Сонгууль дөхөөд эх орондоо хайр зарласан хүмүүс л энд тэндгүй.

Зарим нэг нь Санта Клаус болчихсон айлаар бэлэг тарааж байхад нөгөө нь хонжворт сугалаа сум, хороо бүхэнд зохион байгуулж, супер азтаныг нь сайн малчны үнэмлэхээс эхлээд бөхийн цолоор хүртэл байлж явна гэнэ.

За бетон ч яахав аргагүй л байнгын хорооны даргаас гарах бусдаас хол тасархай ухаан байв. Юм олигтой тарааж чадаагүй нь дуулж цахиур хагалж, урлагийнхны хит дууны жагсаалтанд байр суурь булаалдав. Сүүлдээ урлагийнхан сандарч Л.Гүндалайгаа урлагаас татвал, улс төрөөс Нарагаа татах тухай мэдэгдэл гаргасан гэлцэх юм.

Б.Лхагвасүрэн гуайн “Эх орон минь сэхээнд байна, Ард түмэн минь сахиж байна. Төрийн түшээд эргэхгүй байна. Түмэн олон санаа зовж байна” гэж хэлсэн үгс нүдэнд харагдах шиг. Эдийн засаг нь элгээрээ хэвтэж, улс төрчид нь шоудсаар.

Монгол банкны 2015 оны гуравдугаар улирлын тайлангаар Монгол улсын гадаад өрийн нийт хэмжээ 21.5 тэрбум ам долларт хүрчээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 180 орчим хувь гэсэн үг. Судлаач Кармен Райнхарт 1970-2014 оны хооронд гадаад өрөө төлөх чадваргүй болсноор санхүүгийн дампуурал зарласан орнуудыг судлаж үзэхэд 73% нь гадаад өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 80%-аас доош байхад тохиолдсон байна.
Санхүүгийн дампуурал нэг зарлагдвал энэ нь олон улсын нэр хүнд, эдийн засгийн орчинд нөлөөлснөөр дампуурал дахих магадлалыг өндөрсгөдөг. Аргентин гэхэд 8 удаа гадаад өр дээрээ дампуурсаныг бид мэднэ. Нэг дампууралд хүрсэн үр дүнг засахын тулд зарим улсад зуун дамжсан хугацаа шаардлагатайг түүх нотолно.

Ийм л хариуцлагатай цаг хугацааны өмнө бид зогсож байна. Хэзээ болтол бид ийм улс төрчдийг сонгож, дараагийн дөрвөн жил нь бухимдаж суух вэ? Гунигтай нь тэд тэнэгтээ биш, харин биднийг тэнэг тооцсондоо л иймэрхүү зүйл хийж сэтгэлгээгээр тоглож байгааг хэзээ ойлгох вэ?  

Одоо хангалттай 2016 онд үүнийг зогсооё!

Их дээд сургуулиуд, “Хэвлэл мэдээллийн байгууллагууд”, “Бодлогын судалгааны хүрээлэнгүүд” нийлж улс төрчдийг адаглаад “Сумо” бөх шиг үнэлж сурцгаая л даа. Бүгдийг биш гэхэд доорх 5 зүйлийг эхлээд ярьж хэвшицгээе!


Нэг. Улс төрийн байр суурь (standing)

Улс төрчид ЯАГААД? гэдэг асуултанд тодорхой хариулах ёстой. Энэ асуулт тэдний байр суурийг тодорхойлдог гэж үздэг. Тед Кеннеди хүртэл энэ асуултанд хариулж чадалгүй ерөнхийлөгч болох боломжоо алдаж байв. (www.youtube.com/watch?v=TDh2iKzBh4E)

Манай өнөөдрийн улс төрчдөөс “Яагаад Та УИХ-д дэвшиж байгаа юм бэ?” гэдэг асуултанд юу гэж хариулахыг нь нэг харах юмсан. Нельсон Мандела арьсны өнгөөр ялгаварлах үзлийг устгахын төлөө 26 жилийг шоронд өнгөрүүлсэн шиг улс төрийн хатуу байр сууриа тодорхойлсон улс төрчид манайд хэд байдаг бол.  Тиймээс тойрог тойргоор “Бодлогын Мэтгэлцээн” зохион байгуулахыг хамтдаа уриалъя.

Хоёр. Эс үйлдэхүй (work avoidance)


Нэг л сайхан нэртэй, хүнтэй зөрдөггүй ажлаа хийгээгүй, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлээгүй улс төрчдийг сонгож, томилсоор л байх уу? Энэ бол эс үйлдэл. Өнөөдрийн эдийн засгийн хямарлын цаана ямар албан тушаалтны хэдэн эс үйлдэл чимээгүй нуугдаж байна вэ?

