Хятадын нэвтэрхий толь
Хятадын нэвтэрхий толь нь эртний хийгээд орчин цагийн Хятадын тухай түүх, баримт, мэдээллийг зураг дүрсээр баяжуулан системтэйгээр танилцуулсан бүрэн цогц нэвтэрхий толь юм.
Орчин цагийн Хятад түүх нь хараат бус болон харилцан хамааралтай улс орнууд, тэдгээрийн улс төр, эдийн засаr, соёлын онцлогийг багтаасан. Эдгээр орнууд нь хоорондоо нягт сэжмээр холбогдсоноос тухай улсад гарсан өчүүхэн бага өөрчлөлт ч дэлхий дахинд нөлөөлж байгаа нь өнөөгийн нийгмийн тусгал гэлтэй. Үүнээс үзэхэд нэг улсын хөгжил хаалттай орчинд явагддаггүй нь харагдана. Он цагийн хэлхээнд улс орон бүр л өөрийн гэсэн өвөрмөц соёл, өвийг үлдээснийг бусад орнууд сонирхон судалдаг. Манай гарагийн эртний дөрвөн иргэншлийн нэг болохын хувьд Хятадын баялаг түүх, өвөрмөц соёл нь хэдэн зууны туршид хүн төрөлхтний соёл иргэншил, шинжлэх ухааны тулах цэг болж байв. Бид энэхүү нэвтэрхий толийг эрхлэн гаргаж буй нь уншигчдад олон мянганыг элээсэн Хятадын түүх, соёлын тухай нэвтэрхий, гүнзгий ойлголт мэдлэгтэй болоход нь туслахыг зорьсонтой холбоотой.
Хятад улс эдүгээ ч хөгжин дэвшсээр буй. Хятадын эдийн засаг хурдацтай тэлж, үндэсний сүр хүч бэхжин, тэр хэрээр Хятадын нөлөө ч нэмэгдсээр байна. Үүнээс улбаалан, дэлхий нийтээр өнөөгийн Хятад орныг сонирхон судалж, эртний түүхийн талаар үнэн зөв, гүн гүнзгий ойлголт, мэдлэг авахыг зорих болжээ. Иймд бид уг нэвтэрхий толиор дамжуулан үнэн зөв мэдээллийг өгөхийн сацуу Хятадын өнө эртний түүх, соёл, уламжлалыг энгийн, ойлгомжтой байдлаар таниулахыг зорилоо.
Хятадын нэвтэрхий толь-д Хятад гэсэн үндсэн агуулгын хүрээнд Хятадын иргэншил, Хятад улсыг төлөөлөх гол бүрэлдэхүүн сэдвийг нямбайлан судалж, багтаасан. Тодруулбал, үүнд түүх, газар зүй, философи, шашин, хүн ба нийгэм, улс төр ба эрх зүй, цэрэг арми, эдийн засаг, урлаг ба утга зохиол, соёл ба боловсрол, байгалийн ухаан болон инженерчлэл, технологи гэсэн сэдвийн хүрээнд өгүүллүүд оруулсан. Хятадын хөгжлийг бүхий л талаас, үүнд 1840 онд дэгдсэн Хар тамхины дайн, мөн 1949 онд БНХАУ байгуулагдсан үеийг голчлон харуулжээ. Түүнчлэн, ХХІ зууны босгыг давсны дараа үүссэн шинэ нөхцөл байдал, онцлогийг ч тод томруун тусгасан.

Уг бүтээл нь танилцуулга өгүүлэл, нэмэлт мэдээлэл болон зургаас бүрдэнэ. Уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс өгүүллүүдийг Цагаан толгойн үсгийн дарааллаар оруулсан ба нийт 1011 өгүүлэл тус хэвлэлд багтсан. Өгүүллийг 1000 орчим зургаар баяжуулсан. Хавсралтад Хятадын түүхийн он цагийн товчоон, мөн цагаан толгойн үсгийн дарааллаар гарчгуудыг оруулжээ.
Тус нэвтэрхий тольд багтсан өгүүллүүд нь танилцуулгын шинжтэй бөгөөд аливаа мэдлэг, ойлголтыг таниулахдаа олон талаас нийлүүлсэн мэдээлэл бус системтэй, ойлгомжтой боловсруулсан агуулгыг хүргэсэн. Өгүүллийг сонгохдоо редакторууд олон давтамжтайгаар хайсан сэдэв, агуулгыг сонгож, хэт нарийвчилсан болон ховор ашиглагдах мэдээллийг оруулаагүй болно. Тухайн өгүүллийг сонирхолтой болгох, харьцуулан харахад ойлгомжтой байлгах үүднээс олон тооны зураг, график, дүрсийг шигтгэсэн. Мөн, тухайн мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангахад онцгой ач холбогдол өгчээ.
Энэхүү нэвтэрхий толь нь дараах үндсэн гурван онцлог шинжтэй. Үүнд:
Нэгдүгээрт, уг нэвтэрхий толь нь бүхэлдээ Хятад гэсэн агуулгад төвлөрсөн. Эртний болон орчин цагийн Хятадын нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан нарийн тодорхой, үнэн зөв мэдээллийг агуулсан. Тус орны тухай ойлголт хомс хүмүүст зориулж дараах асуултад хариу өгөхийг хичээсэн болно. Хятад гэж ямар улс вэ? Хятадын онцлог тал юу вэ? Хятадад ямар ямар чухал түүхэн үйл явдал өрнөсөн бэ? Хятадын ард түмний онцлог юу вэ? Хамгийн чухал нь Хятадад юу юу болж өнгөрөв, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд юу нөлөөлөв гэсэн асуултуудыг чиг болгон хариу өгөхийг зорилоо.
Хоёрдугаарт, нэвтэрхий толийн эхлэл хэсэгт Хятадын тухай бүрэн хэмжээний танилцуулга хэсэг бий. Уг хэсэгт Хятадын байгаль цаг уурын нөхцөл, түүх, улс төр, хууль эрх зүй, цэрэг арми, дипломат бодлого, эдийн засгийн тухай тал бүрийн, системтэй, цогц мэдээлэл багтсан.
Гуравдугаарт, энэ бүтээл нь өнгөт хэвлэлтэй. Шигтгэж оруулсан зургууд нь агуулгыг уншихад илүү сонирхолтой болгож өгсөн.
Бид эл бүтээл Хятадыг сонирхон судалж буй уншигчдад үнэтэй сурвалж болно гэж найдаж байна. Хятадын нэвтэрхий толь бүтээлийн удаах хэвлэлүүдэд та бүхний засаж, сайжруулах санал зөвлөмжийг талархан хүлээн авах болно.

