Энэ 7 хоногт
Хүн эсвэл Хүүхэлдэй
Хүүхэд гаргавал буруудна, гаргахгүй бол буруудна, гунхаж явбал муулна, гундаж явсан ч ялгаагүй, ер нь яаж ч явсан явдалтай, хөнгөн, хийсвэр нэр зүүчихнэ. Бас тэгээд үргэлжийн мөнхөд гоё ганган, хөөрхөн, гоё биетэй хүүхэлдэй шиг байх ёстой, үгүй бол нөхөр чинь уйдна, эрчүүд тоохгүй гэж сурталдах шахуу.
“Би уг нь чамайг томоотой хүүхэд гэж бодсон юм сан. Чи чинь овоо хөдөлгөөнтэй юм шив дээ” гэж их сургуулийн өвгөн багш нүдний шилнийхээ дээгүүр харан мушилзсан юм. Тэгэхэд би төгсөх ангийн оюутан байв. Яагаад ч юм багшийн үгэнд хэсэгтээ л гомдож билээ. Одоо ч тээж явна. Уг нь хорвоог зөвхөн түүгээр төсөөлж, төсөөлсөөр ч байгаа эрхэм хүнтэйгээ хувь заяагаа холбож, ээж болох баярт өдрүүдийг хүлээж явсан үе л дээ. “Хөдөлгөөнтэй, хөнгөн явдалтай” болохоор л хөл хүнд болчихсон гэж хэлүүлсэн ч юм шиг. Угтаа бол тийм утгатай хэлсэн нь харц, дууны өнгөнөөс нь илт мэдрэгдсэн. Хэрэв тийм бол тэр хүн өөрөө ч хөдөлгөөнтэй хүний хүүхэд байх нь. Та, би, чи бүгд л “хөдөлгөөнтэй” эмэгтэйгээс төрсөн байх нь гэх таагүй бодол төрсөн.
Эмэгтэй хүний, бүсгүй хүний үнэлэмж энэ цаг үед ийм л байх шиг. Хүүхэд гаргавал буруудна, гаргахгүй бол буруудна, гунхаж явбал муулна, гундаж явсан ч ялгаагүй, ер нь яаж ч явсан явдалтай, хөнгөн, хийсвэр нэр зүүчихнэ. Бас тэгээд үргэлжийн мөнхөд гоё ганган, хөөрхөн, гоё биетэй хүүхэлдэй шиг байх ёстой, үгүй бол нөхөр чинь уйдна, эрчүүд тоохгүй гэж сурталдах шахуу. “Хөөрхөн, гоё биетэй” гэсэн хоёрхон үгээр бүсгүй хүний үнэ цэнэ тодорхойлогдоод ч байх шиг. Миний үеийн залуусын амнаас ийм л хоёрхон үг гарахыг мөн ч олон сонссон доо. Бас хамгийн муухай нь “Би тэдэн хүүхэнтэй унтсан. Би өнөө хэнийг, бас хэнийг “үзсэн” гэх “бардамнал”. Хэрэв тэр залуус хожим аав болоод хайртай охин үрийг нь хэн нэг залуу тэгж ярихыг сонсвол ямар байх бол. Очоод балбаад хаямаар санагдах байх даа. Охин үртэй болоод ч ухаарахгүй нь байх л. Тэд тэр чигтээ үлдэх л биз. Харин ухаарч сэхээрч чаддаг нь, хараахан төлөвшөөгүй яваа нь, дөнгөж ухаан орж буй бяцханууд энэ нийтлэг “тэнэг” хандлагуудад битгий автаасай. Сайхан охид минь ч эр хүний хараанд өртөх гэж тэр хоёрхон үгээр өөрийгөө битгий голоосой гэж хүсч байна.
Сайхны өмнө харц буруугүй ээ. Гоо үзэсгэлэн, үзэмж төрхийг буруутгахгүй ээ. Гэхдээ байна аа, бусдын үнэлэмжээр хөөрхөн, хөөрхөн биш байх, тарган туранхай байх гэх зэрэг нь хүмүүн хоорондын харилцаа, үерхэл нөхөрлөл, гэр бүл сонголтод давуу нөлөөтэй битгий байгаасай. Хэн нэг хүний үнэлэмжээр хөөрхөн, муухай гэх утгагүй шүү дээ. Танд царай муутай санагдаж байвал, миний хувьд хөөрхөн харагдаж байхыг үгүйсгэхгүй. Ямар ч харилцаанд “хүн” гэдэг үнэт зүйлийг чухалчилж, хүүхдүүддээ ч тэгж сургахыг л уриалмаар байна. Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн цахим сүлжээнээс “Монголчууд хүүхдийг хөөрхөн гэж дууддаггүйн учир” нэртэй жижиг бичвэр уншсан. Дурдвал, “..Монгол нутагт хүүхдийг хөөрхөн ухаантай гэж магтахаас цээрлэдэг учиртай юм. Учир нь хүний гадна төрх эцэг эхээсээ бэлэн дээд тэнгэрээс заяасан байдаг тул хувь хүний хүчин зүтгэлтэй үл хамааралтай билээ. Хэрэв чи анзаарсан бол миний охин сая чамд унд уух аяга дөхүүлж өгөхөд нь ажилсаг охин байна хэмээн магтсан бол энэ нь түүний ирээдүй хойчид хэрэгтэй байлаа” гэж.
