Энэ 7 хоногт
Хилчдэд юу тохиолдов?
Хилчид танхайрчээ. “Танхайрах” гэдэг энэ үгийг би нийтлэг жишиг дагаж хэрэглэж буй юм шүү.
Хилчид танхайрчээ. “Танхайрах” гэдэг энэ үгийг би нийтлэг жишиг дагаж хэрэглэж буй юм шүү. Тэд хамт алба хааж байсан журмын нөхдөө хөнөөж, заримыг нь шархдуулж, нэг хэсгийг нь барьцаалан, үүрэг гүйцэтгэж байсан объектоо орхин гарсан байна. Тэгээд өссөн төрсөн нутгаа тэмцсэн байх юм. Ингэхэд тэднийг түлхсэн ямархан учир шалтгаан байв? Хилийн завтаваасаа босож одох ч юм уу, Сэлэнгэ сайхан нутгаа, Дархан хотоо зорин тэмүүлэх сэтгэлийн дотоод учирлал тэдэн түрэгдсэн байж болох уу? Эс бөгөөс, зүгээр л үзсэн киноныхоо хайртай баатар шиг үймүүлж, сандаахын сэдэл байв уу?
Батлан хамгаалахын салбарт энэ мэт хэрэг нэг бус удаа гарч байсан. Цэргийнхний дотор оны ялгаа, цолны ялгаа, ангирхал, бүлгэрхэл, талцал тохойцол гээд өч төчнөөн асуудал олон жилийн турш бугшсаар байгаа нь нууц биш. Дарга, цэргийн хоорондын харьцаа, дарамт шахалт, дэглэлт шоглолтоос үүдэлтэй, хүний хувь заяаг өөрчилж, амьдралыг бусниулсан үйл явдал байгаад л нэг гардагтай эвлэрч болох эсэхийг эцэслэж нэг шийдэх болсон шиг санагдах юм.
Бусдын нүдэнд шалихгүй мэт харагдах учир шалтгаан тухайн хүндээ аянга цахилгаан адил нөлөөлөх тохиолдлыг бид хэр харгалзан үзэж, ойлгож чаддаг билээ. Хүмүүс өөр хоорондоо сэтгэлийн гүнээс харьцаж, бие биенээ сэтгэлээсээ таньж, мэдэрч байхын чухлыг ярихаа болиод хэтэрхий удчихсан санагдана.
Жижигт тооцон орхигдуулж орхисон сэтгэлийн боловсролын тухай ярих цаг болсныг үйл явдал харууллаа. Шалтгаангүй үйлдэл гэж огт байдаггүй. Харин тэр шалтгаан нь хүний сэтгэлийг хөндөж гэмээнэ зайлшгүй болохыг бүр өнгөрсөн зууны дунд үеэс л экзистенциалистууд өгүүлсээр байсан юм.
Хүний жинхэнэ оршихуй чухам юугаар нөхцөлдөж, юугаар хэмжигдэж, юугаар илрэх учиртайг бид хүнээс л хайж олох ёстой. Түүнээс бус нийгмийн амьдрал, ёс суртахууны хэм хэмжээ, хуулийн зохицуулалт, таваар, мөнгөний харилцаа, баян хоосны ялгаа, биеэ авч явах байдал, тэр ч бүү хэл зан араншин, сэтгэлзүйн темпераментаас ч олохгүйг тэд нотлон хэлж байв.
Амьдрал дээр гайхалтай сонин, эргэлзмээр, итгэж ядмаар үйлдлүүдийг хүмүүс хангалттай их хийж байдаг. Магадгүй оршин байхуйн бүхий л үйл явц дотор тэр нь өчүүхэн, анхааралд өртмөөргүй, заримдаа хүн өөрөө ч анзаарч мэдэрмээргүй жижигхэн байдаг болохоор тэгсгээд л өнгөрдөг байна. Харин тэр үл анзаарагдам оршихуйн (экзистенц) шалтгаант үйлдэл нь бусдын ч юмуу, өөрийн амьдрах нөхцлийг, цаашлаад нийгмийн амьдралыг хөндөж, хүмүүсийн анхаарлыг татаад эхлэхэд л сая олон нийт сэртэсхийдэг бололтой юм.
Дөнгөж өчигдөрхөн тэдгээр хилчдийг нийслэлд авчирсан. Тэгэхээр энэ хэргийн талаар ямар нэгэн дүгнэлт хэлэхэд арай л эрт байна. Харин үгийн далимд дурдахад, манай цагдаагийн ажилтнууд гайхалтай чадварлаг ажиллаж, хэрэг өдүүлэгчидтэй хэлцэл тохироо хийн, дахин буун дуу гаргалгүй, хилчдэд барьцаалагдсан хүнийг амьд мэнд салган авч, гэмт үйлдлийг таслан зогсоож чадсаныг талархууштай. Энэ үйл ажиллагаа Монголын цагдаагийн байгууллагынхны мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхийг шалгасан сорилт боллоо. Тэгээд цагдаагийнхан маань сорилтыг амжилттайгаар барахгүй илүү сайн үзүүлэлттэйгээр даван тууллаа гэж хэлмээр байна. Жижиг сажигхан зүйлсээр нэр хүндээ хөөдчихдгийг нь үл харгалзан Монголын цагдаагаар бахархах сэтгэл төрж байна.
“Нийгмийг цочирдуулсан” хэмээн албаны улсын тодорхойлж байгаа энэ хэргийн цаана чухам ямар шалтгаан байгааг хууль хяналтын байгууллагууд сайтар шалгаасай. Тэгээд жинхэнэ үнэн мөнийг олоосой гэж хүснэ.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар