Энэ 7 хоногт
Стронг-Латтимор-Мэнсфилд-Скалапино
Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлого өнөөгийн нөхцөлд нэгэнт мухардсан боловч Монголыг сонирхож, Монголд ирж тэгсэнээрээ Америкчуудад Монголыг таниулж байсан, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч харилцаа тогтооход түүхийн тухайн зурвас үед, цаг үедээ тохируулан нөлөөлж байсан АНУ-ын зарим иргэдийн талаар дор өгүүлэв.
Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилд
Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлого өнөөгийн нөхцөлд нэгэнт мухардсан боловч Монголыг сонирхож, Монголд ирж тэгсэнээрээ Америкчуудад Монголыг таниулж байсан, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч харилцаа тогтооход түүхийн тухайн зурвас үед, цаг үедээ тохируулан нөлөөлж байсан АНУ-ын зарим иргэдийн талаар дор өгүүлэв.
АНУ-ын иргэн хатагтай Анна Луйза Стронг (1885-1970, Небраска мужийнх), 1926 онд Монголд ирэхдээ, Чикагогийн их сургуульд 23 насандаа докторын зэрэг хамгаалсан, боловсролтой, нийгмийн шударга бус байдлын эсрэг тэмцдэг, ажилчдын эрхийг хамгаалах, АНУ-ыг дэлхийн нэгдүгээр дайн оролцохыг эсэргүүцсэнээрээ нэрд гарсан нийгмийн зүтгэлтэн нэгэнт болсон байв. Стронг ЗХУ, БНХАУ-ыг дэмжигч, коммунист хөдөлгөөнийг талархагч агаад зүүний үзэл хүчтэй байдаг (одоо ч гэсэн) Сеатлл хотод зориуд суурьшжээ. Тэрээр Олон улсын мэдээллийн агентлагийн Москвагийн сурвалжлагчаар томилогдон 1921 оноос Зөвлөлт Орост ажиллах болж, Троцкий, Сталин, Молотов нартай танилцан ЗХУ-ын тухай 20 гаруй ном, бүтээл гаргажээ. Сэтгүүлчийн хувьд Москвад “Moscow News” хэмээх сонинг англи хэл дээр гаргахад тусалсан байна. Гэвч тэрээр Сталины хэлмэгдүүлэлтэд гутарч улмаар ХКН-ыг илүүтэй талархах болсон тул ЗХУ-д түүнийг 1949 онд “тагнуулын хэргээр” шийтгэжээ. Суллагдсаны дараа Жоу Энлайн дэмжлэгээр БНХАУ-д суурьшин амьдралаа өнгөрөөсөн юм. Стронг Хятадын тухай 30 гаруй ном бичжээ. Хатагтай Стронг Хятадын хувьсгалыг сурвалжлахаар явах замдаа Монголд нэгэн зуныг өнгөрөөсөн байна. Тэрээр Комминтерний төлөөлөгчдийн хамт Улаанбаатарт ирсэн бөгөөд Монголын эмэгтэйчүүд, залуучуудтай уулзан, судар бичгийн хүрээлэн, Оросын дунд сургууль, зарим сүм хийдээр зочилжээ. Стронг МАХН-аас шашны талаар баримтлаж буй бодлогыг өндрөөр үнэлэн бичихдээ “лам нарын өмчлөх, боловсролын салбар дахь нөлөөг бууруулахын хамт бүддийн итгэл үнэмшлийн эсрэг дайрч довтлохгүй байгаа аж. Засгийн газрын дийлэнх гишүүд бүддистүүд байна” хэмээжээ. Стронг хэд хэдэн хийд тэдгээрийн дотор Манзуширийн хийдээр орж хамба нартай танилцан ярилцахдаа авсан олон тооны гэрэл зургууд одоо ч түүхийн чухал баримт болон хэрэглэгдсээр байгаа юм. Стронг Монголд очсон тухайгаа АНУ-ын “Asia” сэтгүүлд томоохон өгүүлэл 1927 онд нийтлүүлж дорно зүгт шинэ улс бий болсон талаар өгүүлсэн МАХН-ын дарга Ц.Дамбадоржийн ярьсаныг Стронг дараах байдлаар тэмдэглэжээ. Үүнд “манай өнөөдрийн уриа бол зөвхөн цэвэр бүддизмын төлөө. Бид бүддын шашныг дайрч давшилж болохгүй, бидний зорилго бол лам нарын бий болгосон өмчлөл, хийд, энэхүү цамаан сүржин ёслол, эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй бүддагийн тэрхүү эх болсон анхны сургаалыг сэргээх замаар тэдний нөлөөг сулруулах явдал. Бид лам нарын улс төрийн эрхийг хүчингүй болгосон, ажил хийдэггүй тул сонгох, сонгогдох эрхийг хассан, бусад иргэдийн адил бид тэдэнд татвар оногдуулж байна...Энэ бол хэцүү асуудал.300 жилийн туршид ардууд лам нарын үгээр явсан, зургаан жилийн дотор үүнийг өөрчилж чадахгүй” гэжээ. юм. АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузьвелт, гэргий Элеонорагийн хамт Стронгийг үе үе зоогонд урьж, гадаад, дотоод бодлогын талаар илэн далангүй ярилцдаг байжээ. Түүний дотор Монголд очсон сэтгэгдэл ялангуяа Стронг Монголд шашин хэвийн байна гэж бичсэн гэтэл коммунистууд тэнд шашныг хэлмэгдүүлсэн гэж байна, аль нь үндэслэлтэй гэх зэргээр ярилцаж байсныг нэг удаагийн зоогт хамт уригдсан Зөвлөлтийн түр хамаарагч К.А.Уманский сонсоод 1939 онд төвдөө илтгэж байв. Стронг бүддийн шашинд үнэнч, энэхүү уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай улсад олон улсын харилцаагаа хөтлөн явуулахад Зөвлөлт, Хятадын өрсөлдөөний дунд буйг харгалзан тэдгээртэй тэнцэх бас нэгэн тулгуур нь империалист ч бай хамаагүй АНУ л байж болох юм, учир нь надад үлдсэн сэтэгдэл бол Монголчууд Америкчуудад ихэд найрсаг ханддаг ард түмэн хэмээн сэтгүүлч Эдгар Сноуд бүр хожим Бээжингээс бичиж байжээ. Стронгийн тэмдэглэлүүд Сеатллийн Вашингтоны их сургуулийн архивт хадгалагдаж байгаа билээ.
АНУ-ын Монголч эрдэмтэн О.Латтимор (1900-1989, Вашингтон хотод төрсөн) 1930 онд “Монгол, Хятадын Туркестан дахь улс төрийн нөхцөл байдал” хэмээх өгүүллэгтээ анхлан БНМАУ-ыг тусгаар тогтносон улс, стратегийн чухал ач холбогдолтой орон зай гэж үзсэн байна. Латтимор, Швейцари, Британид дунд сургууль дүүргээд Оксфордын их сургуульд элсэх шалгалтанд тэнцсэн боловч зардалгүйн улмаас Бээжинд иржээ. Учир нь түүний эцэг эх нь Хятадын их сургуульд англи хэлний багш нар байв. Латтимор жингийн цуваагаар Өвөр Монгол, Шинжаанаар зорчсон аялал нь түүнийг Монгол болон торгоны замын дагуух улс, үндэстний түүх хувь заяаг насан туршаа сонирхоход хүргэсэн юм. Үүний дүнд “Туркестан орох элсэн зам” хэмээх номоо 1928 онд хэвлүүлсэний дараа Харвардын их сургуульд эрдмийн цол хамгаалах эрх, тэтгэлэгт тэнцсэн боловч орхиж, 1930 онд Хятадад буцжээ. Латтимор дипломгүйгээр өөрийгөө боловсруулж Монголоор мэрэгшиж, Монгол хэл бие даан сурсан эрдэмтэн юм. Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протокол 1936 онд байгуулагдаж байх үед Латтимор Москвад байв. Тэрээр БНМАУ-д зочлох виз авахыг хүссэн боловч “дайны ирмэг дээр тулсан, нөхцөл байдал нь тогтворгүй” хэмээн Зөвлөлтийн тал татгалзжээ. 1937 онд Хятадад Мао Зэдун, Жоу Энлай нартай танилцаж, ХКН-ын Намын сургуульд яриа хийхдээ Өвөр Монголчуудтай Монголоор ярьж эхлэхэд нь цуглааныг нь таслан зогсоож байжээ. Тэрээр Балтиморын Жон Хопкинс их сургуульд 1938-1963 онд багшлахдаа тус сургуульд Дилэв хутагт, Гомбожав, Өргөнгөө Онон нарыг урин ирүүлж, 1940-өөд оны сүүлчээр Монгол судлал эхлүүлсэн нь АНУ дахь Монгол судлалын гараа байлаа. Мкартизмын улмаас АНУ-д ажиллах боломжгүй болсон тул Британийн Лийдсийн их сургуульд уригдан Хятад судлалыг хөгжүүлэхээр 1963-1970 онд ажиллахдаа Монгол судлалын эхлэлийг тэнд мөн тавьжээ. 1961 онд БНМАУ-д зочилсоноос хойш манай ахмад эрдэмтэд түүнийг “Ла багш” хэмээн хүндэлж ирсэн юм. Латтиморын бичсэн их, бага 400 гаруй бүтээлийн хагас нь зөвхөн Монголын сэдвээр, бусдад нь ямар нэгэн байдлаар Монголын сэдэв хөндөгдсөн байдаг. Японы түрэмгийлэл л Хятадад Мао Зэдун, ХКН-ын байр суурийг бэхжүүлэхэд хүргэсэн, Хятадад Зөвлөлтийн нөлөө нэмэгдэх нь эцэстээ тэдгээрийг хагаралдуулахад хүргэх аюултай, энэ нөхцөл байдал нь БНМАУ-д нөлөөлнө гэж үзэж байв. Тэрээр Монголын оршин тогтнохын баталгаа нь ЗХУ-тай сайн харилцаатай байх явдал, Монгол, Хятадын харилцаа нь туйлын эмзэг гэсэн байр суурийг олонтай илэрхийлж, газар зүйн түүх, соёл, хүн судлалын талаас нотлохыг оролдож байв. Ерөнхийлөгч Рузьвелтийн хүсэлтээр Дэд Ерөнхийлөгч Уоллесийн хамт 1944 онд БНМАУ-д ирсэн нь Латтиморт гүн сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Үүний дараагаас Латтимор Зөвлөлт, Хятадын байр суурийг үл харгалзан АНУ нь Монголтой дипломат харилцаа тогтоож, эдийн засгийн үйл ажиллагаа явуулах нь чухал гэж бичих болжээ. Судлаачид Латтиморыг антропологи, биологи, эдийн засгийн газар зүйн чиглэлүүдийг хамарсан соёл иргэншил, тэдгээрийн хоорондын харилцааны талаар онолын шинэ урсгалыг үндэслэсэн гэж үзэх нь бий. Латтиморын 1928-1958 онд бичсэн 30 гаруй өгүүллэгийг Оксфордын их сургуулиас эмхтгэн “Зах хязгаарын түүх судлал” бүтээлийг 1962 онд хэвлэн гаргажээ. Геополитик нь дэлхийн аливаа орон зайд хяналтаа хэрхэн тогтоох талаарх мэдлэгийн тухай шинжлэх ухаан болон XX зууны туршид л хөгжиж ирсэн бөгөөд хүйтэн дайн дууссаны дараа л тус салбарыг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн билээ. Латтиморын бүтээлүүдийг чухам энэ үүднээс авч үзэх хэрэгтэй бөгөөд Ж.Фритерсийн “Ар Монгол ба түүний олон улсын байр суурь” (1949) номын оршилд зориулан бичсэн “Дэлхийд Монголын орон зай” хэмээх өгүүлэлд Монголын геополитикийн нөхцөл байдлыг тодорхойлсон онолын гаргалгаануудыг хийсэн гэж хэлж болох юм. Эндээс Монголын бодлого угаасаа хүссэн хүсээгүй гуравдагч хөршийг эрэлхийлсэн ажиллагаа байсан, үүнд түүний хөршүүдийн бодлого л хүргэсэн гэсэн санааг олж харж болно. Латтимор Чан Кайши давуу дайсны эсрэг цаг хугацааг үнэлэх хан үндэстний уламжлалт зэвсгийг хэрэглэн Японыг сульдуулж байна, харин энэхүү стратегийг нь Сталин нар ойлгохгүй “идэвхгүй”, “байлдахгүй байна” хэмээн шүүмжилдэг хэмээн үзэж байв. Эдүгээ ялангуяа цаг хугацаа Монголын биш харин газар зүйн хөршүүд түүний дотор БНХАУ-д илүүтэй үйлчилж байгаа нөхцөлд улс төрийн хувьд “хэлэх зүйлээ хэлдэг байх” харин эдийн засгийн хувьд бүгдтэй нь “дотно түншлэх” пракматик чиг шугам баримтлах замаар “гуравдагч хөрш”-ийн бодлогыг шинэчлэн цэнэглэхэд Латтиморын бүтээлүүдийн үнэ цэнэ ач холбогдолтой хэвээр байна.
