Энэ 7 хоногт
УЙЛДАГ ЧУЛУУ
Хамаг нандин бүхнийг минь өөрийн уудам энгэртээ тэвэрсээр үлдсэн эх нутгаа би жилийн жилд л зорин очдог. “Яах гэж” гэдгээ ч ухамсарладаггүй ээ. Хүн нутагтайгаа хүйн холбоотой гэх хэтэрхий гүн гүнзгий сэжмээр тайлал хийж, ямар нэг уяаны үзүүрт зүүгдэж яваагаар бүүр ч төсөөлдөггүй. Зүгээр л би жижигхэн даруухан сууриндаа очих дуртай.
(Уянгын дурсамж)
НУТАГ МИНЬ
Хамаг нандин бүхнийг минь өөрийн уудам энгэртээ тэвэрсээр үлдсэн эх нутгаа би жилийн жилд л зорин очдог. “Яах гэж” гэдгээ ч ухамсарладаггүй ээ. Хүн нутагтайгаа хүйн холбоотой гэх хэтэрхий гүн гүнзгий сэжмээр тайлал хийж, ямар нэг уяаны үзүүрт зүүгдэж яваагаар бүүр ч төсөөлдөггүй. Зүгээр л би жижигхэн даруухан сууриндаа очих дуртай. Тэнд гоёчлоод, эсвэл гоодоод байх юу ч үгүй. Эгэл, энгийн. Эгэл, энгийн байгаа нь л хамгийн эгэл бус, хачин гоо сайхан.
Үзэсгэлэн нь тарааж барьсан цөөхөн цагаан барилгадаа биш, тэр барилгуудынхаа дундуур сүлжиж явсан дурсамжиндаа байдаг. Сүмийн булгийн сайранд, шөнө нь тэнгэрээс саа унжсан мэт гэгээ цацах бүлэг дэрсэнд, сүргээрээ ирэх нь цөөрсөн тогоруудад, зунжин тонголзож өөрсдийнхөө сүүдрийг ижлээ гэж бодон хөөцөлдөх хөөрхий хоёр тогорууны хөлөө дүрэх усанд, зожиг хэдэн айлтай зүүн дэнжид, зүүн дэнжийг баруун дэнжтэй холбох жонгиносон дуут шонгийн модонд, ажиллахаа больсон уурын зуухны пад хар янданд, айлууд нь хот руу нүүгээд ханхайрсан гэргүй хашаа, хашаагүй ганц пинд хүртэл үзэсгэлэн нь бий.
Жилээс жилд жижгэрсээр байгаа сумынхаа төвд би талдаа багтахгүй том хүн болоод очиж байгаа юм шиг л хараа дээгүүрхэн бууна. Энэ хөөргөн бодол минь эхний хүнтэй таармагц л шалчийгаад ирнэ дээ. Учир нь сумын минь хэнбугай нь ч намайг нөгөө муу жоохон “Мухарцагаан” хүү байна л гэж харна. Хэчнээн цээжээ түхийлгэж, том үг унагаад ч хэрэг байхгүй. Тэдний л өмнө очихоороо хүүхэд байхдаа томчуулаас бишүүрхэж, толгойгоо маажин зогсдог асан тэр л хүү хэвээрээ шолхойтол зогсож байгаагаа мэдэрнэ. Хэзээ мөнхөд л намайг хүүхдээр минь санах ийм элэг бүлээн хүмүүсийг хорвоогийн өөр хаанаас олох билээ.
Миний нутаг нэг тийм мөлцөн ягаан чулуудтай. Цөмийг нь амандаа хүлхээд тавьчихсан юм шиг цэвэрхэн, жижигхэн. Ирж буцах хүмүүсийнхээ хөлд эрхи шиг л өнхөрч элэгдсээр мөлийгөө юу гэлтэй.
Бага байхад чулуудад нэр оноох шиг зугаатай тоглоом байгаагүй санагдана. Таньдаг бүх хүнийхээ нэрийг чулуунууддаа оноож өгөөд, амьшуулан тоглож гардаг байлаа. Хэрэндээ л дүр байдалд нь тохируулж оноохыг хичээнэ. Бүдүүвтэр хүрэн чулууг “бүдүүн” Баваасан, бөрттэй цоохор чулууг Бурам эгч, донжтой бор чулууг Сосорбурам дарга, булцуутай том чулууг “бул” Цогоо, булчин гэмээр энд тэндээ товойсон чулууг “бархаан” Батдорж, алт шиг шар чулууг “заан” Сүхбаатар, гозгор хөх чулууг “Доки” Батчулуун, гялгар хар чулууг “гүйдэг” Жавзандулам гээд л... Сумынхаа бүх хүний нэрийг энэ мэтээр чулуунд оноосон байж ч мэднэ дээ.