Сүүлийн үед судлаачид дэлхийн удирдагчдын үйлдэл эс үйлдэхүйг нарийвчлан үнэлж, эс үйлдлийг төрийн өмнө хийсэн гэмт хэрэгтэй адилтган үзэх болжээ. Манай орны хувьд ч улс төрчдийн эс үйлдэхүйг дүгнэдэг, түүнийг мэдээлдэг нийгмийн соёлыг бий болгох ёстой. Учир нь эс үйлдэхүй нүдэнд ил харагддаггүй учир “Өглөө кино”-нд жанжин Д.Сүхбаатар “Бишээ жинхэнэ эзнийг нь, цаана байгаа эзнийг нь ол” гэж бухимддаг шиг жинхэнэ эзэд сөрөг үр дүнгийн цаана нэр цэвэр нуугдан үлдэх аюултай.

Гурав. Хүсэл шуналаа хязгаарлах (соntrol of hungers)

Хилийн чинадад улс төрчид дэвүүр тараагаад л, эрдмийн ажилдаа бусдаас зөвшөөрөлгүй нэг өгүүлбэр авсан нь илрээд, эсвэл эхнэрээ мэхэлсэн нь тогтоогдоод л огцорчих юм. Хүсэл шуналаа хязгаарлаж чадаагүй шалгуур үзүүлэлтэд хамаарч улс төрийн карьертаа цэг тавьсан улс төрчид олон. Харин манайд таг эсрэгээрээ. Бакалавр авахгүйгээр мастер хамгаалж болно. Улс төрчид хоригдвол “мужик” болно. Хуудуутай мөнгөний дүн өндөр байх тусам баригдахгүй. Улс төрийн намууд нь сайдаараа дамжиж санхүүжилтээ босгоно.

Бид ёсзүй өндөр иргэний нийгмийг бий болгож, улс төрчдийн амьдралд тавигдах шалгуурыг өдрөөс өдөрт өндөрсгөх ёстой.

Дөрөв. Гүйцэтгэл (performance)


Саяхан ерөнхий сайдуудынхаа тухайн цаг үеийн эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг харьцуулсан тоо хайж, төрийн ордон, номын сангуудаар яваад олигтой нэгтгэл юу ч олсонгүй. Сайхан нэртэй гоё дурьдатгалын номнууд ч зөндөө л байна. Эдгээр номонд бичигдсэнээр бол ч Монгол улс аль эрт дэлхийд тасарсаан.

Тоогоор биш, хэвлэлийн мэдээгээр улс төрчдөө үнэлдэг улс орон цөөхөн л байх. Уг нь улс төрчдийн гүйцэтгэлийг олон нийтийн болон шинжээчдийн үнэлгээгээр хараат бусаар нарийвчлан үнэлж, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулан заах ёстой. Үүнээс улс төрчид үхтлээ айж амьдрах ёстой.

Манайд сайхан л даа. Эрх баригчдын болон сөрөг хүчний тоо бүхэн өөр өөр. Намын рейтингүүд хоорондоо бараг 20 функтын зөрүүтэй. Статистикийн мэдээллээ улс төрчид нь засаж чаддаг.

Судалгааны дүн бодит байдлаас нэмэх хасах 5% зөрсөн тохиолдолд тэр байгууллагын судалгааны тусгай зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаас цуцалдаг хатуу жишиг бий. Үүнийг бид хэрэгжүүлэх учиртай.  Ингэж байж улс төрчдийг хувийн хэвлэлийн захиалгат мэдээнээс нь салгаж, “шалдан” үнэлгээ хийх боломж бүрдэнэ. Ийм байж гэмээ нь ард түмэн тухайн улс төрчийн талаар зөв дүгнэлт хийж, зөв хүнийг сонгож чадна.

Тав. Үлдээсэн өв (legacy)

Улс төрд хэн байсан гэж үлдэх вэ? Аль нь эерэг ба сөрөг өв вэ? Өнгөрсөн 25 жилийн улс төрчдийн хэд нь бидэнд эерэг өв үлдээж байна вэ?

2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сингапур улсын хөгжлийн эцэг гэгддэг Ли Куан Ю таалал төгсөв. Энэ хүний 30 гаруйхан жилийн хугацаанд үлдээсэн ӨВ загасчны суурин гэгдсэн жижигхэн арлыг Азийн Бар, эдийн засгийн тэргүүлэгч гүрэн болгосон юм. Түүх гэдэг сонин. Энэ хүн нам дотроосоо нэгхэн хүний саналаар ялж ерөнхий сайд болсон байдаг.

Тиймээс л сонгууль гэдэг туйлын чухал зүйл.  Бид ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрч. 25 нас гэдэг бол хүнээр харьцангүй төлөвших нас. Бид өчигдрийг дүгнэж, маргаашийн төлөө өнөөдөр зөв сонголт хийх цаг болсон билээ.

Тиймээс л энэ удаа бэлэг тарааж, сугалаа сугалуулж буй Санта нарт Үгүй гэж хэлцгээе!

Л.ОЮУН-ЭРДЭНЭ