Саяхан л инфляци улс орны эдийн засагт хамгийн тулгамдсан асуудал байлаа. 2007 оны 2-р хагасаас инфляци огцом өсч, 2008 оны 8-р сард жилийн 34 хувьд хүрсэн бөгөөд үүнээс хойш Монголбанкнаас авсан арга хэмжээний дүнд буурч эхэлсэн. Нээлттэй нийгэм форумаас 2009 оны 5-р сард гаргасан тайланд инфляци 2009 оны 3-р сарын байдлаар жилийн 17 хувьтай байгаа нь Монголын эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудал гэж дүгнээд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бууруулах замаар инфляцийг хязгаарлахыг зөвлөсөн (Нээлттэй нийгэм форум, 2009). Гэтэл уг тайлан гарснаас хойш тун удалгүй 5-р сарын эцэст инфляци жилийн 7 хувь буюу нэг оронтой тоонд хүрч буурсан (Зураг 1а) бөгөөд инфляци ингэж буурахыг 3-р сарын мэдээнд тулгуурлан таамаглах боломжтой байсан юм!

Монголын эдийн засагт улирлын нөлөө ихээхэн хүчтэй байдаг. Жишээ нь өвөлд үнийн өсөлт ихээхэн өндөр байдаг бол зундаа харьцангуй бага байдаг. Үүнийг дагаад макро үзүүлэлтүүдийг шинжлэхдээ улирлын нөлөөг ялгах шаардлагатай. Сарын үзүүлэлтийн улирлын нөлөөг арилгах нэг энгийн арга нь сүүлийн 12 сарын өссөн дүнгээр харах юм. Инфляцид ажиглалт хийхдээ сүүлийн нэг жилд үнийн түвшин хэрхэн өөрчлөгдсөнөөр авах нь түгээмэл байдаг. Гэвч энэ арга нь зарим тохиолдолд дутагдалтай байдаг тул сарын инфляцийн мэдээг давхар харах хэрэгтэй.

Зураг 1

 

2009 оны 3-р сард жилийн инфляци 17 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт боловч сарын мэдээнээс инфляци нилээн буурч байсан нь харагдана (Зураг 1б). 2009 оны 3-р сарын байдлаар тооцсон жилийн инфляци нь 2008 оны 4-р сараас 2009 оны 3-р сар хүртэл хугацааны үнийн түвшний өөрчлөлтийг агуулах бөгөөд энэхүү 17 хувийн үнийн өсөлтийн дийлэнх нь буюу 12 хувь нь 2008 оны 4 болон 5-р сард гарсан байна. Улмаар 2009 оны 5-р сарын байдлаар тооцсон жилийн инфляци нь 2008 оны 6-р сараас 2009 оны 5-р сар хүртэлх хугацааны үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлэх бөгөөд нийт эрэлт хумигдаж, Монголбанк бодлогын хүүг өсгөсөн байсан 2009 оны 3-5-р сарын үед үнийн түвшний огцом өсөлт гарахгүй нь илт байсан. Нээлттэй нийгэм форумаас гаргасан дээрх тайланд эдгээр ажиглалтыг хийж чадаагүй нь алдаатай дүгнэлт гаргахад хүргэжээ.

Мөн Олон улсын валютын сангаас 2009 оны 11-р сард гаргасан тайланд Монголын эдийн засгийн байдалд 2009 оны 7-р сарын байдлаар шинжилгээ хийсэн бөгөөд инфляци хэдийгээр буурч байгаа боловч энэхүү бууралтын дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалсан, хүнсний бус бүтээгдэхүүний жилийн инфляци хоёр оронтой тоонд хэвээр байгаа тул мөнгөний бодлогыг болгоомжтой явуулж, хумих бодлогыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн (International Monetary Fund, 2009). Суурь инфляци 2009 оны 7-р сард жилийн 13 хувь байсан бөгөөд гэтэл нэг сарын дараа жилийн 5 хувь болж буурсан байна (Зураг 2а).

Зураг 2

 

Сарын мэдээнээс ажиглавал 2008 оны 8-р сард сарын суурь инфляци 7.5 хувьтай байсан нь дээрх өндөр суурь инфляцийн дийлэнхийг эзэлж байгаа бөгөөд түүнээс хойш суурь инфляци хурдацтай буурсан нь харагдана (Зураг 2б). Эндээс дүгнэвэл жилийн суурь инфляци дээрх байдлаар буурахыг мөн урьдчилан таамаглах боломжтой байсан бөгөөд үүнийг ажиглаагүйгээс Олон улсын валютын сангийн дүгнэлт алдаатай гарчээ.

Одоо инфляци их хэмжээгээр буурч, зарим үед дефляцитай хүртэл гарч байгаа (Зураг 2а) бөгөөд бодит эдийн засгийн байдал сайнгүй байгаа нь өмнө дурдсанаар ( http://www.baabar.mn/content/1175.shtml ) мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж болон шаардлага байгааг харуулж байна.


Тулгаа


Эх сурвалж

Нээлттэй нийгэм форум, 2009, "Санхүү, эдийн засгийн хямрал: Монгол улс, 2009 оны эхний улирлын тайлан"

International Monetary Fund, 2009, “Mongolia: Second Review Under the Stand-By Arrangement and Request for Modification of Performance Criteria” IMF Country Report, No. 09/311