Оросын алдарт “Хүний хувь тавилан” кинонд Германы шоронд байгаа орос эр герман офицерын хоёрын ярианы ийм нэг хэсэг байдгийг утгачлан сийрүүлэхэд:

-Өдөрт ... шороо ухаж байгаа нь их байна гэж та ярьсан уу?

-Ихдэхээр барах уу, бүр дэндэж байна.

-Чамайг ... нүхэнд оршуулахад хангалттай юу?

-Хангалттайгаар барах уу, бүр ихэднэ... Тэгээд тэр орос эр герман офицерын өгсөн талх, өөхийг хүн болгонд хэрчим хэрчмээр нь тараадаг.

Энэ киноны хэсэг яг л татвар их байна гэж үү, ихдэхээр барах уу бүр дэндэж байна гэсэн иргэдийн бухимдлыг санагдуулна. Харин хэрчим өөх, ганц талхаа хэдэн арван хүнд хэрчим хэрчмээр тарааж байгаа нь харин татаас хүсвэл хэнд ч хүртээмжтэй байж болохыг илэрхийлж байх шиг. 

Саяхан татварыг нэмэхэд олон нийт эсэргүүцсэн. Яг энэ мөчид татвараа улам ихэсгэе гэсэн уриалга гаргавал яах бол? Уур хүрэм байгаа биз дээ. Гэхдээ хэргийн учир нь татвар төлдөг хүрээгээ нэмж, татварын нийт орлогоо нэмэх бус татвар гадуур байдаг нөхцлүүдийг хараач ээ гэх гээд.

Үнэндээ бага биш байсан татварыг ОУВС-гийн шаардлагаар гэсэн тайлбартайгаар огцом нэмчихээд эргүүлж хэвэнд нь оруулсныг У.Хүрэлсүхийн гавьяа гэж хөөргөж алга таших ч хэрэггүй. Иргэд бидний шаардлагад эрх баригчид чих зөөлөн, дуулгавартай хандаж байна гэж  баярлаж бахархах ч арга алга. Үндсэндээ эрх баригчид үнэмлэхүй олонх, дэндүү дураараа байгаа иймэрхүү нөхцөлд татварыг хэзээ ч хэдэн хувиар ч нэмж болох юм байна гэсэн сануулгыг бидэнд өгсөн гэвэл илүү бодитой сонсогдох болов уу?  Татвар гэдэг “хадны мангаа”-гаар хүссэн үедээ биднийг айлгаж чадах нь ээ гэж.

Мэдээж төр байх дор татвар буй нь үнэн. Иргэн бүр татвараа төлөх үүрэгтэй. Тэр татвар бидний хүүхдийг сургаж боловсруулдаг багш, биднийг эмчилдэг эмч, өдөр шөнөгүй үүргээ биелүүлж байдаг цагдаа нарт зориулагдах ёстой.  Харин хэн нэг даргын үнэтэй унаа, хийж байгаа эсэх нь тодорхойгүй “бүтээн байгуулалт”, ямар ажил хийдэг нь тодорхойгүй, төрийн том, жижиг албаныханд зориулахгүй байхаа бид мэдмээр.

Угаасаа татвараа төлдөг хүмүүсийн татварын хувь дээр тоглож байхаар өөр зөндөө “орон зай” байгааг хар даа. 16 мянган малтай 10-аад “хамжлагатай” мөртлөө огт татвар төлдөггүй, дээрээс нь Нийгмийн даатгалыг нь төрөөс  төлдөг хүмүүс байна. Нарантуул зах дээр зөндөө орлого хийчихээд татвар төлдөггүй ч хүн байна. Үүнийг больё гэхэд газрын лизенз зардаг, шилжүүлдэг, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлдэггүй хүмүүс зөндөө л байна.

Тэднийг яагаад татварын системд хамруулдаггүй юм бэ гэхээр бараг атаархсан хэрэг болох байх.  Гэвч аль дээр үеэс батлагдсан Лафферийн мурий-г санаж байна уу.  /АНУ-ын эдийн засагч А.Лаффер нэгэн зоогийн газар яриа єрнvvлж суух зуураа тэнцvv татварын ач холбогдлыг тайлбарлахын тулд ам арчих цаасан дээр элдвийг сараачиж байгаад уг графикаа “нээсэн” гэдэг. Энэ ч эдийн засагчдын хувьд маш том ололт болсон бөгөөд хэт их татвараас хvмvvс бултдаг, хэт бага татвар тєсвийн орлогыг багасгадаг. Харин яг алтан дундаж боломжит хувилбарыг тогтоож чадсан тохиолдолд орлого хамгийн их болдог гэдгийг баталсан юм.

Хэт их татвар онооход хүмүүс эсэргүүцнэ. Хэт бага бол бас орлого багасна. Хэн нэгэнд нь татвар оноосон мөртлөө хэн нэгэнд оноохгүй бол бас эсэргүүцнэ. Ийм эмзэг уян хатан нөхцлийг мэдэхгүйгээр татварын мөнгийг буруу хэрэглэвэл бас гамшиг болно.

Бага мөртлөө бүгдийг хамарч чадах татварын систем ийм. Харин тэр татварын мөнгийг хэрхэн зарцуулах ёстой тухайтад эргэн өгүүлэх боломж олдох буй за.


А.АЛТАНТУЯА