Дээх нь үед жил болгоны хавар л хотод коммунист субботник гэж нэг бөөн дөвчин юм болдог байв. Энд тэндгүй л туг лоозон хадаж байгаад л баахан гаруудыг ажил сургуулийг нь таслуулан гудамжинд гаргаж хог шороо зөөлгөн мод зүлэг тариулаад ёстой айхлуулж өгнө. Хотоо тохижуулж байгаа нь тэр юм байх. Угаасаа ял заалгаад тэрийгээ эдэлж лайтаж байгаа гаруудад бол тэр тарьж байгаа моднууд нь ургах эсэх нь огт падгүй. Дарга даамалуудынхаа нүдийг хариулж ийш тийшээ бултсан шиг эсвэл ажилсаг дүр эсгэж байгаад л оройдоо нэг гэрийн бараа харахын түүс зүгээр. Нийтээрээ гоё ногоон цэцэрлэг байгуулаад зун цагаар тэндээ очоод сүүдэрт нь тарвалзаж хэвтнэ дээ гэсэн ойлголт бол Улаанбатарчуудын дунд бараг байдаггүй гэж хэлж болно. Тэр үед ч байгаагүй одоо бол бүр ч байхгүй. Аргагүй шүү дээ нийтийн нэртэй юм болгондоо хэзээ л бид нар нэг их өөриймсөг хандаж байлаа. Нийтийнх гэдэг чинь угаасаа хэнийх ч биш гэсэн код үг. Хэнийх ч биш гэдэг чинь хэн дуртай нь очоод эвдэж болно бас хулгайлж болно гэсэн үг. Хөршийнхөө хаалгыг тогшиж ороод гал тогооных нь шалыг мөлхөж байгаад савандаж угааснаа гараад явдаг хүнтэй би л лав одоо болтол тааралдаж байгаагүй юм байна.

Улаанбаатар бол Монголчуудын амьдардаг ганц том хот л доо. Энэ хот маргааш Японд болсон шиг том газар хөдлөлтөд нэрвэгдээд нураад өгвөл бид цөмөөрөө орон гэргүй болно. Болж өгвөл уг нь Улаанбаатарыгаа хайрлаж хамгаалаад бусад орнуудын том том хотуудын зэрэгтэй авч явмаар байдаг. Даанч анхнаасаа царай муутай бүдүүн бараг болохоор нь хавийн болгон нь түүнийг дээрэлхэж нүд үзүүрлээд зүгээр байлгахгүй. Хараад байхад Улаанбаатарт анх буусан гадныхан эхлээд жоохон шооконд ордог юм шиг байгаа юм. Нэг л баахан саарал дөрвөлжин байшингууд бас тэрийг нь тойроод хашаа байшин бас гэр хороололууд. Оросын тосгон уу гэхээр арай өөр, Ази тивийн нэг хотуудаа гэхээр бас биш. Ядаж байхад дагаж байгаа Монгол орчуулагч нь байн байн манай хот гоё байна уу гээд асуугаад байдаг. Сэтгэлийг нь бодоод  Азийн Цагаан Дагина гээд л аваад хаялаа ямар үнсэн саарал хотхон гэлтэй биш. Гэтэл цаадах нь жоохон хүүхэд шиг хөөрч гүйгээд унадаг байна ш дээ. Энэ бол зүгээр онигоо л доо. Тэрнээс би хэн яг хэзээ Улаанбаатарт Азийн Цагаан дагина гэсэн сүр нэр өгсөнийг бол мэдэхгүй. Бодвол дээр үеийн соц нийгэмд элбэг байсан пропоганда машинууд л ажиллаж байхдаа л өгсөн нэр байж таараа.  

