Энэ 7 хоногт
Банкны системийн анхны “агуу том хэлцэл” буюу санхүүгийн салбар дахь үндэсний дархлаа
Өнгөрсөн сарын дундуур буюу бүр тодруулбал аравдугаар сарын 12-нд “Хадгаламж”, “Монгол шуудан” банкууд нэгдэж байгааг удирдлагууд нь албан ёсоор зарлалаа.
Өнгөрсөн сарын дундуур буюу бүр тодруулбал аравдугаар сарын 12-нд “Хадгаламж”, “Монгол шуудан” банкууд нэгдэж байгааг удирдлагууд нь албан ёсоор зарлалаа. Энэ нь хувийн хэвшлийн хүрээнд хийгдэж байгаа хамгийн том “нэгдэл, хэлцэл” гэж тэд нэрлээд, “Монгол улсын банкны системийн түүхэнд анх удаа”, хувьцаа эзэмшигчдийн “хүсэл зоригийн дагуу”, “зах зээлийн жишгээр” гэхчлэн томъёолсон үйл явцын уг зорилгыг “томрох” хэмээн тайлбарласан юм. Тэгээд нэгдсэн банкны нийт актив Монголын банкны системийн нийт активийн 8,5 хувьд хүрч дөрөвдүгээрт, өөрийн хөрөнгө нь 13,0 хувийг эзэлж, дүрмийн сангаараа нэгдүгээрт жагсах болж буйг ч “нуулгүй” хэлэв. Түүнчлэн, хоёр банк дан дангаараа ажиллах чадваргүй болж, дампуурахад хүрэхдээ ийм алхам хийж байгаа юм биш биз гэсэн хардлагыг “Хадгаламж” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Дамдинжав гэгч эрхэм няцаасан билээ.
Монголын топ банк болох “ариун зорилго” бодож олсон нь үйл явдлыг өрнүүлэгчдийн хувьд бас ч муугүй тактикийн арга байлаа. Банкууд нэгдэж буйг зарлахаас ердөө зургаан хоногийн өмнө Оюутолгойн ордыг ашиглах гэрээг Засгийн газар Хөрөнгө оруулагчидтай дуулиантайгаар байгуулсан. Залгуулаад Таван толгойн орд газрын асуудал яригдаж гарсан. Эдгээр нь Монголын эдийн засаг дахь мөнгөн урсгалын хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх бодит үнэлгээтэй. Тэгэхээр тэр урсгалыг даах чадавхи санхүүгийн секторт зайлшгүй хэрэгтэй гэж банкирууд урьдчилан хараад ийм “түүхэн хэлцлийг” анх удаа хийлээ гэсэн ойлголтыг тэд олон нийтэд өгөхийг зорьсон нь илэрхий байв.
“Агуу том нэгдэл, хэлцэл”-ийнхээ тухай зарлан тунхаглаж байхдаа “Монгол шуудан” банкны гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал “манай банкны хувьд аравдугаар сарын 14-ны өдөр (хоёр хоногийн дараа) хувь нийлүүлэгчдийн хурлаа хуралдуулж нэгдэх шийдвэрээ гаргана” гэж мэдэгдсэн нь хувьцаа эзэмшигчдийн “хүсэл зоригийн дагуу” хийгдэж байгаа “их үйл хэрэг”-ийнх нь “но”-г эхэн дээрээс нь илрүүлж орхисон хэрэг гэж хэлж болох юм. Үнэндээ энэ “гэрлэлт” хэлцлээр хийгдсэн үү, өөр учир шалтгаан байна уу гэсэн эргэлзээний учгийг тайлсан үйл явдал ердөө долоо хоногийн дараа болсон нь нэгдсэн гэх банкны удирдлага “Монгол шуудан”-гийн удирдах ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас халах мэдэгдэл өгсөн явдал байв. Ингээд өөрсдийнх нь “ариун явдал” гэж ойлгуулахыг оролдсон үйл явц үнэн хэрэгтээ хоёр банк нэгдэж байгаа асуудал огт биш, “Хадгаламж” банк “Монгол шуудан”-гаа залгиж байгаа хэрэг болох нь тов тодорхой болсон юм.