Хүүхэд л болсон хойно доо, өнөөдүүлээ уралдуулна, барилдуулна. Аашлуулж, загнуулж байна гэж баахан өөрийгөө зандруулаад, тэрийгээ аавдаа ховлож, аав очоод тэднийг “будаа болгож” байна гэж наадна. Аав гэж нэрлэсэн чулуугаа их нандигнана. Ер нь хармаанаасаа салгадаггүй хэдэн чулуутай байсан санагдана. Тэд их гоё, гойд чулуу байсандаа биш байх, тэдгээрт оноосон нэрэндээ байсан болов уу.
Одоо харин би тэдгээр чулуугаа бүгдийг нь гээчихэж. Гээчихэж ч гэж дээ. Сумын төвийнхөө хаа нэгтээ хүүхэд настайгаа хамт үлдээж орхиод, амьдралын өөр харгуйгаар ертөнцийн ондоо чулуудыг хөдөлгөн, сонирхон алхах болжээ.
Хамгийн уйтай нь, нутагтаа очих бүртээ би өнөөх хуучин чулууд минь нэг нэгээрээ хорогдон дутаж буйг анзаардаг. Би дурсамжийн гуйланчин шиг л чулуу бүрийг нь сөхөж, нэр асуух боловч хариулт үгүй. Үггүй ширтэх цэхэр чулуу. Атгаад тавьсны дараа алга минь л нойтон. Алга хөлрөв үү, алгын чинээ тэр чулуу уйлав уу.
ААВ МИНЬ
“Аав аа” гэж дуудахгүй гучин оныг үджээ. “Аав аа” гэж дуудах л юм бол орчлон аавгүйг минь мэдчихээд, элэг барьж мэднэ гэж шүд зуун тэссээр гучин долооны босгыг давжээ. Одоо гэвч аавыгаа улам л их санаж, ганих нь ихэссэнийг бодоход сэтгэлийн чинадад бодол исэж гүйцээд, сагаж буй нь тэр бололтой.
Аавыг минь манай нутгийнхан “бүдүүн” Дамдинсүрэн гэж дуудна. Гэхдээ “Ноёны бөх” гэхээр бүгд андахгүй. Аав барилдаж ноцолдох үнэнхүү дуртай хүн байсан гэнэ лээ. Бас бадриун, том биетэй, сүр бараатай учраас дэмжлэг балиашиг сайтай бөх байсан шиг билээ. Аавыг дэвээд гарахад улс амьтан “Манай ноёны бөх гараад ирлээ” гээд л шуугиад явчихдаг гэж байгаа. Суманд шинэхэн ирж байгаа хүн бол “Их л сүрхий бүл чадалтай, өндөр цолтой, айхтар бөх нь юм байна” гэж бодохоор. Гэвч аав минь бөхийн чадвараараа биш, хүний яс чанараараа л олны хайр хүндлэлийг татсан хүн байж дээ.
Аав наадамд барилдахдаа баруун талдаа дүнхийх Айрагийн энгэрийг өндийж суутал нь дэвж гараад, зүүн талын намхан толгод шигээ хэвтээд өгөх нь олон. Дээгүүр даваанд гарч барилдсан нь цөөн юм гэсээн, миний муу аав. Жил тойрон хүлээж, жирэмний сур мэт өөрийгөө эрчилж эрчилж барилдчихаад доогуур даваанд унаад, элэг бүсээ тайлж зогсоо аавыгаа би төсөөлөхдөө бороонд шалба цохиулсан бор тэмээ шиг толгой гудайн буйгаар бодно. Гэтэл ёстой нэг унасан ч, давсан ч зогдороо босгосон ат шиг л данайж байдаг, наадамд зодоглосныгоо л бах тав гэж боддог цөлх эр байсан юм.
Нэг удаа аав намайг дагуулж, бөхийн асарт очлоо. Би тэгэхэд дөнгөж дөрөв, тавтай л байсан болов уу. Аав зодог, шуудгаа өмсөж, шаляпин малгай тавьж аваад л хоёрын даваанд барилдахаар гарлаа даа. Асарт байсан улс аавын дээлийг надад өгөөд “Захыг нь сайн мушгиад байгаарай. Тэгвэл аав нь давна шүү” л гэлээ. Миний мушгих ч гэж юу байх вэ дээ. Нэг харсан чинь аав бөхийн талбайгаас инээчихсэн ирж явна. Хамраас нь цус гарчихсан, биед нь нил шороо, өвс наалдчихсан. Асарт орж ирээд гэдсэн дээрх шороогоо унагаах зуураа “Алив миний хүү, аавдаа ир. Унасан бөхийн өвөр дээр өссөн эр хүн унадаггүй бөх болдог юм. Миний хүүг ирээдүйд та нар хараарай” гээд хавийн хүмүүсийг инээлгэж, өөрөө наг наг хөхөрч суусан билээ.
Манайх том, жижиг гэх хоёр шарга морьтой айл байв. Том шарга нь үүлэргүй номхон, жижиг шарга нь зорсон мэт галбиртай, гоёмсог хэрнээ ааштай, маягтай адуу байсан даа. Манайд энэ хоёроос өөр морь тухайн үедээ байгаагүй байх аа гэж одоо санадаг. Наадам бүрээр л хоёр шаргаа унана. Номхон учраас аав том шаргыг бидэнд унуулна. Хоёр эгч болохоор морь унах гэж тэгтлээ хорхойсохгүй тул шарга морио ноолох эрх надад л ирнэ дээ. Өнөөхийнхөө нуруун дээр буруу, зөвгүй л авирч мордоно. Заримдаа бүрэн мордож чадахгүй, дэлнээс нь зүүгдчихсэн тавьж явдаг байлаа. Буухдаа бөгсөөр нь дамжаад гулсаад буучихна. Нэг удаа би наадмын талбай тойрч яваад эмээл дээрээ унтаад өгч. Жолоогүй болсон шарга морь өвс хазлаад явчихалгүй, зугуухан алхсаар гэрийн гадаа хүрээд ирсэн гэдэг. Ийм л номхон хэрнээ ухаантай адгуус байж.
Харин жижиг шаргыг аав унана. Толгой нь цогнойчихоод, чих нь соотолзоод, золбоо хийморь нь дэл шигээ намирсан шарга морийг унахсан гэсэн хүсэл намайг эзэмдэнэ. Том шаргыгаа ихэд голно. Жаахан шаргыг л уначихвал ёстой башийчих юм шиг бодогдоно. Даанч аав “Хүүхэд аваад шидчихнэ” гээд хавьтуулахгүй. Гэтэл жаахан шаргын нуруун дээр гарах аз нэг тохиолдов шүү. Наадмын талбай дээр том шаргаа ноолчихсон зогсож байтал жижиг шаргыг аавын дүү Бүдханд ах уначихсан яваа харагдав. Би ч Бүүеэ ахыг элэг бариад, эз дийлчихнэ дээ гэж бодоод амжлаа. “Хоёулаа морио сольж унъя, тэх үү? Би наадмын талбайг ганц тойрчихоод л болоо” гээд ятгаж гарав. Намайг эрхлүүлэх боломжоос ах ч татгалзсангүй ээ. Сэвхийтэл өргөөд, жаахан шаргын нуруун дээр тавьчихав. Морь ч хэн мордчихов гэсэн янзтай чих нь сортогноод, хулмайгаад маягтай адуу гэдэг нь андашгүй болоод явчихлаа шүү. Бие зарсхийж, айсандаа хамаг биеэ чангалаад, эмээлийн гөлмөнд хөлөө падхийтэл хавчиж орхитол жаахан шарга ухасхийлээ. Жолоогоо ч атгаж амжсангүй. Газар ямар хатуу вэ гэдгийг тэгэхэд л мэдэрч билээ. Амаараа дүүрэн шороотой уйлж ирэхэд минь аав намайг аргадсангүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм” гээд өнгөрөв. Харин Бүүеэ ахыг л нэг сайн загнасан гэдэг юм.
Аавынхаа бага залуугийн үүх түүхийг би нарийн мэдэхгүй л дээ. 32-той байхад нь би төрсөн. Нэг сонирхолтой түүхийг сүүлд Жаажингаа (Өвөөгийн төрсөн дүү Жалцансүрэн ахыгаа бид тэгж авгайлж дууддаг байсан. Жаажингаа бол эгч биднийг хүний зэрэгт хүрэхэд хамгийн их ач буянаа өгсөн хүн) надад ярьж өгсөн. Дээр үед сум, нэгдлийн ажилтнуудын цалин тавих гэж сүрхий ажил байж. Тэдний цалин аймгийн төвөөс шуудангаар бэлнээр шуудайлчихсан ирснийг ууталж аваад л тараадаг байжээ. Энэ хариуцлагатай албыг аав нэг хэсэг хашсан байна. Ажилтнуудын цалинг баадагнаж боогоод, бүсэлхийгээрээ уяад давхичихдаг байсан байгаа юм. Хөдөө багт ажиллаж байгаа хүмүүсийн цалин гэхээр овоо их мөнгө. Гэтэл аав нэг удаа ингэж давхиж явахдаа баадантай мөнгөө хаяж, том хэрэгт унах дөхжээ. Сум орны хүмүүсийг дайчилж явсан газраар нь самналт хийж байж олоход аав тэр мөнгийг судар баринтагладаг торгонд ороочихсон байсан гэдэг юм. “Өвөг дээдсийн чинь судар номын хүч л аавыг нь хэрэгт орохоос хамгаалсан байх гэж боддог доо” гэж Жаажингаа маань дурсаж билээ.
Аавын талаар хүмүүс дурсахдаа “Тун ч сүрхий хүн байсан даа. Чи аавыгаа дуурайсан бол ингэж чаддаг л байх ёстой” гээд маш олон чадвар нэрлэдэг. Шатар сайн нүүнэ, бөх барилдана, сур харвана, морин хуур тоглоно, ном их уншина. Ном уншаад суучихаараа ёстой салдаггүй хүн байсан. Сумынхаа ёолкоор өвлийн өвгөн болно. “Аав нь ийм мундаг юм чинь хүү нь хоосонгүй л байж таараа” гээд намайг цэцэрлэг, сургуулийн өвлийн өвгөн болгодог байлаа.
Би аавынхаа гэдсэн дээр үсэрч тоглох дуртай хүүхэд байснаа санадаг. Ингэж бодохоор би их л эрх байж. Гэхдээ аав бид хоёр зөвхөн эрхийг хийдэггүй, бэрхийг ч амжуулдаг байсны гэрч нь би зургаан нас хүрэхдээ уншиж бичиж чаддаг, морин хуур тоглож сурсан байлаа. Шатраар бол томчуулыг ч хожчихно. Бас болоогүй ээ, аавынхаа “шийрийг хатааж” цэцэрлэгийнхээ өвлийн өвгөн хүртэл болоодхоно.
Эгчдээ үүрүүлж, цэцэрлэгтээ ирж очдог би ээжийгээ таван настайдаа алдсан юм. Гэхдээ аав минь эхийн хайрыг үгүйлэхээргүй эрхлүүлж өсгөсөн болохоор би сэргэлэн, авхаалжтай хүүхэд байв. Нутгийнхан намайг “Мухарцагаан” гэж дуудна. Нэг тийм мухар түнжин толгойтой, золбоолог цовоо хүү байсан байгаа юм. Аав хаа явсан газраа намайг дагуулж явах тул хүн бүр намайг өхөөрдөж, дуулаарай гэвэл дуулж, шүлэг унш гэвэл дуржигнуулаад л тууж явж дээ. Тэр бүрийд би аавынхаа бахдаж урамшуулсан инээмсэглэл, итгэж найдсан харцыг мэдэрч, улам хөхин баясч, цангинасан инээдээ хорвоогоор нэг цацахсан гэх жаргаланд умбадаг байлаа.
Нэг л өдөр энэ бүхэн төгссөн. Нэгдүгээр ангид ордог жилээсээ эхлэн би амьдралыг цааш аавгүйгээр туулах ёстой болсон. Аавыг минь бурхан аваад явсан гэж хүмүүс надад хэлсэн. Гэвч би үхлийг хэзээний таньдаг болсон байсан даа. Ээжийг авч яваад эргүүлж өгөөгүй өнөөх бурхан гэгч хэн болохыг ч ойлгож байв. Тэр бол өршөөлгүй нэгэн. Би хэчнээн уйлаад ч бурхан аав, ээж хоёрыг минь буцааж өгөхгүй. Тиймээс би уйлахгүй гэж шүд зууж билээ. Магадгүй үүнээс болж бурхан бид хоёр бие биедээ өсөрхсөн мэт л байдаг болсон ч юм уу даа гэж хааяа бодогддог. Хар нялх багаасаа л хагацлын өмнө хөмхий зууж сурах хэрэгтэй болсон.
Үнэнийг хэлэхэд, ээжийгээ бурханы орныг зориход би хагацлын гашуун нясуун, хатуу хайрууг нь гүйцэд ойлгохооргүй балчир байсан л даа. Харин аав минь хоёрхон жилийн дараа араас нь буданд залгиулсан морьтон шиг бүдгэрээд яваад өгөхөд нь ихээ хүнд бодолд даруулчихаж билээ. Тэр хүнд бодлуудаа дааж ядахын эрхэнд тэгээд л би хүүхэд байхаа больсон юм. Өнөө нэр өгсөн олон чулуугаар тоглохоо больсон. Хүмүүсийг дуул гэхээр дуулж, золбоо инээд хоёроороо бусдыг шагнахаа байсан. Тийм ээ, тэр өдрөөс хойш би нүдэнд тунарах гунигаа хүртэл бусдад харуулахгүй гэж нууж явах болсон. Нулимс цөөтэй эр хүн болсон доо.
“Аавгүй хүн амьдралыг аргадаж туулдаг” гэж үнэн үг шүү. Түүнээс хойш орчлонг аргадасхийж л явна даа. “Аав минь хэрвээ байсан бол...” гэх бодол яг л нулимс шиг цэлэлзээд ирэх өдөр хоног дэндүү олон байсаан. Гэхдээ ийм бодлыг нулимстайгаа хамт залгисаар он удахад цээжний гүнд зангирсаар чулуу шиг хатуу, чулуу шиг хүнд болох ажгуу.
Нутагтаа очиж л нэг дүүрэн санаа алдаж, аавыгаа дурсан мэлмэрчээ суухад нулимс минь тэр чулуунаас л урсан гарах мэт цээж хөнгөрдөг юм аа.
АНД МИНЬ
Саяхан би ажлынхаа өрөөнд хуучин бичиг цаасаа янзалж суулаа. Бороотой өдөр байсан юм. Ер нь бороо ороход хүн дурсамж руугаа өнгийж, усан бөмбөлөгүүд урсах цонх адил уйд дарагдан суух нь олонтаа. Цонхоор гадагш харах аргагүй болохоор өөрийнхөө доторх цонхоор шагайж буй аятай л.
Хуудсыг нь дэлгэлгүй удсан олон дэвтэр, ноорог, навтарга дундаасаа би хэсэг захидал оллоо. Эхний захидлыг нээвэл намайг хотод оюутан байх үед бичсэн эгчийн захиа байв. “Хичээл номоо л сайн хийгээрэй. Бас хоолоо сайн идэж байгаарай. 5000 төгрөг явууллаа” гэсэн утгатай. Эвий эгч минь, намайг сургууль соёлтой болгохын төлөө яаж зовж, зовниж байсны бэлээхэн гэрч болсон захидал. Инээвхийлэн уншиж дуусгаад, дараагийн захидлуудыг дэлгэн уншив. Нэг мэдсэн чинь би мэлмэртэл уйлчихсан сууж байлаа.
Эхэндээ ажлын өрөөнд хамт байгаа залуугаас санаа зовсондоо үл мэдэг мөрөө чичрүүлэн мэгшиж байснаа дараа дараагийн захидлуудыг уншмагцаа бүр хэнгэнүүлж гарав аа.
-Дамиа ах аа, та зүгээр үү? Юу болсон бэ? гэж ажлын залуу асууж байна.
-Аан, зүгээр ээ. Харин энэ бороо ороод... гэсэн тэнэгдүү хариулт хэлээд, нулимсаа арчсан болов. Ингэтэл минь догдлуулсан тэр захидлууд тэртээ 2000 онд багын найзаас надад бичсэн захианууд байсан юм. Тэнд бичсэн үг үсэг, өгүүлбэрүүд гэхээсээ илүү тэдгээрийн цаадах гэрэлт дурсамжууд л намайг уйлуулсан хэрэг байлаа.
Би тун цөөн найзтай. Найз гэдгийг би хүнд зүүж өгдөг медальтай адилаар ойлгодоггүй.
Медаль бол амжилт гаргавал энгэрт минь олноороо гарч ирдэг зүйл. Харин найз бол амжилтгүй үед ч дэргэд, энгэрт, ер нь байх ёстой газраа байж л байдаг зүйл юм. Хорвоод найз нөхөд гэдэг аав ээж шиг цаанаасаа заяадаг гэдэгт одоо би итгэх болсон.
Хувь заяаны золоор би хар багаасаа үерхэн нөхөрлөсөн хэдэн найзтай. Тэдний дунд, тэр тусмаа миний хувьд хамгийн онцгой нь Баяраахай маань байсан юм. Аавыгаа алдаж, улмаар хоёр эгчээсээ хол, хэцүү бэрхийн дунд бэтгэрч явахад минь ирж нөхөрлөсөн тийм сайхан андыг би одоо ч олоогүй л явна. Олох ч үгүй биз дээ.
Баяраахайн жинхэнэ нэр нь Д.Эрдэнэбаяр боловч аав ээж нь хоёулаа буриад тул түүнийг багаас нь ахайлж дуудсаар заншжээ. Бид цэцэрлэгээсээ эхлээд наймдугаар анги төгстлөө хамт сурсан. Баяраахай миний хүч чадал, дуу хоолой минь болдог байлаа. Яагаад гэвэл тэр их бяртай, том биетэй. Ангийнхан дундаа Баяраахай дээрээсээ нэгд, би доороосоо хоёрт жагсдаг байв. Мөн тэр их яриасаг, ямар ч хүнтэй нийцтэй эелдэг нэгэн. Харин би таг дуугай, зожиг хажиг. Нэг ёсондоо бидний нөхөрлөл эсрэг, тэсрэгийн нэгдэл байлаа. Баяраахай сурлагаар гавихгүй боловч хүмүүжлээр бол үнэхээр магтахгүй байхын аргагүй хүү. Аав ээж, ах эгчийнхээ үгнээс зөрнө гэж байхгүй. Түүнийг нь бид “Ийм том байж аав ээжээсээ айдаг” гэж ирээд л шоолно. Хорь гарсан хойноо ч бид шоолсон хэвээрээ л байсан юм шүү.
