Энэ 7 хоногт
Эрх ашгийн тэнцвэр
Дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн хүчин болох Хятадын Коммунист Намын их хурал өндөрлөлөө. Уг их хурлаар Хятадын шинэ удирдлагыг сонгож, нам – төрийн цогц бодлогыг төгөлдөршүүлэв.
ГАРЦ ХАЙСАН МУХАРДАЛ
Дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн хүчин болох Хятадын Коммунист Намын их хурал өндөрлөлөө. Уг их хурлаар Хятадын шинэ удирдлагыг сонгож, нам – төрийн цогц бодлогыг төгөлдөршүүлэв. Олон улсын харилцаа Хятадаас ихээхэн хамааралтай болж, «дэлхийн төв» Европоос Азид шилжих үйл явц хурдацтай өрнөж буй энэ эринд Хятадын ирээдүйн замналыг тодорхойлох их хурлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байлаа. Ялангуяа манай орны тогтвортой хөгжил гадаад орчноос, тодруулбал Хятадаас шалтгаалдаг учир энэ асуудалд бид цэрвэж хандах ёсгүй.Гэвч коммунист оронд намын их хурал нь бодит «эрх дарх» бүхий субьект биш, харин удтал далд бэлтгэсэн бодлого, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, нэгэнт төлөвлөгдсөн эрх мэдлийн шилжилтийг олон нийтэд албан ёсоор сонордуулах «үзүүлбэр» төдий байдаг. Тиймээс энэ их хурлыг Хятадын тухай дэвшүүлсэн үй олон таамаглалуудын эцсийн тайлал, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох сэжүүр гэж үзвэл зохилтой.
Төрийн оролцоо давамгайлсан эдийн засаг нь саармагжиж, эрх чөлөөг хязгаарласан нийгэм нь бухимдалд автаж, улс төрийн нөхцөл хурцадсан Хятад орон мухардлыг гэтлэх гарцыг энэ их хурлаар томьёолов. Тэр нь «эдийн засгийн шинэ загвар» болон «шинжлэх ухаанч хөгжлийн үзэл» юм. Уг томьёоллын үндсэн цөм нь хөрөнгө оруулалтыг баримжаалсан эдийн засгаас хэрэглээний эдийн засагт шилжих явдал билээ. Энэхүү эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь Дэн сяо-пин-ы бодлого үеэ өнгөрөөснийг нотлож, Хятадын Коммунист Нам дахь консерватив бүлэглэл ялагдаж, Ху жинь-тао, Вэнь жя-бао нарын эдийн засгийн шинэчлэлийн зоримог санаа бүрэн ялсныг харуулж байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямрал, нийгмийн зөрчил нь Хятадын тогтвортой байдалд шууд нөлөөлсөн билээ. Хотжил, хүн амын өсөлт нь дотоод хэрэглээг эрчимтэй өсгөж, мөн төрийн хэт оролцоо нь эдийн засгийг хямралд автуулах гол шалтгаан болжээ. Гучин жил ямагт өсөлтийн прогресстэй (10%-аас дээш) байсан Хятадын эдийн засаг энэ онд анх удаа 7.4% болж илт буурав. Мөн онд Дэлхийн банк Хятадын шинжээчидтэй хамтран «2030 он хүртлэх Хятад» гэх нээлттэй илтгэл нийтлэв. Гол утга нь төр эдийн засагт өөрийн хувийг багасгахгүй бол Хятад улсад ноцтой хямрал учрахыг сануулаад энэ нь ДНБ-ны өсөлтийг саармагжуулсан. Учир нь хүнд суртал улсын үйлдвэрүүдийг үр бүтээлтэй удирдахад саад болж, ашиг орлогоороо хувийн компаниудаас хоцорч байна. Хятад дэлхийн зах зээлд ямар байр суурь эзэлдгийг харгалзан үзвэл тус улсад тулгарсан асуудлууд дэлхийн хямралыг цочроож мэднэ гэж дүгнэжээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийн 50%-ийг эзэлж байна.
Хятадын эрх баригчид шинэчлэлийг яаравчлан өрнүүлэх болсон хамгийн гол шалтгаан нь ДНБ-ний өсөлт огцом буурсантай холбоотой. Хөгжлийн сонгодог загвар хэмээгддэг Хятадын онцлогтой социализм нь ДНБ-ний тасралтгүй өсөлт, төрийн зохицуулалтад тулгуурладаг бөгөөд энэ өсөлт ганхахад систем нь хурц хямралд автах аюул тулгараад байсан юм.
Удтал дуншсан эдийн засгийн шинэчлэл ийнхүү эрчээ аван хөдөллөө.
ДАЛД УЛС ТӨР
Хэдийгээр намын их хурал нь тус орны ашиг сонирхол, төрийн бодлогыг ухаж ойлгох үндсэн сэжүүр боловч гагцхүү орчин үеийн Хятадын дотоод улс төрийн түүх л түүнийг илүү гүнзгий тольдон харах шидэт тусгал мөн.
Сүүлийн арав орчим жил буюу Ху жинь-тао-гын засаглалын үед Хятадын улс төр нь гаднаа ихэд аядуу, нэгдмэл шинжийг агуулж байсан ч үнэндээ намын доторхи хүчирхэг бүлэглэлүүд ширүүн тэмцэлдэж, энэ тэмцэлд хутгалдсан олон хүний улс төрийн хувь заяа гунигтай төгссөн билээ. Хөшигний ард өрнөсөн нууц тэмцлүүд элдэв нэр хаяг, шалтаг шалтгаанаар халхавчилсан халаа сэлгээ, шийтгэл зэмлэлээр илэрч байв. Орчин үеийн Хятадын дотоод улс төрийг товч дүгнэе гэвэл «уушгинд гал дүрэлзэвч утаагаа хамраараа эс гаргана» гэх цэцэн үгтэй зүйрлэж болох юм.
Хятадын улс төрд эрх ашиг, үзэл бодол, үүсэл гарлаараа нэгдсэн гурван бүлэглэл бий. Тэдгээр нь үе дамжсан элит удирдагчид болох «Тайж нарын бүлэглэл», орон нутгийн намын дарга нар, бизнесменүүдийн дэмжлэгийг хүлээдэг «Шанхайн бүлэглэл», өөртөө итгэлтэй, либерал үзэлтэй залуу улс төрчдийн найдлагаа тавьдаг «Коммунист залуучуудын эвлэлийн бүлэглэл» юм. 1992 оноос эхлэн энэ гурван бүлэглэл Хятадын төрийг эрхийг ээлжлэн барьж ирэв. Эдгээр бүлэглэлүүдийн үүсэл, төлөвшил нь орчин цагийн Хятадын түүхэн хөгжлийн замналыг эрхгүй санагдуулдаг.
1978 онд эдийн засгийн шинэчлэл эхлэхэд уг нүсэр зорилтыг гардан удирдах учиртай мужийн дарга нарын эрх мэдэл нэмэгдэж, аажмаар нэн хүчирхэг бүлэглэл болж хувирав. Тэднийг Шанхай мужийн намын хорооны дарга Жян зэ-минь толгойлж, тэрээр 1992 онд төрийн эрхэнд гарснаар тэдний хорь орчим жилийн дархлагдсан ноёрхол эхэлжээ. Тэд «эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, дэлхийн зах зээлд ноёлох, ДНБ-ыг нэмэх, мөн эдийн засаг, улс төрийн хяналтыг хувь хүний эрх чөлөөг хязгаарлах замаар төрд төвлөрүүлэх бодлогыг» эрс хатуу дэмждэг. Энэ нь өдгөө хүртэл үргэлжилж буй Хятадын өнгө төрх билээ.
Нийгэм залуужихын хэрээр 73 сая гишүүнтэй «Коммунист залуучуудын эвлэл»-ийн нэр нөлөө улс төрд жин дарах болж, Хятадын Коммунист Намтай (82 сая гишүүнтэй) эн зэрэгцэж эхлэв. Чухам тэр үед Залуучуудын эвлэлийн угшилтай идэрхэн улс төрчид (Ху жинь-тао, Вэнь жя-бао) дээд удирдлагад дэвшин тодорч, улмаар 2002 онд төрийн эрхэнд гарчээ. Дэн Сяо-пин-ы бодлого үеэ өнгөрөөж, ээдрээтэй мухардлууд тулгамдаж эхлэхэд гарц хайн ядалдсан тэд «улс төрийн шинэчлэлийг зарлаж, эдийн засгийн хэт өсөлтийг саармагжуулж, баян ядуугийн ялгааг арилгаж, нийгмийн хамгааллыг сайжруулах» бодлогыг дэмжих болсон юм. Гэвч 2002-2012 оны үед Хятадын улс төрд Шанхайн бүлэглэлийн нөлөөлөл хүчтэй байсан учир аргагүй азнахад хүрчээ.
1989 оны Тянь ань мэнь талбайн бослого болон социалист системийн уналтын дараа хашир, сэжигч намын ахмад удирдагчид өөрийн үр, хөвгүүд болон шалгарсан үнэнч коммунистуудын хүүхдүүдийг төрийн дээд албанд итгэмжлэн дэвшүүлснээр үе дамжсан элит давхарга «Тайж нарын бүлэглэл» үүсэв. Бослого, уналтанд цочирдсон ахмад хувьсгалчид чухам үр удам нь л эцэг өвгөдийнхөө үзэл бодлоос эс няцаж, үйл хэргийг нь тууштай өвлөн үргэлжлүүлнэ гэж санажээ. Парламентын орлогч дарга нар болох Бо И-бо, Ши жүн-шүнь, Чэнь-и нарын хөвгүүд болох Бо ши-лай, Ши жинь-пин, Чэнь-соу, Дэд ерөнхий сайд Яао и-линь-ы хүргэн Ван чи-шань болон нийт гурван зуу гаруй элит улс төрчид энэ бүлэглэлд багтдаг билээ. Тэд үзэл бодол, зорилго тэмүүллээрээ «Шанхайн бүлэглэл»-тэй нэн ойр.
13 жил төр барьсан Жян зэ-минь болон түүний баг 2002 онд тэтгэвэрт гарч, залуу лидер Ху жинь-тао, Вэнь жя-бао нар тэднийг залгамжлав. Гэвч шинэ удирдлагын есөн гишүүний долоо нь «Шанхайн бүлэглэл»-ийн төлөөлөл, мөн Жян зэ-минь цэргийн эрхийг атгасаар байсан нь Ху жинь-тао-г «өргөмжит удирдагч» болгоход хүргэжээ. Харин хоёр жилийн дараа Ху жинь-тао хууль ёсоор зэвсэгт хүчнийг захирах болж, зоримог, шийдэмгий зан чанар нь ажил хэрэгт нь тодрон илэрч эхэлсэн юм. Тэрээр 2007 онд намын ээлжит их хурлын өмнө Жян зэ-минь-ий «Шанхайн бүлэглэл»-ийн эсрэг дайралт хийв. Синьхуа агентлаг «намын доторхи элдэв бүлэглэлтэй хатуу тэмцэхийг» уриалсан нь мэдээж намын дарга Ху жинь-тао-гын байр суурь хэмээн ойлгогджээ. Удалгүй Шанхай мужийн намын дарга Чэнь лян-юй-г авилгалын хэргээр баривчилж, уг дуулианыг улам дэвэргэж, улмаар намын дараачийн удирдагч гэгдэж байсан Зэн чин-хуныг тэтгэвэрт нь гаргаснаар ээлжит цохилтууд хийгджээ. 2007 онд ХКН-ын 17-р их хурлаар Ху жинь-тао-гын залгамжлагч тодрох ёстой байсан. Судлаачид тухайн үед олон хүнийг таамаглаж байсан хэдий ч их хурлын сүүлчийн өдөр бүгд няцаагдав. Их хурлаар хэний ч таамаглаагүй Шанхай мужийн намын дарга Ши жинь-пин-ийг Ху жинь-тао-гын залгамжлагчаар тодруулж, БНХАУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэгэхэд албан бус зарим эх сурвалж «Ху жинь-тао залгамжлагчаараа өөрийн фракцын төлөөлөл болох Коммунист Залуучуудын Эвлэлийн дарга Ли Кэ-чяныг тодруулахаар оролдсон ч цохилтонд балмагдсан Жян Зэ-минь зэрэг хуучин удирдагчид Төв Хорооны ихэнхи хувийг эзэлдэг орон нутгийн намын дарга нарын хүчинд дулдуйдан түүнд саад хийлээ» гэж таамагласан нь үнэнд дөхөх болов уу. Ху жинь-тао Ли-кэ-чян-ыг залгамжлагчаа болгож чадаагүй ч гэсэн дэд ерөнхий сайдаар томилж, өдгөө Ли Кэ-чян Хятадын Ерөнхий сайдаар сонгогдох гэж буй билээ.
