Энэ 7 хоногт
Буурин бичээч: ХҮН бэ?...

ХҮН бэ?...
“Хүн” гэгч энэ үгийн утга ер нь хэр хэмжээний мэдээлэл агуулж чадах бол?... Юу л даа... Мэдээж энэ үг нэр үг. Гэхдээ утгыг нь хөөвөл “мод” гэдгээс, “амьтан” гэдгээс тэс өөр утга агуулна. Тэр утга доторхи мэдээллийн талаар л сонирхож өөрөөсөө гэх үү, уншигч танаас гэх үү асуусан тэнэгдүүхэн асуулт шүү, уучлаарай. За, ямартай ч ХҮН гэгчээс үг сонсож болно, утга бүхий мэдээллүүд гаргуулж болно. Бүр урлагийн бүтээлүүд ч хийлгэх боломжтой. Эдгээрийг энэ дэлхий гаригт хүнтэй хамтаар оршин буй өөр ямар ч амьд биетүүдээс хүсэх боломжгүй.
Нэг хүний доторх мэдээллүүд, хоёр хүний доторх мэдээллүүд, тавин хоёр хүний хамтын мэдээллүүд, зуун мянга, нэг сая гурван зуун дөчин хүний, тэрбум... бүр бүх хүн төрөлхтөний өнгөрсөнд цуглуулсан, одоо байгаа... дээр нь ирээдүйд ирэх магадлалтай боломжит бүх мэдээллүүдийг нэгтгэж хамаад ямар нэг хэмжүүрээр нэрлэвэл хэр хэмжээний мэдээллийн сан үүсэх бол?... л гэж анх асуусан ухаантай.
Хүн мэдээлэл хоёр хоорондоо уягдана. Учир нь энд мэдээллийн бодит хэлбэрийн тухай цаашид яригдана. Бодит хэлбэрийн мэдээлэл гэдэгт хүмүүс бидний тархины ажиллах чадамжид таацсан, ойлгож чадах хэмжээний бүхий л мэдээллүүд орно. Харин үл харагдах, үл мэдрэгдэх, үл сонсдох, үл амтагдах зэрэг бидний таван мэдрэхүйгээрээ мэдэрч чадахгүй мэдээллүүд энэ тодотголд багтахгүй. Яг үнэнэдээ тийм үл ойлгогдох мэдээллүүд бидэнд ер нь хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.. бүү мэд. Юу ч гэсэн харагдаж баригддаг, хэмжигдэж тооцоологддог мэдээллүүд дотроо л төөрчихөлгүйи явбал барав, гэж бодогдоно. Хэдийгээр тэгэж хичээх ч гэртээ ирэх, ажилдаа явах хооронд л тархи толгой маань захгүй их мэдээллүүдийн шуурганд төөрөн хэнтэй юу ярьж, дотроо юу бодож байснаа хүртэл мартах шахан самгардаж, өнгө мөнгө ахуй орчиндоо автоматаар захирагдан нэг сар хоёр жилийг төвөггүйхэн туулсан байх нь гайхалтай. Энэ хооронд миний мэдсэн сурсан үлдээсэн бүтээсэн гэж юу байгааг өөрөөсөө хайгаад үзвэл ор хоосон мэт ч хоног жаран намайг эс хүлээн залуу насыг минь хайр найргүй залгин одсон байх нь үнэхээр харамсам.
Хэзээ төрлөө дөө... Хэзээ гэрлэлээ дээ... Хэзээ ажилд орсноо, үртэй болсноо, өвөө болсноо ч санаж амжихгүй шахам явсаар өнөөдрийг хүрч. Юу ч хийгээд яваа юм?... Юу ч үлдээгээд байгаа юм?... Осолдохгүй л хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ нэг бүүр түүрхэн мэдээд байх шиг. Хачирхалтай нь тэр нь хэзээ ч ирэх юм?... Хаанаас ирдэг юм?... бүү мэд. Амьдрал гэдэг бил үү... энэ тууллыг?...
Хүмүүс хэзээнээс амьдарч эхэлсэн юм?... Бас хэзээ энэ бүхэн дуусах юм?... Амьдрал гэж ер нь юу ч юм?... Яагаад заавал би энэ дунд нь байх ёстой ч юм?... Мэдээж ганц би биш л дээ. Бүх хүмүүс. Хүн төрөлхтөн бүхлээрээ.
