Энэ 7 хоногт
ШУА-ийн гишүүн сонгох журмыг шинэчлэх шаардлагатай
ШУА-ийн гишүүн сонгох ажиллагаа булхайтай болсны нэг нотолгоо энэ болно. “Нууц санал хураалт”-ын дүнг, ийнхүү ойлгомжгүй, эргэж буцсан байдлаар гаргаж ирсэн болохоор сонгууль маргаантай болсон, гэж хэлэх эрх надад байгаа.
1. Сонгууль.
Өнгөрөгч хоёрдугаар сарын 25-нд, Шинжлэх ухааны академийн гишүүний сонгууль болж өнгөрсөн билээ. Телевизийн мэдээгээр цухас харуулаад өнгөрсөн.
Энэ сонгууль, ШУА-ийн “Их чуулган”-д гишүүн сонгох ажил ямаршуу янзаар явагддаг болохыг бодит байдал дээр тод харуулав. Түүгээр ч зогсохгүй манай зарим ахмад академич нар яаж “хоцрогдсон” байгааг илчилсэн, гэж болно.
Үүнийг, Боловсрол Шинжлэх ухааны яам, эрдэм шинжилгээний бусад байгууллагын удирдлага, монголын олон эрдэмтэн судлаач нарын сонорт хүргэж, саяын энэ арга хэмжээ ямаршуу, будлиу болж өнгөрснийг илэн далангүй хэлэхээс өөр аргагүй байна. Сонгуулийн бэлтгэл тааруу хийгдсэн байсныг “хөл хорионоос” шалтгаалсан, гэж ШУА-ийн тэргүүлэгчдийн газар өөрөөсөө зайлуулах нь мэдээж, гэхдээ...
ШУА-ийн шинэ гишүүдийг сонгоход, санал өгөх эрх бүхий 56 академич их чуулганд оролцсон ба саналын хуудсыг шалгаж дүгнэх тооллогын комиссийг шууд “томилсон”. Гэтэл 5 хүнтэй энэ комисс, санал хураалтын 56-хан хуудсыг тоолж, дүн гаргах гэсээр 3 цаг гаруй будилж хүлээлгэсний эцэст, санал хураалтын дүнг бүрэн гаргаж дуусаагүй байтлаа, заал дүүрэн хүмүүсийн нүдэн дээр Ерөнхийлөгчдөө аваачиж танилцуулснаас болж, саналын хуудсыг дахин тоолж, дахиж “тоо бодох” сонирхолтой үйлдэл эхлэсэн гэлтэй. Энэ юуг харуулав?
ШУА-ийн гишүүн сонгох ажиллагаа булхайтай болсны нэг нотолгоо энэ болно. “Нууц санал хураалт”-ын дүнг, ийнхүү ойлгомжгүй, эргэж буцсан байдлаар гаргаж ирсэн болохоор сонгууль маргаантай болсон, гэж хэлэх эрх надад байгаа.
Зохион байгуулалт тааруухан байсан энэ сонгууль, ажил хэрэгч бус байдалд болж өнгөрсөн төдийгүй, шудрага бус явагдсан, гэж хэлэх үндэстэй. Ямар сайндаа л тооллогын комиссийн ийнхүү “будилж” байгааг хараад зарим академич нар нь, “...та нар юу л хийгээд байна даа?”, хэмээн бухимдаж суух билээ дээ.
Ингээд, ШУА-ийн гишүүнд нэр дэвшсэн 6 салбарын 12 эрдэмтнээс 5-хан хүнийг буюу 41,7 хувийг “сонгож” авсан энэ сонгуулийн хачирхалтай дүн, “зөв” гарсан гэж итгэхэд хэцүү байна. Учир нь, нэр дэвшигч нэгэн шинэ докторыг энэ сонгуулиар заавал “гаргаж ирэх” даалгавартай байснаас будлиан эхлэсэн бололтой.
Түүнээс гадна ШУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийг, их чуулганы гишүүн болгох сонирхолгүй байдаг “ахмад академич” нар цөөнгүй байна. Нэр дэвшиж буй эрдэмтнийг ямар шалгуураар дүгнэж цэгнэж байгааг хэн ч мэдэхгүй.
Үнэн хэрэгтээ, тийм шалгуур үзүүлэлт байхгүй юм билээ. Жишээлбэл, саяхан явагдсан энэ сонгуулиар мэргэжлийн хувьд үнэхээр өндөр чадвартай, Монгол улсад хэрэгтэй сайн судалгаа хийсэн, бодит бүтээгдэхүүн гаргаж хэрэглээ болгож чадсан биологийн шинжлэх ухааны доктор, профессор нэгэн залуу эрдэмтнийг “хавчиж”, “...энэ нөхрийн нэр дээр “матаас” ирсэн” гэдэг шалтгаар “унагааж” байх юм. Гэтэл ганц ч докторантын эрдэм шинжилгээний ажил удирдаагүй бас нэг шинэ докторыг, баахан латин нэр томъёогоор “балбасан” танилцуулга хийлгэж байгаад суга татаад гараад ирэх жишээтэй. Үүнийг шинжлэх ухааны арга зүй гэж болох уу?
Уг нь, их чуулганы эхэнд, “...энэ жил ШУА-ийн 100 жилийн ой тохиож байна, салбараасаа нэр нь дэвшээд гараад ирсэн эрдэмтдийг дэмжье, сонгуулийг шинэлэг арга барилаар явуулъя, квотоо гүйцээх нь зүйтэй” гэх зэрэг оновчтой санаа, саналыг хэд хэдэн залуу академич нар гаргасан боловч энэ удаа “авч хэлэлцсэнгүй” өнгөрөв.
Сонгуульд бэлтгэх “ажлын комисс” гэж томилогдсон, өөр 5 академич, нэр дэвшигч тус бүрийн намтар, шинжлэх ухааны бүтээлүүд, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг “ганц нүүр цаасанд” багтааж танилцуулах гэж оролдсон боловч сүүлдээ бүр будлиж нөгөөх танилцуулга гэгчээ зөв уншиж ч чадахгүй хөглөв.
Ерөөсөө, ажлын энэ комисс нь нэр дэвшиж байгаа эрдэмтэдтэй нэгбүрчилэн уулзаж ярилцаагүй, тууривсан диссертаци, ном бүтээлийг нь судлаагүй, үзээгүй байж яаж танилцуулга бэлтгэсэн юм бол? гэж гайхмаар. Тэгэхээр энэ будлиантай, танил талаа татсан, “бодлогоор” гаргаж ирж буй 5 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид юу гэж хэлж танилцуулж, “академич” цол хүртээх юм бол? гэж бодогдоод байна. Эсвэл, ерөөсөө энэ хачирхалтай сонгуулийг болиулж, дахиж явуулах нь зүйтэй юм болов уу? гэтэл сар гаруй хугацаа өнгөрсөн атал ямар ч сураг ажиг алгаа. Хэцүүхэн асуудал тулгараад байна даа?
2. Хуучирсан арга барил
Засгийн газраас тогтоосон квотоор бол Шинжлэх ухааны академийн “Их чуулган”, 70 гишүүнтэй байх ёстой ажээ. Өнөөдрийн байдлаар 58 гишүүнтэй байгаа. Гэтэл “Их чуулган”-ы квотоос дутуу гишүүдийг нөхөн сонгодоггүй, тийм журам ч, сонирхол ч байхгүй бололтой. Харамсалтай нь, Засгийн газраас тогтоосон квотоос байнга дутуу, 10 гаруй тоогоор “онгорхой” орон зай байлгахын далд зорилго юунд байдгийг ШУА-ийн тэргүүлэгчдийн газраас тайлбарлахгүй нь мэдээж.
Ер нь, Шинжлэх ухааны академийн гишүүнийг сонгуулийн аргаар буюу их чуулганы “хуучин гишүүд”-ийн саналаар сонгодог явдал, эрдэмтний ёс зүйд харшилсан аргачлал, гэж үзэж болно. Тухайн эрдэмтнийг “сонгохдоо”, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээр, салбартаа юу хийсэн хүн бэ? гэдэг үр дүнгээр, тухайн эрдэмтний ёс зүй, нэр хүндтэй байдлаар нь үнэлэхгүй, ердөө л хуучцуулын “үзэмжээр” сонгож байна. Үүнийг, ШУА-ийн удирдлага болохоор, “...академич нарт сонгох эрх нь байгаа”, гэж “хаацайлсан” маягтай тайлбар хэлж байгаа юм.
Тэгээд бас, ШУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэн, тус академийн аль нэг хүрээлэнгийн, эсвэл ШУТИС-ийн хүн л биш бол “Их чуулган”-д шууд сонгогдон орж ирнэ, гэсэн найдлага байхгүй. Тэр хүнийг 2-3 удаа заавал “унагааж” байж (энэ нь 5-6 жилийн дараа магадгүй гэсэн үг), эцэстээ аз нь таарвал сонгогдоно, гэдэг “бичигдээгүй хууль” үйлчилсээр өдий хүрчээ. Энэ чинь хаанахын ямар арга зүй вэ? гэдгийг ШУА-иас бас тайлбарладаггүй. Орон тоо гарсан үед нөхөн сонгууль явуулж болох ч, ерөөсөө үүнийг хийдэггүй. Энэ тухай нэр дэвшигч эрдэмтэд “жиг жуг” ярилцдаг боловч над шиг ингэж ил цагаан хэлдэггүй. Учир нь хоёр жилийн дараа болох сонгуульд дахиад нэрээ дэвшүүлэхэд нь “хавчиж байгаад унагачих вий”, гэж их айцгаана. 3-4 удаа “унаж байж” арай гэж нэг юм “гарч ирсэн”, анагаахын шинжлэх ухааны доктор нэгэн, олон унаснаараа “бахархах янзтай” байхыг харахад өрөвдөлтэй.
Түүнээс гадна, ШУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд “үзэсгэлэн” гаргаж нөгөөх хуучцуулд царайгаа харуулж, өөрсдийгөө танилцуулж, бүтээлээ тайлбарлах ёстой болдог. Баахан ажил болж зураг, плакат, ном сэтгүүл дэлгэнэ. Харин цаадуул нь ирээд “ёстой л үзэсгэлэн харчихаад” гардаг болохоос, нэр дэвшсэн эрдэмтний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны ажлын үр дүн, ном бүтээлийн ач холбогдлыг үнэлж цэгнэхгүй, ганц ч томъёо, эсвэл дүгнэлт зөвлөмжийн үндэслэлийг асууж тодруулахгүй, өнгөрөөд л явчихна. Тэгсэн хэрнээ “сэтгүүл санаачилж” гаргасан явдлыг шинжлэх ухаанд оруулсан “хувь нэмэр”, гэж тооцож байх жишээтэй.
Тэр ч байтугай, нөгөө үзэсгэлэнг үзээгүй, нэр дэвшигч эрдэмтний диссертаци бүтээлтэй огт танилцаагүй байтлаа, хэн нэгэн ахмад академич шууд чуулганд орж ирээд “татгалзсан” санал өгчихнө. Юуг үндэслэж, ямар үр дүнг харгалзаж сонголтоо хийсэн бэ? гэдэг нь бүр ч ойлгомжгүй.
Тэд ямар их “эрх мэдлээр”, ийм “давилуун” байр сууринаас нэр дзвшигч эрдэмтний нэр төр, ажил бүтээлд хандаж байна вэ? Саяын сонгуульд 6-7 академич яг ингэж хандсан гэдгийг би лавтай мэднэ, нэрээр нь хэлсэн ч чадна. Нөгөө “үзэмжээр” гэж хэлээд байгаа асуудал чинь энэ байхгүй юу.
Тэгээд бас ШУА, ШУТИС-иас өөр байгууллагын эрдэмтдийг “гадуурхана”. Тухайлбал, “...чи чинь цэргийн хүн юм байна шүү дээ, Цэрэгт шинжлэх ухаан, гэж юу байдаг юм бэ?” гээд сууж байгаа хэл шинжлэлийн академич, ахмад настанд, юу ч гэж хариулмаар юм бэ? дээ... Ийм жишээ, баримт цөөнгүй байгаа.
Уг нь аливаа хүний эрдмийн ажлыг, шинжлэх ухаанд гаргасан амжилтыг дүгнэх гэж байгаа юм бол, тэр хүнтэй “ном хаялцаж”, мэдлэг чадварын төвшинг нь мэдрэх ёстой, тэгээд сонгох эсэхээ шийддэг байлтай. Гэтэл дээр хэлсэн шиг юм яриад сууж буй ахмад академич зарим эрхэмд “...цэргийн хүмүүсийн дунд информатикийн, техникийн, анагаахын мэргэжлийн эрдэмтэд олон байдаг”, гэж учирлаад ч нэмэргүй.
