Камбожийн Засгийн газар 850 сая ам доллараар үнэлэгдэх 14 гэрээг Хятадтай байгууллаа. Олон улсын дарамт шахалтыг үл хайхран, Хятадаас зугатан гарсан улс төрийн орогнол хүсэгчдийг буцаан өгсөнийхөө шагналд эдгээр гэрээг хийлээ гэж үзэгсэд олон байна. Ядуу буурай Камбожийн гол хөрөнгө оруулагч Бээжин зам тавихаас өгсүүлээд усжуулалт хийх, парламентын шинэ ордон барих зэрэг олон төслийг тусламжаар хэрэгжүүлэхийг зөвшөөрлөө. Гэхдээ нийт хэдэн сая долларын гэрээ байгуулсан нь одоогоор нууц байна.

Пномпень улс төрийн орогнол хүссэн уйгаруудыг Бээжинд хүлээлгэн өгсөн нь 1951 онд нэгдэн орсон олон улсын гэрээгээ зөрчиж байгаа хэрэг юм. Уг гэрээгээр шашин, улс төрийн шалтгааны улмаас эх орондоо мөрдлөгө, хавчлагад өртсөн орогнол хүсэгчийг албадан гаргах буцаан шилжүүлэхийг хориглосон байдаг. Гэвч Камбож Хятадаас дэд бүтцийн салбарт нь оруулах хөрөнгө оруулалтаар орогнол хүссэн 20 уйгарыг арилжиж орхилоо.

Эдгээр уйгарууд долдугаар сард Өрөмчид болсон үндэстэн хоорондын мөргөлдөөнд оролцсон хүмүүс  аж. Мөргөлдөөний үеэр 197 хүн алагдсан албан ёсны мэдээ бий. Тэд сар орчмын өмнө Вьетнамаар дамжин Камбожид ирж, НҮБ-ын Цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүссэн ч ийнхүү талаар боллоо. “Дэлхийн уйгаруудын конгресс”-ийн тэргүүн Ребия Кадир “Уйгаруудыг албадан гаргахад Хятадын талын шахалт, олон сая долларын тусламж нөлөөлсөнд эргэлзэхгүй байна” гэжээ.

“Хятадын Засгийн газар эдгээр хүмүүсийг буцаан өгөхөд туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлсэн. Орогнол хүссэн иргэд манай хилийг хууль бусаар даван орж ирсэн тул цагаачлалын хуулийнхаа дагуу асуудлыг шийдсэн” гэж Камбожийн Засгийн газар мэдэгдэв. Хятадын тал ч үүнийг байдаг л зүйл хэмээн үзэж байгаа аж. Бээжин “Уйгаруудын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа.” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Өрөмчийн үймээнд оролцсон хэргээр баривчлагдсан хүмүүсээс 17 нь дээд хэмжээ авчихаал байна. Эдгээр уйгарууд Хятадад хүргэгдэн очоод наад зах нь бүх насаараа хоригдох, эсвэл бүр дээд хэмжээ ч авч магадгүй гэдгээ Камбож дахь НҮБ-ын Цагаачдын албаныханд ярьжээ. Тэдний зарим нь үймээний үеэр цагдаа нар уйгарудыг зодож, занчиж байгаа бичлэг хийснээ гадаадын сэтгүүлчидэд дамжуулсан аж.

АНУ-ын Төрийн департмент болсон явдалд туйлаас сэтгэл дундуур байгаа бөгөөд Камбожийн энэ алхам Вашингтонтой тогтоосон харилцаанд нь болон олон улсын байр сууринд нь нөлөөлнө гэсэн байна

O.Тогоо