Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, социализмын жилүүдэд төрийн мэдэлд хуримтлагдсан өмч хөрөнгийг 1991 оноос хувьчилж эхэлсэн. Хувьчлал одоо ч дуусаагүй байгаа. Харин энэ хугацаанд хувийн хэвшилд байсан хөрөнгийг төрд авах үйлдэл огт хийгдэж байгаагүй бөгөөд Зоос банк анхных нь болж байна.

“Монголбанк хуулиар ноогдсон үүргийнхээ дагуу Зоос банкийг төрийн нэрийн өмнөөс хяналтдаа авч байна” хэмээн төв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж сүржин гэгч мэдэгдэв. Түүний мэдээлснээр одоо тус банк 10 гаруй тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн алдагдал нь 40 тэрбум даваад байгаа юм байна. Гэхдээ үйл ажиллагаа нь доголдож буйг Монголбанк анхнаас нь мэдэж байсан аж. “Анод банк булхайгаа нууж хаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Харин Зоос банк тэгээгүй. Үүгээрээ энэ хоёр банкны асуудал зарчмын ялгаатай. Зоос банк доголдлоо нуугаагүй нь сайн хэрэг” гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өгүүлнэ лээ. “Зоос”-ын доголдлыг засаж сайжруулах үүднээс зээл өгч, Эрсдлийн сангийн дансыг байршуулж, алтны компаниудыг дэмжих санхүүжилтийг дамжуулсан зэрэг олон талын дэмжлэг үзүүлж байсныг Сангийн дэд сайд Т.Очирхүү мөнгөн дүнтэй нь тоочив. Харамсалтай нь банк сэргэсэнгүй. Өнгөрсөн долоо хоногоос тус банкинд Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ томиллоо. Сэргээх гэж оролдоод чадаагүй хэрнээ шантарч цуцалгүй “сэргээн сайжруулах” ажиллагаа эхлүүлэв.

Арилжааны банкинд Монголбанкнаас томилогдсон БЭТ хоёр үндсэн үүргийн аль нэгийг хэрэгжүүлдэг. Эхнийх нь, уг банкны доголдлыг арилгаж хөл дээр нь босгох, эс бөгөөс дампууруулах. Анод банкинд томилогдож байсан БЭТ дампууруулах ажил хийсэн бол, одоо Зоос банкинд очиж байгаа хүн дампууруулахгүй байх үүрэг гүйцэтгэх гэнэ. Гэхдээ дампууралгүй үлдсэн банк “төрийн өмчийн” хэмээх статустай болж босож ирэх аж. Тэгэхээр яг үнэн хэрэгтээ жинхэнэ “Зоос” “дампуураад”, суурин дээр нь төрийн банк ажиллах болж байгаа хэрэг. Арилжааны банкинд аятайхнаар ноогдуулсан “цааз” гэвэл үүнийг л нэрлэх байх.

Зоосын дампуурлын тухай мэдээлэлтэй хамт “Монгол газар” компаний нэр байнга дуулдаж буй. “Олон овоот гоулд” хэмээх салбар компанийхаа нэр дээр “Монгол газар”-ын авсан 60 тэрбумын зээл “чанаргүй” болж, банкийг дампуурахад хүргэсэн нь үнэн аж. Цагтаа манай алтны тэргүүлэх компани гэгддэг байсан “Монгол газар” компани ажиллах чадваргүй болсноос тус компанийг “Жаст ойл”-ийн Ш.Батхүү худалдан авч байгаа юм байна. Ингээд төлбөр тооцоо хийх болоход Зоос банкин дахь өр сөхөгдөж. “Хадгаламж” банк руугаа “Монгол шуудан”-г шингээж томруулаад байсан “шинэ нударган” Ш.Батхүү уг өрийг банктай нь авахаар тохиролцоод, “нэгдсэн банк руу Зоос нэмэгдлээ” хэмээн дуулиантайгаар зарласан юм. Өмнөх шуугианы (“Хадгаламж” банк, “Монгол шуудан”-г залгисан үйл явдал) үеэр Оросын олигархийн мөнгөөр тоглож буй нь хангалттай илэрхий болсон түүнд “Зоос”-ыг өгөх, эсэх асуудлыг Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж яаравчлан хэлэлцээд, “үгүй” гэсэн шийдвэр гаргажээ. Чингээд төрийн мэдэлд татаж авах нь зүйтэй гэж шийдсэн байх юм.

Төрийг “муу менежер” гэж ярьдаг. “Зоос” банкны хувь заяаг чухам хэрхэхийг харж байж л энэ үгэнд дүгнэлт хийхээс.

Чухамдаа асуудал банкиндаа байгаа юм биш гэж зарим улс ярилцаж байна. Банкны системийнхэн дотроо гарц эрэлхийлж, “Хадгаламж” руу нэгтгэх хэлцэл хийчихээд байхад нь Засгийн газар сандран болиулсны цаана маш том ашиг сонирхол бий гэсэн золбин сул яриа салхинаа хийснэ. Үнэн хэрэгтээ “Зоос”-ын асуудал гэдэг нь “Монгол газар”-ын, нарийвчилбал, Ц.Мянганбаярын өрийн асуудал бөгөөд тэр хүний өрийг барагдуулахад ийнхүү банкны систем тэр чигээрээ, Засгийн газар Монголбанктайгаа “сэтгэл зовнин” оролцож буйн жинхэнэ шалтгаан чухам юу вэ?

-Европын сэргээн босголтын банк “Зоос”-ын 25+1 хувийн хувьцаа эзэмшигч. Тэд “Хадгаламж”-д нийлүүлэхээс татгалзсан... гэсэн тайлбарыг Л.Пүрэвдорж хийжээ. Тэгснээ дараа нь,

-Хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулах асуудал байхгүй. Учир нь банкны эрсдлийг хувьцаа эзэмшигчид даадаг... гээд, “Зоос”-ын хувьцаа эзэмшигчид хохирч үлдэх нь баараагүй болсныг өгүүлэхдээ Европын сэргээн босголтын банк ч шатсанаа ойлгосон гэж үйл явдлын өрнөлийг зөөллөсөн байх юм. Энэ бүхнээс үзвэл “Зоос”-ыг төрд авч үлдэхэд Европын сэргээн босголтын банк төдийлөн нөлөөлөөгүй бололтой.

Парламент ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Олон нийтийн хангалттай зэмлэл, шүүмжлэлийн дунд хэлэлцэж байна. Хүндрэлтэй, алдагдалтай төсөв батлахаар ярилцаж байна. Гэтэл дээр нь Зоос банкны харилцагчид, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төлж, найдваргүй зээлийн өрийг барагдуулах ачааллыг нэмж үүрэхээр зориглосон нь бараг л “Засгийн газар шахаанд оров уу” гэж хардахуйц хачирхалтай үйлдэл боллоо. Эс бөгөөс “Зоос”-ыг цаазласан энэ үйлдлийн цаана маш том ашиг сонирхол явж байна. Тэр нь Ц.Мянганбаярын халаасанд байна.


Сэтгүүлч Д.Энхболдбаатар