“Түлээ шиг шатдаг хар чулуу” хэмээн XIII зуунд Марко Пологийн тодорхойлсон нүүрсийг европчууд мэдэхгүй байхад хятадууд ашиглаж байжээ. Дараа нь энэхүү хар чулуу дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болж, аж үйлдвэрийн хувьсгалыг галлаж өгсөн юм. Ийнхүү хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй нүүрс шатааж байхдаа бохирдол нь дэлхийн агаар мандалд үлдэж, хэдэн зуун дамжсан дулаарлын шалтгаан болно гэж таамаглаагүй. Харин нүүрс баба гэдгийг мэдсэнээсээ хойш улс орнууд хүлэмжийн хий бага ялгаруулах “ногоон эрчим хүч” үйлдвэрлэхээр шамдаж эхэллээ.

Монголчуудын хувьд “баба нүүрс”-ээ шатааж суухаас өөр зам одоогоор алга. Аль 60-70-аад онд баригдсан дулааны цахилгаан станцууд улсын эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг хангаж байна. Дээрээс нь гэр хорооллын айлуудын зуухаа галлаж буй түүхий нүүрсний утаа нэмэгдэхээр Улаанбаатар маань дэлхийн хамгийн бохир агаартай хот болж, нийслэлчүүд өдөрт дөрвөн хайрцаг тамхи татсантай адил хордсоор.

Уг нь Монгол Улс салхины эрчим хүчний нөөцөө ашиглан жилдээ 2.6 тераватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой нь дэлхийн нийт хэрэглээний дөрөвний нэгийг хангахуйц хэмжээ гэдэг. Гэхдээ л 160 гаруй тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15 дугаарт жагсах монголчуудын хувьд “хар алт” эрчим хүчний гол бөгөөд хямд эх үүсвэр байх нь гарцаагүйг Монголын эдийн засгийн форумын “Нүүрс үү, салхи уу?” хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэж байв. Өнөөдөр баба нүүрсийг гого болгох төрөл бүрийн технологи байгааг л нэвтрүүлчихэд болоод явчих юм. Харамсалтай нь бид өнөө, маргаашдаа цахилгаан, дулааны хомсдолд орчихгүй байхад л гол анхаарлаа төвлөрүүлж, нүүрсний дэвшилт технологийн талаар бодох ч завгүй байна. Эдүгээ улс орны эрчим хүчний хэрэглээг голчлон хангаж буй долоон томоохон дулааны цахилгаан станцын нийт хүчин чадал ердөө 856.3 МВт. Гэтэл 2015-2030 онд эрчим хүчний хэрэглээ 1,500-3,000 МВт хүрнэ гэсэн таамаглал бий. Ийнхүү эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаад зогсохгүй бүс нутгийнхаа хамгийн том нийлүүлэгч болох боломжтой Монгол Улс оргил ачааллын үеэр Оросоос эрчим хүч импортолж, Оюутолгойгоо ашиглалтад оруулахын тулд Хятадыг царайчилж сууна.
 
Хэт улстөржсөн эрчим хүч

Нүүрс, уран, газрын тосноос эхлээд нар, ус, салхи зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөөр Монгол Улс дэлхийн аль ч орчны атаархлыг төрүүлнэ. Тэгсэн хэрнээ цахилгаан, дулаанаа хангалттай хэмжээгээр үйлдвэрлэчихэж чадахгүй, хоёр хөршөөсөө импортолж ирсний шалтгаан нь эрчим хүчний салбарыг атгаж буй төр өөрөө мөнгөгүй, тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагчдад боломж олгохгүй байсанд л оршино.

Эрчим хүчний объектуудыг төр эзэмшдэг, цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулдгийн ачаар монголчууд дэлхийн дунджаас хавьгүй бага үнээр цахилгаан, дулаанаа худалдаж авч буй нь үнэн. Үр дүнд нь бид хөрөнгө оруулалт татах чадваргүй эрчим хүчний салбар, хүлэмжийн хий үйлдвэрлэгч “хөгшин” цахилгаан станцууд, хотын оршин суугчдын өвчин, үхлийн шалтгаан болсон агаарын бохирдлоос өөр юу ч үгүй хоцорч байна. 

Гэхдээ манайхтай ижил орнууд бас бий. НҮБ-аас “Хүлэмжийн хий багатай эрчим хүчний үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалт татах нь” сэдэвт судалгааг Хятад, Энэтхэг, Афганистан, Монгол Улс болоод хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин, Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан гэсэн есөн оронд хийжээ. Судалгаанд хамрагдсан бүх улсын эрчим хүчний салбарт төрийн монополь ноёрхож, үнэ тарифыг зохицуулдаг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, улмаар дэвшилт технологи нэвтрүүлэхэд саад болж байгаа аж. Энэ тухай дээрх судалгааг НҮБ-ын захиалгаар Монголд хийсэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Товчхондоо, төрийн хэт оролцоо эрчим хүчний салбарыг алдагдалтай, хөрөнгө оруулалт татах чадваргүй болгодог ажээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад, Энэтхэг, Украин болон Казахстаны эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд нэлээд алдагдалтай ажилласан бол Узбекистаны үнэ тариф түлш, үйл ажиллагааны зардлаа ч нөхөж чадаагүй байна. Монголын хувьд 2009 онд эрчим хүчний салбар 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсныг 2010 онд Засгийн газраас орон нутагт 19.6, Төвийн бүсэд 15 тэрбум төгрөгийн татаас өгч байж нимгэлсэн байдаг.

Хятад уу, Гүрж үү?

Нүүрсийг бусад орноос хавьгүй эрт илрүүлж, ашиглаж ирсэн хятадууд өнөөдөр хүлэмжийн хий ялгаруулах хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ тус улсын эрх баригчид дэлхийн агаар мандлыг бохирдуулж буйнхаа хариуцлагыг ч хүлээхээр мэрийж буй. Тухайлбал, GreenGen төслийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бүрмөсөн тэглэх 650мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын 250 мВт-ын эхний ээлжийг ашиглалтад оруулах шатандаа явж байна. Цэвэр нүүрсний энэхүү технологи нь нүүрсэнд суурилсан эрчим хүчний үйлдвэрлэлд эргэлт гаргах тухай Peabody Mongolia and India компанийн ерөнхийлөгч Аршад Саиед бичжээ.

Үүний зэрэгцээ урд хөрш маань 2000 оноос SCPC, USCPC хэмээх нунтаг нүүрсний цэвэр технологи нэвтрүүлэх зорилго тавин ажилласан бол 2010 он гэхэд ийм генераторууд Хятадын дулааны цахилгаан станцуудын 54 хувийг эзлэх болов. Гурван их наяд ам.долларын гадаад валютын нөөцтэй, манайхаас даруй 860 дахин том эдийн засагтай орны хувьд БНХАУ нь эрчим хүчний салбартаа ихээхэн хөрөнгө гаргаж чадах нь гарцаагүй. Тус улсын одоогийн таван жилийн төлөвлөгөөнөөс үзэхэд шинээр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал суурилуулахад 444 тэрбум ам.доллар зарцуулахаар байна. Харин монголчуудын хувьд Хятадын жишгээр явна гэвэл “галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгч л болно. Бидэнд нүүрсний дэвшилт технологи нэвтрүүлэх, орчин үеийн цахилгаан станц байгуулах мөнгө ч, мэдлэг ч алга.

Учир иймээс Гүржийн туршлага бидэнд ойр байж чадах юм. Эрчим хүчний нийлүүлэлтийн тал дээр Оросоос хараат, дээрээс нь улстөрийн асуудалтай Гүржийн ард түмэн өвлийн хүйтэнд цахилгаан, дулаангүй зутрах нь хэвийн үзэгдэл болсон байв. Тус улсын ерөнхийлөгч асан Михаил Саакашвили “2006 оны өвөл гэхэд айл бүхэн байнгын гэрэлтэй болно” гэж 2005 оны хоёрдугаар сард амласан боловч оны эцэс гэхэд Гүржийн нийслэл төдийгүй бүс нутгууд байнгын эрчим хүчтэй болсон нь сүүлийн 10 жилд анх удаа тохиолдсон гайхамшиг байлаа. Энэ орон эрчим хүчний хомсдлоос жил хүрэхгүй хугацаанд гараад зогсохгүй 2009 оноос Орос, Турк, Армени болон Азербайжан зэрэг улсад эрчим хүч экспортолж эхэлсэн тухай Гүрж яагаад чадав номонд бичсэн байдаг. Одоо тус улс бүс нутгийнхаа хэмжээнд эрчим хүчний үндсэн экспортлогч болох зорилго тавин томоохон усан цахилгаан станцуудаа ашиглалтад оруулж байгаа юм. Гэтэл Гүржид Монгол шиг нүүрс, газрын тос, уран байхгүй шүү дээ.

Эрчим хүчний объектуудыг хувьчлах нь эрчим хүчний хангамжийг сайжруулах цорын ганц арга зам гэдгийг эрх баригчид нь хүлээн зөвшөөрсөн явдал Гүржийн амжилтын нууц юм. Гэхдээ үүнийг ойлгоод, шинэчлэлийг эхлүүлэх үед тус улсын эрчим хүчний салбар одоогийн Монголынхоос ч дор байжээ. Эдийн засгийн үндэслэлгүй хямд тарифтай, ихэд улстөржсөн эрчим хүчний салбарт нь хөрөнгө оруулагчид татах юу ч байгаагүй учраас 2006 оноос үнэ тарифыг шат дараалалтайгаар чөлөөлөх бодлого баримталсан байна. Ингээд олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж чадсанаас өнөөдөр Чехийн Energo-Pro компани Гүржийн эрчим хүчний зах зээлийн хамгийн том тоглогч болсон аж.

Хийвэл бүү ай

Эрчим хүчний салбарын хувьчлал аймаар уу? Цахилгаан, дулааны үнийг тогтвортой байлгана хэмээн шоуддаг амлалтаа биелүүлж чадахаа байчих вий гэхээс улстөрчид айна. Суурь бүтээгдэхүүний үнэ өссөнөөс инфляци гаарах вий хэмээн ард түмэн айна. Тиймээс ч эрчим хүч бол стратегийн ач холбогдол бүхий салбар учраас төр хянах учиртай гэсэн шалтаг тоочно. Гэвч үнэндээ тийм биш ажээ.

Тухайлбал, Гүржид эрчим хүчний салбараа хувьчилснаар үнэ ердөө ганц удаа л нэмэгдсэн байна. Үр дүнд нь хэрэглэгчид цахилгаан, дулааны хангамжийн тал дээр толгой өвтгөх шаардлагагүй болжээ. Түүгээр ч барахгүй Гүржийн Эрчим хүчний яамны ажлын хэмжээ 30-50 дахин буурч, 2006 онд 140 сая ам.доллараас давж байсан санхүүжилт 2010 онд 10 сая ам.доллар болтлоо танагдсан байна. Харин Монгол Улсын ирэх оны төсвөөс үзэхэд Эрчим хүчний сайд 180 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байгаа юм. Бид Гүрж шиг шинэчлэл хийж чадвал энэ хэмжээг 10 дахин бууруулан татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх боломж бий гэсэн үг. 

Эрх баригчид үүнийг ойлгож, эрчим хүчний салбарын хувьчлалын талаар үг дуугарч, үйлдэл хийж эхэлсэн нь сайшаалтай. 2010 онд УИХ цахилгаан, дулааны үнийг 2014 он хүртэл үе шаттайгаар нэмэх боломжийг бүрдүүлсэн. Энэ нь ч эхнээсээ үр дүнгээ өгч, эрчим хүчний компаниуд болоод нүүрсний уурхайнуудын хооронд үүссэн өрийн сүлжээг үгүй хийгээд байна. Мөн Концессын тухай хууль нь эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжиж буй. Олон жил дуншсан тавдугаар цахилгаан станц үүний л ачаар хэрэгжихэд ойрхон болсон.

Эрчим хүчний салбараа зоригтойгоор хувьчилж, аль болох олон тоглогч бий болгох нь тал талын ач холбогдолтой. Байгаа нөөцийг ашиглан өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд найдвартай хүргэхээ хувийн хэвшлийнхэн ямар ч орны төрөөс илүү сайн мэднэ. Хөрөнгө оруулалтыг дагаад хүлэмжийн хий бага ялгаруулах технологи аяндаа ороод ирнэ. Тэр цагт баба нүүрс гого болж, Улаанбаатарын утааны эх үүсвэр бус, улсын тогтвортой хөгжлийн эх ундарга болох юм.

Д.Мөнхчимэг
Үндэстний ТОЙМ сэтгүүл 2012.12.13