Яг эдгээр өдрүүдэд Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Жим Адамс манай улсад зочилж, санхүүгийн хямрал Монгол Улсад хүндээр тусч буйг энэ талаар төдийлөн ойлголтгүй суугаа төр засгийнханд анхааруулаад явлаа. Ноён Жим Адамсийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хөөрч байх үед ОУВС Энэтхэгт алтны наймаа хийж байв. 200 тонн алтыг тус улсын Нөөцийн банкинд зарж өөртөө долларын зузаатгал хийж байсан хэрэг. “Орлогын бүтцэд хийж буй шинэтгэл”-ийн хүрээнд авч буй арга хэмжээ хэмээн тун эвлэгхэнээр томъёолж байгаа энэ арилжаа үнэндээ хямралаас авсан “шарх”-андаа түрхэх маз юм гэж мэдэмхийрэх нэгэн таарвал би л хувьдаа дэгс ярилаа гэж зэмлэхгүй. Ийм байхад, хавар, зун, намаржин огт хөдлөөгүй шахуу Монголын үйлдвэрлэх салбар болон барилгын бизнес, уул уурхай, худалдааны хумигдал арилжааны банкуудын амьсгааг аль хэдийнэ боогдуулчихсан нь хэнд ч тодорхой байхад “үгүй, зүв зүгээр, хэвийн ажиллаж байгаа” гээд чичрээд суугаа банкируудад “нэг бодол бий” байх л гэж найдахаас. Эдийн засаг нь өсөөд эхлэсэн Америкт 100 гаруй банк дампуурчихаад байхад манай муу 17 банк ч энүүхэнд биз дээ гэж “даяаршуулан” тайлбарлаж, хямрал руу бүх бурууг чихээд орхичиход амархан л даа. Хамгийн гол нь банкуудын ард хэдхэн тооны эзэд л байгаа юм биш, хэдэн бумаар тоологдох харилцагч, хадгаламж эзэмшигчид бий.
“Хадгаламж” банкийг 2006 он дуусдгийн даваан дээр “Чингис хаан” банк, “Монгол даатгал” ХХК, ОХУ-ын Братскийн ардын банкны консорциум худалдан авсныг хүн бүр мэдэж байгаа. “Чингис хаан” бол ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк гэдгийг ч монголчууд сайн мэднэ. “Монгол даатгал” тэртэй тэргүй “Чингис хааных”. Үндсэндээ “Хадгаламж”-ийг оросууд авсан гэдэгтэй хэн ч мэлзэхгүй. Харин оросуудын мэдлийн энэ банк өнөөдөр “нэгдэл, хэлцэл” гэсэн нэрэн доор “Монгол шуудан”-г залгиж буй нь банк санхүүгийн систем дэх үндэсний оролцоо, улмаар санхүүгийн талаарх үндэсний дархлааны тухай асуудлыг хөндөн тавихад хүргэж буй юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголын санхүүгийн салбарын бүлэглэлүүд, тэдгээрийн хэлхээ сүлбээг эрж олох аян зарлачихав уу гэлтэй дуу дуугаа авалцан бичиж байна. Чингис хаан банк болон С.Громовтой Монголбанкны экс ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Чулуунбат холбоотой гэдэг бол шинэ мэдээлэл биш. О.Чулуунбаттай Н.Энхбаяр сүлбээтэй нь ч үнэний хувьтай. Хадгаламж банкны хувьчлал Монголын талынхны буруугаас удтал хэл ам дагуулж, Солонгосын казиногийн сейфэнд орчихсон байж мэдэх 14 тэрбум төгрөг сох дутан, түүнийг МАХН-ын залуучууд идэж уусан болж өч төчнөөн л юм болсон. Одоо хэр нь эцэслэн шийдэгдээгүй энэ хэргээс болсон уу, өөр учир шалтгаантай юу, ямар ч байсан орос эзэд нь банкийг бусдад шилжүүлсэн бололтой. Учир нь эдүгээ тус банкны эзэмшигчээр В.Анимисов гэгчийн нэр дуулдаж буй.
В.Анимисовыг саяхан ажлаа өгсөн, экс Ерөнхий сайд С.Баяртай холбоотой гэсэн мэдээлэл бас байна. Энэ харин шинэхэн сонсогдож байгаа. Гол гаргалгаа нь “Жастойл”-ын Ш.Батхүү. “Хадгаламж” банкны удирдлагыг менежментийн гэрээгээр аваад байгаа нь түүнийг жинхэнэ эзэн нь болох В.Анимисовтой холбохоос аргагүй нөхцөл үүсгэж буй бөгөөд харин тэр өөрөө С.Баярыг түшиглэдэг нь тийм ч нууц биш зүйл. Ингээд Ш.Батхүү гэсэн зангилаагаар С.Баяр, В.Анимисов хоёр яах аргагүй холбогдоно хэмээж буй сэтгүүлчдийн логик дүгнэлтийг улайм цайм үгүйсгэх нотолгоо одоогоор алга.
