Энэ 7 хоногт
2025 оны 10 үйл явдал, 2026 онд тохиох 10 үйл явдал

2025 оны 10 үйл явдал, 2026 онд тохиох 10 үйл явдал
2025 ОНЫ 10 ҮЙЛ ЯВДАЛ
1. Төрийн үймээн
2025 он – Монгол төр үймсэн жил байлаа. Цаг төрийн жинхэнэ үймээн. Анхдагч учир шалтгааныг нь тоочиж цаг үрж цаас баралгүйгээр зөвхөн дарааллаар нь хөөж үзэхийг хичээвэл, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсон, Засгийн газраас Ардчилсан намын сайд нарыг гаргасан, шинэ Ерөнхий сайд Парламентын гаднаас нэр дэвшиж томилогдсон, өмнөх Засагт байсан намынхаа ихэнх сайд нарааүлдээсэн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр талцаад хоорондоо шууд үзэлцсэн, УИХ-ын гишүүд бараг тэнцүүхэн хуваагдсан, нэг хэсэг нь Ерөнхий сайдыг, нөгөө хэсэг нь УИХ-ын даргыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг уралдаж цуглуулцгаасан, сөрөг хүчинажиглаж байгаад гал нэмж аль алиныг нь огцруулахаар огцом хөдөлсөн, УИХ-ын дарга саналаараа чөлөөлөгдсөн, Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан талынхан Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж өөрсдийнхөө эсрэг санал өгсөн, “хүн бүрийн толгой эргэсэн”, улмаар Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан, түүнээс өмнөхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь УИХ-ын дэд даргыг, мөн УИХ-ын гаргаж болзошгүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд урьдчилж өгсөн, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганыг Дэд дарга удирдсан, 30 хоногийн дотор хэлэлцэж дуусах хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр “чармайж” зүтгэсэн, “сонин сценари”-иар огцруулсан гэдгээ өөрөө хүлээсэн, огцорсон Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд сүүлийн үгээ хэлсэн, УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан, Ерөнхийлөгчийн хоригийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга танилцуулсан, Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдааны бэлтгэлээ ажлын 2 өдөрт “туйлын шуурхай” хангаж хуралдсан, Цэцийн их суудлын хуралдааныг УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч гишүүд хаяж гарсан, улмаар УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татахаа мэдэгдсэн, УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулсан нь хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн эсхүл тогтоосон, Ерөнхийлөгч хоригоо татаж авсан, Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ, эсхүл хэлэлцэхгүй шууд хүлээж авна гэсэн онол практикийн маргаан өрнөсөн, одоо ч дуусаагүй, Ерөнхий сайд ажлаа хэвээр үргэлжлүүлсэн, УИХ төсвөө яарч сандран хуулийн хугацаанд баталсан, төсөв баталсан УИХ-ын чуулганыг сөрөг хүчнийг төлөөлсөн Дэд дарга удирдсан, учир нь эрх баригч намаас УИХ-ын даргагүй, дэд дарга огцорсон, огцруулсан, танхимын зарчмаа барьж ажиллаагүй тул Ерөнхий сайд Шадар сайдаа огцруулсан, үүнийгээ Засгийн газрын хуралдааны үеэр хэвлэлээр ил зарласан, хуралдааны танхимаас гаргасан, огцорсон Шадар сайдын оронд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргыг томилсон, сөрөг хүчин төсөв барьцаалж саналаа худалдсан гэсэн үг яриа эрчим нэмсэн, эрх баригч намын шинээр сонгогдсон дарга УИХ-ын дарга болсон, парламентын спикер намын дарга байх зохимжгүй тухай онол практикийн маргаан өрнөсөн, түр зогссон, Тэргүүн шадар сайд эрх баригч намын дарга улмаар УИХ-ын дарга болсон тул түүний оронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд очсон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын оронд орон нутгаас сонгогдсон гишүүн сайдаар очсон, УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарыг сольсон, томилсон, Байнгын хорооны гишүүдийг хасаж, сольж, нэмсэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг “саналаар нь” татаж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон, Их Хурлын шинэ дарга өмнөх даргынхаа байгуулсан 100 гаруй ажлын хэсгийг татан буулгасан, Ерөнхий сайд өмнөх сайдынхаа бий болгосон 100 гаруй бүтээмжийн болон хяналтын менежерийг чөлөөлсөн, Дэд сайд нарыг шинээр томилсон, сөрөг хүчин энэ шийдвэрийг эрс эсэргүүцсэн, дэд сайд нараа татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн, Ерөнхий сайд шийдвэрээсээ буцахгүй гэдгээмэдэгдсэн, сөрөг хүчин эрх баригч хамтран ажлын хэсэг байгуулсан...
2. УИХ-ын нээлттэй сонсгол: Оюу толгой
2025 он – Оюу толгойг ойлгож мэдсэн жил байлаа. Монгол Улс уул уурхайгаараа олон улсын санхүүгийн зах зээлд эрчимтэй цойлж дараагийн Дубай эсхүл Minegolia гэгдэж байсан үе бий. Оюу толгойн зэс-алтны төсөл хэрэгжиж, Монголын эдийн засагт үлэмж жин нөлөө үзүүлж эхэлсэн нь бодит үнэн. Зөвхөн алтны тогтоогдсон нөөцийн хэмжээгээр дэлхийд 6-д жагсах энэ том уурхай ашиглалтад орж, хүчин чадлаараа бүрэн ашиглах боломж одоо л нээгдэж буй. Гэвч Оюутолгой тойрсон хэл ам, хэрүүл шуугиан хэзээ ч тасраагүй. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 онд Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө, дагалдах гээд тойрч ярих эрх зүйн актууд, эдийн засгийн үзүүлэлтүүд дэндүү олон. Монгол Улсын Их Хурлаас анх удаа нээлттэй сонсголоор “Оюутолгой”-г хэлэлцэж, Монголчуудынхаа мэдэх эрхийг хангалаа. Түр хороог ахалж, ачааны хүндийг үүрч ажилласан О.Батнайрамдал гишүүнд талархаж байна. Залуучуудад даах ачааг жин тунг нь тааруулаад Монгол төр оноолоо. Зүйтэй.
Одоо Монголчууд бид хоорондоо хэл амаа ололцож, эв нэгдлээ хангаж, урагш бүгдээрээ алхаж чадваас хамтаараа хожихоор байна. “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар анх удаа Монгол хүн ч томилогдлоо. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг л болж байна. Оюу толгой хөрөнгө оруулалтаа хийж дууссан, уурхайгаа барьж гүйцээсэн, одоо ашиглаж эхэлнэ. Монголчуудтай Монголчуудаар нь дамжуулж хэл амаа олохыг Рио Тинто хичээж байх шиг. Энэ нь ч шулуухан хэлэхэд аль аль талдаа зөв. Монголчууд хоорондоо учраа олохгүй бол бусадтай олно гэдэг худал. Одоо алдсан ч, оносон ч Монголчууд биднээс бүх зүйл хамаарахаар боллоо. Бөмбөг манай талд байна. Түр хорооны сонсголд үндэслэн УИХ тогтоолоо батална. Засгийн газар хэлэлцээ хийнэ, хэлэлцээр байгуулна. Монгол хүний саруул ухаанд итгэнэ гэдэг үг яагаад ч юм шууд бууж байна. Итгэцгээе.
3. Жагсаал
2025 он - Жагсаалын жил байлаа. Залуус жагсав. Багш нар жагсав. Эмч нар жагсав. Ахмадууд жагсав. Тэвчиж тэвчиж тэвчээр нь тасарч тэд жагсав. Жагсаал зорилгодоо хүрсэн. Залуусын жагсаал Засгийн газрыг хөмрөхөд хүчин зүйл болов. Багш, эмч нарын жагсаал Засгийн газар, УИХ-д нөлөөлж цалингаа үе шаттай нэмүүлэхээр болов. 21-р зуунд эрүүл, боловсролтой Монгол хүнийг бэлтгэх эмч, багш нарынхаа цалинг нэмэх ёстой. Зүй ёсны шаардлага байлаа. Ахмадуудын тэтгэврийг нэмэхээр Засгийн газар гарц эрэлхийлж байна. Олох ёстой. Залуу халуун насаа улс орондоо зориулсан ахмад үеэ сайн сайхан амьдруулах нь төрийн үүрэг, хүн ёсны жам. Ахмадын тэтгэвэр бол халамж биш. Хийсэн ажлынхаа үр шимийг л тэтгэврээрээ хүртэх тухай асуудал юм. Ахмадаа ачлах цаг.
4. Эрх баригч намын зөрчил
2025 он - Эрх баригчдын зөрчил туйлдаа хүрсэн жил байлаа. Эрх баригч намын Бага хурал хуралдаж Засгийн газарт урьж оруулсан сөрөг хүчний гол намаа Засгаас гаргах шийдвэр гаргасан, намын дарга нь хэрэв Бага хурлаас ийм шийдвэр гаргавал Ерөнхий сайдын албаа өгөхөө мэдэгдсэн байсан, намын дарга нь намынхаа шийдвэрт эргэлзэж УИХ-д оруулсан, УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулсан, намын Бага хурал дахин хуралдаж шинэ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлсэн, УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсон, Шинэ Ерөнхий сайд намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн, бэлтгэсэн, гэтэл УИХ-ын дарга намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн, талцал хуваагдал өрнөсөн, Бага хурал, УИХ-ын Намын бүлэг нь ч хуваагдсан. Талцал хуваагдал дээд цэгтээ хүрсэн.
