Энэ 7 хоногт
Бурхны хаанчлал эхлэхэд, амьдралын зул бөхдөг
“Бурхан багш” кинонд Бахархал, Хүндэтгэл, Эр зориг, Нэр алдрын төлөө дайтаж, үүнийгээ чөлөөтэй тунхаглаж, алдар нэрийн төлөө үхэлдэн тулалдаж байсныг Сидхарта хараад дайнгүй бол сайн, бусдыг хайралдаг бол сайн, хэмээн шинээр ёс суртахууны үнэт зүйлсээ тодорхойлж эхэлж байгаагаар дүрсэлсэн байдаг.
Ницше ийн өгүүлэв
Эрт нэгэн цагт хүмүүс ёстой л “орондоо орох завгүй олзлолдон булаалдаж”, өс хонзонг зоргоороо авч, аархах, эзэрхийлэх, алдар нэрээ бадруулах, заримдаа бүр тарчлаах тэрхүү дотоод зөнгөө (thymos) эрх дураараа илэрхийлдэг байж (Ницше хүнд тийм дотоод зөн байна гэжээ). Монголын түүхэнд энэ бол Чингисийн үе. Энэ үедбардамнал, биеийн хүч, алдар гавьяа, эр зориг зэрэг “баатарлаг” шинж чанарыг үнэт зүйлээ болгож байж. Иймээс Чингис хаан үнэнч шударга, зоригт баатруудыг өндрөөр үнэлж, дэргэдээ авдаг байсан нь тухайн үеийн ёс суртахууны үнэлэмжээр “сайн” чанар байв. Түүний хувьд энэ нь амжилтын үндэс болов. Харин Европт Гомерийн баатарлаг туульст мөн энэ чанарыг магтан дуулж байсан ба энэ үед дайчин баатрууд, ноёд язгууртнууд сайн ба муугийн ойлголтыг тодорхойлжээ.
Үүнийг Ницше “эзний буюу мастер ёс суртахуун” гэжээ.
“Бурхан багш” кинонд Бахархал, Хүндэтгэл, Эр зориг, Нэр алдрын төлөө дайтаж, үүнийгээ чөлөөтэй тунхаглаж, алдар нэрийн төлөө үхэлдэн тулалдаж байсныг Сидхарта хараад дайнгүй бол сайн, бусдыг хайралдаг бол сайн, хэмээн шинээр ёс суртахууны үнэт зүйлсээ тодорхойлж эхэлж байгаагаар дүрсэлсэн байдаг.
Дэлхийн бусад хэсэгт ч мөн адил баатрууд, ноёд сурвалжит эздэд дургүйцсэн[i] хүмүүс, нөгөө талаар тулаанд нэр алдрын төлөө амиа өгөхөөс татгалзсан хүмүүс, боолууд (Хегель) эдгээр баатарлаг үйлдлүүдийг “муу зүйл” хэмээн үзэх болов. Шинээр бий болсон энэхүү ёс суртахууны сургаалаар хүн, амьтныг хайралдаг, энэрэнгүй сэтгэлт, өр нинжин хүмүүнийг “сайн” гэж үздэг, шинэ ёс суртахууны хэм хэмжээ бий болов. Мастер ёс суртахууны эсрэг бий болсон энэхүү хэм хэмжээг Ницше “боолын ёс суртахуун”[ii] гэжээ.
Цаг хугацааны хувьд “боолын ёс суртахуун” Европийн түүхэнд Христийн шашинтай хамт дундад зуунд хүчээ авч. Харин Монгол улсад Чингисийн байгуулсан Их Монгол улс сульдан доройтохтой зэрэгцэн, Буддын шашны нөлөөгөөр “боолын ёс суртахуун” давамгайлах болж. Улмаар хүлцэнгүй бөгөөд эгэл даруу, дур хүслийг огоорогч, дотоод зөнгөө дарангуйлж, сэтгэлийн хатуужлаар амьдарлаа удирдах нь “сайн” хүмүүний, бурханлаг чанарууд болно гэжээ. Ийнхүү дэлхий дахинд “Боолын ёс суртахуун” ноёлох болж, нийгэмд шинээр бий болсон ноёлогч анги нь лам хувраг, номлогч санваартан нар болов.
Сүм хийдийн лам, хувраг, номлогч нар нүгэл хэмээгч “хүсэл шунал”-ыг дарангуйлж, түүнээс ангижирч чадсаны хувьд нийгмийн удирдах ангийг бүрдүүлэв. Европт дундад зуун буюу харанхуй эрин ноёлов. Монголд “харанхуй үе” хэмээх доройтлын үе эхэлж, бурхны шашин цэцэглэж, “шашин, төрийг хослон баригч” хагас бурхад улсыг, нийгмийн оюун санааг эрхшээх болов. Хүн өөрөө өөрийгөө шийтгэх, өөрийн бурханлаг бус чанарууд буюу хүсэл, тачаал, шуналаар дүүрэн “нүгэлт” бие ээ занчиж амьдардаг болсон ба Сүм хийдээс энэхүү эмгэгийг (бие махбодыг) “эмчлэх” болов, “тайгалах” болов.
Харин үүний эрсэг Ницше 1880-аад онд “Бурханы хаанчлал эхлэхэд, амьдрал мөхдөг” хэмээн Европын философийн тавцанг доргитол философидож байв. Тэрээр “Шашин хүний мөн чанарыг үгүйсгэж, амьдралын үндсийг үгүйсгэж байгаа нь “амь амьдралыг” үгүйсгэж байгаа явдал юм. Иймээс сүм хийд бол амьдралын өстөн дайсан юм” хэмээн тэрээр өгүүлэв. Амьдралын эсрэг үнэт зүйлс, хойд насны тухай номлолоороо шашин хүнийг өвчлүүлжээ[iii].
Харамсалтай нь 1900-аад он гарахад Ницшегийн төсөөлж байсан “Сод хүмүүн” төрөөгүй, харин түүний философийг Германы Нацист намын үзэл сурталд тааруулж, цэвэр “Ари” үндэсний тухай дарангуй, үндсэрхэг үзэл болгож өөрчилсөн байна. Ингэснээр 20-р зуунд Ницше буруушаагдах, улмаар мартагдах болжээ.
Сод хүн ба сүүлчийн хүн
Ницше “Ёс суртахууны үндэс угсаа”, “Сайн ба муугийн цаадах”, “Заратустра ийн өгүүлэв” зэрэг сод бүтээлүүдээрээ шашны ёс суртахуунаас өөр ёс суртахуун, үнэт зүйлсийг бүтээх шаардлагатайг сануулж өгсөн юм. Тэрээр “Сүүлчийн хүн” эсвэл “Сод хүн” болох хоёр сонголтыг хүн төрөлхтөнд үлдээсэн байна.
“Сод хүн” гэдэг нь нийгэмдээ тогтсон жишиг, дүрэм журмаас гадуур амьдарч, шинээр бүтээх чадалтай гэдгээ ухаарсан хүн юм гэжээ. Бурхан будда түүний хувьд сод хүмүүсийн нэг төдий л юм. Яагаад гэвэл Будда тухайн үеийн тогтсон хэв журмыг эвдэж, өөрийн үнэт зүйлсийг шинээр бүтээсэн нь хожмоо үй олон дагагчидтай шашин болжээ. Түүхээс харвал хүн төрөлхтний хөгжил дэвшил нь үе үе цоорон гарч ирэх аугаа, Сод хүмүүсийн суут бүтээл, сэтгэхүйгээр (Гёте, Бeтховен, Чингис гэх мэт) биеллээ олдог аж[iv]. Ийн үзсэнээрээ Ницше Хегелийн диалектик хөгжлийн үндсийг үгүйсгэжээ.