“Монгол шуудан” банкинд 18 иргэн, 5-6 байгууллага хувь нийлүүлсэн байдаг аж. УИХ-ын гишүүн Д.Зоригт ихэнх хувийг нь атгадаг гэсэн мэдээлэл бий. Хувь нийлүүлэгч Ч.Мягмаржав гэгч эрхмийн өгүүлж байгаагаар Д.Зоригт болон түүний эхнэр н.Оюунсүрэн, “Монгол шуудан” банкны захирал Д.Оюунжаргал нар гурвуулхнаа банкныхаа нийт хувьцааны 97,57 хувийг эзэмшдэг юм байна. “Анх тэд ердөө 5 сая төгрөгөөр хувь нийлүүлж байсан бол өнөөдөр 34 тэрбум төгрөгийн хувьцаа зарж байна” хэмээн Ч.Мягмаржав хэлэв. Бас нэгэн дэл сул хийсч явиа яриаг чагнавал, С.Баяртай сүлбээтэй гэгдээд байгаа В.Аминисов “Монгол шуудан”-г Д.Зоригтоос 230 сая ам.доллараар худалдаад авчихсан байж магадгүй байна. Юутай ч Д.Зоригт гишүүн тодорхой хэмжээний наймаа хийх нь хийж. Хэдэн тэрбумаар, хэнд, хэдэн хувийг нь гэх мэтийг чухалчлалгүй дээрх баримтуудыг анхааралтай ажиглаад дүгнэвэл, тэр ямар ч байсан наймаа хийжээ.
Иймэрхүү сэжиг таамагт хөтлөгдөх зуур бусад банкуудын жинхэнэ эзэд, тэдний болон мөнгө төгрөгийнх нь уг сурвалжийг нийтэд нь дэлгэн тавьж, ил болгохыг хичээж байгаа нь зайлшгүй үйлдэл юм. Мэдээллийг алаг цоог утгаж, дутуу хагас үлдээхийг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Энэ “мэргэжлийн онцлог”-ийнхоо эрхээр хэвлэлийнхэн ХХБ, Улаанбаатар, Капитрон, цаашлаад, Зоос, ХАС, Голомт гэхчлэн бүх банкуудын “хормойг” сөхөж гарсан. Үр дүн нь ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын ХХБ-ыг “Жеральд металз лугано”-гоос худалдан авсан 70 сая ам.доллар Оросын олигархи О.Дерипаскагийнх байж магадгүй тухай таамаг юм. НИК-ийн Ж.Оюунгэрэл Капитрон банкаа Женко-д зарсан гэж олны ярилцдаг нь хоосон цуу биш. Харин Х.Баттулгын өмнөөс ХХБ-ыг залуурдаж суудаг Д.Эрдэнэбилэг Улаанбаатар хотын банкны 80 гаруй хувийг эзэмшдэг нь хөдөлшгүй баримт. Тэгэхээр яах аргагүй гурвын гурван банк Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нараар дамжаад орос ноёнтны гарт байгаа болж таараад байгаа юм.
Ийнхүү оросуудтай холбоотой шинэ факт гарч ирсэн явдал “Хадгаламж”, “Монгол шуудан” банкуудын нэгдэн нийлж байгаа үйл явдлын хар сэжгийг гал дээр тос асгасны адил дэвэргэж, миний дээр өгүүлсэнчлэн санхүүгийн салбар дахь үндэсний дархлаа, цаашлаад аюулгүй байдлын асуудал хүртэлх түвшинд яригдахаар болгож ирлээ. Гадныхны хувь эзэмшлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, үндэсний оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага нэгэнт бий болчихсныг ойрын өдрүүдийн шуугиан бидэнд хангалттай нотолж байна. Ялангуяа хөрөнгө оруулагчид дотроо аль нэг улсын харъяаллыг хэт өндөр болгож болохгүй. Гэхдээ ойрын өдрүүдийн энэ шуугиан дуулианаас оросын олигархиуд Монголын банкны салбарыг сандаачин хаяж, тэдний урхагаар арилжааны хэдэн банкны маань үйл ажиллагаа доголдон, санхүүгийн секторт сахилга, хариуцлага алдагдаж, олон мянган харилцагчид, хадгаламж эзэмшигчдийг хохироож мэдэх нөхцөл байдал бий болоод байгаа юм шиг дүгнэвэл өрөөсгөл болно.
“Банкнуудын асуудал”-ын ид өрнөл дунд парламент шинэчлэн найруулсан Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч энэ асуудлын багцад байв. Өнгөрсөн сарын 23-нд болсон УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Сангийн сайд С.Баярцогт төслүүдийг танилцуулахдаа, хуулийг шинэчлэн найруулж, дахин батлах, нэмэлт өөрчлөлт оруулж засварлахын гол зорилго нь манай банкны салбарт дутагдалтай байгаа,
-банкны зохистой удирдлагыг бэхжүүлэх
-банкны санхүүгийн тайлан бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох
-холбогдох этгээд болон банкны үйл ажиллагааны тодорхойлолтыг нарийвчлах замаар банкны эрсдлийг бууруулах
-банкны нэгдлийн тухай ойлголтыг бий болгож, нэгдсэн хяналт шалгалтыг нэвтрүүлэх
-банкны хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгах
-хянан шалгагчийн хуулийн баталгааг хангах
-Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
-төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох
-банкинд тавих хяналт шалгалтыг сайжруулах гэх мэт олон харилцааг зохицуулахад оршиж буйг дэлгэрэнгүй дурдсан юм. Дээрх жагсаалтыг би албан ёсны эх сурвалжийн мэдээнээс авч орууллаа. Учир нь энэ жагсаалтад буй зүйлс бол одоо манай банк санхүүгийн салбарт байхгүй буюу эс бөгөөс муу, сул байгаа, болхи бүдүүлэг функцууд нь гэж ойлгож болох юм. Гэтэл цаана нь одоо байгаа, сайн байгаа юм ер нь байна уу гээд бүртгэх гэсэн чинь санаанд юу ч орж ирдэггүй ээ. Тийм болохоор сайдын энэ танилцуулга санхүүгийн салбарынхаа дүр төрхийг тов тодорхой тоочоод зураглачихсан чухал баримт гэж үзээд би энд хэрэг болгож нэг бүрчлэн жагсаасан юм. Өөрөөр хэлбэл ямар ч зүй зохистой удирдлагагүй, боловсронгуй бус тайлан бүртгэл хөтөлдөг, хадгаламж зээлийн хоршоодоос ч ялгарахгүй шахуу, дотоод болон хөндлөнгийн хяналтгүй, хаалттай харанхуй байна гэсэн үг л дээ, манай банкны салбар. Энэ бүхнийг тэр гайтай хоёр оросоос л болсон гэхгүй байлгүй дээ, арай ч.
Энэ оны дөрөвдүгээр сараас манай улсад хэрэгжүүлж байгаа Stand by хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэхээр ирсэн ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийнхэн сулхан дуугарч байгаад явцгаав бололтой. Үндсэндээ хямралын долгионыг сааруулах зорилготойгоор хөтөлбөр хэрэгжүүлж, 76 сая доллар зарлагадчихаад байтал уруудаж болох хамгийн доод ёроолдоо тулчихсан эдийн засаг угтахлаар ямар л олиг байв гэж. Энэ сарын 9-нд Ерөнхийлөгчид бараалхахдаа ажлын хэсгийн ахлагч Стивенн Барнетт, хамгийн гол шийдвэрлэх асуудал бол Монгол Улсын хувьд төсвийн бодлого гэж нухацтай дуугарчээ. Төсөв хэлэлцэж эхлэж байгаатай таарсандаа “бэлгэшээж” хэлсэн үг биш байх л даа. Үйлдвэрлэлийн салбар нь бүхэлдээ уналтын байдалтай болчихсон, дутуу барилгууд дээр хэдэн зуун тэрбумын хөрөнгө түгжигдчихсэн, улмаар орлого багасаж, худалдан авалт эрс муудсан, энэ бүхнээс болж банк санхүүгийн салбарт найдвартай гэгдэж байсан зээлүүд олноороо найдваргүй гэсэн ангилал руу шилжиж буй ийм үед улс төрийн амлалтандаа барьцаалагдан нийгмийн халамжийг нэмэгдүүлэх нь алс хэтдээ асар их сөрөг үр дагавартайг сануулсан үг байв.
