Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын багачуудыг эрдэм номын аянд дуудах уламжлалт хичээлээ “Гэр” үлгэрээр заах тул яаралтай нисч ирнэ үү? гэж БШУЯ-наас мэдэгдэв. Түүн шиг сайхан хувь зохиол гэж хаа байх вэ. Даанч очих боломж хомс байлаа. Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын Бага Ойгор хэмээх сүрлэг хадан уулс дунд яваа хүн чинь яалтай ч билээ дээ. Болдогсон бол бүргэд унаад л нисчихмээр байлаа. Тэгэхэд би нүүдлийн номын сан аялуулж, хөдөөгийн хүүүхдүүдэд цаасан биш чулуун хуудаст ном уншуулж явсан. Манай гаригийн хамгийн эртний номууд тэнд байв. Анхны хүн сүрэг чулуун зэвсгээр хоолоо олж идэхийн зэрэгцээ хойч үедээ үлдээх тэдгээр номыг бас бүтээсэн бололтой. Сийлж бичсэн хурц үзүүрт хатуу чулуу нь өнөө хүртэл дэргэд нь хэвтээстэй байхыг олж үзэв. Одоогийн ойлголтор үзэг нь юм. Анхны ном бүтээсэн тэрхүү чулуун үзгийг барьж зогсоход ер бусын гайхамшигт мэдрэмж надад төрж, хүн төрөлхтний балчир үе рүү шууд л яваад орчих шиг санагдлаа. Хожим нь хүмүүс хүрэл зэвсэгтэй болоод чулуун хуудаст номоо төмөр үзгээр сийлэн бичиж, урлах эрдмээ улам сайжруулсан шиг байна.

Миний бие хорин гурван жилийн турш монголынхоо бүх аймгаар нүүдлийн номын сан аялуулж, дэлхийн бөмбөрцгийг бүслүүрээр нь бараг гурав ороох хэмжээний урт зам туулахдаа уул хаданд буй өнө эртний зурагт номыг хүүхдүүдэд уншуулж, түүнээс үүдэн дараагийн хуудсыг өөрсдөөр нь зохиолгон шилдгийг нь шалгаруулсаар ирэв. Бага Ойгор бол хорвоогийн хамгийн том номын сан ч байж мэднэ. Уртаараа 15 км. Чулуун хуудаст номыг нь нэг бүрчлэн уншия гэвэл олон жил хэрэгтэй. За тэр ч яахав.



Одоо ерөнхийлөгчийн хичээл рүү оръё. Энэ удаа яагаад үлгэр сонгосон юм бол? Хуурай үгээр ингэ тэг! гэж зааж зааварласнаас үлгэрээр дамжуулж хэлэх нь хүүхдийн сэтгэлд илүүтэй хүрнэ гэдгийг ерөнхийлөгч мэдэрчээ. Манай монголчууд ер нь үр хүүхдийнхээ сэтгэлд үлгэрээр дамжиж хүрдэг эртний уламжлалтай билээ. Алунгоо ээжийн таван мөсний алдарт үлгэр, Эрдэнийн сан Субашид, Чингисийн билэг гээд л тоочивч баршгүй. Урьд мянган толгойт ганц сүүлт могой явж байгаад тэргэнд амархан дайрагджээ. Харин ганц толгойт могой мянган сүүлээ чирсээр амьд үлдсэн тухай үлгэр “Чингисийн билэг” сударт байдаг. Чингис хаан үр хүүхэд, дүү нартаа, монгол нэг толгойтой болоогүй цагт орондоо ч орох завгүй олзлолдон булаалдсаар байх болно гэдгийг уран сэтгэмжийн үлгэрээр ой тойнд нь ортол ойлгуулсан байна. Тэгэхээр хүүхдийн сэтгэлд яншаа үгээр бус, явган үлгэрээр хүрдэг байх нь.

Зургаан настай дүү маань нэгэн удаа өөрийгөө зурсан байв. Хартал нэг чих нь бага, нөгөө чих нь том болчихож. “Яагаад ингэж зурав?” гэтэл “Үглээд байхаар тань чих багасаад, үлгэр ярихаар тань чих томроод байна” гэлээ шүү. Түүнээс үүдэн  би “Аав, Ээж, Би” номоо бүтээж билээ. Томчуудын үгийг үлгэрээр дамжуулан сонсох дуртай гэдгээ хүүхдүүд өөрсдөө хэлж байгаа биз дээ? Тэгэхээр эртний монгол уламжлалаа бодсон ч, эдүгээ цагийн хүүхдээ бодсон ч ерөнхийлөгчийн сонголт зөв байжээ.

Ерөнхийлөгч хүүхдүүдэд хичээл заахын зэрэгцээ тэдэнд зориулсан уран бүтээлийг монголын их утга зохиолын хойморт гаргаж ирэв. Хэний  маань ч зохиол байсан хамаагүй. Харин энэ удаа миний аз таарч. Бид олон жил хаяа хатавч хавиар эргэлдлээ. Гол буруутан нь өөрсдөө л дөө. Хүүхдийн номын тавиурыг үлбэгэр номоор мөн ч их дүүргэсэн. “Боов боорцгонд дуртай борхон хөөрхөн болжмор” гээд биччихээр “Өө яасан хөөрхөн шүлэг вэ?” гээд сурах бичигт оруулчихдаг. Болжмор нь хөөрхөн үү, шүлэг нь хөөрхөн үү? гэдгийг ялгаж салгах чадваргүй явлаа гэж үү дээ, энэ олон жил! Ашгүй тэгтэл ардчиллын салхи ч сэвэлзэж, зохиолчдын хамгийн их хүсэн хүлээсэн чөлөөт сэтгэлгээний өгөөмөр хур шаагин буулаа. Шинэ цаг үед бид хуучин зохиолоо уншуулсан хэвээр байх уу? Түүнд хариулт авахаар 1991 онд Германы Мюнхен хотыг зорьлоо. Тэнд олон улсын хүүхдийн номын сан байдаг юм. Гурван сар элдэв ном онгичоод ганц л зүйлийг олж мэдлээ. Өндөр хөгжилтэй орнууд үр хүүхдээ гүн ухааны хөрсөн дээр бичсэн сэтгэлгээний зохиолоор хөгжүүлдэг юм байна. Зуун хүүхэд уншлаа гэхэд зуун янзаар ойлгох жишээтэй. Хэнийг ч даган дуурайдаггүй, өөрийн гэсэн өвөрмөц бодолтой бие хүнийг төлөвшүүлэхэд гагцхүү тийм л зохиол тусладаг ажээ. Хорвоод ганцхан хувь гэмээр онцгой содон сэтгэлгээтэй хүмүүс л ямагт шинийг бүтээж, зэх зээлийн өрсөлдөөнд ялагч болдог байна. Манайд бол өөр байлаа. Зуун хүүхэд уншлаа гэхэд цөм нэгэн адил ойлгоно. Тийм зохиол цахиур бууны тугалган сум шиг ижил сэтгэлгээтэй уншигчдыг бий болгоно. Далд санаа шигтгэх ямар ч боломжгүй. Баавгай гахай хоёрыг тулалдуулж бичсэн шүлгийн цаана Орос, Хятад хоёр байлдана гэсэн санаа байна гэх зэргээр мөрдөж мөшгөнө. Далд санаа гэдэг нь үнэн хэрэгтээ зохиолын гүн утга бөгөөд бурхны бол шүншиг нь, хоолны бол нүнжиг нь юм шиг санагддаг.

Юуны өмнө үзэл сурталжсан чиг хандлагаас салж, хүн төрөлхтний оюуны соёлын зөв гольдролд орохоос өөр аргагүй юм байна гэсэн бодолтойгоор Мюнхенээс би буцаж ирэв. Түүнийгээ хүүхдийн уран зохиолын салбарт хийж буй ардчилал гэж ойлголоо.

Мюнхенд байхдаа би нэгэн халимаг айлд уригдан, чөлөөт сэтгэлгээ нь хаагдмал орны уран бүтээл ямар мухардалд хүрдэг тухай ярилцсаар хонож билээ. Өнгөрсөн жил Элбэгдорж, Бат-Үүл гэгч хоёр залуу манайд хоноод явсан гэж гэрийн эзэгтэй ярьж байв. Тэр нь 1990 оны ардчилсан хувьсгалын өмнөх өдрүүд ажээ.

