Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Их говийн монголчуудын уламжлалт ан агнуур ба хээрийн хоол
Улаан хүрэн өнгөтэй аугаа том наран тэнгэрийн хаяанаас өндийн, харсаар байтал хөөрсөөр хэмжээ нь жижгирэн, өнгө нь хүртэл шаргалтаж бидний өдөр тутам хардаг ердийн наран болох ажээ. Үүнийг харсан хэн ч гэсэн зөвхөн нар хэрхэн мандахыг харах гэж Монголын говьд ирэхэд харамсах юмгүй санагдана. Гэвч бидний энд ирсэн зорилго огт өөр зүйл байлаа.
Экологийн тэнцвэр нь алдагдаагүй Төв Азийн унаган байгальд олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын амьжиргааны салшгүй нэг хэсэг нь өнөө хэр ан агнуур байсаар байгаа билээ. Түүхэн урт удаан хугацааны явцад байгальтайгаа тохирон боловсронгуй болсон ан агнах аль ч монгол арга агнах гэж буй амьтныхаа зан араншинтай нягт уялдсан байдаг онцлогтой. Иймээс бид гадаадынхан байтугай хотын уугуул иргэдэд ч сонирхолтой санагдах монголын уламжлалт ан агнуур болон хээрийн нөхцөлд ямарч сав суулга хэрэглэдэггүй, хийхэд хамгийн хялбар, хурдан хугацаанд болдог “сорс”, “хавчмал”, “гүзээн хорхог”, “зараан бөмбүүлэй” хэмээх жинхэнэ монгол хоолуудыг хэрхэн хийхийг нүдээр үзэхээр энд ирээд байгаа юм.
Бид яг одоо монголчуудын “тэмээ түлхэх” гэдэг аргаар хар сүүлт зээрийг хэрхэн агнахыг дурандан ажиглаж сууна. Хар сүүлт зээр нь Монголын “ан агнуурын” хуулийн нэн ховор, ховор, элбэг гэсэн ангиллын “ховор” гэсэн ангилалд багтдаг бөгөөд соёл, шинлэх ухаан болон гадаадын анчдаар агнуулахыг зөвшөөрдөг байна. Нэг хар сүүлтийн зөвшөөрөл авахад төлбөр, хураамж нь нийлээд 650 ам.доллар болдог аж. Говийнхны үздэгээр хар сүүлт зээрийн мах хамгийн амттайд тооцогдох бөгөөд дараа нь аргаль, гэрийн хонь, адуу, үхэр, тахь, хулан орж хамгийн амтгүй маханд цагаан зээр, хавтгай, гэрийн тэмээ ордог байна.
Энэ үед бидэнтэй хамтран ажиллаж буй анчин маань есөн тэмээг ойр ойрхон идэшлүүлсээр сүрэг хар сүүлт зээрэнд аажим аажмаар дөхөж байлаа. Монголчууд зөвхөн хонь ямааг өдөр болгон хариулдаг бөгөөд сүүг нь саахгүй л бол үхэр, адуу, тэмээгээ бэлчээрт чөлөөтэй туучихдаг аж. Тиймээс харуй бүрийгээр явсан анчин маань хүний өөрийн гэлтгүй номхон, хамгийн гол нь орилдоггүй есөн тэмээ тэр хавиас цуглуулаад зээрийн сүрэгт ойртож байгаа нь энэ. Түүний нэрийг Ө.Тогоо гэх бөгөөд тэрээр Өмнөговь аймгийн Булган сумын хамгийн алдартай анчдын нэг нь билээ. Сонирхолтой нь малчид бараг бүгд нэрнээсээ гадна бусдаасаа ялгах “тодотголтой” байдаг бөгөөд манай анчин ч ”улаан” гэсэн хочтой аж. Харин та сайн танилцаагүй хүнээ хочоор нь дуудах нь тэр хүнд таалагддаггүйг анхаарууштай. Орон нутагт адилхан нэртэй хүн олон байдаг учир энэ хочнууд нь тэднийг хооронд нь ялгахад их дөхөм болдог байна.
Тогоо анчин тэмээнүүдээ аажмаар идэшлүүлэн урагшилж зээрийн сүргийн харалдаа ирмэгц тэмээгээ нэг нэгээр нь адилхан зайтай орхин явсаар салхин дор талд хамгийн сүүлчийнхээ тэмээтэйгээ үлдэхэд есөн тэмээ зээрийн сүргийг бүтэн тойрсон байлаа. Үүнд ерөөсөө 32 минутын хугацаа шаардагдсан бөгөөд анчин тэмээнийхээ урд хөлний харалдаа босоогоороо явах тул идшэлж буй зээрэнд харагддаггүй байна. Бидэнтэй тохиролцсон ёсоор анчин маань эхний удаа хий буудахад тайван идшилж байсан зээрийн сүрэг үргэж бөөгнөрөн зугтах гэсэн боловч эргэн тойрон байгаа тэмээнүүдийн хооронд хий дэмий давхилдах ажээ. Удалгүй дахин буу дуугарч дунд нь явсан нэгэн зээр унав. Анчин нуугдсан газраасаа босоход сая л нэг дайснаа хаана байгааг харсан зээрийн сүрэг тэмээний хоорондуур гарч талруу давхин одлоо. “Тэмээ түлхэх” аргын давуу тал нь зээр, хулан гэх мэт амьтад гэрийн тэмээтэй нэг бэлчээрт байнга байдаг учир тэднээс бэргэлгүй ойртуулдаг бөгөөд үргэж цочихдоо тал талд нь байгаа адилхан тэмээнүүдээс үргэж тэмээн тойргоос гардаггүй учир анчин хэрэгцээт ангаа тайван сонгон агнадаг байна. Энэ удаа ч гэсэн Ө.Тогоо анчин энэ сүрэгт байсан ганц сувай шаргачинг сонгон агнасан байлаа. Сувай шаргачин хөхүүлэх янзагагүй учир хамгийн амт шимттэй махтай байхаас гадна янзага нь өнчирч өлбөрдөггүйгээрээ зээрийн сүргийг хамгаалах давхар ач холбогдолтой байдаг гэнэ.
Тохиролцсон ёсоор анчин маань бүх зүйлийг өөрөө хийх ёстой байсан бөгөөд агнасан зээрийг өвчиж, махыг эвдэхэд ердөө л 14 минут зарцууллаа. Үүнийхээ дараа элгийг нь 2 х 8 х 2 см орчим хэмжээтэй хэсэглэн зүсэж дээр нь энэ хавьд хаа сайгүй ургасан хүмүүл хэмээх сонгинын төрлийн ургамал тавьж сэмжээр нь ороогоод говийн бутны хэдэн хуурай мөчир овоолон асааж дээр нь тавилаа. Хоёр минут орчмын дараа нөгөө талаар нь эргүүлэн шарж таван минут хүрэхгүй хугацаанд “сорс” хэмээх хоол бэлэн болох нь тэр. Би л хувьдаа ийм амттай шарсан элэг идэж байсангүй. Харин нутгийнхан өөрсдийн сорсыг өнгийг нь борлуулах төдий болгоод бараг түүхийгээр нь идэж байв. Үүний дараа анчин маань нутгийнхны “сайр” гэж нэрлэдэг жалганд очин чулуу түүлээ. Эхлээд хорь гаруй см голчтой хэмжээгээрээ ойролцоо хоёр хавтгай чулуу сонгов. Дараа нь арав хүрэхгүй голч диаметр -той 18 ш бөөрөнхий чулуу цуглууллаа. Тэгээд говийн заг хэмээх модны хуурай мөчрүүд цуглуулан овоолж дотор нь эдгээр чулуугаа хийж шатаав. Энд заг гэдэг модыг онцгойлон дурьдахгүй өнгөрч боломгүй. Надад “хатсан нь буюу ургахаа больж удсан нь нүүрстэй бараг адил илчтэй шүү” хэмээн говь явж үзсэн найзууд маань захиж байсан нь үнэн юм билээ. Харин хатаагүй нь буюу ургаж байгаа нь бүр хатуу бас маш эмзэг цагаан хальстай, бие биенээсээ цувран ургасан мэт шилмүүс нь тун ч зөөлөн, дотор нь энэ говьд хаанаас олсон юм бол гэмээр ус шиг шингэн хадгалагдаж байдаг юм билээ. Нас гүйцсэн нь арваад м өндөр ургадаг гэсэн