“Хадгаламж”, “Монгол шуудан” банкууд нэгдэж байгааг зарласнаас хойш яг сарын дараа буюу энэ 11 дүгээр сарын 12-нд “Зоос” банк эдэн дээр нэмэгдэн нэгдэж байгааг зарлалаа. Тэдний хийсэн мэдээлэл уртаашаа 4 өгүүлбэр л байсан юм. “Гурван банк нэгдлээ. Зоос банкны үйл ажиллагаа хэвийн байгаа. Монголбанкнаас Зоос банкинд БЭТ томилогдоогүй. Банкууд нэгдсэнээр хүчтэй, далайцтай үйл ажиллагаа явуулна” Ерөөсөө л ийм өгүүлбэрүүд байв. Ээрч түгдэрсэн энэ элий балай мэдэгдэл жижиг банкууд ажиллаж чадахгүйд хүрчихсэн хэрнээ дампуурлаа хойшлуулж, цаг хожих ажил хийгээд байгаа юм биш биз гэсэн эргэлзээнээс өөр юу ч хэлсэнгүй.
Харамсалтай нь эргэлзээ үнэний хувьтай бололтой. “Зогсолтгүй эргэх хүч” хэмээх сүр ихтэй, аялга чангатай үгсээр рекламддаг Зоос банк зогсоход хүрсэн байх шиг. Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаан зарлан, энэ асуудлыг “нууц”-ын зэрэглэлтэйгээр ярилцав. Яг юу болоод байгаа талаар мэдээлэл солилцож, яахав ийхэв болцгоосон л байх, сайд нар. Цаашаа чухам хэрхэхээр шийдвэрлэсэн нь тэгсгээд тодрох биз.
“Зоос”-ын асуудлаар Засгийн газар хуралдсан явдал нь аргагүй шалтгаантай. Учир нь тус банк С.Баярын Засгийн газраар баталгаа гаргуулж байгаад Европын сэргээн босголтын банкнаас нэлээд хэмжээний зээл авч хөрөнгөө нэмэгдүүлсэн. Тэгэхээр тэр Засгийн газрын баталгаа юу болох вэ, зээлийн эргэн төлөлт яах вэ гэх мэт асуудлыг хэлэлцэх шаардлага зайлшгүй л дээ. Өчигдөр биш ээ гэхэд маргааш хийх л байсан хуралдаан.
Бүр дээрээс л “Зоос”-ын нэг том найдваргүй зээлийн тухай шум үе үе сонсогддог байв. Тэр нь “Монгол газар” компаний 130 сая ам.долларын зээл. Энэ нь ч үнэн. Үүнээс бусдаар тус банкны үйл ажиллагаа ерөнхийдөө хэвийн байгаа. Гэхдээ яах аргагүй энэ зээл л “Зоос”-ыг сөхрүүлэхэд хүргэж буй.
Үйл явдлын өрнөл рүү Монголбанк орж ирэв. Зоосыг “Хадгаламж”-д залгиулахаас тэд татгалзлаа. Тэгээд өөрсдөө тус банкийг сэргээхээр шийджээ. Арилжааны банкны удирдлагыг Төв банк хэрэгжүүлэх гэдэг нь БЭТ томилно гэсэн үг л дээ. Энэ шийдвэрт “Хадгаламж”-ийнхан ч “сэтгэл хангалуун” байгаа гэсэн албан бус мэдээ байна. Үүнээс Ш.Батхүүд “Зоос”-ыг шахаж байсан юм биш үү гэсэн асуулт гарлаа. Хэрэв энэ асуудлыг гүнзгийрүүлэн төнхөөд байх юм бол гол учир шалтгаан нь банк руугаа (Зоос) биш шал өөр зүйл рүү чиглээд явчих янзтай.
Юутай ч сарын туршид яригдсан санхүүгийнхны хэлхээ холбоог төнхсөн шуугиан Зоосын “зовлонгоор” түүчээлж одлоо. Гэхдээ асуудлын энэ хэсэг бол өмнө тоймлосон сэдвээс тэс өөр зүйл тул орхиё. Цаг нь болохоор тусад нь тоймлоно.
Сэтгүүлч
Д.Энхболдбаатар
оюутан жаал
hi
test
test
test
test
hi