Нэг. Их 20 /G-20/ орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалт
Бие даасан статистикийн судалгаа, дүгнэлт гаргадаг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн Захиргаа /EIA/-ны мэдээгээр дэлхий дээр жилд 29,195,42 сая тн хүлэмжийн хий агаарт цацагдаж байна. Үүний ихэнхи хувийг хөгжингүй орнууд ялгаруулж байдаг ажээ. Тус захиргааны хамгийн сүүлийн /2019 оны 8-р сар/ судалгаанаас Их 20 буюу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтын өнөөгийн түвшинг харж болно*.  Үүнд:
 
Улс       СО2,сая тн      1 хүнд ногдох СО2 хаягдал /тн/    Дэлхийд эзлэх байр       
Хятад        6,284                            4,8                                              1       
АНУ          6,007                           19,9                                              2       
ОХУ          1,673                           11,8                                              3       
Энэтхэг     1,401                            1,2                                              4       
Япон         1,262                            9,9                                              5                  
Герман        835                           10,1                                              6       
Канад          590                             18                                               7       
Их Британи    564                           9,3                                              8       
Өмнөд Солонгос    516                  10,6                                             9              
Итали           461                             7,9                                            11       
Австрали      456                             22                                             12       
Мексик         453                            4,2                                             13       
ӨАБНУ         452                            9,4                                             14       
Саудын Араб    434                      15,8                                             15       
Франц          405                            6,3                                             16                  
Бразил         398                            2,1                                             17       
Индонези     319                            1,3                                              20       
Түрк             277                            3,7                                              23       
Аргентин      166                            4,1                                              29       
ЕХ                4,257                         8,7        
*EIA-ийн мэдээлэл

Хоёр. Авч буй амлалт, байр суурь

            
Дэлхий дээр ялгаруулж буй хүлэмжийн хийн дийлэнхийг “үйлдвэрлэдэг” Их 20-д хамаарах орнууд өөрсдийн “алдаагаа засах”-ын тулд дэлхий нийтийн өмнө ямар тодорхой амлалт үүрэг авч байгааг Би-Би-Си-гийн нэгтгэн боловсруулсан мэдээнээс орон бүрээр харж болох юм. Үүнд:

Хятад

·    2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2005 онтой харьцуулахад ДНБ-ний 40-45% -тай тэнцэх нэгжээр бууруулах
·    Хөгжингүй орнууд 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оныхтой харьцуулахад 40% бууруулахыг Бээжин шаардаж байгаа
·    Хөгжингүй орнууд ДНБ-нийхээ 1% хувийг хөгжиж буй орнуудын шинэ нөхцөлд дасан зохицоход нь туслахад зарцуулах ёстой гэж БНХАУ-ын засгийн газар үздэг
·    Үүнээс гадна Хятадын удирдлага Барууны орнуудын зүгээс экологийн цэвэр шинэ технологи хөгжиж буй орнуудад олгохыг хүсч байна.

АНУ

·    2020 он гэхэд 2005 онтой харьцуулахад ялгаруулалтыг 17% бууруулах шийдвэрийг Конгресс батлах ёстой. Энэ нь 1990 оны түвшинтэй харьцуулахад 4% бууруулна гэсэн үг.
·    Вашингтон Киотогийн Протоколын нэгэн адил олон улсын эрх зүйн амлалт шаардсан шинэ гэрээ байгуулахын эсрэг зогсож байгаа.
·    Мөн Хятад, Энэтхэг, ӨАБНУ, Бразил улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтын өсөлтөө  багасгахыг шаардаж байгаа.
·    Уур амьсгалын тухай хууль нь Сенат дээрээ “түгжигдсэн”.

ОХУ

·    1990 онтой харьцуулахад 2020 он гэхэд ялгаварлалтаа 20-25% бууруулах зорилтоо албан бусаар зарласан.
·    Орос дахь 1990-ээд оны эдийн засгийн уналт 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаварлалтыг 2005 онтой харьцуулахад гуравны нэг орчим хувиар өсгөхөд хүргэж байгаа нь дээрх авсан амлалтаа тэртэй тэргүй биелүүлэх боломжийг ОХУ-д олгоно.

Энэтхэг

·    Дели хүлэмжийн хийн ялгаварлалтын өсөлтийг хязгаарлахтай санал нийлж байгаа боловч, албан ёсны амлалт авах бодолгүй байна.
·     Уур амьсгалын өөрчлөлтийн хариуцлага хөгжингүй орнуудад ногдоно хэмээн мэдэгдэж, 1 хүнд ногдох хаягдлын хэмжээ хэт зөрүүтэй байгааг нотолдог.
·    Хөгжингүй орнууд хаягдлын түвшинг мэдэгдэхүйцээр бууруулахын зэрэгцээ  “ногоон” технологио хуваалцахыг шаарддаг.
·    Үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудад зориулсан эрх зүйн амлалт бүхий Киотогийн хувилбарыг нэвтрүүлэхийг дэмждэг.

Япон

·    Хэрэв бусад орнууд ижил хэмжээний санаачлага гаргавал, 2020 он гэхэд 1990 онтой харьцуулахад хаягдлын түвшинг 25% бууруулахад бэлэн.
·    Ийм хэмжээний бууруулалт нь хаягдлын хэмжээг 10 жилийн хугацаанд 30% багасгана гэсэн үг. Японы аж үйлдвэр эрхлэгчдийн хувьд ийм амлалт бүхий шийдвэр гаргахын эсрэг  байр суурьтай байдаг.
·    Ерөнхий сайд Хатояма  хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүү, техникийн тусламжаа нэмэгдүүлэхийг санал болгосон.
·    Улс орон бүр хаягдлыг багасгах өөрийн зорилтоо дэвшүүлж байх  санаачлагыг дэмжиж байгаа.

Герман

·    Герман улс хүлэмжийн хийн ялгаварлалтыг 2020 он гэхэд 40% бууруулахаар амласан нь Европын Холбооны хэмжээнд бүхэлдээ бууруулахаар баримжаалж буй хувь хэмжээнээс 2 дахин өндөр амлалт юм.
·    Берлин ЕХ-ны шаардлагатай харьцуулахад илүү их шинэчлэлтийн чанартай шаардлага бүхий “Найман бүлэгт төлөвлөгөө” нэвтрүүлж эхэлсэн.
·    Тухайлбал, уг төлөвлөгөөнд улс орныхоо эрчим хүчний эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 27% хүргэхээр амласан байна.

Канад

·    10 жил хэлэлцсний эцэст хүлэмжийн хийн хаягдлыг 2006 оны түвшинтэй харьцуулахад 20% бууруулах төлөвлөгөөг Засгийн газар нь танилцуулсан. Энэ нь 1990 оны түвшинээс 3% бууруулна гэсэн үг.
·    Эдний авсан амлалт шүүмжлэгдэж, улс төрчид, шинжээчдийн зүгээс “тэнцвэргүй” гэж нэрлэж байгаа.

Их Британи

·    Британийн 2008 оны “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Акт” буюу хууль нь 2050 он гэхэд 1990 онтой харьцуулахад хаягдлыг 80% багасгах амлалтыг хуульчилсан баримт бичиг болсон. 2020 он гэхэд 34% багасгасан байна.
·    Зарим шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр амлалтууд нь бодитой биш бөгөөд хаягдлын ийм их хэмжээний бууралтыг гагцхүү 2100 оны үед хангах боломжтой гэнэ.
·    Британийн инженер-механикийн Хүрээлэнгийн тооцоолсноор эрчим хүчний хэрэглээг 50 хувиар бууруулаад ч хангалтгүй бөгөөд энэ амлалтыг биелүүлэхийн тулд Британид 16 атомын цахилгаан станц болон 27 мянган салхин хөдөлгүүр шинээр барих хэрэгтэй болох юм байна.

Өмнөд Солонгос

·    2020 он гэхэд хаягдлаа 4% бууруулах бодолтой байгаагаа зарласан. Хэрэв эдийн засгийн болон эрчим хүчний хэрэглээний өнөөгийн өсөлт хадгалагдвал, хүлэмжийн хийн ялгаварлалт гуравны нэг орчим хувиар нэмэгдэнэ. Копенгагенд олон улсын хэлэлцээ байгуулж чадахгүй ч гэсэн амлалтаа биелүүлэхээ Сеүл мэдэгдэж байгаа юм.
·    Солонгосын аж үйлдвэрийн гигантуудын удирдлага урьдын адил хөгжиж буй оронд тооцогдсоор байхад Засгийн газар хэт түргэдсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
·    Түүнээс гадна Сеүл ДНБ-нийхээ 2%-ийг “ногоон” технологи боловсруулах, нэвтрүүлэхэд зарцуулахад бэлэн байна.

Итали

·    Хорт хаягдлыг буруулах чиглэлд Европын сүүл мушгигчдын нэг гэж үзддэг.
·    2001-2006 онуудад хаягдлын хэмжээ ДНБ-нээсээ илүү өссөн.
·    Еврокомиссийн мэдээгээр Италид 2007 онд СО2-ын хаягдал 550 сая тонн болж, 1990 оны түвшинээс 7% өссөн байна.

Австрали

·    2020 он гэхэд хаягдлын хэмжээг 2000 оны түвшинтэй харьцуулахад 5-15% бууруулах шинэ хуулийн хэлэлцүүлэг дуусч байгаа.
·    Засгийн газар нь багц арга хэмжээний төслийг Сенатад өргөн барьсан ч сөрөг хүчний зүгээс батлах ажиллагаанд саад учруулаад байна.

Мексик

·    2050 он гэхэд хорт хаягдлыг 2002 оны түвшинтэй харьцуулахад 50% багасгах амлалтыг сайн дураараа авсан.
·    Түүнээс гадна, нэн ядуу орнуудаас бусад бүх орон оролцож, дэлхий дахинд экологийн төслүүдийг санхүүжүүлэх “Нийтийн Ногоон Сан” /Global Green Fund/ байгуулахын төлөө байр суурийг идэвхитэй баримтладаг.
·    Мексик хаягдлыг хязгаарлах болон квот худалдаалах тогтолцоог үндэсний хэмжээнд 2012 он гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тогтолцооны үндсэн оролцогчид нь цемент үйлдвэрлэгчид болон газрын тосныхон байхаар тооцож байгаа бөгөөд цаашид өөрийн тогтолцоог америкийн тогтолцоотой нэгтгэх бололтой.

ӨАБНУ

·    ӨАБНУ хүлэмжийн хийн хаягдалд сайн дураар хязгаарлалт тогтоож, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
·    Хаягдлыг 2050 он гэхэд 30% бууруулсан байхыг Засгийн газар нь хүлээн зөвшөөрсөн.
·    Хаягдлыг бууруулах олон улсын эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хэлэлцээрийг Копенгагенд байгуулж чадна хэмээн ӨАБНУ тооцолж байсан. Түүнчлэн ӨАБНУ-ын Засгийн газар хөгжиж буй орнуудыг өөрийн жишээгээр үлгэрлэн дагуулахын тулд хүчин чармайлт гаргахыг хөгжингүй орнуудад уриалж байгаа.

Саудын Араб

·    Хаягдлын аливаа хязгаарлалтыг эсэргүүцэж байгаагийнхаа төлөө тал талаасаа шүүмжлэлд өртөж байгаа.
·    Хэрэв шинэ хэлэлцээрээр нефть бүтээгдэхүүний хэрэглээг багасгахаар тогтвол нефть үйлдвэрлэгчдэд нөхөн олговор авахыг ОПЕК-ын гишүүн бусад орнуудын хамт хүсч байгаа.
·    Нүүрс хүчлийн хийг шүүж авах, хадгалах технологийг урагшлуулахын төлөө байдаг.
·    2007 онд ОПЕК-ын орнууд 750 сая ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтийг судлах санд оруулахаа зарласан.

Франц

·    Ирэх жилээс нефть, хий болон нүүрсний хэрэглээг хамруулан хүлэмжийн хийн аливаа хаягдалд шинэ татварыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
·    Шинэ татварыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Хаягдлын квотын худалдааны Европын сүлжээнд хамааралгүй хувь хүн, үйлдвэрийн газрууд татварыг заавал төлөх болно.
·    Францийн олон нийт шинэ журмыг таатай бус хүлээн авч байна. Энэ нь үнийн өсөлтөд хүргэнэ хэмээн олонхи нь таамаглаж байна.

Бразил

·    Энэтхэг, Хятадын нэгэн адил байр суурийг удаан баримталж байгаа бөгөөд хаягдлыг багасгах үндсэн ачаалалыг хөгжингүй орнууд үүрэх ёстой гэж үздэг.
·    Ерөнхийлөгч Лула да Силва ойрмогхон, түүний эх орон хаягдлыг 2020 он гэхэд өнөөдрийн түвшингээс 36% бага байлгахын төлөө байгааг зарласан. Түүний хэлснээр бол хаягдлын нийт бууралтын 80 хувийг ойг хамгаалах замаар хангах боломжтой аж.
·    Бразил ойн мөхөл болон хөрсний доройтолтой холбоотой үүсч буй хаягдлыг бууруулах чиглэлээр олон улсын гэрээ хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Засгийн газрууд квотын худалдааг баримжаалахаасаа илүүтэй нийгмийн сангуудыг байгуулах ёстой гэсэн байр суурийг тус улс мөн баримталдаг.