Гариг дэлхийн түүхээ хөөвөл эртний Хомо сапиенсүүд өнөөгийн хүмүүс бид болон хувирч. Гэхдээ л хувирсан эсвэл хувиргасан шалтгаан гэж баймаар... Яах гэж хүнийг үүсгэсэн юм?... Эсвэл яагаад бид үүссэн юм?... Нээрээ “үүсгэсэн” гэж асуувал хэн нэг бурхан ч юм уу, ямар нэг бүтээгч хэрэгтэй болно. Тэгээд тэр бүтээгч бурханаас нь Яагаад?... хүмүүсийг бий болгосныг нь асуумаар санагдах ч хаашаа хэнд хэрхэн хандахаа мэддэггүй ээ. Эсвэл хүмүүс өөрсдөө зүгээр л үүссэн юм бол би өнөөдөр яах гэж банкинд өр тавиад байрны лизингэнд дарлуулж амьдах ёстой юм, гэж агсам тавьмаар санагдаад. Энэ олон хууль дүрэм, хэрэглээ хэрэгцээ намайг тал талаас минь дөнгөлөөд, хүчээр шахуу л амьдрал туулуулж байна шдээ, яг үнэндээ. Би гэж хүн төрөлхтний нэг өчүүүхэн эд эс ингэж амьдрал туулахаа өмнө нь мэдсэн бол энэ дэлхийд хүн болж төрөхөөсөө лав л татгалзах байсан байх. Маньтай адил санаа бодолтнууд ч бас байгаа гэдэг би л хувьдаа бүрнээ итгэнэ. Хаанаас ирсэн хэрэгтэй хэрэггүй мэдээллүүдээр тархи оюунаа угаалган, хэзээнээс эхэлсэн зөвтэй буруутай журмуудад өөрийн орон зайг захируулан хүн ч юм шиг зомби ч юм шиг амьдрахчаа аядан гэлдрэх хүн сүргийн нэг би өөрийгөө хэн гэдгийг яг үнэнээр нь мэдмээр л байна шдээ. Яах гэж энд ирсэнээ... бас яаж яваад амьдрал гээч энэ тоглоом руу орчихсноо бас яг үнэнээр нь мэдмээр байна. Хэнээс асуух юм?... Хаанаас эрэх юм?... хэлээд өгөөч хэн нэгэн. Миний мэддэг мэддэггүй бүх мэдээллүүд, хүмүүсийн... хүн төрөлхтний одоо мэдэж байгаа ирээдүйд мэдэх тэр бүх мэдээллүүд хаанаас эхтэй юм?... Хэн нааш нь илгээгээд байгаа юм?... Мэдмээр л байна, мэдмээр байна, мэдмээр байна.
Яагаад хэн ч хариулахгүй байгаа юм?... Яагаад хүн төрөлхтөн бүгдээрээ нийлээд ч энэ асуултын хариултыг олохгүй байгаа юм?...Энэ гариг дээр хэзээ ирсэнээ, яагаад оршин байгаагаа, яаж бодож сэтгээд байгаагаа ч ойлгохгүй байх нь тэнэг хэрэг бус уу?... хүмүүс ээ. Хэн нэгэн надтай ярилцаач. Хэсэг бүлгээрээ ч болов энэ сэдвээр ярилцъя л даа, ядахдаа. Тайллыг нь тайлж чаддаггүй юм аа гэхэд тууллыг нь зүгшрүүлж болохгүй гэж үү?... За ямартай ч хамтарч хайх хүмүүс цуглартал би энэ сэдвээр нийтлэлүүд бичиж байхаар шийдлээ, өнөөдрөөс эхлэн. Олон дагагчидтай болох маань ч яамай... Зүгээр л санаа нийлэх хүмүүс олох хүртлээ л бичье. Дараагийн нийтлэлээ энэ нийтлэлийг унших хүмүүс олдсоны дараа оруулна. Ганцаараа бичээд галзуурчихаж магадгүй учраас шүү. За энэ хүртэл уншсан хэн гуай танд талархлаа.
БУУРИН бичээч үлдээв. 2026-01-07.


Suld
Отгонсүрэн
Уншигч
DaSu
Зочин
Ганбаатар
Сайнбүрэн
Сурхан
Зочин
Уншигч
Уншигч
Мөнхзул
төрболд.с
Зочин
Зочин
Зочин