Энэ 7 хоногт
Хүний үнэ ба амьд явах боломж
Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөлөөс нэгэн ажлын хэсэг байгуулсан байна.
Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөлөөс нэгэн ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсэг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь хилийн цэргийн Улаан-Уулын отрядад зэвсэг нэгт нөхөддөө буудуулан амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт нөхөн олговор олгох асуудлыг “судалж шийдвэрлэх” юм. Ажлын хэсэг анхны саналаа боловсруулаад байгаа бөгөөд энэ саналаар нөхөн олговрын хэмжээг 30-50 сая төгрөг хэмээн тогтоожээ.
Энэ тоо бидэнд чухам юу өгүүлнэ вэ? Цэл залуухан, эрүүл саруул хүүгээ эх орноо хамгаалуулахаар эр цэргийн албанд үдсэн эцэг, эх хүүгийнхээ оронд хэдэн халтар төгрөг аваад сэтгэл ханах болов уу? Монгол эрсийн, эрүүл чийрэг залуусын үнэ энэ үү? Ер нь монгол хүн ямар үнэтэй юм бэ?
Сонгуулийн дараах үймээнээр цагдаа нарт буудуулсан хүмүүс, ойн түймэр унтраахаар яваад эргэж ирээгүй аврагчид, шинэ жилийн баяр тэмдэглээд архинд хордсон иргэд, хүний нутагт харь хүмүүсийн гарт үрэгдсэн монголчууд, гэмт халдлагад өртөж амиа алдагсад, хүний наймааны золиос болж буй охид... гэхчлэн үнэ цэнээ нэхэж, хүнээ гэх төрийн бодлогыг шаардсан үйл явдлууд ар араасаа хөвөрнө.
Өнгөрсөн онд болсон цасан шуурганаар 22 хүн осгож нас барсныг хүмүүс санаж байгаа. Налайхын уурхай, энд тэндэхийн нинжа нарын “отгуудад” шороонд даруулсан хүмүүсийн тоо талийж өгсөн. “Азийн чоно” хэмээх “үндэсний брэнд” 15 хүний амийг авч одсон. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн өвөл гарсан ахуйн 9 алтан амийг хайлуулж орхисон. Хэдхэн хоногийн өмнө бетон зуурмагийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтэд өртөж 3 залуу амиа алдсан.
Цагдаагийнхан өглөө болгон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт рапорт өгдөг юм. Хоёр хуудас уг илтгэлд хоногт гарсан гэмт хэргийн тоог төрлөөр нь ангилсан хүснэгт л байдаг юм. Хүснэгтийн төгсгөлд “Золгүй тохиолдлоор нас барсан хүн” гэсэн нүд бий. Энэ нүдэнд өдөр бүр 2-5-ын хооронд хэлбэлзэх тоонууд байнга бичигдэнэ. Хаа нэгтээгээс олдсон цогцос, гадны нөлөөгүй нас барсан хүмүүсийг илэрхийлдэг энэ тоо “алтан” гэж бидний тодотгодог хүний амины тухай гунигт бодлыг эрхгүй төрүүлдэг юм. Энэ бол зөвхөн “золгүй тохиолдлын” тоо шүү.
Гэмт үйлдлийн золиос болох, байгалийн гамшигт өртөн мал ахуйтайгаа төөрч осгох, үер усанд живэх, гал түймэрт шатах, уурхай, шрупэнд дарагдах гэх мэт монголчуудыг “авлагчид” өдрөөс өдөрт улам олон болсоор. Үйлдвэрлэлийн осол, хийн зуухны дэлбэрэлт хүртэл биднийг “хөөрхөн шоглочихдог” болж. Хот хороогүй хонь мал шиг болсон монголчууд төр, засгаасаа аврал эрж, “биднийг авраач” хэмээн гар сарвайн гуйж байна.