Анчин маань агнасан зээрийнхээ гүзээг усаар сайтар угааж цэвэрлэв. Ус гэснээс говийн худагнаас ус авахдаа саваа дүүртэл хийлгүй дээр нь нутгийнхны хэмжээгээр 3-4 хуруу буюу 5.5-7 см зай орхин савлаж тээвэрлэдэг аж. Учир нь говийн зарим ус эхүүн таагүй үнэртэй байх агаад тээвэрлэх явцад зайлагдан энэ үнэр нь гардаг байна. Гүзээгээ цэвэрлэж дууссаны дараа зээрийн ясыг үе үеэр нь салган махтай нь хамт гүзээний амаар чөлөөтэй орохоор жижиглэж бэлдэв. Харин гуяны цул махнаас хавтгай чулуунд тааруулан 2 см орчим зузаантай зүсэж тусад нь тавьлаа. Ингээд зүссэн махаа хутганы үзүүрээр энд тэнд нь жигд цоолж хүмүүлээр хачирлан шатаж дууссан түүдэгний цогон дотроос улайссан хоёр хавтгай чулуугаа гаргаж дунд нь хавчуулж тавихад тэр хавиар үнэхээр монголчуудын хэлдгээр “арааны шүлс асгарам” үнэр ханхийж 8 минутын дараа “хавчмал” хэмээх хоол бэлэн боллоо. Хавчмалын амт бидний мэдэх шорлогтой адилхан, ялгаа нь чулуун завсар хавчуулагдах тул шүүс нь бага асгарч илүү амттай болдог аж.
Хавчмал бэлэн болох хооронд “гүзээн хорхог” хийх ажил ид өрнөж байв. Бэлтгэсэн гүзээний ёроолд эхлээд жижгэлсэн махтай яснуудыг нэгэн жигд өрөөд дээр нь улайссан бөөрөнхий чулуунууд хийж дахин мах, чулуу гэсэн дарааллаар хийсээр хамгийн дээр нь хамгийн жижиг цул мах хийн гүзээнийхээ амыг бүснээсээ цуулан авсан даавуугаар боов. Монгол дээлийг ердийн үед даавуун бүсээр бүслэх бөгөөд эмэгтэй хүнийх 2 м, эрэгтэй хүнийх 3-5 м байдаг байна. Харин малчид хөдөө, хээр явахдаа хуучирч муудсан бүс хэрэглэх бөгөөд түүнээсээ шаардлагатай үед хэрэгтэй хэмжээгээрээ цуулж авдаг аж. Дараа нь амыг нь боосон гүзээгээ өнхөрүүлэн энд тэндээс нь нухаж байлаа. Энэ нь чулуунд мах наалдан түлэгдэхээс сэргийлэхээс гадна, дотор нь байгаа чулууг хөдөлгөж махыг жигд болгодог гэнэ. Бөөрөнхий чулуу цуглуулсны нэг учир нь энэ аж. Халуун чулуутай гүзээ хийлүүлж байгаа агаарын бөмбөлөг шиг дорхоноо түнтийж хагарах нь уу гэмээр болох агаад энэ үед анчин маань гүзээний амсарын хоёр талаас татаж хийг нь гаргаж байв. Хорин найман минутын дараа “гүзээн хорхог” бэлэн боллоо. ”Сорс”, ”хавчмал” цадталаа идсэн болохоор “хорхог” идэж чадахгүй байх гэж бодож байсан боловч амтанд нь болоод нилээд идсэн бөгөөд ялангуяа шөл нь үнэхээр сайхан ажээ. ”Хорхог” гэдэг нь хорр...хоррр... гэсэн чимээнээс үүссэн үг хэмээн анчин маань тайлбарласан бөгөөд үнэхээр ч хорхог хийх явцад ийм чимээ гарч байсан билээ.
Ингээд бидэнд нар шингэхийг хүлээх ажил үлдлээ. Би өдөр огт унтдаггүй атал цаг гаруй нам унтчихсан байв. Үүнийг нутгийхан “хорхогны шөлөнд цохиулах” гэдэг аж.
