Өдрийн сонины 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Засгийн газрыг “залилсан” хэргээр шалгуулж байна” гэсэн нийтлэлд Монгол Улсын Хөгжлийн банкнаас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.   

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 10.1.1-д заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Монгол Улсын Хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлттэй нөхцөлтэйгөөр зээл олгодог байгууллага юм.

    Улсын Их Хурлаас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан 15 дугаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд: “Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” Улсын Их Хурлын 2010 оны 45 дугаар тогтоолд заасан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих автозам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр” –ийг хамруулж, уг төсөл,  хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай”  гэж заасан. Засгийн газраас уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжигдэх зам, барилга зэрэг хэрэгжүүлэх ажлыг тодорхойлон, санхүүжилтийн хэмжээ болон ажлын гүйцэтгэлийг хэрхэн зохион байгуулахыг холбогдох яамдуудад үүрэг болгосон тогтоол гарснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор санхүүжүүлэгчээр оролцдог. Монгол Улсын Хөгжлийн банк нь тус банкнаас санхүүжилт авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулдаг эрх бүхий байгууллага биш бөгөөд салбарын яамд тухайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, төслийн хэрэгжилт, үр дүнг хянаж, биелэлтийг дүгнэх, шаардлагатай бол гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах зэргээр төслийг бүхэлд нь хариуцан ажилладаг болно.

    Монгол Улсын Хөгжлийн банк нь салбарын яамдаар зөвшөөрөл нь олгогдож, төсөвт өртөг, ажлын гүйцэтгэлээ баталгаажуулсан Гүйцэтгэгчид гэрээг нь үндэслэн ажлын гүйцэтгэлээр хэсэгчлэн санхүүжилдэг болно. Энэ бүх ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон журмын дагуу явагдаж байна. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк нь Засгийн газарт санхүүжүүлэх төсөл хөтөлбөртэй холбоотой тогтоол оруулан батлуулах эрх бүхий байгууллага биш бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг эрх бүхий этгээд өргөн барьж, Засгийн газрын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг. Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын барилгын ажлын хувьд Засгийн газрын 2014 оны 185 дугаар тогтоолоор баталсан төсөвт өртөг нь 46,354.4 сая төгрөг бөгөөд үүнээс Хөгжлийн банкнаас ажлын гүйцэтгэлээр олгосон нь 27,593.6 сая төгрөг байна.

    Иймд хэвлэл, мэдээллийн байгууллага нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэ зөв мэдээлэл хийнэ гэдэгт бид найдаж байна. Түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь дахин үндэслэлгүй мэдээлэл гаргасан тохиолдолд Монгол Улсын Хөгжлийн банк нь ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээлэл цацсан байгууллагаас нэхэмжлэхээс гадна эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.    

2014 оны 9 дугаар сар 17


МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК