад бас ойлгох, дэмжих хүмүүс таардаг л юм байна” хэмээн хөхүүн ярина. Зээлийг Хас банкаар дамжуулан түүнд олгов. Мөнгө дансанд орсон тэр өдөр шахуу Шанхай руу тоног төхөөрөмж нийлүүлэх тал руугаа яаран нисчээ. “Итгэл хүлээх гэдэг их сайхан мэдрэмж юм билээ. Хөгжлийн банкныхан надад итгэж байхад би муу байж хэрхэвч болохгүй гэж өөртөө хэлдэг, өглөө болгон үүнийг бодож ажилдаа ирдэг” гэж байна. Globe stone гоёлын чулууны үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь барилгын гадна болон дотор заслын хиймэл чулуу ажээ. Байгалийн чулуунаас ялгаатай нь хөнгөн, халуун хүйтний эрс зөрөөнд тэсвэртэй, барилгын хийц, ажиллагаанд дөхөмтэйгээс гадна дуу, дулаан тусгаарлах нэмэлт үүрэгтэй гэнэ. Орчин үеийн интерьер дизайны хандлага, барилгын гадна өнгөлгөөг хиймэл чулуугүйгээр төсөөлөхөд бэрх болж улам бүр тэлж байгаа зах зээл ажээ.
Х.Билгүүн ойрын жилүүдийн зорилтоо бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанартай чулуу зах зээлд нийлүүлэх замаар зээлээ төлөөд, хуримтлал үүсгэх гэж тодорхойлж байна. Харин алсдаа бол гадагшаа урсах валютын урсгалыг хиймэл чулууны салбарт мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байгаа гэнэ. Өнөөгийн байдлаар хиймэл чулуу гаднаас импортлоход зориулж монголчууд жил бүр 2,7 тэрбум төгрөгийг гадагшаагаа урсгаж байгаа ажээ.
Өөдрөг үзлийг өдөөгч банк
Х.Билгүүний өөдрөг үзлийг унтраалгүй, хөгжөөж дэврээсэн Хөгжлийн банк Экспортыг дэмжих, импортыг орлох төслийн хүрээнд долоон салбарын 89 төслийг 130.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Төслүүд хэрэгжсэнээр 3244 хүн ажилтай болж, жилд дунджаар 21.4 тэрбум төгрөгийн экспорт, 574.7 тэрбум төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэлээ. Цаашид бий болгосон үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг тогтворжуулахын тулд үйлдвэрлэлийн түүхий эдийн татварын хувь хэмжээг бууруулах тал дээр анхаарахыг зээлдэгчид Засгийн газраас хүсч байгаа ажээ. Засгийн газар өмнө нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн Гааль, НӨАТ-ын татварт хөнгөлөлт үзүүлж байсан практик бий.
Одоо Х.Билгүүний Globe stone жижиг үйлдвэр өөрийн захиалагчидтай, хийсэн тодорхой ажлуудтай болж эхлэж байна. Хэдий цөөхөн, 6 хүн ажилладаг ч бүтээмж ихтэй. Зээлээ төлөөд эхлэчихсэн. Х.Билгүүн “Гоёлын чулууны орцны 80 хувьд нь монголд үйлдвэрлэгддэг түүхий эд - цемент, перлит, керамзит ордог. Энэ бол үйлдвэрлэлд хамгийн чухал хүчин зүйл. Бүх түүхий эдээ гаднаас импортлодог бол эрсдэл ихтэй болно шүү дээ. Бидний хувьд хэвний силикон, будаг гэх мэт монголд үйлдвэрлэдэггүй зүйлсээ л импортоор авч байгаа” гэж байлаа.
Жижиг, дунд үйлдвэрүүд бий болох, хөгжих гол суурь нь том үйлдвэрлэл гэдэг үзэл санаа бодитой болохыг эндээс харж болно. Өнгөрсөн жилээс монголд МАК, Монполимет болон хятадын хөрөнгө оруулалттай гурван ч цементийн үйлдвэр баригдаж, Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа өргөтгөсөн нь тэдгээрт түшиглэсэн жижиг дунд үйлдвэрүүд бий болох хөрс болж байна. Саяхан Гранд байшин гэж угсармал барилгын үйлдвэр нээгдснийг санаж байгаа байх. Тэр бол цементэд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх дунд оврын үйлдвэр юм.
Эерэг бодлыг дэмжиж, өөдрөг үзлийг асаая
Юм хийе гэвэл бидэнд өчнөөн сайхан боломж байна. Өөрсдийгөө сонсч, мэдэрч, өөрсөндөө хандах сөрөг хандлагаа эерэгжүүлбээс Х.Билгүүн шиг бодсоноо хэрэгжүүлэх хүн, бодсоныг нь дэмжих банк байна.
Би хэнд ч хэрэггүй юм хийж суугаа хүнийг хараад ч баярладаг. Өөрийгөө завгүй байлгаж байгаад нь, гэртээ гутраад суугаагүйд нь баярлаж байгаа юм. Би хүмүүст хэрэгтэй зүйл хийж яваа хүнийг хараад бүр их баярладаг. Бусдыг ажилтай, завгүй байлгаж байгаад нь талархдаг.
Тэгэхээр бэрхшээл тоочин, гараа эвхэж суух бус бэрхшээлийг боломж болгон харах өөдрөг үзлийг асаацгаая. Өнөөдөр монголд лавтай 89 өөдрөг үзэл шингэсэн төсөл бодижин хэрэгжиж, тэдгээрийг Хөгжлийн банк дэвжээн, дэмжиж байгаа юм байна.
Г.МӨНГӨНЧИМЭГ
Австрали. Queensland-ын
Их сургуулийн магистрант
Австрали. Queensland-ын
Их сургуулийн магистрант