Удтал хүлээсэн наран жаргалаа. Харуй бүрийн тэрхэн агшинд говь чив чимээгүйд умбадаг аж. Бүр чив чимээгүй гээч. Энэхэн хугацаанд л их говь түр зуур амарч буй мэт сэтгэгдэл хэнд ч гэсэн төрнө. Гэвч удахгүй. Гүрэлзгэнэ хэмээх шавьж өөрийн өвөрмөц дуугаараа говийн шөнийн “шинэ” амьдрал эхэлснийг зарлана. Чийдэнгийн гэрэлд шөнийн амьтад ялангуяа “ямаан ууц” гэх мэтчилэн орон нутгийнханы зэвүүг хүргэж, нурууных нь үсийг босгодог амьтад байдаг аж. Тэд “Загийн шар” гэгдэх аалзанд бүр дургүй . Аалз болохоор “муухай” нь ойлгомжтой. Нүд, бас нийлмэл хэмээгдэх “бөөн” нүднүүд тэгээд хамгийн гол нь 4 “соёо” нь нутгийнхныг жинхэнэ зэвүүцүүлдэг бололтой. Загийн шар гэгдэх балетчин хүүхэн шиг бүсэлхийгээрээ нарийхан тэр аалзнаас хамгийн залууг нь тороор арай ядан барьж авав. Хүний хөлийн хурд л лав тэр аалзыг гүйцэхгүй юм билээ. Хотоос ирсэн болохоороо манай жолооч бид хоёр л “жоом”-ноос ялгаа юу байна хэмээн бие биенээ зоригжуулан бахардатлаа хөөсөн юмдаг. Нутгийнхан энэ үед бид хоёрт ойртох нь бүү хэл бүр бариад ирсэн аалзнаас ч холхон байхыг хичээж байв. Энэ нь ч аргагүй байх. Нас залуу буюу хэмжээгээрээ орос чүдэнзний дайтай “загийн шар”-ын амруу нь дэрсний гол ишийг таван см ойртуулангуут үсрээд зуугаад авч байна билээ . Бүр 12 х 8 см биетэй ч “загийн шар” байдаг гэнэ. Тэгвэл ямар өндөрт үсрэх бол. Арван см –аа сч илүү үсрэх биз. Бүр “Геннисийн ном”-д ч орж магадгүй . Бас болоогүй их говьд “цагаан тэмээ“ гэгч тас хар аалз байдаг гэнэ. Тал тал тийшээ сөрвийсөн тас хар урт урт үснүүдтэй, “загийн шар”-аас ч илүү том биетэй. Шөнө дөлөөр гэрт орж ирж байгаа нь хүн явж буй мэт чимээтэй гэж нутгийхан ярьж байна. Нутгийнхны эмээдэг эдгээр аалз болон аалз хэлбэртэнгүүд нь бүгд үнэхээр хор ялгаруулдаг. Гэхдээ эдгээрээс ганцхан “цагаан тэмээ” аалзны хор л биднийг нөгөө ертөнцөд шууд “аваачих” чадвартай. Иймээс монголчууд чоныг “хээрийн амьтан”, могойг “лусын амьтан” гэж оноосон нэрийг нь хэлэлгүй тойруу утгаар нэрлэдэг нүүдэлчдийн зарчмаар тас хар аалзыг “цагаан” гэж бусад аалзнаас том биетэй болохоор нь таван хошуу малын хамгийн том амьтан тэмээтэй зүйрлэн “цагаан тэмээ” гэж нэрлэсэн бизээ. Ерөөс нүүдэлчин монголчууд нас барсан хүнийг “талийгч” гэдэг бөгөөд энэ нь бараа нь харагдахгүй болсон хүн гэсэн шууд утганд хол яваад сураггүй болсон хүн буюу буцаж ирэхгүй хүн гэсэн далд утгыг агуулдаг бөгөөд аав, ээж ахмад хүмүүсийнхээ нэрийг, нутгийнхаа тахиж шүтдэг уулсыг ч нэрээр нь хэлдэггүй эртнээс уламжилж ирсэн заншилтай билээ.