Ерөнхийлөгч Ф.Рузьвелтийн даалгавараар Монтанна мужаас сонгогдсон АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн М.Мэнсфилд (1903-2001) тусгай үүрэгтэйгээр 1944 онд Хятадын байдлыг очиж судалсан байна. Мэнсфилд 1945 оны 7 дугаар сарын 21-нд АНУ-ын конгрессын хуралдаанд БНМАУ-ын тухай дэлгэрэнгүй үг хэлжээ. Тэрээр Монголчууд тусгаар тогтнолоо 1911 онд хэрхэн сэргээсэн, ЗХУ Монголын тусгаар тогтнолыг 1921 онд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон, Монголын Ардын засаг хэвийн оршин тогтнож, улс орноо дэвшилт замаар хөгжүүлэх арга хэмжээнүүд авч байгаа, 1932 оны бослогын дараа Засгийн газар хувийн хэвшлийг хэвээр үлдээсэн боловч социализм байгуулах чиглэлтэй буй, Халхын голын байлдаанд Зөвлөлт, Монгол хамтран Японы түрэмгийлэгчдийг бутцохисон, Монгол нь Орос, Хятад, Японы өрсөлдөөний төв болж байдаг, Зөвлөлт, Хятадын хооронд яриа хэлцээ явагдаж байгаа үед маршал Чойбалсан ЗХУ-д айлчилж, Сталин, Молотов нартай уулзсан нь жирийн хэрэг биш гэх зэргээр БНМАУ нь үндсэндээ тусгаар тогтносон улс гэсэн санааг илэрхийлсэн юм. Мэнсфилд үгээ “Орос нь эдүгээ Хятадын идэвхтэй түнш болсон, АНУ нь Японы эсрэг дайн явуулж байгаа эдгээр нөхцөлд Ар Монголын ач холбогдолд бид анхаарлаа илүүтэй хандуулах хэрэгтэй байна” хэмээн төгсгөжээ. Мөн Монголын түүхийг цэгнэн хэлэхдээ “Цагаан хэрэм нь үндсэндээ тариачид, малчдыг заагласан шугам байв. Борооны улирал эхэлж үр тарианы цаг болмогц Хятадын колоничлогчид Монголчуудыг шахан түрж, нүүдэлчид ч нутгийн гүндээ бүгдэг, зуны цаг дуусмагц тариачид өмнөд зүгт ухарч, нүүдэлчид Цагаан хэрэмийг давж ирдэг байв. Монгол нь Ар, Өвөр гэсэн хоёр хэсэгт хуваагдсан асар уудам газар нутагтай гэжээ” гэх зэргээр нилээд баримт дурдсан байдаг. Тэрээр 1920-иод оны эхээр Филиппинд буй АНУ-ын баазад тэнгисийн явган цэрэгт алба хааснаас хойш Азийг сонирхох болжээ. Зэсийн уурхайд 8 жил ажилласаны дараа дунд сургуульд суралцаж байгаагүй боловч өөрийгөө дайчилснаар Монтаннагийн их сургуульд элсэх шалгалтанд тэнцжээ. Мэнсфилд Монтаннагийн их сургуульд олон улсын харилцааны түүх, улс төр судлалаар 10 жил багшилсаны дараа Монтанна мужаас Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 1943-1953 онд, Сенатын гишүүнээр 1953-1977 онд тус тус сонгогдсон юм. АНУ-ын