Ер нь бол Монголын нийслэл өвдөлтийг мэдрээд хичнээн ч жил болчихов. Утаа, Түгжрэл, Аюулгүй байдал, Нийгмийн үйлчилгээний хүрэлцээ... тоочоод баршгүй зовлон. Нийслэлчүүдийн санаа сэтгэл тогтворгүй, тэр хэрээрээ хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй байна. Цөөнгүй жилийн энэ бухимдал өнөөдөр гаргасан зөв шийдвэр бүрийг буруутгаж байгаа нь харамсалтай. Ийм цаг үед тэгээд яах ёстой юм бэ. Удирдлагууд л зоримог, амьдрал мэддэг, эцэс цуцашгүй байх ёстой. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд гаргасан шийдвэрүүдээ огт цуцлахгүй байна. Энэ бол муйхарлал биш. Үүн дээр А.Баяр, Х.Нямбаатар хоёр хатуу байна. Ийм байгаагийн зөв, бурууг цаг хугацаа харуулна. Ямарч байсан ийм их зовлон бэрхшээлтэй Улаанбаатарын асуудлыг шийдэхийн төлөө А.Баяр, Х.Нямбаатар хамт байж, өдөр шөнөгүй зүтгэж байгаа нь нийслэлчүүдэд олз юм. 

Тэд хоёр тийшээ харж болохгүй. Ингэх л юм бол Монголын нийслэл баларна. Нийслэлд өмнөх сайн түүх бий. НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Засаг дарга Э.Бат-Үүл хоёр сайн хамтарсны үр дүнд нийслэл бие даасан төсөвтэй болж, гэр хорооллыг барилгажуулах эхлэл тавигдаж, Улаанбаатар нь Монгол улсын “бага” Засгийн газар болох хөрс суурь тавигдсан юм. Өнөөдөр нийслэл хот бие даасан байдлаар асуудлаа шийдвэрлэж, бие даасан эдийн засагтай болжээ. НИТХ-ын дарга А.Баяр, Засаг дарга Х.Нямбаатар хоёр өмнөх кейсүүдээ харж чадаж байна. Энэ их чухал.

 Монголын төрд байхгүй болчихсон залгамж чанар хот дээр үргэлжилж байна. Өнөөдөр НИТХ-аас гарч байгаа шийдвэрүүд хэрэгжилт дээрээ ямар байна вэ. Үүн дээр НИТХ-ын дарга А.Баяр төвлөрөх ёстой. Ямартай ч нийгэмд харагдаж байгаагаар тэр илүү үг ярьж, илүү хөдөлгөөн хийдэггүй хүн бололтой. Гэсэн ч тэрээр өнөөдөр хүссэн хүсээгүй хотын дарга шигээ гудамжинд таваргах боллоо. Х.Нямбаатар шигээ бас... гэх хүн байгаа байх. Ингэж ажиллахаас өөр арга зам энэ хотод үлдээгүйг та бид өөрсдөө харж байна. Ямар их асуудал байна. Ингэж иргэдийн дунд орсноо тэрээр тайлбарлахдаа “НИТХ нь бодит нөхцөл байдлыг мэдэхгүй, албан тасалгаанд вакумжаад хуралдаад сууж болохгүй нь. Аль болох гадуур ажиллаж, нийгмээ зөв мэдрэхийг хичээж байна. 

Тухайлбал, НИТХ-ын зөвлөлийн хурлыг албан байгууллагууд дээр очиж хийлээ. Иргэдэд хамгийн ойр ажилладаг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд очиж хуралдаануудаа хийж, иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг газар дээр нь сонсож, хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийг төлөөлж байгаа Хурлын төлөөлөгчид асуудлыг газар дээр нь танилцаж, зөв мэдээлэлтэй болж байж иргэндээ ээлтэй, зөв шийдвэр гаргах юм билээ” гэж. Ер нь бол НИТХ-ын даргын хийх ажил, гаргах шийдвэр, ахиц өөрчлөлт бүхэн улс төрийн арга замаар шийдэгдэнэ. Энэ нь Олон улсын практик. Монгол улсын “бага” парламентыг удирдаж байгаа түүнийг улс төрийн том орон зайд харах ёстой. 

Өнөөдөр монголд улс төрийг яаж хийж байна. Гурван янз. Сэдэв, Бүтэц, Хувь хүн гэсэн. Сүүлийнхээс нь эхлэе. Хувь хүний улс төр нь Женко, Баярцогт, Оюун-Эрдэнэ... гэх мэт тод дүрүүдийн нөлөө. Тэднийг дагасан улс төрөөр тодорхойлогдоно. Бүтцийн улс төр нь энэ олон фракцууд. Ямар ямар нэртэй ч билээ, фракцуудыг бүгд мэднэ. Энэ гурав дотроо Сэдвийн улс төр нь хамгийн эрүүл. Сэдэв ярь, гарц гаргалгааг нь ол, тэгээд шийдвэр гарга. Товчхондоо улс төр гэдэг зөв, сайн шийдвэр гаргах үйл явц, хүмүүсийн оролцоо. Энэ гурван улс төрийн аль дотор нь НИТХ-ын дарга А.Баяр явж байна вэ. Лав л түүнийг тэрний, энэний хүн гэж шууд тодорхойлох боломжгүй. Тэгвэл аль фракц вэ. Бас мэдэхгүй. Тэгэхээр тэр СЭДЭВ ярьж, шийдвэр гаргаж яваа дарга. Улс төрийн тодорхой хүрээнд түүнийг ингэж хүлээн зөвшөөрч байгаа. Нийслэлд томилогдсон дарга бүрийн шүдний өвчин болсон Түгжрэлийг тэрээр өөр дээрээ авч шийдлүүд гаргасан. Арга зам нь AI ухаалаг системийг замыг хөдөлгөөний хяналтад хэрэгжүүлээд эхэлчихлээ. Түгжрэл дээр их олон ажил бий. “Хоёр машин шүргэлцэхэд л цагдаа, даатгалаа хүлээгээд зам таг гацдаг. Зам тээврийн ослын дуудлагын 70 орчим хувь нь хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага байдаг. Энэ тохиолдолд цагдаа очихгүйгээр асуудлаа шийдээд, маш хурдан замаа чөлөөлж, салдаг зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Дэлхийн олон орон аль хэдүйн энэ төрлийн ослыг технологиор шийддэг болчихсон. Дрон нислээ, ослын зураг авлаа, хэмжилт хийлээ, замаа чөлөөллөө, ингээд асуудал шийдэгддэг. Замдаа явж байхад нь хохирлын хэмжээ бодогдож, буруутай этгээд нь тодорхой болно”. Түүний ярьж, хэрэгжүүлж эхэлсэн ажил энэ. 

 Хөдөлгөөнд тэр чигээрээ эрсдэл авчирч байгаа суррон, скүүтерийн хэрэглээнд зохицуулалт хийгээд эхэлчихлээ. Яалтачгүй онц анхаарах сэдвийн нэг. Урин дулаан цагаар суррон дугуй хөлөглөгч хүүхдийн аваартай үйлдлийг бүгд л зам дээр харж байгаа. Үүнийг холбогдох байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Зохих зохицуулалт нэн түрүүнд шаардлагатай. Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг шат дараатай чөлөөлж байна. Энд тэнд эрээвэр хураавар, уялдаа муутай байсан холбогдох Мэргэжлийн байгууллагуудыг бодлогоор зангидаж түгжрэлийн эсрэг ажиллаж эхэлсэн нь нийслэлд урьд байгаагүй ахиц харагдаж байгаа. Эрсдлээс бүрэн сэргийлсэн, амьдралын зөв хэмнэлтэй, тав тухтай, аюулгүй хотын төлөө юм. Аюулгүй хот гэдэг дээр ч А.Баярын хэрэгжүүлж байгаа ажил тодорхой харагдсан. НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл дээр холбогдох бүх байгууллагыг нэгтгэж, бодлогоо тодорхой болгож, системчилсэн.     Тэр ганцаараа шийдвэр гаргадаг дарга биш. Тэгш эрхэд суурилсан НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар түүний  ажил явна. А.Баяр даргын үүрэг бүх төлөөлөгчдийг бодит мэдээллээр хангаж, үзэл бодол байр суурийг нь нэгтгэж, зөв рүү чиглүүлэх. Шулуухан хэлэхэд түүний ажлын арга барил хотын дарга Х.Нямбаатарт маш их дэм болж, ачааг хамтдаа үүрэлцэж явна. Тэр ажлын туршлагагүй нэгэн биш. Улаанбаатарын хамгийн том 400 мянга гаруй хүн амтай Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар ажилласан хүн. Ажлын зохион байгуулалтыг тэр чадварлаг хийх ёстой. Одоогоор түүний ажилд сэтгэл дундуур хүн алга. Тэр зогсолтгүй ажиллаж байна.  Улаанбаатарыг утаагүй, түгжрэлгүй,  аюулгүй хот болгохын төлөө. Үүнийг хийж байж энэ хотод эхний аз жаргал ирнэ. 

Үүний дараа илүү том сэдэв, том асуудал руугаа орно. Үүнийг А.Баяр маш сайн мэдэж байгаа. Өнгөрсөн үе хүссэн хүсээгүй өөрийгөө сануулдаг. Гэхдээ сайнаар, хийсэн бүтээснээр нь. Тийм нэгэн байх нь улс төрч бүрийн хүсэл. А.Баяр ч ялгаагүй. Шийдвэр гаргагч нарын талаар дүгнэлтийг хийхдээ ажлын үр дүн рүү нь өнгийдөг. НИТХ-ын дарга А.Баярын тухайд би тэгэхийг л хичээлээ. Түүний эргэн тойрны бүх ажилд мэргэжлийн судалгаа, тооцоолол дутмаг байгаа юм шиг. Үүн дээр нэлээд цагийг тэр барж байгаа. Тэгж байж зөв онош тавина. Зөв оноштой байж ажил үр дүнтэй. Замын хөдөлгөөний менежментийн шинэчлэл эхэлсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого илүү системтэй болсон. Дижитал шийдэл, технологийг боломжит бүх салбарт нэвтрүүлж байна.  Иргэдтэй харилцах, мэдээллийн ил тод байдал нь өөрөө хамгийн том ардчилал. Нийслэлчүүд мэдээллээр харанхуй байж болохгүй. 

Дарга нарынхаа юу хийж байгааг иргэд нь сайн мэддэг байх ёстой. Түүний хийж хэрэгжүүлж байгаа ажлыг маш товчхондоо базаж дүгнэхэд ийм. Түүний ажлын логик юм даа. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр бичиг цаастай зууралддаг, уншиж судалдаг, амьдрал мэддэг залуу дарга маш ховор. Харин НИТХ-ын дарга А.Баярын ажлын хэмнэл, амьдралын дүр зураг арай өөр. Эргэн тойронд нь дүүрэн улаан, цэнхэр, хар өнгийн балаар зурж тэмдэглэсэн, засч янзалсан бичиг баримтууд дэлгээстэй. Дэлгэц самбар дүүрэн замын зураг, ажлын төлөвлөгөө, хэрэгжилт биелэлт. Төрийн ажлын зогсолтгүй чанар, үйл явц, үр дүнгийн хүлээлт гэж энэ. Өнөөдөр хүчирхэг байх албагүй ухаалга л байх ёстой цаг үе. Тэр юу хийх ёстойгоо мэдэж байна. Бас юу хийж болохгүйгээ ч мэдэж буй залуу юм...