Иймээс хүний хөгжлийн үндэс хөрс нь 1) “бусдаас илүү гэдгээ нотлон харуулах” (megalothymia), 2) “бусдад хүлээн зөвшөөрөгдөх” шунал хүсэл[v] юм. Хэрэв хүмүүс бусадтай л адил байхыг хүсдэг бол хэзээ ч агуу оргил өөд тэмүүлэхгүй, улмаар ямар ч хөгжил дэвшил боломжгүй юм. Энэхүү бусдаас давж гарах шунал хүсэл л түүхийн явцад эзлэн түрэмгийлэл, империализмд хөтөлж байснаас гадна амьдралын сайхан бүхнийг бүтээсэн гэжээ. Иймээс уран зураг, утга зохиолын сор бүтээлүүд цаашилбал ёс суртахууны хэм хэмжээ, улс төрийн тогтолцоо ч бий болох үндэс суурийг тавьж байж. Ницше төгс төгөлдөрт хүрэхийн тулд (“Сод хүн” болохын тулд) хүн дотроо зөрчилдөөнтэй байх шаардлагатай ба Сод хүмүүний хамгийн том дайсан бол биеийн тав тух, сэтгэл ханамж юм. Гэтэл бусдад илүүрхэх гэсэн хүний хүсэл шунал хэзээ ч үл зогсох ба чухам энэ хүсэл шунал хүнийг амьтнаас ялгадаг байна.
Харин “Сүүлчийн хүн” гэдэг нь гаршуулсан (эрх чөлөөт бус) амьтан лугаа адил зугаа цэнгэл, таашаалаар амьдралын утга учрыг төсөөлж, аюултай бөгөөд амь сорьсон аливаа зүйлээс айж, хулчийдаг, бусдаас илүү гарах юу ч үгүй жирийн хүнийг (дундаж хүнийг) сүүлчийн хүн гэнэ. Сүүлчийн хүн амьдралаас зугтаах бүх зүйлийг хийдэг байна. Иймээс тэд зугаа цэнгэл, шашин зэрэг амьдралаас тусгаарлах[vi], хариуцлагаас мултрах, эрх чөлөөнөөс зайлсхийх бүхнийг эрэлхийлдэг. Өөрөөр хэлбэл “Сүүлчийн хүн” гэдэг нь Ницшегийн баатарлаг “Сод хүн”-ий эсрэг дүр юм. Ницшегийн хувьд сүүлчийн хүн гэдэг бол “ялалтад хүрсэн боол” юм.
Иймээс биеийн тав тух, таашаалыг нэгдүгээрт тавьж байгаагийн хувьд “Сүүлчийн хүн” (өнөөгийн Монголчууд) нь тулаанаас зугтаасан, орчин цагийн боолууд болох нь.
Гэтэл амьдрал гэдэг нь өөрөө агаарт олсоор явахтай адил (Ницше) эрсдэлтэй зүйл юм. Тиймээс амьдрал хүнээс эр зориг, эрсдэлтэй алхмыг шаарддаг байна.
Ницшегийн санааг цааш нь баяжуулбал:
Ницше өөрийгөө сэтгэл судлаач хэмээн үздэг ч түүний философи улс төр, нийгмийн бүхий л салбарыг онилжээ. Түүнийг санааг цааш нь дэлгэрүүлж судалбал: аливаа ёс суртахууны номлол бол бусдыг эрхшээх зорилгоор нийгмийн ноёлогч давхарга бий болгох арга зэмсэг болдог. Тиймээс Христийн шашин мандан бадрах үед Христийн ёс суртахуун улс нийгмийн байгууллын суурь үндэс нь болж байв.
Цаг хугацаа өнгөрч бурхан, шашин хэмээх ёс суртахууны үндэс суурь ганхаж эхлэхтэй зэрэгцэн, Европт болон Монголд “социализм” хэмээх шинээр бий болсон ёс суртахууны хэм хэмжээг лантуудан номлож, үнэт зүйлс нь “тэгш ёс” болсон байна. Өөрөөр хэлбэл бурхныг тэгш ёсоор халав. Тэгш ёс бурхан болов. Монгол улсад бүгдийг тэгшитгэсэн социализм хэмээх ёс суртахууны дарангуйлал 20-р зууны турш бүх нийтийн шүтээн, эрхэм зорилго, үнэт зүйлс нь болж, үр дүнд нь эрх чөлөө булшлагджээ.
Бүгдийг тэгшитгэх, тэгш ёсны хувьсгалчид төрийг гартаа авч өөрсдөө оронд нь эрхшээгчид болсон (Жорж Оруэл “Амьтны ферм” зохиолдоо тун оновчтой дүрсэлсэн байдаг) ба ажилчин анги боолын мэт нөхцөлд амь залгуулах болсон байна.
Харин 1990-ээд он гарснаар Монголд тэгш ёсны дэглэм задран унаж, Ницшегийн зөгнөсөн “сүүлчийн хүн”-ий үнэт зүйлс Монгол хүний ёс суртахууны хэм хэмжээ болсон байдаг. Төрөөс утилитар онолын дагуу “хамгийн олон хүнд, хамгийн их аз жаргал өгөх” нэрийдлээр дунджуудын ёс суртахуун биеллээ олохболж. Үүний хариуд “баатруудын суудалд суусан” (улс төрч) бүлгийн хувьд улсыг хуйвалдан хувааж авах нь амьдралын хэв маяг болж, түүнийг хуулиар зөвшөөрсөн эрх зүйн тогтолцоог бий болгож, нийгэмд түүнийг “сайн” гэж үздэг шинэ ёс зүйн хэм хэмжээ бий болчихжээ (Frederic Bastiat). Ийнхүү Сүүлчийн Монголчууд бид ёс суртахууны үнэт зүйлс, хэм хэмжээгээ дахин тодорхойлох, улмаар шинэ бөгөөд илүү дэвшилтэт цаг үеийг эхлүүлэх чухал сорилттой тулгарчээ.
Монголчууд ёс суртахууны их хямралыг хэрхэн даван туулах вэ?
Шашны ёс суртахуун, Буддизм зэрэг амьдралаас зугтаасан философи (Ницшегийн үзэж буйгаар боолын ёс суртахуун) Монгол хүний онцлогт тохирохгүй гэдгийг түүх бидэнд сургасан. Эцсийн эцэст энэ бүхэн чинь хоосон чанартай шүү дээ гэх энэ сэтгэлгээ (Nihilism) энэ амьдралын сайхан бүхнээс зугтаахад хүргэж байна.
Тиймээс Манжийн үе, түүнээс өмнөх үеийн төөрөгдөл буюу хоосон чанарын тухай сургаал, өөрийгөө огоорох, дараа төрлөөр амьдралаа сэтгэх, олдсон амьдралаасаа зугтаасан, сул доройчуудын (баатарлаг бус) үнэт зүйлсМонголын үнэт зүйлс байж таарахгүй нь.
Хоёрдугаарт: Социализмын үеийн төөрөгдөл буюу “тэрш ёс” Монголчуудын үнэт зүйлс байж таарахгүй нь. Монголын нууц товчоонд: “Тугаарын Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя” хэмээн Бодончар өгүүлдэг. Үүнээс үзэхэд Монгол хүн эрт цагаас хойш толгой шийр цөм чацуу байхыг сул тал хэмээн үздэг, нөгөө талаар удирдах, удирдуулах (ах захтай байх) нь сайн гэдгийг сургаж байж. Нөгөөтээгүүр, “бусдад илүүрхэх” гэсэн хүний шунал хүсэл хязгааргүй бөгөөд энэ нь тэгш ёсны дэглэм социализмыг ч нураасан байдаг тул боломжгүй юм.
Гуравдугаарт: 1990-ээд оноос хойших төөрөгдөл буюу Ницшегийн жигшиж асан “Сүүлчийн хүн”-ий үнэт зүйлс буюу биеийн тав тух, таашаал, элбэг арвин материаллаг хангамж, ханамж бидний үнэт зүйлс байж чадахгүй. Энэ бол аугаа үйл бүтээдэггүй “дунджуудын” үнэт зүйлс (эд баялгийг бүтээж болох ч, оюун санааны түвшинд дунджууд). Биеийн тав тух, таашаалыг бий болгодог гол зүйл нь мөнгө учраас Монголчуудын өнөөгийн үнэт зүйл “мөнгө”, өөр юу ч биш гэж хэлэхэд болно. Үр дүн нь ямар ч хамаагүй аргаар хурдан мөнгөтэй болж, түүгээрээ бусаас илүүрхэх шунал хүслээ хангах болж. Иймээс байдаг л нэг дундаж амьдрал, тав тух Монголчуудын үнэт зүйл биш хэмээн найдна.