бодлого Номхон далайд төвлөрөх ёстой, Азид хандах ёстой гэсэн бодолтой, энэ хүрээнд дэлхийн хоёрдугаар дайны дараа БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх, Туркэд илүүтэй их тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн хоёр асуудалд анхаардаг байжээ. Тэрээр 1964 оны Иргэний эрхийн хуулийг батлуулах, 1974 онд ерөнхийлөгч Никсоныг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн, тухайн үедээ АНУ-ын хамгийн нөлөө бүхий улс төрч байсан юм. Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон нарын үед Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонхи байсан, улс төрийн дотоод томоохон асуудлыг шийдвэрлэхэд таатай байсан боловч чадалгүй Вьетнамд дайнд зууралдсаныг Мэнсфилд эсэргүүцэж, үүний улмаас Ардчилсан намынхантайгаа зөрөлддөг, тэрээр дайныг зогсоохыг эрс шаардаж байв. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Бүгд найрамдахчууд ялж, Конгрессын хоёр танхимд ч олонхи болов. Ийм тохиолдол тус намын хувьд XIX зууны дундаас хойш 15 дахь удаагаа тохиож буй юм. Түүхээс үзвэл ийм нөхцөл бүрдсэнээр Бүгд найрамдахчууд АНУ-ын түүхэнд томоохон өөрчлөлтийг Ардчилсан намаас харьцангуй илүүтэй авчирч байжээ. Ерөнхийлөгч Кеннедийн саналаар Мэнсфилдийг 1961 онд Сенат дахь Ардчилсан намын олонхийн бүлгийн ахлагчаар сонгож, тэрээр 1977 он хүртэл буюу АНУ-ын түүхэнд энэхүү албан тушаалд хамгийн олон жил ажилласан улс төрч байв. Чухамхүү Мэнсфилд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөхийг Кеннедид зөвөлж, энэ нь 1961 оны туршид АНУ-ын гадаад бодлогын тулгамдсан нэг асуудал болж байжээ. Тэрээр Дэд Ерөнхийлөгч Уоллесийн “Монгол-Монтаннагийн аугаа их цагираг” гэсэн томьёоллыг иш татан ярьж, эдгээрийн хооронд ижил төстэй зүйл их бий гэж үздэг байв. Мэнсфилд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхэд АНУ саад болж буйг шүүмжлэн, АНУ-аас Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь ЗХУ-ын эсрэг чиглээгүй хэмээн Зөвлөлтийн Элчин сайд Меншиковт хэлж байв. БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх ажил удааширсанд тэрээр бухимдан Ерөнхийлөгч Жонсонд БНМАУ-д очих бодолтойгоо 1967 онд хэлсэн боловч Төрийн департамент эсэргүүцсэнээс чадаагүй юм. Хожим тэрээр Японд АНУ-ын элчин сайдаар 1977-1988 онд ажилласан юм.
