Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-д өчигдөр өгсөн ярилцлагынхаа үеэр Засгийн газрын эдийн засгийн бодлогоо аль тийш нь хандуулах уу гээд ард түмэндээ хандаж хоёр замын нэгийг сонгохыг уриаллаа. Иргэд бид Бямба гарагаас эхэлж 15151111 дугаар руу 1 юм уу 2 гэсэн мэссэж илгээж саналаа өгөх боломжтой.
 
1 - Том төслүүдээ явуулах
2 - Хэрэглээгээ танах

Энэхүү санал асуулгыг явуулсны дүнд эдгээр хоёр сонголтын нэгийг ард түмэн Засгийн газарт шийдэж өгөх биш харин ард түмнээрээ Засгийн газрын үйл ажиллагааг дэмжүүлж урагштай ажиллах суурийг тавиулна гэсэн санаа юм.

Бид аль ч хувилбарыг сонгосон Засгийн газраас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө нь бэлэн байгаа гэдгийг Ерөнхий сайд хоёр хавтас барьж үзүүлсэн. Гэхдээ, ямар ч л байсан 1-ийг сонголоо гээд ямар ч төсвөө танаж, зардлаа хэмнэх үйл ажиллагаа явуулахгүй, улам үрэлгэн, замбараагүй байдал руу шилжинэ гэж байхгүй байх. Мөн адил 2-ыг сонголоо гэхэд Оюу Толгой, Таван Толгой төслүүд, хайгуулын ажлыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалт татах бусад ажлуудыг явуулахгүй зогсооно гэж байхгүй нь тодорхой. Эдийн засаг маань хямралаас гарч, урт хугацаанд хөгжихийн тулд аль аль нь л хэрэгтэй.

Харин Ерөнхий сайд биднийг нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлзээнд уриалснаар бидний аль аль сонголтын талаарх ойлголтыг энэ хэдэн хоногт бий болгож, олон нийтээрээ санаа бодлоо цэгцлэх боломж өгч байгаа юм. Ингэснээр иргэд бид Засгийн газрын гаргах шийдвэр, явуулах ажилд эзэн болж, хажуугаас нь шүүмжилж, эсэргүүцэн жагсахын оронд арай л илүү дэмжиж, ажлыг нь урагшлахад нь хувь нэмэр болно байхаа. Эсвэл бид ямар ч хүлээлтгүй, тогтвортой төрийн бодлогогүйгээр хямралаас салж урагшилна гэж байхгүй.

Ардчилсан нийгэмд иргэдэд сонголт олгоно гэдэг нь биднийг оролцогч тал болгон сонсч удирдах гэсэн үг. Түүнээс биш шийдвэр гаргах эрх мэдлээ шилжүүлж байгаа хэрэг биш. Энгийн амьдрал дээр аваад үзэхэд би ажил дээр даргаараа эсвэл гэртээ аав, ээжээрээ ямар нэг зүйл хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэдэнд сонголт өгөх дуртай. Аль болох бүх хувилбарыг тоочиж, сул, давуу талыг нь тайлагнаж, сонголт хийж байгаа хүнээ бүх мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах боломжийг өгдөг. Магадгүй үнэн хэрэгтээ нэг сонголт нь миний өөрийн хүсч байгаа сонголт, нэг сонголт нь эсрэг нь, харин нөгөөдөх сонголт нь шал өөр боломжгүй зүйл. Эдгээрийнхээ талаар бүрэн ойлголт өгч, өөрийнхөө хүсч байгаа сонголтыг тулгалгүйгээр давуу талуудыг нь харуулахад би ч өөрийн хүссэнээр асуудлыг шийдүүлж, оролцогч талууд ч өөрсдийн саналаар явж байгаа сэтгэгдэл төрж, цаашдын хэрэгжилтэнд нь өөриймсөг хандаж дэмжинэ. Үүнтэй адил Ерөнхий сайдын явуулж байгаа санал хэлэлцүүлгийн гол учир, үр дүн нь 1 үү 2 уу гэдэгтээ биш харин энэ нь үйл явцыг урагшлуулж, явуулж байгаадаа юм.
 
Монголчууд бид 1-ийг сонгосон ч, 2-ыг сонгосон ч, Засгийн газрын явуулах ажлыг хөнгөвчилж өгч чадахгүй - бид эдийн засгийн хямралд орчихсон байгаа шүү дээ. Энэ саналыг авсны үр дүнд ирэх долоо хоногоос долларын ханш буухгүй, гадаадын хөрөнгө оруулагчид маргааш нь үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй, төрийн зардал шууд цэгцрэхгүй. Харин бид энэ шийдвэр гаргахад нь идэвхтэй оролцож, өнөөгийн байдлын талаарx өөрсдийн мэдлэгийг тэлж, гарах гарцуудын талаарх ойлголтыг бий болгосноор хамтдаа урагшаа зүтгэхэд бэлэн болно. Засгийн газрынхаа гаргах шийдвэрт нь эзэн болсноор танилцуулах төлөвлөгөөнд нь илүү итгэлтэй, явуулж байгаа ажилд нь илүү ойлголттой, үр дүн гарахад нь илүү хүлээцтэй байх болов уу? Түүнээс биш ямар ч шийдвэр гаргасан жагсаж, үр дагавар нь гарахыг хүлээхгүй Засгийн газраа “огцруулна” гээд тэмцээд байвал бид улам цаг алдана шүү дээ. Тэгэхээр 1-ийг сонгосон ч, 2-ыг сонгосон ч Ерөнхий сайдын танилцуулах төлөвлөгөө нөгөө сонгогдоогүй төлөвлөгөөнөөсөө нээх ялгараад байхгүй байх гэж бодож байна. Харин, иргэд бидний хандлага өөрчлөгдөж, урагштай ажиллах суурийг тавьж өгнө байхаа.

Ж.ТАНА