Уран бүтээлдээ хувьсгал хийх нь миний хувьд өдрийн бодол шөнийн зүүд байлаа. Өөрийгөө өөрчилнө гэдэг тийм ч амар юм биш. Нэгэн удаа Ар Жанчивланд уран бүтээл хийхээр очлоо. Хэдэн залуу гэр барих гэж ханын модоо нохой амаар нь нийлүүлчихээд үйлээ үзэж байв. Гадаадын зочин хүлээн авах юм гэнэ. Тэгтэл нэг өвгөн очоод бараг л нүд ирмэхийн зуур барьж орхив. Монгол гэр гэдэг гагцхүү эв хаваараа нийлж босдог нь тэр чигээрээ үлгэр мэт надад санагдлаа. Чингис хаан багадаа, аж төрөн сууж байсан гэрээсээ эв нэгдлийн эрдэмд суралцаж, хожим нь дэлхий гэрээ дайн дажингүй амар амгалан болгох мэргэн санааг олсон ч байж магад гэх ухааны юм бодсоор “Гэр” үлгэр бичив. 12 хуудас болол уу даа. “Амралтад явсны хэрэг бүтлээ. Тэнд би мундаг зохиол биччихээд ирлээ” гээд нөгөө үлгэрээ эхнэртээ уншуултал “Паа, хүн уншихын аргагүй урт нуршуу юм биччихээд гайхуулаад байхдаа яадаг юм бэ?” гээд өөдөөс шидэж байна.

Би дургүйлхэн “Зохиолд биш өвчтөнд тавих оношоо л хичээ!” гээд үлгэрээ шүүрэн авч хавтаслав. Эхнэр маань хүүхдийн эмч л дээ. Сарын дараа үзсэн чинь “Гэр” маань нээрэн илүү үгийн үерт автан хөвж явах шиг санагдлаа. Эхнэрийн шүүмжлэл үнэн байжээ. Усыг нь шахаж хассаар байгаад 1,5 хуудас болголоо. Тэгээд харсан чинь нэг үг л сугалбал үлгэрийн гэр маань яажийж унахаар тийм нягт болсон мэт санагдлаа. Урам орж араас нь хэд хэдэн үлгэр бичлээ. Тэгэхдээ аарц шүүх аргыг хэрэглэсэн. Олсон санаагаа үлгэрийн хүүдийд хийгээд шар усыг нь гартал шахсан. Бас үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг өвөг дээдсийнхээ нарийн ухааныг үгийн урлагт үргэлжлүүлэхийг хичээж, том санааг бага зайд багтаах оролдлого хийсэн. Нэг мэдсэн чинь есөн үлгэр болчихож. Түүнийгээ “Морьтой үлгэр” гэсэн хавтсанд нэгтгэн “Admon” компанид хэвлүүллээ. Яагаад ч юм бэ явган үлгэрийг морьтой болгох гэсэн давлиу санаа надад төрсөн. Үлгэрийнхээ утгыг гүнзгий болгож, хурдыг нь нэмэх гэсэн далд санаа нөлөөлсөн байх. “Морьтой үлгэр” анхны алхаанаасаа л шүүмжлэлд өртөв. Ялангуяа эцэг эх, багш нарын зүгээс, хүүхдийн мэдэхгүй үгээр бичлээ ч гэх шиг, хэн ч ойлгохын аргагүй хүнд зохиол ч гэх шиг элдэв гашуун үгээр хөөрхий “Морьтой үлгэр”-ийг замаас нь үргээж эхэллээ. Харин зохиолч Г.Мэнд-Ооёо “Таван настай ачдаа уншиж өгсөн чинь маш сайн ойлголоо. Хүүхдүүд чинь гүн ухаантнууд юм байна” гээд 1999 оны шилдэг номоор шалгаруулж орхив. Тэр үед  соёл урлагийн хорооны дарга байсан тул түүний санал давамгайлсан байх. Тэгэж байтал Солонгосын нэгэн хэвлэлийн  газрын захирал хүүхдэд зориулсан гүн ухааны үлгэрийн номын мөрөөр ирлээ гээд гэрээ хийн авч явж маш гоё хэвлэсэн. Хавтаснаас нь алтан мөнгөн үсэг солонгороод л. Түүнээс хойш “Морьтой үлгэр” эх орныхоо хилийн дээсийг алхан гадаад орнууд руу давхиж эхлэсэн. Австри, Малайз, Хятад, Япон, Монтенегро, Арабын орнуудад хэвлэгдлээ. Тэрхүү номонд буй “Гэр” үлгэрийг АНУ-ын Highlights сан өндөр үнээр худалдан авч, дэлхийн шилдэг үлгэрийн сандаа оруулсан. Мөн “Есөгчин” гэдэг нэг үлгэр нь Английн сурах бичигт орсон. Нэлээд үлгэр нь Өвөр монголын сурах бичигт орсон. Харин манай сурах бичигт “Гэр” үлгэрийн эхний гурав дөрвөн өгүүлбэрийг тасалж аваад оруулсан байлаа. Бүхэл бүтэн хүний эд эрхтнээс гарыг нь таслаж аваад тавьчихсан мэт надад санагдсан. Харин Ерөнхийлөгч хүүхдүүдэд бүтнээр нь уншин өгч, зөвхөн гэрт аж төрдөг монголчуудын төдийгүй дэлхий хэмээх их гэрийн улс орнуудын эв нэгдлийн тухай гүн гүнзий ойлголт өгөх шиг болно лээ.

Францын нэрт эрдэмтэн, дэлхийн хүүхдийн утга зохиол судлалын шилдэг бүтээлд олгодог Ах дүү Гриммийн шагналт Жан Перро “Морьтой үлгэр”–ийн тухай “Андерсений маягаар бичсэн монгол ном” гэсэн томоохон өгүүлэл бичиж цуврал ботийнхоо нэгэнд оруулжээ. Андерсен хүүхдэд зориулж роман бичээгүй, харин санааг нь богино үлгэртээ багтаан дүрслэх аргыг “Морьтой үлгэр”-ээс олж харлаа хэмээн өгүүлсэн байлаа.

“Морьтой үлгэр”-ийн зарим үлгэрийг монгол ардын аман  зохиол гэж гадаадын сонинд бичсэн тохиол хэд хэд гарлаа. “Гэр” үлгэрийг АНУ-д ардын үлгэр гэж бичсэн бол Японы “Asahi” сонинд “Ногоон морь” үлгэрийг мөн л Монгол ардын үлгэр гэсэн байлаа. Надад бол бахархалтай сайхан санагдаж байсан. Үлгэр дээр миний нэр байх эсэх нь хамаагүй, монголын гэсэн үг байвал л болох нь тэр. Зохиосон үлгэр минь яваандаа монгол ардын гэсэн нэрээр хойч үеийнхэнд үлдвэл үзэг барьсны хэрэг бүтлээ л гэсэн үг.

Хөрш айлууд бие биедээ итгэн дотно сайхан сэтгэлээр харилцан туслалцаж явдаг шиг тийм сайн харилцаа бий болгохын төлөө манай ерөнхийлөгч зүтгэж, улмаар хүн төрөлхтөн дэлхий гэртээ дайн дажингүй, амар амгалан аж төрөх энх улирлыг наашлуулахын төлөө тэмцэж явах шиг байна. Тийм учраас маргаашийн эздэд заах хичээлдээ “Гэр” хэмээх эв нэгдлийн үлгэрийг сонгож авсан бололтой. Ерөнхийлөгчийн хичээлийг улс орон даяар сонссон хүүхдүүд эв нэгдлийн тугийн дор өсч томроод дэлхийг зэр зэвсгээр биш оюун ухаанаар байлдан дагуулах их аянд мордож, монголынхоо нэрийг хорвоод дахин мандуулах болтугай! Хүсэх л юм энэ!

Жамбын ДАШДОНДОГ