Шөнийн говьд бас сонирхолтой бүр хайр хүрмээр амьтад ч байна. Чийдэнгийн гэрэлд нүд нь гэрэлтэж амархан баригддаг гүрвэл ч байх аж. Өдрийн гүрвэл шиг элгээрээ гүйлгүй дөрвөн хөл дээрээ босоо явдаг болохоор нь нутгийнхан “нохой гүрвэл” гэдэг гэнэ.Арьс нь маш зөөлхөн. Аргагүй л Их говийн шөнийн амьтан. Хайр хүрмээр гэдэг нь атиг даахайнууд. Бас алаг даахайнууд гэж бий. Атиг даахайнуудаас биеэр том яг л жижиг “кенгеру” мэт. Харин атиг даахайнууд ялангуяа өөхөн сүүлт атиг даахай бүр өхөөрдмөөр. Ямар ч муу санаа байхгүй, хүний гар дээр байгаагаа шөнийн говьдоо л байгаа мэт санадаг бололтой ийш тийшээ юм хайгаад яваад байна тэгснээ хуруунд тулангуут их гайхна тэгээд хичээнгүй гэгчээр яг л эрдэмтэн адил “судална”. Газарт тавингуут байх л ёстой юм болсон мэт хээв нэг дэвхрэн одно. Ер нь өөхөн сүүлт атиг даахайг өөрийнхөө гар дээрээ тавьж үзсэн хүн л энэ дэлхий дээр ийм хөөрхөн, хайр хүрмээр амьтан байдаг гэдгийг бүрэн ойлгоно. Үгээр илэрхийлэхийн аргагүй.
Мартаснаас “Мал мэнд үү?” гэдэг шиг шөнийн говьд юу л байна зараа л байдаг юм билээ. Бариад авах бүр амархан. Шөнө болоод тэр үү шавьж нэг их хол үсрэхгүй. Зараа гуайн үндсэн хоол болохоор тэднийг сурмаг нь аргагүй барина. Тэгээд шажигнатал иднэ. Харин бид зарааг идэх гэж байгаа билээ.
Ойн зарааг бодвол говийн зараа шувтан бие, босоо чихтэй болоод ч тэр үү их хөөрхөн харагдана. Манай анчид “энэ нь хөгшин, тэр нь залуу” гэсээр жолооч, тогоочоо хүртэл оролцуулан нийт хүмүүсийн тоогоор 9 зараа барив. Хүзүүг нь ганцхан мушгиад л зэрэгцүүлэн тавиад байна. Хамгийн сүүлчийнх нь хүзүүгий нь мушигмагц эхний зарааны хөлрүү хутгаар цохиж үздэг аж. Ингэж байж бүрэн үхсэнийг нь шалгадаг гэнэ. Тэгээд зарааны хойд хоёр хөлнийнх нь завсар буюу цавиар нь багахан зүзэж гэдэс дотрыг нь гаргаж хаяна. Оронд нь хэсэгхэн хөмүүл чихнэ. Ингээд яг амьд мэт нугдайлган бөөрөнхийлж бүснээсээ цуулан авсан даавуугаар тугдайтал нь бооно. Тэгээд говийн нунтаг шавар дээр ус асгаж нугдайсан зараагаа өнхөрүүлэн бараг үсий нь далд ортол нойтон шавар наалдуулна. Бөөрөнхий шавар гэж андуурмаар болмогц зараануудаа загийн цогийг хутгаж байгаад дотор нь хийчэхдэг аж. Харин загийн галд хийж болдоггүй гэнэ. Учир нь гаднах нь түлэгдэж доторх нь түүхийрдэг аж. ”Зараан бөмбүүлэй ”-н амт үнэхээр гайхамшигтай юм билээ. Тахианы мах мэт цав цагаан мах, амт нь хамаагүй илүү. Суурин амьдралтай бидний хэлж заншсанаар экологийн цэвэр бүтээгдэхүүн, зөвхөн монголд л байдаг говийн нүүдэлчдийн хоолнуудын тухай товч танилцуулахад ийм байна. Маргааш эрт Алтайн ууланд гарна. Уулын нүүдэлчдийн уламжлалт ан бас хоол хийхийг үзнэ. Хамт явцгаах уу.
DGG
Зочин
Зочин
Зочин