Цагдаагийн байгууллагын судалгааны албанаас “20” гэсэн бас нэг тоо хэлж өгөв. Энэ бол Монгол Улсад хоногт цаг бусаар амь үрэгдэж буй хүмүүсийн дундаж тоо. Сэртхиймээр. Үүнээс гадна элдэв гэмт хэрэг, осол гэмтлээр тахир дутуу болж, эрүүл мэндээрээ хохирон амьд хэрнээ үхсэнээс дээрдэхгүй үлдэж буй хүмүүс олон бийг тооцох хэрэгтэй.
Хоног хоногоор гэмт хэргийн үйлдэл, төрөл олширч, нарийсч байна. Монгол хүний мөс чанар “хайлан” доройтож, хүнээс гарамгүй үйлдэл хийх нь их болж байна. Цагдаагийнхны сүүлийн хоёрхон хоногийн бүртгэлийг сөхөж үзлээ. Санаанд багтамгүй, хүний ёсноор гадуур үйлдлүүд энэ бүртгэл дээр ирииж үзэгдэнэ.
-Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны иргэн Л-ийг ах нь хутгалаад амийг нь хөнөөчихөж.
-Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд оршин суух 60 настай эмэгтэй О-г төрсөн хүү нь зодоод алчихаж.
-Бөхийн өргөөний орчимд залуус талцан зодолдсоноос 19-хөн настай залуу нас барж, гурван хөвгүүн хүндээр гэмтчихэж.
-Зуун айлын зам дээр 35-тай бүсгүй машинд дайруулаад үхчихэж.
-Долоон буудалд микроавтобус суудлын тэрэгтэй мөргөлдсөнөөс 2 зорчигч газар дээрээ нас барж...
Харамсалтай, тоогүй, зүрх зүссэн, өр өвтгөсөн мэдээнүүд тасралтгүй хөвөрнө. Монгол хүмүүст амьд явах, амьдрах боломж нөхцөл (эрх энэ тэр гэхээ больё) байгаа эсэх тухай бодол бид ээдэрнэ.
Уул нь бид монгол хүний үнэ цэнийн тухай ярья гэж бодсон юм. Цуглуулсан баримт, тоонууд маань эрхгүй амьдрах нөхцлийн тухай сэдэв рүү хөтөлчихлөө. Монголчууд бидний бие биенээ хүндлэн хайрлах, бие биендээ зүгээр л хүн ёсоор хандах мөс чанарын тухай эргэцүүлэхэд хүргэчихлээ.
Саяхан нэг найз маань амаржсан юм. Удтал хүсэн хүлээж байж хүүхэдтэй болоод, 10 сарын турш хэвлийдээ бөөцийлж байж төрүүлсэн хүүхэд нь зүрхэндээ хоёр ч том цоорхойтой төрөв. “Яагаад ийм юм болов?” гээд судласан чинь нийслэлийн утаа эхийн хэвлийд байгаа урагт ингэж нөлөөлсөн нь тогтоогдсон байна.
Утаа униарын тухайд ярих ч юм биш. Хүнс хоол маань өдрөөс өдөрт хор болох нь ихсэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүд олон олноороо хоолны хордлогоор өвдөж байсан жишээ хангалттай бий. Гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмчилгээний бодисуудаасаа хордож байна.
Энэ бүхэн та бидэнд чухам юуг өгүүлнэ вэ? Эх орондоо амьдрах, эртний түүхтэй энэ гүрэн улсаараа бахархаж, бардамнаж амьд явах боломж бололцоо байна уу, үгүй юу? Үр удмаа төрүүлж, үе хойчоо өсгөн үржүүлэх орчин ахуй байна уу, байхгүй юү?
Найзын маань бяцхан нярай амьдрал, үхлийн зааг дээр байна. Түүн шиг арга ядаж, цөхрөнгөө барсан олон эх бий. Хэнд хандахаа, хаашаа явахаа мэдэхгүй аав, ээжүүд амьдарч чадахгүй нялх үрээ тэврээд, утаан дундуур уйлан тэнүүчилж байна. Яах вэ? Хаачих вэ, монголчууд бид?
Д.Энхболдбаатар
У.Сарангэрэл
Зочин
Äàëäûí õàð ìàëãàé
Саруул
Öîãò
Michid