Ерөөсөө, шинжлэх ухааны ололт, техник технологийн амжилт бүхнийг хамгаас урьтаж ашиглаж бүтээсэн зэвсэг, байлдааны техникийг сайн мэддэг, ашигладаг, хөгжүүлдэг манай цэргийн эрдэмтдийг ШУА-ийн гишүүнд сонгох дургүй, сонирхолгүй байдаг бололтой. Тэгж л ойлгогдоод байна.
Цэргийн эрдэмтэд бол шинжлэх ухааны салбарт “жинхэнэ фронт” дээр байгаа судлаач нар. Тэд нар чинь ямар өнгөрөгч зуунд, “намын үзэл суртлыг” магтан дуулсан диссертаци бичээд гарч ирсэн, зарим нэг хуучин академич нар шиг хүмүүс биш.
Харин ч нанотехнологи, сансар, кибернетик гээд, орчин үеийн шинжлэх ухааны олон салбарт гадаад дотоодын судлаач нартай мөр зэрэгцэн яваа хүмүүс.
Тэгэхээр, дээр хэлсэн тэр хандлага бол хүний сонгогдох эрхийг зөрчсөн, хавчиж хяхсан үйлдэл төдийгүй, өөрсдийн хоцрогдсоныг шууд харуулж байгаа “ахмад академич”-ийн байр суурь гэхээс өөр юу гэлтэй билээ?
3. Шинэчлэл хэрэггүй юү?
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, саяхан хэлэхдээ, “...эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмж маш муу байгаа нь шинжлэх ухааны салбарын хөгжилд нөлөөлж байна”, гэж дүгнэсэн. Тэгвэл ШУА, манай эрдэмтдийн үнэлэмжийн асуудлыг “урсгалд нь орхисон”, гэлтэй. Эрдэмтэн хүний 20-30 жил зүтгэж байж гаргаж ирсэн бүтээл, ажлын үр дүнг 2-3 плакат, өнгө зүсээр нь тааруулж ширээн дээр өрсөн хэдэн номын үзэсгэлэнгээр тодорхойлж болох уу? Тэгээд ч үзэсгэлэн үзсэн хуучин академич нар нь болохоор нэр дэвшигч эрдэмтний ажиллаж буй шинжлэх ухааны салбарын асуудлаар ямар ч ойлголт мэдлэггүй атлаа нэр дэвшигчийг “академич” болгох эсэхийг үзэгний үзүүрээр шийдэж байх жишээтэй. Сонин “журам” бөгөөд үнэхээр утгагүй арга барил байгаа биз?
Ер нь энэ тухай би, академийн удирдлагатай уулзаж илэн далангүй ярилцаж, бас зөвлөсөн ёсоор нь асуудлыг зөв гольдролд оруулах гэсэн санаа бодлоо цаасан дээр буулгасан материалыг 2018 оны 10 дугаар сард өргөн барьсан. Материал нь архивт байгаа биз? Дараа нь 2020 онд ШУА-ийн “Бага чуулган”-ы сонгууль болж, бас будлиан гарсан явдлын дараа цахимаар асуулга тавьсан. Ямар ч хариу хэлэхгүй өнгөрсөн. Энэ удаад ч бас тийм дүр зураг харагдаж байх шиг...
ШУА-ийн их чуулган, бага чуулган, гэдэг “эрдмийн эдгээр бүтэц” бол өмнө нь гишүүн болж “амжсан” зарим нэг нөхдийн хувийн компани биш байлтай билээ?
Одоогийн байдлаар, Шинжлэх ухааны академийн гишүүн болох хүсэлтээ гаргасан эрдэмтнийг Шинжлэх ухааны академийн салбарын бага чуулганаар хэлэлцүүлдэг “нэг том даваа”-тай бөгөөд тэндээс нэр нь дэвшиж гарч ирж чадах юм бол академич болох эсэх хувь заяа нь, их чуулганы хуучин гишүүдийн “үзэмжээр” шийдэгдэж байна. Ингэхээр, шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлыг авч үзэж буй ажиллагаа биш, харин иргэдийн төлөөлөгчдийн хуралд аль нэгэн нам эвслийн төлөөллийг сонгодогтой ижил дүр зураг харагдаад байгаа биз?