Индонези

·    Засгийн газар нь СО2-ын хаягдлыг 2020 онд 2005 оны түвшинтэй харьцуулахад 26% бууруулахаар төлөвлөж байгаагаа зарласан.
·    Ой огтлолтыг зогсоож, улс орондоо эрчим хүчний шинэтгэл хийж чадвал зорилгодоо хүрч чадна гэж Жакарта үзэж байна.
·    Уур амьсгалын өөрчлөлтийн Үндсэний зөвлөлийнх нь тооцоолж байгаагаар хаягдлыг 40% бууруулахад 32 тэрбум ам.доллар шаардлагатай болно. Энэхүү зардлын дийлэнхийг хөгжингүй орнуудын тусламжаар нөхнө.

Турк

·    2009 оны Хоёрдугаар сар хүртэл Киотогийн протоколыг соёрхон батлаагүй.
·    Шүүмжлэгчид энэхүү хойрго байдлаасаа болж Турк улс Киотод хийсэн хэлэлцээрээр олгогдсон санхүүгийн багагүй ашиг олох боломжоо алдсан гэж үздэг.
Аргентин

·    Шинэ технологи олж авах шаардлагатай байгаагаа тунхагладаг хөгжиж буй орнуудыг нэгтгэсэн “77”-гийн бүлэгт хамаардаг.
·    Одоо хүртэл Засгийн газрынх нь зүгээс улс орноо шинэ нөхцөлд дасан зохицоход нь тус дэм болох ямар нэгэн арга хэмжээг аваагүй, хаягдлыг багасгах талаар ямар ч амлалт аваагүй.

Европын Холбоо

·    Копенгагены Дээд хэмжээний уулзалтад гол үүрэг гүйцэтгэхийг зорьсон.
·    2020 он гэхэд 1990 оны түвшинтэй харьцуулахад хаягдлыг 20% бууруулахыг зорьж байгаа. Хэрэв аж үйлдвэржсэн бусад том орнууд хүлээн зөвшөөрвөл ЕХ энэ түвшингээ дээшлүүлж, хаягдлыг 30% бууруулахад бэлэн.
·    Баян орнууд 2050 он гэхэд хаягдлыг 80-95% бууруулсан байхыг ЕХ хүсч байгаа.
·    Түүний зэрэгцээ хөгжиж буй орнууд СО2-ын хаягдлын өсөлтийг удаашруулан барьж байхыг хүсч байна.
·    Европын Холбоо шинэ нөхцлийг даван туулахад нь ядуу буурай орнуудад туслах зорилгоор 7-22 тэрбум ам.доллар зарцуулахаа зарласан. 2020 он гэхэд ийм төрлийн тусламжийн хэмжээ  жилд 150 тэрбум ам.долларт хүрч болзошгүй.
 
Гурав. Копенгагенд ямар үр дүнд хүрсэн бэ?

Дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж байсан Копенгагены Бага хурал, түүний  хүрээнд болсон Дээд хэмжээний уулзалт, гаргасан төгсгөлийн баримт бичиг болох “Копенгагены тохиролцоо”/Copenhagen Accord/ нь ямар үр дүнд хүрсэн талаар улс орнууд, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд янз бүрээр дүгнэн бичиж байна. Тухайлбал, Европын Холбоог даргалж байсан Швед улс:
1.    Дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй барьж байх зорилтыг тохиролцсон,
2.    Хөгжиж байгаа орнуудын дасан зохицох болон шинэ технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх амлалтаа нотолсон,
3.    Эрчимтэй хөгжиж буй томоохон орнууд зохих амлалт авч, бууруулалтаа мэдээлж байхаа нотолсон зэргийг Копенгагены дээд хэмжээний уулзалтын нааштай үр дүн гэж үзэж байна.
Шведийн Ерөнхий сайд Рейнфелд өөрийн намын нөхдийн өмнө Копенгагены уур амьсгалын Дээд хэмжээний уулзалтын талаар хэлсэн үгэндээ: “Яриа хэлцэл амжилтад хүрээгүйн шалтгаан бол маш энгийн бөгөөд, зөвхөн туршлага дутсан хэрэг байлаа” гэж хэллээ хэмээн Шведийн “Өдрийн мэдээ” /Dagens Nyheter/ сонин бичжээ.
Үүний зэрэгцээ, Копенгагенд ЕХ болон 77-гийн бүлгийн хоорондын яриа хэлэлцээг зохицуулж байсан, Шведийн Байгаль орчны сайд Андреас Карлгрэн нь: “Дэлхий дахины уур амьсгалын хамтын ажиллагааны эрчимжих ёстой. Тэгэхгүй бол “уур амьсгалын үндсэрхэг үзэл” ч газар авч болзошгүй. Тиймээс бид уур амьсгалыг хамгаалах хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн хэлэлцээрийн дүнг
-    Копенгагены хэлэлцээр зөвхөн сайхан санаа юу?
-    Төгсгөлийн баримт бичиг болох улс төрийн тунхаглал нь чиглэл заасан төдий цаас уу?
-    Уулзалт тулгалт биш, харилцан хийх хэлцэл болов гэх мэтээр янз бүрээр Копенгагены үйл явц болон үр дүнг тайлбарлаж байна.
Тухайлбал, Financial Times өөрийн редакцийн өгүүлэлээ Копенгагены Дээд хэмжээний уулзалтад зориулсан байна. Уг сонинд бичсэнээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Копенгаген явахын өмнө Цагаан ордны төлөөлөгч “уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх утга учиргүй гэрээ нь ямар ч гэрээгүй байснаас долоон дор” хэмээн мэдэгдэж байсныг тэмдэглээд Дээд хэмжээний уулзалтын дүнд Обамагийн “чухал түлхэц” гэж нэрлэсэн “Копенгагены тохиролцоо”-г жинхэнэ “утга учиргүй гэрээ” байгуулагдав гэж үнэлсэн байна.  Файнэншил таймс  цааш нь “АНУ, Хятад, Энэтхэг, Бразил болон ӨАБНУ-ын хүчин чармайлтаар байгуулагдсан хэлэлцээр нь зөвхөн сайн санааны л илэрхийлэл юм” гэж дүгнээд, үр дүнд нь Обамагийн нэр хүнд нутагтаа ч, гадаад ч алдагдлаа гэж бичсэн байна.

Учир нь “Төгсгөлийн баримт бичигт агаарын хэмийг цельсийн 2 градусаас хэтрүүлэхгүй барьж байх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, хөгжингүй орнуудыг 2020 он гэхэд хөгжиж буй орнуудад 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг уриалсан ч гэсэн хэн энэ мөнгийг гаргах талаар огт дурьдаагүй. Иймээс Копенгагены хэлэлцээрээр тодорхой алхам хийх талаар хэнд ч  үүрэг хариуцлага хүлээлгээгүй” гэж Файнэншил таймс  үзэж байгаа юм байна. Сонин цааш нь: “улс орон бүрийн Засгийн газар хэдийгээр ил хэлж чадахгүй ч гэсэн Копенгагены Дээд хэмжээний уулзалтын үр дүн нь “ямар ч үр дүнгүйгээс” долоон дор юм болсон гэдгийг ойлгох ёстой” гэж бичжээ. Эцэст нь, “хэрэв улс төрчид иймэрхүү үйл явдалд олон нийтийн анхаарлыг онцгой хандуулсан бол тэд тодорхой үр дүнд хүрсэн байх ёстой учир уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амин чухал энэ асуудалд олон улсын хамтын ажиллагаа улам чухал болж байгааг энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтын дүн харууллаа” гэж дүгнэсэн байна.

Daily Telegraph сонин редакцийн өгүүлэлдээ “улс төрийн том зүтгэлтнүүд голцуу асуудлын хариултад цэг тавьж, алдар хүндийн туяанд умбахын тулд дээд хэмжээний уулзалтуудын төгсгөлрүү ирдэг” гэж шүүмжлээд, Данийн нийслэлд маш олон орны тэргүүн нар цугларсан хэлэлцээрийн сүүлчийн хоёр өдөр “эрин зууны гэрээ байгуулна гэхээсээ илүүтэй гутамшигт сүйрэлээс зайлсхийхийн тулд тэдэнд ул суурьтай ажиллахаас өөр аргагүй байдалд хүрсэн нь ойлгогдсон” гэдгийг онцолсон байна. “Копенгагены үр дүнг олон улсын хэлэлцээр гэж нэрлэж болохгүй, харин амьдралд хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл гэвэл зохилтой” гэж уг сонин хатуу дүгнэсэн байна.

Дэйли телеграф цааш нь бичихдээ: “Дэлхийн эдийн засаг сүүлийн 80 жилийн хамгийн хүнд хямралаас бага зэрэг гарч байгаа энэ цаг үед хэрэгжүүлэхэд тэдний халаасанд хүндээр тусч мэдэх саналыг бараг бүх орны засгийн газар тийм ч урам зоригтой хүлээж авсангүй” гээд гэхдээ, “хэлэлцээрт хүрэхэд учирсан хамгийн гол саад тотгор бол хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын хоорондын байр суурийн зааг ялгаа байлаа” гэсэн байна.

Барууны орнуудын адил амьдралын түвшинд хүрэхийг зорьж буй хөгжиж байгаа  орнууд барууны орнууд тухайн цаг үедээ хийсэн шиг өөрийн эдийн засгийг хөгжүүлэх эрхтэй гэдэгтээ үндэслэн хүлэмжийн хийн хаягдлыг заавал буруулах амлалтыг хүлээн авахад бэлэн бус байгааг уг сонин онцолжээ. Сонин цаашид яах вэ? гэсэн асуулт тавиад “одоо улс төрчид шинэ яриа хэлэлцээг өөрийн ард түмэнтэйгээ хийж эхлэх ёстой” гэж өөрөө хариулсан байна.

Guardian сонин Копенгагены үр дүнд шүүмжлэлтэй хандаж болох ч уг үйл явц нь өөрөө хэд хэдэн чухал жишиг тогтоолоо гээд, гол нь Баруун цаашид өөрийн нөхцлийг зүгээр л тулгаад байж чадахгүй, харин тэдний санаа бодолд анхааралтай хандах ёстой гэсэн ойлголтыг хөгжиж байгаа орнууд өгч чадсан тул “Дэлхий ертөнцийг тулган хүлээлгэх замаар бус яриа хэлцлийн замаар л аварч болно гэдгийг Баруун одоо ойлгосон” гэж редакцийн өгүүлэлдээ онцлон тэмдэглэсэн байна.

Данийн нийслэлээс буцаж буй олон хүн “Хятад, Энэтхэг зэрэг хүчирхэг хөгжиж буй эдийн засагтай орнууд өөрсдийн нөхцлийг дэлхий дахинаа тулган хүлээлгэж чадахыг харуулснаар дэлхий нийтийн дэг журам дахь өсөн нэмэгдэж буй шинэ хандлагыг тодорхойлох асуултад Копенгаген зохих хариулт өглөө” гэж үзэх болсон байна. Үүнийг хөгжингүй орны нэгэн өндөр албаны хүн “Энэ бол геополитикийн хөгжил хөдөлгөөнд гарч буй өөрчлөлт” гэж хэллээ хэмээн Стокгольмын мэдээ /Stockholm news/ вэб сайт мэдээлсэн байна.

Копенгагены дараа ажиглагдсан өөр нэг шинэ үйл явц бол нүүрс хүчлийн хийн худалдаанд гарч буй үнийн бууралт юм. Тухайлбал, “хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах талаар тавьсан зорилгодоо хүрч чадаагүй Бага хурлын дараа Европын нүүрс хүчлийн хийн хаягдлын худалдаанд 2010 оны 12 дугаар сар хүртэл барих ЕХ-ны бодлогын ханш 8,7 хувиар огцом унаж, нэг тонн нь 12,40 евро боллоо” гэж Файнэншил таймс  2009 оны 12 дугаар сарын 21-ны дугаартаа мэдээлсэн байна.

*         *        *

Энэ бүхнээс үзэхэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор ордог Монгол улсын хувьд дэлхийн геополитикт орж буй хөгжил, хөдөлгөөнийг нарийн тооцож, Копенгагены дараа үргэлжлэх олон улсын яриа хэлэлцээрүүдэд идэвхитэй оролцох чиглэл баримтлахын хамт хөгжиж буй орнуудыг нэгтгэдэг 77-гийн бүлгийн баримталж буй байр суурийн талаар нухацтай судлан, хөгжингүй орнууд болон хөгжиж байгаа орнуудын эсрэг тэсрэг хоёр ашиг сонирхлын дундаас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч  болохуйц санал санаачлагыг олж дэвшүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй болов уу.

Харин өөрийн орны дотоодод Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, уул уурхайн болон эрчим хүчний үйлдвэрлэлийн цаашдын эрчимтэй хөгжилтэй уялдуулан хүлэмжийн хийн ялгаварлалыг барьж, улмаар багасгах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийг улам тодорхой болгох нь чухал болж байна.

Доктор /Ph.D./ Б.Энхмандах                            Стокгольм хот. 2009 оны 12-р сар.