Утга зохиолын тухайд: Маш товч удиртгал


Уран зохиолын тухайд бид тун няхуур, чамбай судалж шинжилбээс зүйд нийцэлтэй. Угтаа аливаа зохиол бүтээлийг мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид л үнэн зөв тунгааж, хянан тохиолдуулах чадвартай гэсэн үг. Уран зохиолын аль ч төрөл сайн дурынхан болоод хонжоочдод зориулагдаагүй болно. Хэрэв та хэл шинжлэлч, сэтгэл судлаач, криминологич, сексологич, наймаач бол түүнийгээ л хийж үз. Уран зохиол, эх хэл гэдэг гаж хүслээ хангах, түүнийгээ зөвтгөн улайрах талбар бус аа. Мөн та галзуурал, мансуурал, бодь гөрөөс, өвсний амь нас, цаас, модны гарзад сэтгэл зовнигч, монголоор омогшигч, хар хятад, харь хэлтнийг үзэн ядагч, психоаналист эрдэмтэй бол ихээхэн молхи буюу уран зохиолын салбар таниар үл дутмуй. Нөгөөтээгүүр судалгааны эх сурвалж болгочихмоор, ном сонин ховрын дээр манай зарим судлаачдын гадаад хэл, бичгийн эрдэм ч нэн базаахгүй. “Нэпко хэвлэлийн газар”-аас эрхлэн гаргадаг “Оксфорд цуврал”-ын 16 дахь ном, Судлаач Жонатан Каллерын “Утга зохиолын онол: Тун товчхон танилцуулга” уншигч, судлаач, мэргэжлийн ангийн оюутнуудын гар дээр очиход бэлэн болжээ. Тэрээр ямагт голыг нь олж онол дэвшүүлэх, олон таван үггүй шуудхан чухал асуудлаа бичдэгээрээ онцгой. Манайд ч “туурвил зүйн” ном товхимол ховор тул олзуурхалтай. Гэлээ ч та онолын ном уншаад л онолч, философич, судлаач болчихгүй. Онол гэдэг баримт нотолгоо биш, урдах ажил л улам ундрахын нэр. Ерөөс таны уншсан ном ч хүнд гайхуулан сайрхах, чамирхах хэмжээнд хэзээд хүрэхгүйг санаж явбал таарна. Харин үзэл санаа, итгэл үнэмшилдээ ямагт эргэлзэх, лавшруулан үзэж, ул суурьтайхан хандаж гэмээнэ эрүүл ухаанд тооцогдох тун магадтай юм. Энд би номын агуулгыг дурайтал дурдах нь ч болхи хэрэг. Тиймээс зохиол бичих, судалгаа хийх гэдэг зүтгүүрийн ажил, зохиолч гэдэг ч мэргэжил тул саруул ухаан, эрүүл биеэс л бүтээл төрөх боломжтой. Ингээд уншигч, судлаач, зохиолч, орчуулагчид маань дөмөгхөн нэг онолын номтой болжээ. Мэргэжлийнхэнд амжилт хүсье!

 Нэпко хэвлэлийн газрын редактор Э.ЦОГЗОЛМАА