МУ-д анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер "Оч"-г Статистикийн Төв Газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзээд дарга, доктор Д. Лувсандоржийн гарын үсэгтэй,1984 оны 5 сарын 17-ны  "Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О. Батсүх, Г. Оюунбаяр, Д. Толя нарын БХЯ-ны ...-р ангийн инженер Д. Дашцэрэн, ЗТО-ны багш Мягмарсүрэн, Л. Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин Оч нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү" гэсэн 4/5 тоот "өргөдөл хүргүүлэх тухай" албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 37 жил өнгөрчээ, энэ хугацаанд "оч"-оос дөл үүсч, бас гал болж байгаа төлөв байна, ойн баярын мэнд хүргэхийн ялдамд галыг бүр түймэр болгохыг ерөөе! 


Микрокомпьютер “Оч”. Дисплейн оронд “Юность” нэртэй жижиг телевизор, HDD-ийн оронд дууны кассет ашиглав. Гар, процессор, процессорын хавтан зэргийг өөрсдөө хийсэн.


37 жилийн хугацаанд, Москвад аспирантурт сурч байсан О. Батсүх, автомашины будгийн шилдэг үйлчилгээ үзүүлдэг болсон байсан Мягмарсүрэн нар маань бурхны оронд очжээ, ум сайн амгалан байх болтугай. Д. Дашцэрэн 1990 онд өлсгөлөнд оролцож улсаа компьютержүүлэх зорилго дээрээ ардчилалтай болгохын төлөө амиараа дэнчин тавьсан, одоо бизнесмэн. Д. Толя АНУ явсан, тэндхийн Siemens-д ажилладаг, А. Гантөмөр Хэт моторс ХХК-г байгуулж компьютер бас мотор оношлодог болжээ. Л. Гантулга хуульч болсон ч одоо боловсролын салбарт бүтээлчээр ажиллаж байна.

Энэ компьютерийг угсрах үйл ажиллагааг ЗТО-нд явуулах зөвшөөрөл олгож дэмжсэн тэндхийн дарга агсан Ш.Содномдаржийн гэгээн дурсгалыг хүндэтгэе! Электроникийн лабораторио 2 сар өдөржин, шөнөжин ашиглуулсан багш Д. Цэцэгмаад талархаж явдаг шүү.

Бидний ЗТО-нд ажиллаж байх үед ажлыг маань орлон хийж байсан ТБТ-ийн инженерүүддээ эрүүл энхийг хүсье! Мөн тогтмол санах ойн чип 2716-д систем шивэхэд программатораа өгч ашиглуулдаг байсан инженер төсөлч Донжоо эгч, Маам ах агсан нар бидэнд их тус хүргэсэн, талархаж явдаг.

Дараахи сайт миний урьд бичсэн дурсамжийг байрлуулсан юм байна, сонирхоно уу. 

https://news.zindaa.mn/1ims

"Оч"-ийн ялгарах онцлог юу байв?

Овор хэмжээ жижиг, үнэ хямд (~USD500), хүчин чадал харьцангуй өндөр, шуурхай санах ой 16КБ, ашиглахад хялбар атлаа найдвартай ажиллагаа нь маш өндөр байв. Харьцуулах компьютер нь Польш улсын МЕРА-100 (үнэ нь USD15000) мини компьютер байлаа. Гэвч тэр ассемблер хэл дээр программ бичихийг шаарддаг, гэтэл "Оч" Basic ашиглахаар буюу хэрэглэгчээс өндөр ур чадвар шаардахгүйгээр бүтээгдсэн. Нэг бэрхшээл нь Очийг бүтээхэд ашигласан чипүүд Intel-ийн голдуу байсан тул эдгээр нь манай дэлгүүрт төдийгүй ЗХУ, Герман, Польшийн дэлгүүрт огт байгаагүй. Унгар, Польшийн хар зах дээр харин байсан. 1979 онд ЗХУ Афганистан руу цэргээ оруулсан гэдгээр ЗХУ-ыг хамгийн түрүүн дэмжсэн МУ, бусад соц улсуудад өндөр технологийн бүтээгдхүүн өгөхгүй болсон Cocom санкц хэрэгжсэн нь 1989 он хүртэл үргэлжилсэн. "Оч"-ийн чипүүдийг "хулгай"-н замаар 3 жил цуглуулсан билээ. "Оч" ШБОС-84-ийн хүрэл медаль авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан ч, Cocom-ын МУ дахь төлөөлөгч нь хэл ам хийгээгүй нь харин гайхалтай. Тэр үед Cocom-ын шийдвэрийн хэрэгжилтийг хянадаг төлөөлөгч Английн элчинд ажилладаг байсан.

Оч"-ийн процессорын хайрцагт модем залгаж телефон шугамаар дата дамжуулах зорилгоор serial data chip 8251 бас угсарсан байсан.

Г. Оюунбаяр
Булган, Тэшиг, Эрин баг, 93111000