Бидний чадах юм түүнийг шоолох байсан бол Баяраахай бид хэдийг харин ч нэг шоглож өгдөг байв. Түүний гар их хатуу, тоглоом нь ч хатуу. Гижигдэж байгаа нь энэ гээд хоёр суганаас гогодоод л дээшээ өргөчихнө. Өөрөө бол тоглож байна л гэж бодоод, хөхрөөд байна. Харин надад бол тэр нь шоглоом болж, өвдсөндөө уйлах цаашаа болно. Шоолж зугатах гээд хэд харайгаад л гүйцэгдэнэ. Тэгээд л барьж аваад гарынхаа аясаар бөмбөрүүлж өгнө дөө. “Больё оо, байя аа” гээд ч нэмэргүй, сүүлдээ бараг уурлах шахуу болж байж нэг юм мултарна. Тэгмэгц гэм хийчихсэн хүүхэд шиг “Өө, уурлаад байгаам уу. Найзыгаа уучлаарай даа” гээд аргадаад алхчихна. Мөн ч сайхан байж дээ. Би түүнтэй байхдаа л сая нэг өөрийнхөөрөө, орчлон хорвоотой ойлголцож болмоор санагддаг байж билээ.
Аравдугаар ангиа төгсөөд би сургуулийн хуваарь авч чадаагүй учраас сумандаа “цөлөгдсөн” юм. Хоёр жил гудамжинд лааз өшиглөж, хичээл сургууль ч үгүй, хэн болох нь ч тодорхойгүй нэгэн болов. Энэ хугацаанд найз минь хотод “Аварга” биеийн тамирийн дээд сургуульд суралцаж байв. Бид тогтмол захиагаар харилцана. Тэр үед бичсэн түүний захидлууд бол сүүлд миний уншаад уйлсан тэр захидлууд мөн. Найз минь сумын буйдхан мухарт хоцорсон надад зориулж тэдгээр захиаг бичсэн байлаа.
- “Сайн байна уу. Би физиологи гэдэг хичээл дээр сууж байна. Одоохондоо
хоттой гайгүй танилцаад байна. Лав л төөрөөд алга болчихгүй байлгүй. Чамайг ирвэл мөн сайхаан”
2000-01-21. “Найз нь энд ирээд олигтой зургаа авахуулж чадсангүй. Авахуулсан зургууд гэрэл цохисон ч гэх шиг. Гэхдээ би өөрөө очихдоо зурагтай очноо, амлая за. ”
2000-02-10. “Чи хаашаа юм бэ? Би аав ээжид ажил гарвал чамаар хийлгэж байгаарай гээд шууд бичих эвгүй шүү дээ. Юу гэж бодох юм. За тэгээд мончокоо Брюслигээс дутахгүй эргүүлж сурсан биз дээ?”
2000-11-04. “Дараа жил чамайг найдвартай нэг сургуулийн бараа харна гэж итгэж байна. Чамайг ирэхэд яа би хуучирцан хачин байх нь дээ, хө. Чи ажлаа сайн хийж байгаад мөнгөө сайн цуглуулаарай. Хотод мөнгө их хэрэг болно шүү”
2001-04-15. “Чи хөөе, нөгөө хачин бүрэг зангаа засаад, алхаа гишгээгээ хүртэл засах гээд нэг оролдоод үз, аа... Би очоод харна шүү. Бас өөрт таалагдсан охин байвал надад хэлээрэй. Би өөрийн чадлын хэрээр туслахад хэзээд бэлхэн шүү”
2001-09-11. “Олз омог хэр вэ? Тарвага гэж байж хуруугаа хавхдаж орхив доо. Бичдэг хуруугүй бол чиний хоол олдог зүйл чинь болох юм шүү. Чи хотод ирж сургуульд ор оо. Чиний алдрын тавцан зөвхөн чиний өөрийн итгэл, зорилго, авьяасыг хүлээсээр...”
2001-12-12. “Бид хоёр яаж яваад найз болсон юм бол оо. Би чамтай “найз” гэж яваадаа баяртай байна. Яагаад гэвэл, ирээдүйд чиний үг бүхэн чинь хүний анхааралд, хүний урмыг сэргээх хүч болох болно. Чи үүнийг уншаад намайг юу биччихээ вэ гээд шоолох байлгүй. Гэхдээ чиний тэр шоолох шоолохгүй хамаагүй. Би энэ бичсэн зүйлээ буруу зөрүү гэж нэг л бодохгүй байна шүү. Уншаад ойлго”
2002-01-28. “Миний бичсэнийг битгий шоолоод байгаарай. Дэмий шүү, аааа... Хоёулаа цагаан сараар будаа болгоноо, уулзах гэж яарч байна шүү. Түр баяртай. Чи бид хоёрын энэ сайхан андын холбоон дээр цэцэг ургах болтугай”.