Нэр төртэй ахмад хувьсгалчын хүү, Ардын чөлөөлөх армийн офицер, орон нутгийн намын нөлөө бүхий зүтгэлтэн, танил талын итгэлцэл, бизнесийн хүрээний найдлагыг биедээ татдаг Ши жинь-пин эцэстээ «Шанхайн бүлэглэл», «Тайж нарын бүлэглэл», зэвсэгт хүчин, орон нутгийн намын дарга нарын дэмжлэгээр Ху жинь-тао-гын залгамжлагчаар тодорсон юм. Далд өрнөсөн «Шанхайн бүлэглэл» болон «Коммунист Залуучуудын эвлэлийн бүлэглэл»-ийн хурц ширүүн өрсөлдөөн тэнцлээр өрнөж, харилцан буулт хийснээр өндөрлөжээ.
УГТАХ ИРЭЭДҮЙД ЮУ ХҮЛЭЭН ВЭ?
Өнгөрсөн таван жилд дээрхи хоёр бүлэглэл эдийн засгийг удирдан хөтлөх арга барилын талаар сүрхий зөрчилдөв. Залуу улс төрч Бо ши-лай Чунчин хотыг удирдахдаа хяналтыг чангатгаж, төрийн оролцоог эрс нэмэгдүүлж, субботникийн зарчмаар иргэдийг залж, статизмын бодлого одоо ч хуучраагүйг амьдрал дээр нотлохыг хичээсэн нь «Шанхайн бүлэглэл»-ийн үзэл бодлын биет загвар болжээ. Үүний эсрэг Ху жинь-тао, Вэнь жя-бао нар өөрсдийн үзэл баримтлалыг тусгаж, харьцангуй либерал, иргэний оролцоо, хяналтыг нэмэгдүүлсэн, намаас илүү төрийн байгууллагад эрх дарх олгосон, ил тод байдлыг чухалчилсан туршилтыг Өмнөд Хятадын Гуандун мужид хийж, тус мужийн намын дарга Ван ян-аар гардан удирдуулжээ. Тэс өөр үзэл баримтлал бүхий хоёр туршилтын бүс нутгийн ялгаа хэдхэн жилд улам холдож, Гуандун муж илт ялгаран хөгжив. Үүнд зарим дэвсгэр нөхцөл, инерц, газар зүйн байршил ч бас нөлөөлсөн юм.
Бо ши-лай бол өнөө цагт Хятадад тийм ч олон тохиохгүй хатуу коммунист, Маоист улс төрч гэдгээ ажил хэрэгтээ нотлон харуулсан байдаг. Тэрээр Чунчин хотын телевизүүдээр зар сурталчилгаа явуулахыг хориглож, оронд нь Соёлын хувьсгалын үеийн дуу, шүлэг нэвтрүүлж, Мао Зэ-дун-ы афоризмуудыг иргэдэд мессежээр түгээж, оюутнууд, төрийн албан хаагчдыг тосгонд амьдрал судлуулахаар илгээж байв. Харин Ван ян Гуандун мужаар аялан иргэдэд ардчилалыг ухуулж, Ду-дань хотод анхны чөлөөт сонгуулийг туршилтын журмаар явуулахад жаран мянган оршин суугч саналаа өгчээ.
Өнгөрөгч оны сүүлчээс эхлэн «Коммунист Залуучуудын Эвлэлийн бүлэглэл» Бо ши-лай-н эсрэг дайралт хийж эхэлжээ. Ерөнхий сайд Вэнь жя-бао түүнд таагүй ханддагаа огт нуулгүй, «тэр (Бо ши-лай) Соёлын хувьсгалын айдсыг дахин сэргээв» гэж шүүмжилсэн бөгөөд Чунчин хотод орон нутгийн намын байгууллагын хэт хатуу захиргаадалтыг эсэргүүцсэн иргэдийн бослого, тэмцэл улам ширүүсч, төд удалгүй «Ван ли жүнь-ий хэрэг явдал» хийгээд «Гу кай-лай-н дуулиан» дэгдэн Бо ши-лай-г албанаас нь чөлөөлжээ. Улс төрийн хатуу тоглоомд ялагдсан Бо ши-лай-н улс төрийн хувь заяа гунигтай төгссөнийг бүгд мэдэх билээ.
2012 оны арван нэгдүгээр сарын 15-нд ХКН-ын 18-р их хурлаас сонгогдсон Төв Хорооны анхдугаар бүгд хурлаар дээд удирдлагын долоон гишүүнийг сонгов. Үүнээс дөрөв нь «Тайж нарын бүлэглэл», харин гурав нь «Коммунист Залуучуудын Эвлэлийн бүлэглэл»-ийн төлөөлөл бөгөөд Ши жинь-пин, Ли Кэ-чян нараас бусад нь 65-67 настай ахимаг улс төрчид ажээ. Тэдний явуулах бодлого нь эрс тэс биш, харин чамбай дэнсэлсэн, нэн хашир, тэнцвэртэй шинжийг агуулах бололтой гэж шинжээчид үзэж байна. Уг таамаглал нь тухайн удирдагчдын хувийн зан төрх, туулсан амьдрал, үзэл баримтлалд тулгуурласан нь мэдээж.
Ерөнхийлөгч Ху жинь-тао уламжлал ёсоор цэргийн эрхийг атгаж, дээд удирдлага дахь өөрийн фракцын төлөөллөөр дамжуулан нэр нөлөөгөө хадгалах бололтой гэж олон хүн таамагласан хэдий ч тэрээр Ши жинь-пинд бүх эрх дархаа шилжүүллээ. Ху жинь-тао 2002 онд намын дарга болсон боловч хуучин удирдагч Жян зэ-минь зэвсэгт хүчнийг үргэлжлэн удирдаж байсан нь тэдний бодлого өөр байсантай холбоотой. Харин өдгөө Ху жинь-тао нам, төр, цэргийн бүх эрхийг шинэ удирдагч Ши жинь-пинд шилжүүлсэн нь үзэл баримтлал нь нэгэн цэгт огтлолцож, түүнд бүрэн итгэл хүлээлгэснээр тайлбарлаж болох юм.
Ши жинь-пин ойрын жилүүдэд бие даасан шийдэмгий бодлого явуулах бодит боломж, таатай орчин, улс төрийн нөхцөл тун эевэргүү байна. Ху жинь-тао, Вэнь жя-бао нар «шинэчлэл»-ийг улс төр, эдийн засгийн цогц утгаар ойлгож байсан бол шинэ удирдагчид нь зөвхөн эдийн засгийн хүрээгээр хязгаарлах төлөвтэй байна.
Хятад улс гадаад болон дотоод орчны нөлөөллөөс улбаалж, эдийн засгийн саармагжилд автав. Гэвч төрийн шинэ бодлого хэмээн чухалчлагдсан «эдийн засгийн шинэ загвар» нь алс хэтдээ хямралыг даван туулах, тогтвортой хөгжлийг буй болгох урьдач нөхцөл нь болж байгаа билээ.
Хүн ам сийрэг, бусдад нөлөөлөх чадавхи сул манай орны эдийн засаг аугаа их хоёр хөршөөс бүрэн хамааралтай (гадаад худалдааны 56%, нүүрсний экспортын 94% Хятадаас хамаардаг) тул тэдгээр оронд үүссэн хүчит салхи бидэнд давалгаа болохыг үгүйсгэхгүй. Гэвч ойрын жилүүдэд тийм ноцтой төлөв ажиглагдахгүй байна. Учир нь Хятадын (хөрөнгө оруулалтыг баримжаалсан) эдийн засаг саармагжсан боловч хэрэглээ нь эрчимтэй өссөн. Энэ жилийн хэрэглээний үзүүлэлт нь 2002 оноос хойш анх удаа хөрөнгө оруулалтын салбарын статистикаас давсан болохыг шинжээчид онцолжээ. Гэхдээ Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр хэрхэн хэлбэлзэхээс олон зүйл шалтгаалах билээ.
Бага жижиг орны гадаад эдийн засгийн бодлого нь үндэсний хувь заяаны залуур болдог. Монгол Хятадын харилцаа нь гүнзгий шинж чанартай боловч агуулга муутай. Хятадын талаар баримтлах нэгдсэн бодлого, асуудлыг далайцтай шийдэх механизм, төрийн бүтэц үгүйлэгдэж буйг судлаач, шинжээчид ахин дахин хэлсээр иржээ. Түүнчлэн Монгол дахь үндсэрхэг үзлийн хэт дэврүүн номлол нь хоёр орны харилцаанд аймшигтай жавар болж байна.
Хятад Улс урьдын идэвхитэй бодлогоос түр татгалзаж, эдийн засгийн бүтцийн шилжилт хийхэд анхаарч эхэллээ. Гэхдээ үүнийг «Хятад балмагдан доройтсон хэрэг огт биш. Харин дараагийн агуу зорилгодоо төвлөрч байна» гэж дүгнэвэл зохимжтой болов уу.
Ч.Содбилэг
Enkh-Amgalan