Энэ 7 хоногт
Нямдоржтойгоо харин мэтгэлцчихье
Бид нэг намын гишүүд. Бие биенээ эртнээс танина. Энэ удаагийн сонгуулиар өөр өөр нэр дэвшигчийг дэмжих аж. Би Нямдоржийг олон түмэнд харш бодлогыг хамгаалж үзэлцээд байна гэж буруутгана. Тэрбээр асуудлын агуулга, том эрх ашгийг бүрхэгдүүлж байна. Өнгөлөн далдлаж байна. Ард түмэн хожих бус, хохирох гаргалгааг сурталдаад байна.
Ц.Нямдорж “Тулхтай улстөр” хэмээх нэвтрүүлгээр байр сууриа илэрхийлжээ. Тэр нь фэйсбүүк, сайтаар цацагдана. Иймд чухамхүү тулхтай улстөрөөр түүнтэй товч мэтгэлцэх гээд байна, би. Тэрбээр:
“Энэ сонгуулийн нэг онцлог байгаа. Юу гэхээр яг үнэндээ найман жилийн төрийг бүтэн самарчихлаа. Эдийн засгийг, улстөрийг, намуудыг, хууль, шүүхийг бүгдийг, цөмийг самарсан...Монголын төр дараачийн самралтыг даахгүй болчихоод байгаа.Яг одоогийн энэ шатанд. Тэгтлээ хэврэг болгосон...” гэжээ.
Яг үнэн. Ийм дүгнэлтийн эсрэг ам ангайх ч арга алга. Зуун хувь дэмжиж байна. Гэхдээ! Гэхдээ онио буруу барьж. Зориуд, зориуд бишийг таашгүй. Би монголын хувь заяаг хөндөж байна ш дээ. Тэр “татсан” найман жилд ч манай нам булзах гарцгүй төрд хамт л явсан. Энэ бол ярих л асуудал! Үүнийг түр орхиё. Эцсийн бүлэгт МАНАН гэсэн ард түмнээ шаналгасан, туйлдуулсан, сорон мөлжсөн, талцуулсан бүлэглэл амилаа биз дээ?! Тэр нь Н.Багабанди, С.Баяр, М.Энхболд, Ц.Элбэгдоржийн бүтээл, бүтээгдэхүүн. Үүн рүү Ц.Нямдорж өөрөө яагаад халдахгүй байна. Тэр Ц.Элбэгдорж, түүнд хамаатуулж энэ, тэр гэх ангич үзлээр давшлах нь ердөө бяцхан үйлдэл. Үзэгдлийг цогцоор нь, агуулгаар нь, бодит үнэнээр нь дэлгэ. Туйлдсан бизнес эрхлэгчид, цөхөрсөн сэхээтнүүд, ядарсан малчид, тариаланчид, хөлсний ажилчид, төрийн албан хаагчид, намын идэвхтэнүүд бүгд л мэдэж байна. Тэд чинь ард түмний олонхи, дийлэнхи. Авторитар дэглэм тогтоогоод тотаризм руу хальтрахыг тэд совингоороо гадарлаж байна.Тэд айдаст автсан, тэднийг айдаст автуулах бодлого хэрэгжүүлж буйг өөрөө бас мэднэ. Айдас хүйдэст барина гэдэг боолчлох дөнгө. Үүнийг өөгшүүлээд байх уу. Ард түмний зовлон шаналгааг төнх. Тэдний хэлтэрхий байя. Тэдний эрх ашгийг М.Энхболд бус, С.Ганбаатар илэрхийлж байна ш дээ. Би өмнөх нийтлэлдээ С.Ганбаатарыг дэмжиж үзэл бодол, байр сууриа илэрхийлнэ гэдгээ бичсэн. Энэ удаад Х.