Дүгнэлт: сүүлчийн хоёр зууны турш шашин, социализм, ардчилал зэрэг гурван үе шатыг даван туулсан ч эцэст нь Монгол хүний үнэт зүйлийг, эрхэмлэдэг нандин зүйлс бурхан биш, тэгш ёс ч биш байв. Социализмын үед Марксизмыг бараг шашин гэж үзэх хүртлээ туйлширсныг бид санадаг. Гэхдээ Ницшегийн хувьд ардчилал бол бурхангүй л болохоос, шашин юм. Иймээс л Монголчуудад тулгамдаад буй хамгийн том сорилт нь ёс суртахууны хямралаас гарах, үнэт зүйлсээ зөв тодорхойлох, улмаар мөнхийн хөдөлгүүр болсон “бусдад илүүрхэх” гэсэн шунал хүслээ (амжилтын чухал энерги) зөв тийш нь залж гэмээ нь сая Чингисийн Монгол мэт амжилттай Монгол улс сүндэрлэн босох билээ.
Монголчуудын эртнээс нандигнан ирсэн үнэт зүйл бол эрх чөлөө байдаг. Үүнийг бид яваандаа ухаарч эхэлж байна. Өнөөдөр бид эрх чөлөөтэй биш. Бидэнд эрх чөлөөний талаар ярих зүйлс их бий!
Нөгөө талаар Ницшегийн тодорхойлсон “бусдад хүлээн зөвшөөрөгдөх” хүний хүсэл мөн хязгааргүй. Монголчууд бид нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс юм бүхнийг няцаах, уур уцаартай сэтгэл зүйн эмгэг, хямралын шинж ажиглагдаж байдаг. Үүний оронд бусдад хүлээн зөвшөөрөгдөх, зарим тохиолдолд бусдад илүүрхэх энэхүү хүсэл шуналаа (эрчим хүчээ) бид зөв тийш залах хэрэгтэй. Чингисийн үед нэгдэж аваад гадаад иргэдийг дайлах, дарангуйлахад уг энергийг ашиглаж байв. Чухам энэ шуналыг хангах гэж, ашиглах гэж Социализмын үед хүмүүст арвин их медаль, тэмдгээр шагнадаг байв. Учир нь хүн өөрийгөө хэзээ ч бусадтай эн тэнцүү гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй тул аливаа аугаа зүйлийг бүтээхэд бусдад илүүрхэх гэсэн шунал хүсэл нь хөтөлдөг. Иймээс л магтаал урамшуулал зогсоход хүний тэмүүлэл зогсдог. Хүн байхаа больдог. Хэн ч үнэлэхгүй болохоор орчин үеийн хүн таашаал, зугаа цэнгэлд хүчээ зардаг. Хийж байгаа ажлаа аргацаадаг. Энэхүү бусдад үнэлэгдэх хэрэгцээг хангахаар Фэйсбүүк-ийн Like товчлуур бүтээгджээ.
Ямартай ч Ницнегийн сургаалаас суралцах зүйл гэвэл, ёс суртахууны хэм хэмжээ гэдэг түүхэн явцад хувьсан өөрчлөгдөж байдаг. Мөн тэрээр эрх ямба, уламжлал, соёл иргэншил, ёс суртахуун, шашин шүтлэг зэрэг нийгмээс халдашгүй ариун хэмээн үздэг асуудлуудад эргэлзэнгүй, шаардлагатай бол шүүмжлэлтэй хандаж байх тухай заасан юм.
Эрт цагт орондоо орох завдалгүй, олзлолдон булаалдаж байсан бол харамсалтай нь бид өдгөө олзлон булаах завдалгүй, орондоо мөхөж байна. Гэтэл нийгмийг өөрчилдөг тэр их шунал хаанаас гардаг вэ? Бусдаас илүү гарах гэсэн тэр их шунал л хувь хүн, нийгмийн хөгжлийн үндэс болж байж. Тиймээс “мөнгө” нийгмийн үнэт зүйл бол мөнгөний төлөөх өрсөлдөөн баян, ядуугийн ялгааг л бий болгож буй. Харин эрдэм мэдлэг нийгмийн үнэт зүйлс болчихвол хүний шунал аугаа эрдэмтэн, мэргэдийг төрүүлэх билээ.
The Will to Power
[i] “Resentment” буюу дургүйцэл хэмээх ойлголт нь Ницшегийн философийн чухал ухагдахуун юм. Тэрээр дарлуулагч этгээд эрхшээгчийн эсрэг дургүйцэл, эсэргүүцлийн сэтгэлтэй болдог ба энэ нь эрхшээгчийн үйлдлийг “муу” зүйл гэж үзэх сөрөг үнэлэмж бий болгодог байна.