Одоогоос арван жилийн өмнө гэхэд “хөөрхөн, гоё биетэй” гэж илтэд эмэгтэйчүүдийг “ялгадаггүй” байсныг би лав санаж байна. Харин одоо есөн настай охин “Би бэлхүүсээрээ бүдүүн байна. Муухай харагдаад байна” гэж сэтгэлээр унана гэх ч юу юм, ямартай ч өөрийн биедээ таагүй, итгэлгүй хандахаар хэмжээнд очтол энэ талаар яриад хэвшчихэж, хэвшүүлчихэж.
Ёстой нөгөө “Манай найман настай дүү гуяараа бүдүүн байна гээд уурлаад байх юм. Би найман настайдаа гуятай үгүйгээ ч мэддэггүй байсан” гэдэг онигоо шиг л. Ийм балчираас нь гадаад төрх, үзэмжийг хамгийн чухал зүйл мэтээр сурталдмааргүй л байна л даа. Одоо бүр “Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа ч, хүүхдээ төрүүлээд ч, гэртээ байхдаа ч ямагт гоё ганган, гоо сайхан, хөөрхөн, гоё биетэй л байхгүй бол нөхөр чинь яваад өгнө” гэж кино зохиолдоо ч, нийгмийн харилцаанд ч, хов живэндээ ч хачирласаар “дүрэм журам” шиг яригдах болж. Овоо босгоход нөлөөлсөн шаазгайнууд нь ч аанай л нөгөө эмэгтэй хүнийг “хүүхэлдэй” гэж хардаг эрчүүд л дээ. Уг нь гэр бүл “хүүхэлдэй”-н амьдрал биш бие биенээ гэсэн хайр хүндлэл, итгэл сэтгэл дээр тогтдог гэж ярих юм билээ. Хэрэв эр хүн өөрийн эмэгтэйг хүүхэлдэйгээр төсөөлж эхэлвэл, нэгийг хүсч байхад нөгөө нь илүү гоё ганган харагдаад, түүнээс цаана ч илүү сайхан нь үзэгдээд, эцэс төгсгөлгүй зовлон шаналал болох вий.
Удахгүй мартын 8 боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Ядаж тэр өдөртөө ч гэсэн эмэгтэй хүний эрх нөгөө л хоёрхон үгээрээ бас л хязгаарлагдчихаж болохгүй байна. Арван жилд сурч байхад ангийн багш хөвгүүдэд бэлэг бэлдэхийг үүрэгдээд, өгмөөр байгаа охиндоо өгөөрэй гэсэн зарчмаар хоёр гурван жил “баярласныг” санадаг юм. Яг энэ үеэс л охид бусдын нүдээр хөөрхөн, хөөрхөн биш гэдгээрээ ялгагдаж, хөвгүүд ч хөөрхөнийг нь баярлуулаад эхэлсэн. Уг нь энэ өдөр тэгш эрхийг тунхагладаг.
Одооноос бүгдээрээ эмэгтэй хүнийг “хүн” байх уу эсвэл “гоё ганган хүүхэлдэй” байлгах уу гэдгээ бас бодож үзье. Эрчүүд минь ухаантай, боловсролтой /санхүүгийн боловсрол, сэтгэлзүйн боловсрол/ зөв хүмүүжилтэй бүсгүйчүүд гээд яриад эхэлвэл, бүсгүйчүүд ч бас тийм л байх болно. Бас ямар нэг баяр, тэмдэглэлт өдрүүдээр амттан чихэр, дарс, үнэт эдлэлээр булахын оронд хэдэн сайн ном бэлэглээд байвал өнөөх бидний муулаад байдаг “эдийн шуналтай, хов жив хөөсөн, хартай, явдалтай”-нуудын тоо цөөрнө дөө.
Олон олон өнгө холилдсөн алаг цоохор энэ амьдралд зүсэн зүйлийн, эрээн мяраан, хээтэй, угалзтай, цулгай, бүр өнгөгүй ч байж болохоор, тэглээ гээд адилхан хайрлуулж, адилхан хүндлүүлж, хүн л байя. Хүмүүжлээрээ, ухаанаараа, чадвараараа гангардаг сэтгэлгээг хүүхдүүддээ үлдээе.
Сэтгүүлч Энхболдын ОТГОНТУЯА (Дорнод аймаг)
saihan ellee.bah hanatal.unen torh mongoliin
Зочин
Zaya
Эрдэнэсувд
Зочин
Оюука
Badamsuren
Мийгаа
Одхүү
Батцэцэг бнөө