АНУ-ын нэрд гарсан Ази судлаач Роберт Антони Скалапино (1919-2011, Канзас мужийнх) тэргүүтэй хэсэг эрдэмтэд БНМАУ-ын энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны урилгаар 1986 онд Улаанбаарт зочилж, хоёр талын эрдэмтдийн дугуй ширээний анхны уулзалт болсон билээ. Тус уулзалтын дараа Скалапино “Монгол нь дэлхийн томоохон гүрнүүдтэй адилхан харилцсанаар л хожно” гэж бичжээ. Түүний дүгнэлт, зөвлөмж АНУ-аас Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд чухал түлхэц болсон юм. Тэрээр 1965-1990 онд Төрийн департаментын зүүн Ази, Хятадыг хариуцсан зөвлөлдөх хорооны гишүүн байв. Тэрээр Калифорнийн Санта Барбарагийн коллежийг дүүргэж, Харвардын их сургуульд мастерийн болон докторын зэргээ хамгаалжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Скалапино АНУ-ын тэнгисийн цэргийн тагнуулын албанд офицероор 1943-46 онд ажиллаж, Япон хэл судалж байв. 1949 оноос Берклегийн Калифорнийн их сургуульд ажиллахдаа 1962-1965 онд улс төрийн шинжлэх ухааны тэнхимын эрхлэгч, 1962-1996 онд “Asian Survey” хэмээх сар тутмын сэтгүүлийн эрхлэгчээр тус тус ажилласан юм. Энэхүү сэтгүүлд 1986 онд манай дипломатч Ж.Энхсайханы бичсэн Монголын гадаад бодлогын тухай өгүүлэл нийтлэгдсэн нь өрнөдийн судалгааны сэтгүүлд гарсан бараг анхны материал байв. Мөн судлаач Ц.Батбаярын өгүүллийг нийтэлж байв. Миний бие түүнтэй 1991 онд анх танилцахад тэрээр “аюулгүй байдал, гадаад бодлогод шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрийг зөвхөн бие даасан судалгаа, ийм судалгаа явуулдаг байгууллагатай байж гаргадаг, бусадтай эвсэж явуулдаг бодлоготой бол дагалдахаас биш судалгаа хэрэггүй, харин бие даасан гадаад бодлогыг судалгаагүй явуулвал нэг мэдэхэд тусгаар тогтнолыг сулруулсан байдаг” гэж ярьж байсныг дурсан санах дуртай байдаг. Скалапино Берклед Зүүн Ази судлалын хүрээлэнг 1978 онд байгуулж захирлаар нь 1990 он хүртэл ажиллажээ. Зөвхөн АНУ-д бие даасан судалгааны хоёр мянга гаруй хүрээлэн, төв ажилладаг бөгөөд Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн дараа ялагдсан улс төрийн намын төлөөлөгчид эдгээрээр тархан байршиж, дараагийн сонгууль хүртэл гадаад, дотоод байдлаа шинжлэн суудаг байна. Энэ нь төрийн албан хаагчид лоббичин биш судлаач байх шинжийг өгдөг хэмээн Скалапино бичиж байв. Скалапино 1966 онд АНУ-ын Конгрессын гадаад бодлогын байнгын хорооны асуулгад оролцохдоо “Хятадтай холбоотой гэхдээ дайнгүйгээр шийдвэрлэгдсэн газар нутгийн нэгэн асуудал нь Ар Монгол юм. Энэ нь удаан хугацааны туршид Хятадын санаархсан газар нутаг. Өнөөгийн бодит байдлыг илүүтэй анхаарч бид Ар Монголтой харилцаа тогтоовол манай Азийн бодлогод үлэмж уян хатан дэвшил гарна” гэж мэдэгдэж байв. Тэрээр БНХАУ-д 62 удаа зочилсон бол Монголд 10 удаа иржээ. Түүнийг Монголын найрамдал медалиар шагнасан бөгөөд профессор Хайсандай, Далай нарын санаачилгаар Монголын зүүн хойд Ази судлалын төвийн хүндэт профессороор сонгож байв. АНУ-д Ази судлалд хэвь нэмэр оруулсан эрдэмтдийг хоёр жилд нэг удаа шагнах Скалапиногийн нэрэмжит шагналыг 2010 онд бий болгожээ. Скалапино Азийн коммунист улс орнуудын улс төрийн тогтолцоог судалж олон тооны бүтээл гаргасан бөгөөд Скалапиногийн шавь нар эдүгээ зүүн умард, зүүн өмнөд Азиар дүүрэн бий.
Зочин
уншигч
Зочин
dorj.samdan@yahoo.com
dorj.samdan@yahoo.com
dorj.samdan@yahoo.com
3 р хөрш Ганзориг
3 р хөрш Ганзориг
3 р хөрш Ганзориг
3 р хөрш Ганзориг
3 р хөрш Ганзориг
3р хөрш Ганзориг
3р хөрш Ганзориг
3р хөрш Ганзориг
3р хөрш Ганзориг
3р хөрш Ганзориг
3р хөрш Ганзориг
Unshigch
Unshigch
Unshigch
Zochin
Zochin
Zochin
Зочин
Зочин
Зочин
40.000 citizen /Хүнсний 20-ийн оршин суугч
CCX iin uusel
Зочин