Энэ 7 хоногт
Мөнгөн усаар наадахуй
МАХН-ын гишүүд нь удирдлагаа солиод, нэрээ солихдоо хуучин нэрийг нь хэн нэгэн аваад ашиглана гэж зүүдлээгүй ч үгүй, бас ч гэж хуулинд нэг заалтархуу юм байгаа гэж найдаад сүр жавхлантайгаар өнгөрсөн түүхээ сануулан байж нэрээ сольж, ирээдүй рүү баясгалантайгаар харж, нэр сольсноос болоод энэ нам сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би үүрнэ гэж цөс ихтэй ам гарч байсан цаг саяхан.
Хаа очиж хэлсэндээ хүрч, УИХ эрхэм гишүүний албаа өгсөн дөө, тэр нөхөр. Гэхдээ албаа өгсөн шалтгаан нь арай өөр газар булайтай байсан байж болох. Учир нь сонгуульд ялагдсан нь аль зургадугаар сард, албаа өгсөн нь арваннэгдүгээр сар. Хүн нэг их итгэхгүй ч далдуур мэр сэр сонсогдох яриагаар мөнгөн усыг тасалж наадсан эрхэм дуслыг хурааж далай болгохоор шийдсэн бололтой. Тэр эрхэм өөр нэгэн эрхэмтэй ярьж тохирсны дагуу МАХН гэдэг нэрийг авсан гэлцэнэ. МАХН нэрийг өөр намд өгч болох болохгүйг дээд шүүх өөрөө мэдчихсэн хэрэг яавч биш. Одоохондоо ийм мундаг хараат бус шүүх Монголд байхгүй. Одоогийн нөхцөл байдалд тааруулан, дуслыг хураах нөхөр МАН-аас өөрт хэрэггүй, саад болох хэсгүүдийг шахан зайлуулах нөхцөл бүрдүүлэхийг шаардсан сурагтай. Хамгийн эхлээд У.Хүрэлсүх намдаа үнэнч, сахилга бат сахигч тэргүүний намчин гэдгээ баталж, намынхаа тусын тулд шаардсан болгоныг нь биелүүлж байж болох юм. Дараагийн шахан зайлуулах ёстой хүний тоонд Ц.Нямдорж орно. Мөнгөн усаар наадагчийн олон бульхайг мэдэх хүний хувьд цөс ихтэйгээр түүнтэй хэвлэлээр байлдсан хүн. Өөрөө өндөг шиг өөгүй биш учраас эргээд жаахан ороогдсон, мөн намын нэр хүндэд халгаатай байна, боль гэсэн тушаал авсан учраас тэр дайн зогссон боловч олон жил шударга хүний дүрд тоглосон нэгэнд итгэх хүн олон байсан нь номер нэгийн номер нэг дайсан болсон нь дамжиггүй. МАХН-ын гүйцэтгэх товчоо үндсэндээ дайснуудаа ил тод зарлаж АТГ-т шалгуулахаар тогтсон жагсаалтанд М.Энхболд орсон нь тохиолдлын хэрэг биш. Үнэндээ яг өөрийн гар дор байлгаж тушаал сайн биелүүлдэг залуу гэж крандаж явсаар нэг л өдөр өөрөөс нь баян, өөрөөс нь илүү нөлөөтэй, өөрөөс нь өөрөөс нь гэдэг олон шалгуурыг давчихсан харагдаж маш ихээр цочирдсон боловч Т.Бадамжунай диспетчерийн халамжилсан залуу нэгэнт өөрийг нь огт тоохгүй болчихсон байв. Чухам М.Энхболд хэзээ ч ил тодоор Н.Энхбаярыг муулж байгаагүй боловч, Т.Бадамжунай, М.Энхболд хоёр нам дотроо хамгийн нөлөөтэй том фракцийг атгаж байсан учраас өөрийг нь хаан ширээнээс зайлуулах ажиллагаанд оролцсон гэж хардаж дайснаар зарлаад байгаа аж. Хотын фракци санхүү дээр тулгуурласан учраас хамгийн хүчирхэг байсан бөгөөд МАХН руу цувагсдын толгойн түрүүнд мөн л энэ фракцийнхан байгааг харвал Хотынх гэхээсээ илүү мөнгөний фракц гэж нэрлэвэл зохилтой. Т.Бадамжунай Монголын улс төрд их олон өргийг удирддаг биш юм гэхэд чиг баримжааг нь гаргаж, морь тэмээ, бэрс хүүг нь өрж суусан нөхөр. Н.Энхбаярын унах босох түүнтэй холбоотой л байсан учраас унасан хүний зангидсан өс нь маш их. Найруулсан хорондоо өөрөө дуниартдаг мань эр М.Энхболдтойгоо хүртэл муудалцаад, намдаа хэн ч биш болсон сурагтай. МАХН-ынхан Ерөнхий сайд асан Сү.Батболдтой хонь чоно болсон шалтгаан нь өнгөц дүгнэхэд ойлгомжтой боловч цаад нарийн шалтгааныг нь олоход хэцүү. Сү.Батболд бол зарчимч цэвэрхэн бизнесийн хүн боловч улс төрчийн хувьд дүрмийн тоглолт хийдэггүй гөжүүд хүн. Тиймдээ ч намынхан нь хөтөлж гаргасан С.Баярын хүн л гэж харахаас намдаа нөлөөтэй лидер хүн биш. Ерөнхий сайд байсны хувьд ИМО-гийн гэх тодотголтой залуусын фракц байгуулж үзсэн боловч нэг их явцтай, хөлтэй фракц болж чадаагүй. Санхүү бизнесийн хувьд Н.Энхбаяртай холбоотой зүйл их бий гэж гадуур яригддаг боловч хашир бизнесмэний хувьд тийм гэхээр тэмдэгтэй зүйлээр холбогддогүй бололтой. Нэг хэсэг Лондонд хамар хашаа байшин авсан сураг дуулдаж, тэргүүн хатагтайнууд хөтлөлцөж дэлгүүр хэссэн гэхээс өөр хов дуулдаагүй болохоор дайсагналын шалтгаан нь ойлгомжгүй. Дээрх хэдэн нөхрийг МАН жийж чадвал нэгдэхгүй ч та нарыг жаргаана гэж амласан сураг гараад л байна. МАХН нь үхрийн бөөр адил элдэв нөхдийн цуглуулга шиг харагддаг бол МАН нь өдөр ирэх бүр цэвэрлэгдэж байгаа нам гэж харагдахыг хүснэ. Гэхдээ АН өдөр болгон МАН-ыг буланд шахаад байвал... Мөнгөн усаар тоглож үзсэн хүн дуслыг нь хураахад ямар амархан байдгийг мэднэ дээ...
Үндэстний ТОЙМ
Зочин