Баттулгыг хөндсөнгүй. Ард түмэн ардчилсан намд хандлагаа харуулсан. Түүндээ ч МАНАН гэгчийн АН-ын төлөөллийг улстөрөөс ерөнхийдөө зайлуулсан. Ухаарлын шанаа, өөрийгөө хянаж, биеэ зөв сахих сургамж, хүмүүжлийг өгсөн. Улстөрийн байгууллагын хувьд шинээр төлөвших хугацаа олгоод явуулсан. Тэгвэл ард түмний намын замналтай манай нам яагаад муу муухайн үүр уурхай болж хоцрох гээд байна аа. Олон түмэн Ц.Элбэгдоржийн залгамжлагч гэх хүнийг өлгийдөн МАНАН-г шинэ дүр төрхөөр яагаад ужигруулах гээд байна аа. Нямдорж яаж ч “самуурсан” бүлэглэлийн тогоонд юу өрнөөд буйг ойлгохын дээдээр ойлгох хүн. Нямка, нөгөө шударга ёс? Ард түмний эрх ашиг? Багаар бодоход баян, хоосны ялгаа, ялгавралд цулбуурыг нь тавьж өгөх үү?! Томоор төсөөлбөл Монголыг төлөөний бүлэглэлтэй эдийн засгийн алуурчид, шинэ кологчлогчдын гарт атгуулах уу. Гэрээ засвал зассан шиг зас л даа. Зүтгэ л дээ. Дэлхийн болон Монголын сэхээрэлд нэр нөлөөтөй хүмүүс амиа бодоод нийгмийнхээ хөгжилд хар толбо үлдээсэн түүх бишгүй байдаг ш дээ. Монголын эрх ашиг бол эрх ашиг. Шугам бол шугам. Зарчим бол зарчим. Ёс зүй, ёс суртахуун л биднийг өндийлгөвөл өндийлгэх нь. Амьдралдаа л шударга байя. Хүн ёс, зангараг өөрийнхөөр зөвийг эмхлэдэг төөрөгтэй. Өөрийн өрнөлийн зүй тогтолтой. Энэ зүй тогтол үйлчлээд эхэллээ. Үүний өмнө буруу баримтлал тэсэхгүй ш дээ. Ард түмний эрх ашгийг зольж буй үзэл, урсгалыг “хүний үг хэлэх эрх, эрх чөлөө” гээд орхих уу. Займчуулах уу. Монголын ард түмнийг ядуурал, хоосролд гагнаж, хууль, эрх зүйгээс дээгүүр гаарагчдыг давруулах уу. Нөгөө шударга ёс ??? Энэ удаад яаж ч мурисан ард түмний төлөө өөрөө зогссонгүй. Мунхарлаж, мугуйдаж байна уу, мөхөс би.
С.Ганбаатарыг Гүндалайн хувилбар гэж. Арай ч дээ. Боль доо. Энэ хоёр тэс ангид үзэл бодол, байр суурь, хүсэл тэмүүлэлтэй эрхмүүд. Хүнийг хүнтэй адилтгана гэдэг сэхүүн, дээрэнгүй авир. Хэн ч хэнтэй адил биш. Хүн бүр өөр өөрийн ертөнци. Тэднийг адилтгаснаар ердөө л хар пиар, хүнийг, нэгнийгээ хэн ч биш болгох үзэл суртал ханхалж байна. Ингэж шалдаа бүү буу. Хүнийг бие хүн болгодог заяагдмал мөн чанарыг бүү үгүйсгэ. Хүнийг өөрийнхөөр нь, байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй. Тэгэх тусмаа хамтран ажиллана гэдэг том ухаан шүү. Үндэсний эв нэгдэл, нийгмийн эвлэрэл ийм зүйлээс эхлэнэ.
“Тэр сургууль мургууль ямар юм байдгийг мэдэхгүй” гэжээ. Би үнэндээ энэ талаар С.Ганбаатарыг өөлөөд байдгийг ойшоодоггүй. Хоёрхон асуултын хариу өгч чадахгүй жулдраанууд, оюун санааны тураалууд, чухамдаа, үзэл суртлын эрэг шургууд диплом хаана байна гээд томорхоод шүлс урсгаад байх юм. Би боловсролыг хэзээ ч үгүйсгэхгүй. Түүнийг тэргүүлэгч ач холбогдлоор үнэлж хэмждэг нэгэн. Гэхдээ диплом өвөртлөчихлөөр боловсорчихлоо гэдэгт итгэдэггүй.Энд асуудлаа ярихгүй хүн муулж, доош хийх новшрол өнгөлзөөд байна л даа. Үндсэн хуулиар 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур тавьсан. Өдий насалтлаа боловсроод ир л гэж л байгаа хэрэг ш дээ. Амьдралын их сургууль төгсөөд ир гэж байгаа хэрэг.Тэгээд ч С.Ганбаатарыг шалгуур дааж байна гээд Сонгуулийн ерөнхий хороо өрсөлдүүлэхээр илгээж байхад араас нь явуургүй үг шидээд яах юм.Би Адам Смитийн “ Үндэсний баялгийн мөн чанар, учир шалтгааны тухай судалгаа” гэх дэлхийн сонгодог бүтээлийг орчуулах гэж хэдэн жил зовлогоо барсан. Дашрамд, намайг орчуулна гэж итгэж, энэ хариуцлагыг тохоосон Б.Баабарт ямагт талархдаг. Уншигчдийн гарт энэ ондоо очих байх. Харин С.Ганбаатарыг энэ болон бусад аугаа зохиол, бүтээлүүдийг уншсан гэдгийг мэдээд түүгээр өөрийн эрхгүй бахархсан. Тэгтлээ боловсорсон хүн байна лээ ш дээ. Бараг өмнөөс нь ичмээр гэдэг дээ. Н.Энхбаяр зарим англи үгийн давхар санааг тодруулж С.Ганбаатартай санал солилцдог гэж олны өмнө үг хэлэхдээ дурьдаж байна лээ. Энэ мэтийг М.Энхболдоос түнхээч. Юм гарах уу. Бид Энхболдыгоо мэднэ дээ. Эзэмшсэн боловсролоо оюун санааны түчээгээр биежүүлж, өөрийн гэгдэхь мөр зурайлгасан юу байдаг билээ. Наанадаж хэлэх үгээ өөрөө бичдэг билүү. Сэтгэлгээ задарсан хүн л үгээ бичдэг юм.Энэ бол удирдагч хүний заавал эзэмшсэн байх эрдэм.
Төр, захиргааны ажлыг тэрбээр мэднэ гэж өөрийн чинь хэлснийг үгүйсгэхгүй. Гээд ийм хэмжээний алба хашсан бүх хүмүүс түүнээс дутахааргүй олон ажлыг “би хийсэн” гээд тоочиж чадна ш дээ.
“Ганбаатар бол дандаа бужигнуулж явдаг” гэж зэмлэжээ. Үгүй юм аа. Тэр бол тэмцэгч. Тасалгаанд суучихаад тасалгаадах нь их л буурь суурь, тулхын шинж үү. Аймхай хүний төрх үү. Энэ чинь харьцангүй ойлголт. Тэмцлийн хэлбэрээ тэмцэгч өөрөө сонгодог. С.Ганбаатар онгироо, хөөрүү, дэвэргэн нөхөр биш. Тэрбээр “бужигнууллаа” гээд олон түмнийг буруу юманд уриалж, буруу бурж, хууль зөрчсөн хэрэгт турхирч байсныг мэдэхгүй. Харин ч ухаарал, сэхээрлийн замыг зулж байна. Олон түмнийг шинэ үзэл санаа, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээр гэгээрүүлж байна. Дээдэст хамжиргаатай байхыг ойлгуулж байна. Эх орныхоо төлөө яаж тэмцэхийг үлгэрлэж байна. Тэрбээр Монголын төлөө, монголын ард түмний төлөө өөрийгөө золигч. Цаг үеийн дуудлагыг илэрхийлэгч аж.
“Одоо дахиад самардаг хүн гарч ирээд дуусгачихвий гээд дотроо их болгоомжилж байгаа ш дээ... Энэ нэр дэвшигч гурван хүний (за,Энхболдтой олон жил хамт явж байна. Нөгөө хоёртой нь Их Хурлын зааланд хамт байсан) араншинг мэднэ... Энэ гурван хүнийг харьцуулж хэлэхэд яг энэ цаг үед Энхболдын ноён нуруу хэрэг болох юм болов уу гэж бодоод байгаа ш дээ. Нөгөө хоёр бол самарна. Үүнийг би мэдэж байна” гэжээ. С.Ганбаатарыг самарна гэж. Энэ дүгнэлт чинь сэрдхийлгэж байна. Хаягаа олсонгүй. Ер нь төлөгчлөх тэр бүр онодоггүй. Зөрөх, алдах нь их байдаг. МАНАН-ийн бүлэглэл харин самарсаар ирсэн юм биш үү? Юун С.Ганбаатар? Үгүйдээ, эвтэй Монгол, ээлтэй төрийг яагаад зурайлгасангүй, төлөвшүүлсэнгүй вэ? Өнөөдөр л ухаарав уу. Эсвэл, алдарт хуурамч амлалт уу. Тэгээд ч ард түмэн байгаа цагт улс орон дэвжиж л таараа. Үүнийг л хэр тосон авч дэмжиж ирсэн юм бэ. Нийгэм чинь үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа л байна ш дээ. Ард түмэн өнөөдрөөрөө хангалуун амьдрамаар байна. Ирээдүйг ярьсан, ирээдүйг амласан цөм цөм урианууд “ коммунизм байгуулна” гэдэгтэй агаар нэг сонсогдоод байна. “Болгоно, хийнэ, бүтээнэ” гэсэн тэр лоозонгуудаа ирээдүйд тохон нялзаагаад хэрэггүй. Ер нь хариуцлага хүлээхгүй гэвэл гэгээлэг ирээдүй рүүгээ чихдэг нэгэн уран, башир арга байдаг юм шүү. С.Ганбаатарын өчиг нь амьд, прагматик юм. Ард олонд нийцтэй үр дагавартай юм. Тэгээд ч тэрбээр хөгжлийн өөр гарц, төлөвлөгөөтэй аж. Тэрбээр “самарна”. Юуг “самрах” вэ гэхээр МАНАН-г. Үүнийгээ ч нуухгүй байна. Монголын хувьд, ард түмний хувьд энэ л цаг хугацаанд энэ л зорилго, зорилт эн тэргүүнд тавигдаж байна. Тэрбээр хариуцлагатай засаглалыг бий болгоно. Олигархиуд болон оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтооно. Ард түмний амин эрх ашгийг дээдлэнэ. Үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэнэ. Энэ л учир энэ сонгуулийг “...Үнэтэй сонгууль... Тэгэхлээр наад чинь том асуултад хариулт өгөх гээд буй сонгууль шүү” гэдэгтэй чинь санал хоёр зуун хувь нэгдэнэ, Нямка.
Олон улсын харилцааг хөндөхдөө өөрөө: “... Харилцааны хувьд бид эмзэг, сонин байдалтай болсон... Хоёр талд цөмийн зэвсэгтэй дэлхийн хоёр супер гүрэн байна. Цаг нь болоогүй бөгөөд хэрэггүй юмаар оролдоод эхэлбэл хоёр талд хоёр аюул байна. Үүнийг л дотроо байнга тунгаан бодож энэ хоёр улстай харилцах ёстой.Бид энэ газар нутгийг онгоцонд ачаад Америк рүү нисэхгүй нь ойлгомжтой ш дээ. Энэ хоёртой эв зүйгээ олох явдал төрийн тэргүүний анхаарах гол асуудлын нэг. Гадаад бодлого дээр Энхболд аваад явчихна аа. Үүн дээр айлт байхгүй ” хэмээжээ. Айхгүй ч аягүй гэдэг дээ. Улстөр, дипломатийн нюансууд байна аа. Ер нь олон улсын тавцанд сүүлийн үед үүссэн нөхцөл байдал тун ээдрээтэй. Хүйтэн ч гэнэ үү, халуун ч гэнэ үү дайны уур амьсгал цухалзаад, өрнөөд байна. Айлуудаар тараасан М.Энхболдын сурталчилгааны сонинд “Дэлхий түүнийг мэднэ” гээд зургууд нийтэлжээ. Орос болон Хятадыг үзэн яддаг, элдэв хориг тавих, өнгөт хувьсгал дэгдээхийг идэвхийлэн гарддаг америкийн нэгэн нөлөө бүхий зүтгэлтэнтэй тэрбээр гар бариад зогсож байх юм. Ач холбогдол өгч зургийг ихэд хүндэтгэлтэй газар байрлуулж. Үүнийг юу гэж ойлгох вэ. Юутай ч хөрш хоёр их гүрэн ийм ерөнхийлөгчтэй болбол түүнд итгэх итгэлцүүр ямар байх бол? Монголын ард түмнийг бодоод Монгол Улстай харилцаж л таараа. Гэхдээ ерөнхийлөгчийн хувьд, хувь хүний хувьд түүнд яаж хандах бол. Өөрийн чинь:” ... дотроо байнга тунгаан бодож энэ хоёр улстай харилцах ёстой” гэсэн үнэлгээнд хүрсэнгүй дээ.
2017-.6-16
анхаар (202.9.43.183)-d
zochin
Зочин
анхаар
зочин
Irgen
Zochin
Зочин