[ii]Түүхэн талаасаа баатарлаг ноёд тодорхой газрыг эзлэн түрэмгийлж, тухайн газарт эзэн суусан ба ийнхүү эзлэгдсэн хүмүүс нь тариачин, зарим газарт “боол” болсон хэмээн Хегель үзжээ.
[iii]Ницше “Шүтээний доройтол” (The Twilight of the Idols) хэмээх номдоо “шашны үзэж буйгаар хувийн ашиг сонирхлын төлөө ажиллах нь нүгэл, харин өөрийгөө золиослох нь хамгийн сайн зүйл. Ийм учраас сексийн дур хүсэл, бардамнал, эрх мэдлийг хүсэх зэргийг буруушааж, тэдгээр хүсэл тачаалыг дарангуйлж, үгүй хийх хэрэгтэй хэмээн сургадаг. Хүн өөрөө өөрийгөө даван туулах ялах хэрэгтэй гэж сургахын оронд шашин өөрийгөө үгүйсгэ! хэмээн сургадаг” гэжээ.
[iv]Ноёд язгууртан бий болсон, нөгөө талаар жирийн ард бий болсон (нийгмийн анги хуваагдал) үндэс суурь нь эдийн засгийн хуваагдал биш (Марксын хувьд газрын эзэд, тариачид хэмээн хуваагдсан тухай өгүүлдэг), харин нэр алдрын төлөө амиа өгөхөд бэлэн хэсэг хүмүүс, амиа хоохойлох нөгөө хэсгийг эзлэн түрэмгийлж, улмаар боол болгож байсан нь түүхэн талаасаа илүү үнэн бөгөөд энэ нь нийгмийн анги давхарга бий болох үндэс болсон гэдгийг Хегель тодорхойлж, Ницше түүнийг нь зээлж авсан байдаг. Улмаар өнөөх дайчин баатрууд цаг хугацаа өнгөрөхөд аяндаа эдийн засгийн хуваагдлыг бий болгосон ажээ. Хегелийн хувьд цэвэр нэр алдрын төлөө цуст тулаанд оролцох бэлэн байдал нь ноёд язгууртны ёс суртахууны хэм хэмжээ бөгөөд үүнийг “дайчин чанарууд” гэж хэлж болно. Энэхүү дайчин чанар бол хүний мөн чанар бөгөөд хүний эрх чөлөөний үндэс хэмээсэн байна.
[v]Ницше “хамгийн хүчтэй нь амьд үлддэг, хүн зөвхөн амьд үлдэхийг л хүсэж шунадаг” хэмээх Дарвины ойлголтыг няцаав. Ницшегийн үзэж буйгаар хүн гэдэг амьтан нэр төр, үнэт зүйлсээ хамгаалахын тулд амь насаа ч тавьж өгдөг амьтан юм санж. Эсвэл тийм л байх ёстой юм санж. Тиймээс хүний хамгийн гол хөдөлгөгч хүч нь амьд үлдэх хүсэл шунал бус, харин “хүч нөлөөллөө зузаатгах” хүсэл шунал, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүсэл шунал (Will to Power) юм” хэмээжээ. Чухам энэхүү хүсэл шунал бол хэзээ ч үл зогсох, хүний үйл хөдлөлийн мөнхийн хөдөлгүүр гэж үзсэн ба чухам энэхүү хүсэл шунал үнэт зүйлсийг тодорхойлох боломжийг олгодог байна.
[vi]Ницше хүний хүсэл шунал бол амь амьдрал юм. Хүсэл шуналгүй бол амьгүйтэй адил гэж үзэж байж. Иймээс шашин хүний хүсэл шуналыг дарангуйлж байдаг тул амьдралаас зугтаасан философи гэжээ. Энэ нь Ницшегийн “Nihilism”, Буддын шашны “хоосон чанар” гэх ойлголттой нягт уялдаатай ба эцсийн эцэст энэ бүхэн үнэ цэнгүй, иймээс шунах шаардлагагүй гэх үзэл юм.
Э.ХУНШАГАЙ