Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудпуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.


Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ

  “Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзлээ.

  Урьдчилсан тойм судалгаагаар Тавантолгойн нүүрсийг угаан, экспортод гаргаснаар нэг тонн нүүрснээс 50-60 хүртэл ам.долларын ашиг олох боломжтой. Ингэснээр жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолжээ.

”Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессийн хугацааг сунгав  

Дээрх чиглэлийн концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгалаа.

Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг  гэрээнд нэмж тусгахаар болсон байна.

“Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар хот”, “Аэро сити”, “Тээвэр ложистикийн төв”, “Богдхан төмөр зам” зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.  

Дорноговь аймагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Сайншанд суманд баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.

  Мөн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18 км замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замаас Ханбаянхайрхан хүртэл 6.8 км хатуу хучилттай зам тавихыг судалж шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

  Аймгийн төвийн дулааны станцын хоёр зуухыг шинэчлэх, Замын-Үүд сумын Соёл, спортын төвийн барилгад дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгахаар болов.

“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав

“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрийн дагуу манай экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд тээвэрлэхэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Манай улс дамжин өнгөрөх тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:

Хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг тогтоолоо

Хангайн бүсийн зуны уралдааныг Булган аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Сүхбаатар аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт 2018 оны долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулна.

Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгалаа.

Баруун бүсийн зуны уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байсан Завхан аймгийн төв орчмын нутгаар гандуу, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тул Засаг дарга Д.Батсайхан бүсийн уралдааныг явуулах боломжгүй тухай саналаа ирүүлсэн. Иймд Баруун бүсийн зуны уралдааныг бүсийн уралдааны хуваарьт оруулаагүй байна.   

Томилгоо

 Эрдэнэбатын Эрдэнэсүрэнг Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Э.Эрдэнэсүрэн өмнө нь УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ахлах зөвлөх, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан.

Мөн Самдангийн Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. С.Энхбаатар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн төв, Бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагад мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд даргаар ажиллаж байжээ. 

Товч мэдээ

-  Увс аймгийн Улаангом суманд төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон “Дулааны II станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ыг “Улаангомын дулааны II станц” төрийн өмчит компани болгов.

-  Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц 75.8 хувьтай байна. 2017 оны эцсийн байдлаар 12 яам, дөрвөн агентлагт 60 хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Эдгээрийн 58 нь цаашид үргэлжлэх бөгөөд хоёрынх нь хугацаа дуусгавар болжээ.

-  Энэ оны зургаадугаар сард Архангай, Өвөрхангай аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, голомтыг устгах, хохирлыг арилгахад шаардлагатай 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

-  Долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдаан Булган аймагт, Төвийн бүсийнх Орхон, Зүүн бүсийнх Сүхбаатар, Говийн бүсийнх Дорноговь аймагт болно. Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.