Намын бага хурлаар сонгуульд УИХ-ын дарга нь ялж намын дарга болсон, Ерөнхий сайдын тал нь хүлээн зөвшөөрөөгүй, дүрмийн бус хурал болсон тухай мэдэгдлүүд хөвөрсөн, хурал хаясан, бага хурлын гишүүдийг санал өгүүлэхгүй, ирцэнд оруулахгүйгээр өрөөнд нь түгжсэн гэх мэт яриа битүү цацагдсан. Бага хурлаар шийдэж чадаагүй асуудал Их хурлаа хүргэсэн, хурлаас өмнө намын Удирдах зөвлөлөөс талуудыг эвлэрүүлэх зөвшилцлийн ажлын хэсэг гаргасан, ажлын хэсэг шуурхай ажилласан, эвлэрүүлсэн. Түр үү бүр үү? Намын их хурлаас шинэ даргаа сонгохоор болсон, өрсөлдөгчгүй сонгууль явуулчих дөхсөн, азаар өрсөлдөгч өөрөө нэрээ дэвшүүлсэн, Учрал бараг 100 хувийн саналаар намын даргаар сонгогдсон. Улмаар УИХ-ын дарга болсон. Ерөнхий сайд суудлаа хадгалсан. ҮАБЗ бүрдэв.
5. Ардчилсан намын Их хурал
2025 – Ардчилсан нам аргаа олсон жил байлаа. Байнгын хэрүүл шуугиан тасардаггүй сөрөг хүчин Ардчилсан намын их хурал даруухан чимээгүй болж шинэ даргаа сонголоо. Намын даргын сонгуульд нэр дэвшигчид ТВ-ээр халз мэтгэлцээн зохион байгуулсан нь улс төрийн соёл, улс төрийн намуудын дотоод ардчиллын жишиг боллоо. Хоёр хэт их гүрний дунд орших, цөөн хүн амтай манай орны хувьд ардчилсан Парламентын засаглалтай байдаг нь Үндсэн хуулиар бүрдсэн их хувь заяа. Парламентын засаглалд улс төрийн намуудын төлөвшил чухал үүрэгтэй. Төлөвшсөн намуудаас чадавхтай УИХ сонгуулиар бүрдэнэ. Монгол гэр хоёр баганатай шиг Монголын улс төрийн хоёр гол багана нь МАН, АН юм. Монголчуудын түүхэн хувь заяаны дуудлагаар бий болсон энэ хоёр нам улс төрийн нам шиг нам байх ёстой.
6. Наадам дипломаси: Японы эзэн хааны айлчлал
2025 он – Японы эзэн хаан Монголд анх удаа айлчилсан жил байлаа. Наадам бол Монголчууд бидний эв нэгдлийн бэлэг тэмдэг, язгуурын үнэт зүйл билээ. Наадам бол баяр цэнгэл төдийгүй Монгол төрийн үйл хэрэг. Манай Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан байдаг. Судлаачийн хувьд Монгол төрийн наадмыг Монголчууд бидний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэг бэлгэ тэмдэг гэж үзэж, албан ёсоор тусгамаар санагддаг.
Наадмаар манай оронд дэлхийн улс орны төрийн тэргүүн, ялангуяа “хаан” айлчилж Монголчууд бидний эрхэм хүндтэй зочин болдог сайхан уламжлал тогтож байна. Тухайлбал, 2024 оны наадмаар Бутан улсын хаан айлчилж байсан бол 2025 онд Японы Эзэн хаан айлчилж ирлээ. Ардчилал, зах зээлд шилжсэн Монгол Улсад тусламжийн гараа харамгүй сунгаж байсан Японы ард түмний тусыг бид мартах учиргүй. Энэ айлчлал Монгол- Японы гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр талын иргэд хоорондын найрамдлыг батжуулж бэхжүүлсэн түүхэн чухал үйл явдал боллоо. Монголыг зорих Наран улсын жуулчдын тоо ирэх жилүүдэд өсөх хүлээлттэй байна.
7. Physical Asia & Welcome to Mongolia
2025 он – Монголчуудаа таньж мэдсэн жил байлаа. Дэлхийн интертейнмэнт гигант Нетфликс зах зээлээ Ази тивд эрчимтэй тэлэх стратеги хэрэгжүүлж буй. Тэд Өмнөд Солонгостой хамтран Physical Asiaнэвтрүүлгийг зохион байгуулж, Ази тивийн Япон, Өмнөд Солонгос, Турк, Монгол, Австрали, Тайланд, Филиппин, Индонези гэсэн 8 орны алдар хүндтэй хүмүүсийг оролцуулж өрсөлдүүллээ. Шоу нэврүүлгийг тултал нь хийдэг улс ажээ. Филиппинээс гэхэд алдарт Маню Факманыг оролцуулж байна гээд л бод. Мэргэжлийн боксын 8 жингийн дэлхийн аварга, дахин давтагдахгүй авьяастан, Дэлхийн супер од, Филиппиний ядуусын хорооллоос гаралтай Маню одоо улс орноо өөрчлөх хүслээр жигүүрлэж, Филиппиний Сенатын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөөд амжсан эрхэм.
Манай улсаас үндэсний бөхийн улсын арслан Б.Орхонбаяр, “One Championship” холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил, циркчин Э.Лхагва-Очир, сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн нар амжилттай оролцож, финалын шатанд шалгарлаа. Монгол хүний хурц ухаан, тэсвэр тэвчээр, хүч бяраас гадна эв нэгдэл, өвөрмөц өнгө аясыг Ази төдийгүй дэлхийн олон сая үзэгчдэд нотлон харуулж, Монголчуудаа оюун санааны хувьд нэгтгэж чадлаа. Дэлхийн сая сая үзэгчид Монгол Улс, Монголчуудтай шинээр болон дахин танилцлаа. Монголчуудын бахархлыг төрүүллээ. Та нартаа баярлалаа.
Шоу нэвтрүүлэг цацагдаж дууссаны дараа баяр дээр баяр нэмж Энх-Оргил маань “One Championship”холбооны Дэлхийн аварга цол хүртэж Монголчуудыг цөсийг дээд цэгт нь хүргэлээ. Physical Asia-гийн Солонгос, Австралийн оролцогчид Монголд зочилж, Нетфликс тусгай нэвтрүүлэг хүртэл хийлээ. Энэ шоутэр чигтээ Монголыг бүрэн сурталчилж, эцэстээ жинхэнэ утгаар Welcome to Mongolia боллоо. Ирэх жилүүдэд гадаад жуулчдын хөлд дарагдах нь тодорхой болж байна. 2026 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 1 сая жуулчин авна. Сайхаан сайхан.
8. Mongolz
2025 – Цахим спортод цойлсон “Монголз”-ийн жил байлаа. 21-р зуун бол мэдээллийн эрин зуун. Мэдээллийн эрин зуунд мэдээллийн технологид хамгийн ойр дөт байхыг шаардана. Өнөөгийн тоглоом наадгай нь ч технологид суурилжээ. Хөгжлийн чиг хандлагаа дагаад манай оронд цахим тоглоом эрчимтэй хөгжиж байна. Цахим тоглоомын “Монголз”баг нь цахим төрлүүд дотроо анхдагч бөгөөд томчуудын нэг “CS2” төрөлд 2025 онд Дэлхийн цомд түрүүлж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээсмөнгөн медаль хүртлээ. Азийн багуудаас ийм өндөр амжилт үзүүлсэн баг одоогоор байхгүй бөгөөд Монголз багийн залуучууд Монгол Улс, Монголчууд төдийгүй нийт Азичуудын нүүр царай, итгэл, бахархал болж байна. Цахим спортыг сүүлдэж ойлгож эхэлсэн надад та нар ер бусын байлаа. Дэлхийд өрсөлддөг Монголын спортын одуудыг дэмждэг фенүүд нь ихэвчлэн Монголчууд бид өөрсдөө байдаг бол Монголз багийн фенүүд нь ихэвчлэн гадаадууд байгааг анзаарлаа. Дэлхийн од гэдэг ийм байдаг аж.
Дүү нартаа маш их баярлалаа. Монголз- энэ нэр глобал брэнд болж байна. Одоо энэ брэндээ эдийн засагжуулах их ажил та нарыг хүлээж байна. Сайхаан сайхан.
9. Сагсан бөмбөгийн тэсрэлт
2025 – Монголчууд сагс тоглож чадна гэдгийг харуулсан жил байлаа. Сагсан бөмбөгийн спортын тэсрэлтийн жил байлаа. Монголчууд барагтай эвлэж нэгддэггүй, тархай бутархай нүүдэлчний сэтгэлгээтэй тул Монголд багийн спорт хөгжихгүй, хөгжих боломжгүй гэсэн урт удаан хугацааны гутранги үзэлд цохилт өгсөн гайхалтай жил байлаа. Өсвөр залуу үед сэтгэлгээний өөрчлөлт, ирээдүйн итгэл, эрч хүчийг хангалттай өглөө. Монголчууд бид багийн спортод амжилт үзүүлж чадна.
А) Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, манай эмэгтэй шигшээ Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Медаль хүртэх замдаа Олимп, дэлхийн аварга багуудыг, түүний дотор урд хөрш Хятад, мөн АНУ-ыг хожсон нь гайхамшигтай түүх болж үлдлээ. Охиддоо баярлалаа.
Б) Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Хасын хүлгүүд” баг Япон, Солонгос, Хятад, Хонконг, Макао, Тайваны клубүүдтэй өрсөлдөж 2025 оны Зүүн Азийн аваргаар тодорч, улмаар Азийн аваргуудын лигт тоглох эрхээ авсан. Азийн аваргуудын лигт анх удаа тоглосон “Хасын хүлгүүд” сагсан бөмбөг өндөр хөгжсөн Азийн клубүүдтэй өрсөлдөж, 2025 онд хүрэл медаль хүртсэн. Өмнө нь ТВ-ээр сагсан бөмбөг өндөр хөгжсөн орнуудын тоглолт үздэг байсан, одоо харин Монгол багаа дэмждэг, амжилт гаргахыг нь хүлээдэг боллоо. Сэтгэлгээний өөрчлөлтийг та нар Монголынхоо өсвөр залуу үед авчирлаа. Та нартаа баярлалаа.
10. Хил дамнасан эрэн сурвалжлах сэтгүүл зүй
2025 – Монголчуудынхаа сайхан сэтгэлийг мэдэрсэн жил байлаа. Манай улсад “эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй” айлд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад “учир битүүлэг” нас барсан Филиппин иргэний тухай 10 гаруй жилийн дараа нэхэн сурвалжилсан сэтгүүл зүй онцлохоор байлаа. Сэтгүүлч Будрагчаа Филиппинд очиж талийгаачийн гэр бүлтэй ярилцсан, Филиппинээс гэр бүлийг нь Монголд авчирч, нэгэнт хаасан байсан гэмт хэргийг гэр бүлийнх нь хүсэлтээр сэргээн мөрдүүлэхээр болсон, шаналж, тарчилж зовсон гэр бүлийн сэтгэлийн шархыг бага боловч хөнгөлж өгсөн. Энэ бүгдийг Монголчуудынхаа хандив, сэтгэлийн дэмжлэгээр бүтээлээ. Халуун орноос нимгэн нойтон хувцастай гарсан улсыг онгоцны буудал дээр дулаан гутал, зузаан хувцастай тосох эгэл жирийн иргэдээ харахаар хайр хүрэм. Дуунд гардаг сэтгэлийн булаг ундарлаа Монголчуудаас минь. Дахин цугласан хандив дэмжлэгийг талийгаачийн гэр бүлд гардуулж өглөө. Хүн ёсны дэмжлэг юм даа. Монгол Улс, Монголчууд гэхээр айсан, үзэн ядсан Филиппинчүүдийн сэтгэлийг зөөллөж, Монголчууд халуун дулаан сэтгэлтэй, Монгол Улс шударга ёстой, хууль цаазтай улс гэдгийг харуулж өглөө.
Яг юу болов, ямар хэрэг болж өнгөрсөн, хаана ямар алдаа, хуулийн завхрал, албан тушаалтны хэрэг үйлдэгдэв гэдэг тухайд цааш манай хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох, ер нь ажлаа хийх л үлдлээ. Иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэг тэдэнд ногдож байна. Монголчууд, Филиппинчүүд, олон улс даяар харж байна.
Монголчуудын уг чанар, язгуурын мөн чанар нь шударга ёс. Шударга ёсыг яс махандаа тултал мэддэг, мэдэрдэг шударга ард түмэн. Түүхээ харвал уг нь тийм. Бурууд хатуу, зөвд зөөлөн хандахын утга учир.
Одоо Шаарийбуу гуайд туслах хандивын аян өрнөж байна. Би ч мөн чадлынхаа хэрээр шилжүүлсэн. Энэ бол дан ганц нэг хүний тухай биш харин гадаадын олон улс оронд ажиллаж хөдөлмөрлөж байгаа нийт Монгол хүний үнэ цэнийн тухай юм. Англи, франц хэлтэй, өндөр боловсролтой Монгол бүсгүй Франц Малайз хоёр улсын хооронд ... цэргийн ... худалдах, худалдан авах нууц хэлэлцээрт орчуулагчаар оролцоод, .... амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн онц хэрцгий гэмт хэрэг. Эмэгтэй хүнийг дорд үзэх сэтгэхүйтэй, исламын шашинтай, бүс нутагтаа нөлөө бүхий, хүчтэй эдийн засагтай Малайзын төрөөс шударга ёс нэхэж, олон жил заргалдаж суугаа Шаарийбуу гуайг Монголын төр анхаарсан шиг анхаармаар байна. Засагт ханы хөх эр, бас охиноо гэсэн эгэл жирийн Монгол аав юм аа. Монгол хүнийг хэн ч, хэзээ ч, хаана ч, яаж ч дорд үзэж, доромжилж болохгүй.
2026 ОНД ТОХИОХ ГОЛ 10 ҮЙЛ ЯВДАЛ
1. Баялгийн сангийн менежмент
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн гол уриа нь “Баялагтаа эзэн Монгол” байлаа. Засгийн газар манлайлал үзүүлж, Баялгийн сангийн тухай хуулийг УИХ баталж, баялагтаа эзэн болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмнөх Засгийн газар энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр эрчимтэй, эрс шийдэмгий ажиллаж байсан. Магадгүй хэтэрхий огцом шулуун хандсан нь буруудаж огцорсон ч байж болох. Өмчийн эзэдтэй алгуур, хянуур, харилцан хүндэтгэлтэй, хууль дүрмийн дагуу, ил тод хэлэлцээ хийх байсан юм.
2026 онд Засгийн газар Онтрэ тэргүүтэй олон олон стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээ хийнэ. Рио Тинтотой зээлийн хүүг бууруулахаас эхлээд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ ч хийнэ. Хэлэлцээ амжилттай болж хэлэлцээр байгуулж чадваас Монголчууд бид жинхэнэ утгаар “Баялагтаа эзэн Монгол” болно.
2. Татварын шинэчлэл
Монгол Улсын эдийн засгийн бүтэц, дүр зураг дэндүү ойлгомжтой байдаг даа. Уул уурхайн салбар улсын төсвийн бүрдэлт, экспортын орлогод жин дардаг. Хөдөө аж ахуй, дотоод худалдаа, үйлчилгээний салбар ажил эрхлэлтэд голлох нөлөөтэй. Татварын орлогын 90 гаруй хувийг томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Татварын шинэчлэлээ бүрэн хийж, татварын бодлогоор иргэд, бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж чадвал эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх, бааз сууриа бэхжүүлэх, бүртгэлээ сайжруулах, далд эдийн засгийг багасгах, үнэ цэнэ бүхий шинэ мэдлэгийн эдийн засгийг төрөлжүүлж хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ. Цөөхөн Монголчууд эх орондоо татварын дарамтгүй ажиллаж амьдрах, бизнес эрхлэх нь хамгийн чухал. Уул уурхайн баялгийг зүй зохистой ашиглах, уул уурхайн бус салбарыг татварын диваажин бодлогоор дэмжих замаар ийм орчныг бий болгоно. 2026 он бол Монгол Улс татварын шинэчлэлээ зоригтой хийж дуусгах цаг.
3. Төрийн өмчит компаниудын хувьчлал
Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг УИХ-аар ид хэлэлцэж байна. Энэ зүйтэй. Цогцоор нь авч үзэж, салбарын үнэ цэнийг нь тодорхойлж хувьчлалыг ил тод, нээлттэй хэрэгжүүлвэл улс хожно. Харин улсын төсөв бүрдэлт хүндрэлтэй байгаагаас шалтгаалан төрийн өмчит компаниудаа хувьчилж, хувьчилсны орлогоор төсвийн цоорхой нөхөх гэж байгаа бол алдаа болно. Авах гээхийн ухаанаар хандаасай. Салбарын үнэ цэнэ дан санхүүгийн ашиг алдагдлаар хэмжигддэггүй. Тухайлбал, хэрэв МИАТ хувийн өмчид байсан бол Засгийн газар КОВИД-19 цар тахлын үед тусгай үүргийн нислэг зохион байгуулж гадаад ертөнцөд гацчихсан иргэдээ татаж авчрахад хүндрэлтэй тулгарах байсныг мартаж болохгүй.
Эдийн засгийн суурь, өрсөлдөх чадварт шууд нөлөөлөх эрчим хүчний голлох станцууд, далайд гарцгүй орны хувьд зайлшгүй анхаарах шаардлагатай иргэний агаарын тээвэр, өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан ард иргэддээ төрийн болон санхүүгийн үйлчилгээ хүргэх төрийн банк зэрэг стратегийн ач холбогдол бүхий компаниуддаа төрийн эзэмшлийн давамгай хувиа авч үлдэнэ гэж итгэж байна. Хэдэн хувийг хувьчлах, хэдэн хувийг төр өөртөө авч үлдэх, төрийн өмчийн менежментээ хэрхэн хэрэгжүүлэх гээд хоорондоо маш ялгаатай, гэхдээ уялдаатай асуудлууд их.
4. Төсвийн гачаалаас гарах гарц – Бортээгийн уурхай
Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл 2025 оны улсын төсөвт томоохон ачаалал үүсгэх нь гарцаагүй. Ачааллыг гачаал болголгүй гарах гол гарц нь уул уурхайн экспортын нэмэлт шугамыг нээх байж болох юм.
Тавантолгойн нүүрсний бүлэг ордын нэг Бортээгийн уурхайг ашиглах хэрэгцээ шаардлага ундарч байна. Энэ уурхайг тойрсон хэрүүл шуугиан, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлсийг дурдах нь илүүц. Хууль хяналтын байгууллагууд үндсэн ажлаа хийж, хар цагаанаар нь ялгах учиртай.
Харин харамсалтай нь яригдахгүй байгаа нэг зүйл бол энэ ордыг түшиглэн байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэрийн шинэ дэвшилтэт технологийн тухай юм. Нүүрсийг усаар биш харин элсээр угааж улмаар баяжуулах энэ технологийг ганц энэ үйлдвэр биш төр, хувийн хэвшлийн бусад олон үйлдвэрүүд нэвтрүүлээсэй. Германд боловсрол эзэмшсэн өвөрмонгол эрхэм энэ зорилгыг давхар тээж явсан байж таарна. Байгаль орчинд ээлтэй, усны нөөцөөр нэн хомс говь нутагт нүүрсийг элсээр баяжуулах технологийн үнэ цэнэ юутай ч харьцуулшгүй. Монголын нүүрсний үнэ цэнэ, өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлөх нь ч дамжиггүй. Таван толгойгоо толгой мэдэж, тархиа гашилгаж, ухаанаа тэмтэрч ашиглах юмсан.
5. Наадам дипломаси: Хэн айлчлах вэ?
Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд “Хаадын хаан” болж мөнхөрсөн Чингис хааны язгуурын гал голомт Монгол Улсад төрийн наадмаар нь айлчлах бол аль ч улс орны хаадын хувьд гүн хүндэтгэл, нэр төрийн хэрэг байх нь дамжиггүй. Тогтож байгаа уламжлал ёсоор 2026 оны наадмаар манай улсад аль нэг улсын хаан айлчилна. Энэ жил Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ойн наадам тул хэнийг урих вэ гэдэг дээр манай Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам тун нухацтай ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Улс орнууд олон эзэнт гүрнийг байгуулж байсан ч, дэлхийн түүхэнд газар нутгийн хэмжээгээрээ, үлдээсэн өвөөрөө 2 гүрэн илт ялгардаг. Үүнд Чингис хаан, түүний үр ач нарын байгуулсан Монголын эзэнт гүрэн, нөгөөх нь Их Британий эзэнт гүрэн. Иймээс 2026 онд Чингис хааны Их Монгол Улсын 820 жилийн ойгоор Их Британий хаан, хатныг урьж болох юм. Утга төгөлдөр айлчлал болно доо. Шинэхэн томилогдсон Элчин сайд Б.Мөнхжин Их Британи судлалч хүн, энэ үүргийг гүйцэтгэхэд гүүр болж чадваас эх орондоо оруулах их хувь нэмэр, түүнд ногдох их хувь заяа юм даа.
6. Их Монгол Улсын 820 жилийн ой
Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн их ойн жил. Энэ ойг ёслол төгөлдөр тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс, хэрэгжүүлэх арга хэмжээний жинтэйхэн төлөвлөгөө гаргаж таарна. Олон улсын хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Их ойгоо тэмдэглэсэн шиг тэмдэглэмээр байна. Монгол Улс, дэлхий даяар тархан суурьшсан бүх Монголчууд наадсан шиг наадна. Гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид олноороо ирж таарна. Монгол Улс түүхэндээ анх удаа 2026 онд 1 сая+жуулчин авна. 1 сая дахь жуулчин аль улсын ямар хүн байх бол? Их Монгол Улсын 820 жилийн ойгоороо 1 сая дахь жуулчнаа тосно гэхээр утга төгөлдөр бэлэг дэмбэрэлтэй юм. 1 сая дахь жуулчин онгоцоор ирэх үү эсхүл галт тэргээр байж таарах уу. Ямар боловч 1 сая дахь жуулчныг Аялал жуулчлалын сайд нь эсхүл Ерөнхий сайд, эсхүл бүр Ерөнхийлөгч тосоод бэлэг дурсгалын зүйл гардуулвал олон улсад маш хүчтэй мессеж болно доо. Сайхаан сайхан.
Төрийн наадам сайхан болно. Тухайлбал, 1024 бөх барилдана. Гарьд болон түүнээс доош цолтой бөх түрүүлвэл шууд аварга, арслан цолтой бөх түрүүлбэл шууд даян аварга, аварга цолтой бөх түрүүлвэл дархан аварга болно. Үзүүрлэсэн бөх шууд арслан, өмнө нь 9 давж түрүүлсэн арслан цолтой бөх үзүүрлэвэл аварга болох боломж мөн байна. Ой тэмдэглэж эхэлснээс хойш 2006 онд Сумъяабазар, 2016 онд Санжаадамба нар түрүүлж шууд аварга цол хүртэж байлаа. Өвөр, арын сайхан хангайнхан наадсаан. Энэ жилийн наадмаар Завханы Яруугийн яруухан заан Лхагвагэрэл түрүүлж шууд аварга болоосой. Чөлөөтийн их спортоор олимп, дэлхийд эх орныхоо нэрийг нэртэй төртэй дуудуулж, тэр хэрээр жингээ барьж үндэсний бөхөө тууштай хөөж чадаагүй түүний олон жилийн хөдөлмөр, алдагдсан боломжийг энэ жил нөхөж өгмөөр байна.Завхан нутгийн “урт гарт” Лхагва арсланг хэлмэгдүүлсэн Монгол төрийн наадамд энэ нутгийн хүү л түрүүлээсэй. Юм учиртай даа.
7. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн талуудын 17-р бага хурал
НҮБ-ын хэмжээнд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх суурь конвенцийн талуудын бага хурал, мөн Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал гэсэн хоёр томоохон арга хэмжээ олон улсад цар хүрээтэй, нэр хүндтэй, жин нөлөөтэй.
Манай улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн талуудын 17-р бага хурлыг 2025 онд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хурлыг эрхлэн зохион байгуулах нь нэр хүндийн хувьд АСЕМ-тай зэрэгцэнэ үү гэхээс дутахгүй. Тэгэхээр бүх дэлхий манай улсыг тольдож, Улаанбаатарт дүүрч цуглах нь ээ.
Цөлжилт эрчимтэй явагдаж байгаа манай улсын хувьд энэ бага хурлыг зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой нь мэдээж хэрэг. Энэ чухал арга хэмжээг зохицуулан зохион байгуулах үүрэг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Б.Батбаатар, саяхан шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхтамир нарт шууд ногдож байна.
Монгол улс ардчилсан парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой, намууд нь хамтарч Засгийн газраа байгуулж болдог, Монголын ногоон намын дарга нь Засгийн газартаа хамтарч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаа тэргүүлж байгаа мессеж бол гадаад ертөнцөд эерэг харагдаж байна. Холбооны Германы Ногоон намын дарга Фишер Германы Байгаль орчны яамыг эвслийн олон Засгийн газрын үед толгойлсон байдаг юм аа. МИАТ-ыг айл шиг айл болгосон Мөнхтамир энэ бага хурлыг амжилттай зохион байгуулж чадна аа. Тэгэж ч итгэл хүлээлгэсэн байж таарна. Залуу хүнд амжилт хүсье.
Энэ хурал үр дүнтэй болж, Монгол Улсад үлдэх, үлдээхзүйл их байгаасай. Олон улсын нэр хүндтэй хурал зохион байгуулахад томоохон зардал гарах нь нэг хэрэг, харин хурлаас хүлээх үр дүн, Монгол улсад орох орлого, татах хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, түншлэл, төсөл хөтөлбөрүүд чухал аа. Зардал гаргахгүй орлого олно гэж үгүй. Улс үндэстнээрээ зориод ард нь гарах ажил гэж бий. Энэ хурлыг тултал нь хийж, дараагийн зохион байгуулах улс орнуудад жишиг болгож “Монголын СОР” гэж олон арван жил яригдтал нь бүтээмээр байна.
8. Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил
Монгол Улс уламжлалт бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйтай. Монголчууд бид бүгдээрээ нүүдэлтэй гаралтай, малчин удамтай. Монгол Улс, Монголын тал нутаг бол унаган төрхөө хадгалж үлдсэн дэлхийд цөөхөн эко системийн нэг. Монгол Улсын Засгийн газраас санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассемблэйгээс 2026 оныг Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгож батлуулсан. Энэ жилийн хүрээнд Монгол Улс манлайлж, олон улс, бүс нутгийн түвшинд, улс орныхоо хэмжээнд олон арга хэмжээг хэрэгжүүлж таарна. Амжилттай болно гэдэгт бүрэн итгэж байна. Хамгийн чухал нь “бэлчээр бол нүүдлийн соёл иргэншлийн цөм юм, бэлчээрт түшиглэсэн уламжлалт мал аж ахуй бол хэт хотжиж байгаа өнөө цагт эрүүл амьдралын өөр хэв маяг, минимал төрх, органик хүнс, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс суурь юм” гэдгийг дэлхий дахинд ойлгуулах хэрэгтэй байна. Монгол Улсаас гаралтай хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн бэлэн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд үнэ цэнэтэй, монголчууд зөвхөн уул уурхай ухаж бус, харин нөхөгддөг, сэргээгддэг баялагаа зөв зүйтэй ашиглах нь чухал гэдгийг бүх шатанд бүх түвшинд мэдрээсэй. Бид чадна аа.
9. Улс төрийн халуурал: Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй, нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэж Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс хариуцлагатайгаар мэдэгдсэн. Тэрээр Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх ёстой гэдэг дээр эргэлздэггүй, хатуу байр суурьтай хүн. Тэгэхээр Монгол Улс 2027 онд шинэ Ерөнхийлөгчтэй болох нь ээ.
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд Парламентад суудалтай нам, эвслээс нэр дэвшүүлнэ. Тухайлбал, МАН-аас нэр дэвших боломжтой, хүсэлтэй байж магадгүй эрхмүүд нэгээр тогтохгүй. Үүнд: Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт гээд олон хүний жагсаалт гарна. МАН-аас нэр дэвшүүлэх эрхэм бол У.Хүрэлсүхийн нэрээр овоглох бодлого, хөтөлбөрүүд, тухайлбал Монголын олон талт гадаад бодлого, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөн, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг гүйцээж дуусгах үүрэг хүлээнэ.
Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхэм 2027-2033 он хүртэл Монголын улс төрд жин нөлөөтэй байх тул намууд их ач холбогдол өгөх нь тодорхой. Хүний өөрийн нам доторх өрсөлдөгч нарын өрсөлдөөн ширүүхэн өрнөх нь гарцаагүй жил бол 2026.
10. Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Сайд нарын бага хурал
Азийн хөгжлийн банк нь Төв Азийн улс орнуудын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилготой КАРЕК хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт Монгол Улсаас гадна БНХАУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Афганистан, Пакистан, Азербайжан, Гүрж, улсууд багтдаг. Дэд бүтцээс гадна эдийн засгийн олон бодит секторын хамтын ажиллагааг дэмждэг тус санаачилгын эрх барих дээд Сайд нарын бага хурал 2026 онд Монгол Улсад болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буй. Үүнийг КАРЕК-ийн хүрээнд улам баяжуулах, шинэ шинэ чиглэлээр хөгжүүлэх нөхцөл, боломж дүүрэн байна. Бид боломжоо дүүрэн ашиглах ёстой.