Жишээлбэл, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэгтэй, профессор цолтой, машин механизмын онол, машины найдвартай ажиллагааны онол, операцийн шинжилгээ, математикийн статистик, магадлалын онол зэргийг судлан эзэмшиж бүтээлээ туурвисан, техник-технологийн өндөр мэдлэг, арвин туршлагатай механикийн инженер эрдэмтнийг “их чуулганы” гишүүн болгох эсэхийг, огт өөр салбарын, тухайлбал, археологийн, мал эмнэлгийн, нийгмийн ухааны гэх мэт, техникээс тээр хол хөндий мэргэжилтэй хэн нэгэн хүний саналаар шийдэж байгаа явдал оновчтой сонголт мөн үү?, шудрага ёс мөн үү?
4. Хөгжил дэвшилд хүрч болох арга зам байна.
Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухааны суурь ба хавсрага судалгаа явуулж, бүтээл туурвиж, боловсролын болон эрдмийн зэрэг хамгаалж буй манай судлаачид, эрдэмтдийн бичиж буй диссертацийн чанарыг дээшлүүлэх талаар тодорхой зарим арга хэмжээ авах нь тулгамдсан асуудал болоод байна.
Үүний шалтгаан нь, зарим хүмүүс, эрдмийн зэрэг цолонд “мөчөөрхөл”-ийн байр сууринаас хандах, эсвэл “бэлэнчилж” оромдох зэргээр эрдэмтэн хүний ёс зүйг умартаж байгаа нь нууц биш юм. Иймээс, өнөөгийн байдлаар аливаа нэгэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн шинэлэг байдал, онолын ба практикийн ач холбогдол, үр дүн үнэн, бодитой гэдгийг нотлодог, “Хамгаалуулах зөвлөл”-өөс гадна давхар нягтлан шалгадаг байгууллага үгүйлэгдэж байна.
Тэгвэл асуудлыг бодитой, оновчтой шийдэж болох нэг гарц бол 1998 оныг хүртэл Боловсролын яамны дэргэд үр дүнтэй ажиллаж байсан “Эрдмийн зэрэг, цол олгох дээд Зөвлөл”-ийг дахиж байгуулах явдал юм.
Энэ бол ухралт биш, харин орчин цагийн шаардлагаар дахиж тавигдсан шинэ шалгуур, гэж үзнэ. Ийм байгууллага байх юм бол, ШУА-ийн гишүүн болох эрдэмтдийг ёстой “жинхэнэ ёсоор” нь цэгнэж, мэргэжлийн байр сууринаас шүүж, “академич” цолны “нэр хүндийг дааж” чадах хүн, мөн биш алин болохыг хатуу “шалгуураар” дүгнэдэг шудрага журам тогтоно.
Ийм байгууллага байгуулж ажиллуулсан тохиолдолд эрдмийн болоод боловсролын зэрэг горилж бүтээл туурвиж байгаа судлаач нар, асуудалд буйр суурьтай ханддаг болох нь гарцаагүй. Диссертацийн үндэслэл, агуулга, чанар сайжирч, Монголын хөгжилд оруулах хувь нэмэр, үр өгөөж аяндаа дээшлэх болно. Өөрөөр хэлбэл, өнөө үед бишгүй олон тоотой болоод байгаа чанар муутай, ядуухан диссертаци зүй ёсоор “шахагдаж”, гэнэтхэн “диплом өвөртлөөд” гараад ирдэг, “квази эрдэмтэд” гэвэл зохилтой, зальтай хүмүүс шинжлэх ухаанд шургалж, орон зай эзлэдэг муухай “зуршил” арилна.
Тэгэхээр, Монгол Улсын “Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөл”-ийг дахиж байгуулахаар барахгүй, Ерөнхий сайдын “дэргэд” ажиллуулж болох юм.
“Академич” гэдэг өндөр нэр хүндтэй, эрдэмтэн хүний бахархал, мөрөөдөл болсон энэ эрхэм цол хүртэх бүхий л болзлыг хангасан эрдэмтнийг Их чуулганд “нөхөн томилох” асуудлыг, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар судлаж тодорхойлоод, улмаар салбарын эрдэмтэд ярилцлага хийж чансааг тодруулсны дараа, “Эрдмийн зэрэг, цол олгох дээд Зөвлөл”-д саналаа танилцуулж эцсийн шийдвэр гаргуулдаг журамтай болох юм бол, илүү оновчтой бөгөөд шудрага, зарчимч технологиор ажилладаг болно.
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sс.D), ПРОФЕССОРБ.ЭРДЭНЭБАТ
Утас: 93115477. Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын “.......”