Тухайн үедээ эдгээр захиаг уншиж өнгөрөөд, хариу бичих төдийгөөр үнэ цэнийг нь төгсгөдөг байж. Харин сүүлд уншаад уйлсны учир бол найзынхаа халуун дулаан сэтгэлийг улам гүнзгий мэдэрснийх билээ. Баяраахай маань 2008 онд буюу цэл залуу 26-хан настайдаа бурханы орныг зорьсон юм. Энэ мэдээ надад хэтэрхий харгис сонсогдсон доо. Хувь тавилан ингэж ээлжит удаагаа хэтэрхий харгисаар энгэр цээжийг минь ярж, найзын минь шарилын чулуунаас дутахааргүй хүнд юмыг хэнхдэг цаана минь чулуудаж орхисон билээ.
2001 онд намайг сумынхаа сургуульд галч хийж байхад өвлийнхөө амралтаар ирэхдээ тэр өндөр тэхийсэн гоё залуу болсон байсансан. Хотоос ирсэн ганган цагаан залуу хөө тортог, нүүрсэн дунд хормой, тохой нь урагдсан ногоон дээлтэй халтайгаад зогсож байгаа над руу инээд алдан гүйж ирж байсан тэр зураглалыг би хэзээ ч мартахгүй ээ.
Одоо санахад найз минь намайг үргэлж л өргөж, дэмнэж, өөдөө зүтгүүлэх гэж чармайж явжээ. Нутгийнхаа хөрсөн дээгүүр үргэлж хамтдаа мэт хөгжилдөж явсан хоёр хөлийн мөрний нэг нь одоо алга. Гэвч нутагтаа очих бүрдээ би найзтайгаа хамт алхаж яваа мэтээр төсөөлдөг. Тэр миний даль жигүүр болсон. Бидний андын сайхан холбоон дээр цэцэг ургах болтугай гэж найз минь захиандаа санамсаргүй л биччихсэн байх. Гэтэл тэр нь одоо тархинд зөн болон харваж байна. Тийм ээ, чи над руу цэцэг гишгэлгүй ирдэг замтай. Найзууд нэг нь энд, нөгөө нь тэнд байвч бие биерүүгээ ирэх замаа үргэлж олдог шүү дээ. Анд минь одоо ямар ч чулуугүй замаар алхаж яваа даа гэж бодож л өөрийгөө тайтгаруулдаг даа.
ДҮҮ МИНЬ
Би хоёр сайхан эгчтэй. Том эгчийг есдүгээр анги, бага эгчийг долдугаар ангид байхад бидэн гурав өнчирч үлдсэн. Тиймд биднийг хамаатан садангууд маань салгаж аваад, хариуцаж өсгөхөөр шийдсэн юм шиг байгаа юм. Аавыг өнгөрснөөс хойш өрнөсөн үйл явдлын нарийн ширийнийг би сайн гадарладаггүй. Ямартай ч хоёр эгчээсээ тусдаа дөрвөн жил төөрөлдөж явснаа санадаг. Харин дөрвөн жилийн дараа том эгч минь намайг өөр дээрээ татаж авахад тэр хэдийнээ хоёр маамуутай болчихсон байж билээ.
Ганцаараа зожгирч, бэтгэрч явсан би гэнэт л хоёр хөөрхөн дүүтэй болчих нь тэр. Охин нь хоёр ойтой, хөвүүн нь өлгийтэй нялх. Хоёр дүүгээ харах үүрэг мэдээж надад оногдож, олон ч нартай өдөр, сартай шөнүүдийг гурвуулаа уйлалдаж өнгөрүүлсэн дээ. Би тэр үед гуравдугаар анги байсан тул нөгөө хоёрыгоо унтахгүй уйлаад байхаар арга барагдахын эрхэнд дагаад уйлчихна. Ёстой л хөгтэй гурван хүүхэд хэн нь хэнийгээ саатуулаад, хараад байгаагаа мэдэхгүй л хамтдаа хүн болсон доо.
Тэр үед нийгэм дөнгөж зах зээл рүү шилжсэн байсан учраас амьдрал дутуу гуцуу, өлөн зэлмүүн. Эгч амьдралаа авч явахын тулд олдсон ажил бүрийг л хийнэ. Заримдаа би ч зээл гарч, хар бор ажил таарвал хийчихдэг байлаа.
Гэхдээ хоёр дүүгээ харах шиг зугаатай, бас жаргалтай ажил надад байгаагүй. Нөгөө хоёрыгоо сатааруулах гэж дуулна, бүжиглэнэ, шүлэглэнэ. Тэд хоёр талд зэрэг уйлалдаад л, би дунд нь уяруулчих санаатай дуу дуулаад л... Одоо санахад, ёстой л чих шуугим орилолдооны хоор болдог байсан байх даа.
Өлгийтэй байхаасаа л надад хань, түшиг болох гэж хорвоод ирсэн гэж санагддаг дүүг минь Сугардорж гэнэ. Сугараа маань багадаа үнэхээр эгдүү нь дэндсэн жаал байв. Сэргэлэн хонин бор нүдтэй, улаа бутарсан хацартай, хүн бүрийн хайрыг татсан хүүхэд байлаа. Том болоод ч зан нь өөрчлөгдөөгүй дээ.
