Нийгмийн хөгжил нь хүний байгалаас заягдсан түгээмэл эрхийг хүндэтгэн үзэх өнөөгийн тогтолцоог бий болгон цаашид улам төгөлдөржүүлэхэд чиглэгдэж байна. Энэхүү эрх чөлөөт байдал, хувь хүнийг дээдлэх үзэл нь хууль зүйт ёсыг шаардана. Исламын зарим зохицуулалт, хэт зүүний үзэлд суурилсан тоталитар дэглэмүүдээс бусад нийтлэг эрх зүйн зарчмууд дэлхий нийтэд нэгэнт бүрэлдэн тогтжээ. Төрийг иргэд өөртөө үйлчлүүлэх гэж байгуулсан гэсэн нэгдмэл үзэл нь түүнийг өөрийн зорилго дор хүний эрхийг зөрчихгүй байх зарчим баримтлан аливаа зохицуулалтуудыг бий болгох боломжоор хангаж байдаг билээ. Гэвч эдгээр зохицуулалтууд нь хүний амьдралын өчүүхэн хэсгийг л зохицуулдаг. Амьдрал эрх зүйн хүрээнээс хамаагүй баян байдаг төдийгүй бүгдийг хуулиар зохицуулах ч бололцоогүй. Өнөөдрийн хамгийн сайн эрх зүйн тогтолцоотой улс орнуудын зохицуулалтууд ч гэсэн дангаараа нийгмийн амьдралыг зохицуулбал амьдрал ямар ч өнгөгүй байхсан. Аль ч нийгмийн хамгийн нандин магадгүй хамгийн чухал харилцаг ёс зүйгээр зохицуулж байдаг билээ. Ёс зүйн элементүүд нь нийлмэл, олон хүчин зүйлээс хамааралтай байхын зэрэгцээ тэр бүр цаасан дээр буулгаад бүх нийтээр даган мөрдөх үүрэг хүлээгээд байдаггүй онцлогтой. Гэвч моралийн доройтолд орсон нийгэмд хуульт ёс оршин тогтнох бололцоогүй болдог нь нэгэнт батлагджээ.
Хараал хэлэх, гэр бүлээс гадуурх явдал зэргийг хуульчилна гэдэг боломжгүй зүйлээс гадна энэ нь эргээд хүний эрхэд төрийн нэрийн өмнөөс халдаж байгаа хэрэг болно. Хэдийгээр ёс зүйг бэхжүүлэхэд анхаардаг боловч түүнийг бүх нийтээр дагаж мөрдөхийг шаардаж болдоггүй. Харин хууль бол бүх нийтээр заавал биелүүлэх үүрэг хүлээдэг. Хуулийг жаахан зөрчсөн, бага зэрэг хуулиас гадуурх үйлдэл гэж байдаггүй. Хууль зөрчсөн зөрчөөгүй тухай ярих бөгөөд хууль зөрчсөн бол шийтгэл хүлээх ёстой. Эндээс хууль, дүрэм журамд юу гэж тусгагдсан талаар олон нийтэд ойлгуулах ажил хийгдэнэ үү гэхээс түүнийг биелүүлэх ёс зүйн тухай ойлголт байдаггүй логик урган гарна.
Манайд замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар сурталдана. Гэтэл замын хөдөлгөөний дүрэм бол дэлхий дээрх хамгийн түгээмэл зохицуулалтуудын нэг бөгөөд хөдөлгөөнд гардаг бараг бүх асуудлыг шийдвэрлэгдсэн заавал мөрдөх ёстой зүйл билээ.
Америкт жолооч болоход хамгийн анх заадаг зүйл бол явган хүний гарцын цагаан зураасны наана машинаа зогсоох үйлдэл. Практик дээр ч түүнийг цагаан зураасны наана зогссон эсэхийг нь камераар хянаж хорин сантиметр давсан жолоочийг торгох механизм ажилладаг. Энд ердөө л хорин см давсан тухай ямар ч яриа байдаггүйгээр барахгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцох тухай яривал тэнэг зүйл болохсон.
Энэ бол зөвхөн цагаан зураасны асуудал биш бөгөөд нийгмийг бүхэлд нь зохицуулж байгаа ёс зүйн болон эрх зүйн хүрээний зааг ялгаа, хууль дүрэм зэрэг бүх нийтээр заавал даган мөрдөх ёстой зохицуулалтыг заавал биелүүлэх, биелүүлээгүй бол шийтгүүлдэг тогтолцооны илрэл юм. Цагаан зураас давсны төлөө торгууль төлдөг хүн төрийн нэр барьж авилга авагчдын хажуугаар, төрийн албыг хулгай луйврын хэрэгсэл болгож байгаа бүхний хажуугаар дуугүй өнгөрөхгүй нь лав. Асуудлыг энэ өнцгөөс нь харвал эрх зүйт төр, иргэний ёс зүйн тухай ойлголтуудыг холион бантан болгох сонирхол хэнд илүү байх нь ойлгомтой. Их өрийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой гавъяа байгуулсан байлаа ч нэг муу жижигхэн телевизийн тоног төхөөрөмжийг хуулийн гадуур авч болохгүй. Зарчмын хувьд агуу их үйл бүтээсэн хүн ч хуулийг жаахан зөрсөн гэсэн үндэслэлээр ноогдох шийтгэлээс бултах ёсгүй.
Олон түмэн гудамжиндаа түгжрэн бухимдаж, замын хажууд зүлэг ургах нь бүү хэл хашлага нь тэсдэггүй бодит байдлынхаа үнэ цэнээр телевизийн нэг суваг үзэж байна. Харин олон түмнийг ийм байлгасаныхаа хөлсөнд тэд юу авдаг бол?, цагаан шугам ба ёс зүйн хооронд ямар зааг ялгаа байдаг бол?...
 Судлаач
М.Чимэддорж