Хүнд хэцүүг нь тоочвол ой болмоор, дутуу дундуурыг нь тоолбол тогтоол болмоор амьдрал дунд дүү минь ямар ч муу санаагүй, цовоо цолгин зантайгаа өсч томорсон нь саар муу чихэлдсэн хорвоогийн хувьд олз гэмээр тохиол гэж би боддог оо.
Миний дүүгийн ажилсаг, тусархаг нь хэтэрхий. Суманд дүүгийн минь тусыг хүртэж байгаагүй хүн ховор шүү. Хаана л ямар хар бор ажил гарна, тэнд инээчихсэн л зүтгүүлж явна. Яралзсан жигд цагаан шүдтэй ч гэж юүхэв. Гэмгүй цагаан инээдээрээ бүгдэд туслахсан гэсэн сэтгэлтэй дүүгээ хараад би “Хүн яаж ийм шил шиг тунгалаг, арчиж зүлгэсэн толь шиг цэвэр ариун болж өсдөг юм бол оо” гэж гайхдаг байлаа. Цагаахан, цайлганаар нь цай сүлж ч болмоор бодогдоно гээч.
Гэхдээ би дүүдээ царай өгдөггүй ах байж. Хаа ганц урамшуулж, нэг удаа хүний ах шиг барьж аваад үнсэж байснаа санахгүй юм. Хэзээд миний дэргэд, үргэлж хамтдаа ингээд л амьдраад л, аж төрөөд л явж байх юм шиг л эндүүрсэн. Гэнэн нь дуусахгүй хорвоо л доо.
Дүү минь том болоод ч дэргэдээс салаагүй гэхэд болно. Хотод ганцаараа амьдрах гээд будилж явахад хөдөөнөөс зорин ирж хань болсон. Хоёр биенээсээ өөр найдах хүнгүй хотын балар ширэнгэд зүгээ олохдоо би дүүгээрээ таяг хийж явсан юм. Хажуудаа ханьгүй олон шөнүүдэд дүү минь л дэргэд дэнлүү мэт сахиж, сэтгэлдээ наргүй бүрхэг өдрүүдэд дүү минь л зууханд гал өрдөж суусныг ухаарах тусмаа би гаслан гийнамаар болдог билээ. Хожимдсон ухаарал, харамсал гэдэг ийм хэцүү.
Дүүгээ би дэргэд байхад нь хайрлаж чадаагүй ээ. Хуучин хагацал, хэзээний танил зовлонд өөрийгөө дасгаж суусаар би чулуужиж орхисноо анзаараагүй. Өөрөө хатуужихын хэрээр бусдад ч хатуу, хайхрамжгүй хандаж явсны гороор дүүдээ би “Ах нь чамд хайртай шүү” гэж ч хэлж амжаагүй явуулсан юм.
Дүү минь цэл залуухан, цэцэглэж ч амжаагүй 23-хан насандаа тэнгэрт одлоо. Хэн мэдэх билээ. Хар нялхаасаа л хажууд минь өсч торнисон хорвоогийн хамгийн нандин хүнийхээ тухай нулимс хэлхэж, үгээр суварга өрж суухын чинээ даанч бодоогүй явлаа даа.
Жамын салхи үлээхэд би түүний өмнө ямар ч хүчгүй улиас гэдгээ мэдэрдэг. Нүдлэх цагаас нь эхэлж, төлжин ургаж, төгөлдөр хэлбэрийг олох хүртэл нь энхрийлэн бөөцийлсэн навчисаа хийсэн унахад мэдэрдэг шаналал, харууслыг энэ модод яаж даадаг юм бол оо. Дүүгээ унахад би навчсаа гээж буй модны хөндүүрийг бус, тайруулж буй модны өвдөлтийг мэдэрсэн.
Сугараа минь “Ах аа, би маргааш ирэх байх шүү. Хүлээх хэрэггүй” гэж хэлээд гарсан. Харин маргааш нь бороо шаагиж, усан хөшиг татсан уйтай өдөр байж таарсан. Гар утсандаа ирсэн дуудлагыг гэнэ сэрэггүй авахад “Дүү чинь учир битүүлгээр нас барсан байдалтай олдлоо” гэсэн аймшигт мэдээ дуулсан юм. Энэ хүртэл би өөрийгөө хангалттай хатуужсан гэж бодож байсан. Өөрийгөө чулуу шиг хатуу тул уйлахгүй гэж итгэсэн. Хорвоогийн хамгийн хатуу зүйл бол чулуу гэж би бодсон. Гэтэл үгүй юм билээ. Чулуу хүртэл уйлдаг юм билээ.
Зочин
Зочин
Гайхалтай уран бичжээ. Уншаад уйллаа