Хэрвээ надаас Улаанбаатарт нэг өхөөрдсөн нэр хайрлаач гэвэл Ука гэсэн хүүхний нэрээр л  хотоо шууд  дуудмаар байдаг юм. Ука бол жоохон болхи л болохоос уг нь гайгүй хүүхэн л дээ. Даан ч түүнийг тойрон хүрээлсэн нөхдүүдээс бол авах юм юу ч байхгүй. Ука-тай нийлсэн болгон л түүнийг зовооно. Нөхөр нь л гэхэд түүнийг орой болгон архи ууж ирчихээд зодож заншина. Аx дүү нь түүнийг доромжлоно бас дээрэлхэнэ. Найз нөхөд нь түүнийг хуурна эсвэл залилна.Танихгүй гудамжаар зөрсөн гарууд хүртэл Укаг айлгаж үгүй бол муу муухайгаар дуудаж ичээнэ. Ука хочтой Улаанбаатарын зовлон бол ёстой барагданаа гэж нэг байхгүй.

Юун нөгөө Азийн Цагаан Дагина энэ тэр. Үхсэнийх нь байхав дээ..  зайлуул. Нэг муу ганц өрөө байрны дөрвөн ханан дотор толгой хоргодож 2 хүүхэд, нөхрөө тэжээх гээд зовж яваа л нэг хүүхэн. Ядаж байхад хөдөөнөөс баахан хамаатнууд нь цувраад салахгүй. Ирчихээд нөгөөдүүл нь бас зүгээр байхгүй ш дээ. Албатай юм шиг том өрөөнийх нь буланд эсгий дэвсээд зулчихна. Өдөржин гэрт нь тамхи баагиулаад эгчийг хүүхдүүдтэй нь хамт угаартуулж алахаа шахна. Хааяа нөгөө засгийн хэдэн төгрөг нь буухаар бөөнөөрөө гарч гүйж үхэхээ мэдэхгүй гудамжны хуушуур лавьж ирээд жорлонг нь бөглөж өмхийрүүлнэ. Гай болж байрны ус нь бас байн байн тасарна.

Оройд нөгөө архичин нөхөр нь хавийн амьтадыг дагуулж ирээд даалуу тоглож архидаад салахгүй. Яах гэсэн юм бэ гээд өмнөөс нь чангахан шиг дугарчих юм бол цаад солиот нь Укаг үсдэж авч шанаадаад бөөн юм болно. Ганц өрөө умгар байранд хоёр хүүхдэд нь тоглох битгий хэл хичээлээ хийх ч ширээний булан олдохгүй. Аргаа барахдаа байрныхаа даргад зовлонгоо тоочоод гадаах балконоо битүүлээд жоохон зай нэмдэг юм билүү гээд ярьсан чинь цаад сэргэлэн гар нь Укад молиго үмхүүлсэнээ балконыг нь эгчээс хурааж аваад өөрөө тохиролцооны дэлгүүр нээчихдэг байна ш дээ. Зайлуул... Ука одоо цонхоороо ч юм харж чадахаа байсан. Санаа амар зүгээр.

Дээр нь орой үдэш орцондоо ч орж гарахад хэцүү. Паг харанхуйд бүдэрч унаад хөл гараа хугалчих гээд. Үүдэнд зогсож байдаг байрны хэдэн хулигаанууд нь хүн зүгээр явуулахгүй. Заавал нэг тамхины мөнгө хүнээс салгаж байж сална бүр даварсан нэг нь архины мөнгө нэхнэ. Хажуу байрны хүмүүсийг болохоор дээрэмдэж чадахгүй хэвтэж чаддагаар нь хамт нэг орцонд амьдардаг хөршүүдийнхээ л халаасыг хоослож, эзэнгүйд гэрийг нь ухаж амиа тэд нэг юм зогооцгооно.

Укаг элэг бариад гэрт нь дандаа хүмүүс ирж шоудана. Тэгсэн нөгөө архичин нөхөр нь өөрийнхөө мууг мэдэхгүй байж бас хүмүүсийн дэргэд Укагаасаа ичнээ болоогүй. Хааяа худлаа хямдхан шиг булангын гоо сайханд эгчийг оруулж өнгө зүсийг нь засах гэж оролдож үзнэ. Гэвч олон жилийн дарамтанд нухлагдсаар байгаад залуугаараа авгай шинжиндээ орсон Укагын нүүрэнд хэдэн давхар пүүдэр наагаад ч өнгө орж засал авна гэж бараг байхгүй зайлуул. Анх хөдөөнөөс хотод орж ирэхдээ тохиролцооноос авч байсан хуучин туфли дээр нь хужаа торгоор хийсэн дан дээлээ өмсөөд л эгчийн гоёо бол дуусаа. Навсайчихаад Ука зайлуул олны нүдэн дээр алгын чинээ гэртээ төөрөх гээд байгаа юм шиг нөгөө шизо нөхрийнхөө гараас байнга тас зуураастай. Үхсэн ч сэхсэн ч хамтдаа гээд цусан тангараг өргөчихсөн юм шиг.  

Тийм тийм Ука бол үнэхээр л өнөөдрийн бидний амьдарч байгаа Улаанбаатарыг  маань дүрсэлсэн хүн төрх нь яах аргагүй мөн.

Согтуудаа та нар тэр буландаа очоод сарь, хэдэн метр газар тойрч гарахаасаа залхуураад байвал цаад саадтай зүлгэн дээгүүрээ шууд алхаад гар, шүлс цэрээ татсан тамхиныхаа иштэй хамт гудамжинд чөлөөтэй хаяж болно, бас зажилсан бохио кино театрын суудал доор нааж үлдээхээ харин мартаваа. Яасан? Гэдэс чинь өвдөөд байна уу?  Цаад байшингынхаа орцонд гүйж ороод дээд  давхарынx нь пункерны ард ороод  чацгаа тавь. Оройд харин шоудаж хүүхэндэж дуусахаараа хэрэглэсэн кондомнуудаа цонхоороо заавал хаяад сурчих хэрэгтэй.

Машинаа Туулын усаар долоо хоногт нэг удаа очоод угаачихаж бай. Худлаа хүний нүд хариулсан шиг доогуур нь мөлхөж ороод хуучин масло тосыг нь голынхоо эрэг дээр асгачих. Нэгэнт тэнд очсоных гэсэндээ бас хэдэн бургас хугалаад ав. Боломжын нэгийг нь хутгаар зороод хүүдээ чавханы ац болгоод бэлэглэчих. Цаад дайсны цэрэг чинь чамаар заалгуулалгүй замын гэрэлүүдийг харваж хагалаад хурц мэргэнээ гайхуулаад өгнө зүгээр. Чи лаг юм чинь байрныхаа доод подволыг түрээслээд авчих. Дотор нь гоё халуун усны саун байгуулаад гадна талд нь ханз үсгээр том хаяг бичээд тавьчих хэрэгтэй. Харин захихад танай саунаар байнга эргэлддэг хэдэн хужаагынхаа уусан пийжүүний лаазыг гудамжинд хаяуулалгүй түүж тушаагаад хэдэн төгрөг олчихоорой.

Ээ миний өссөн Улаанбаатар маань энэ олон хүний хөлд нэг ганц тахилуулж байнаа ёстой нэг. Хувийн соёл ухамсар энэ тэр гэж хуучин ярьдаг л байсан одоо бол бүр таг болсон. Арга ч үгүй юмуу даа. Өнөөдрийн УБ-ын дийлэнх иргэд нь жалганд явган суунгаа дээлнийхээ хормой дээр балин тавиад эсвэл салхины өөдөөс харж сариад сурчихсан юм чинь. Тийм бачка нарт  “Хөөе наад хуушуур ороож идсэн цаасаа хогын саванд хаяач!”  гэсэн шаардлага тавиад ч нэмэргүй.  Өмнөөс чинь салаавч өгөөд бөөн юм болно. Дуугүй байсан л дээр. Дор хаяж дахиад 20-30 жил хүлээх хэрэгтэй. Энэ бол нэг бүхэл бүтэн үе мултрах төдий хугацаа. Цаг нь болохоор хэдүүлээ Укагаа дагуулж Бэвэрли Хиллсд очоод ганц сайн эмчээр олигтойхон шиг пластик мэс засал хийлгэхээс өөр арга байхгүй.

За тэгээд эцэст нь Дамбий ах нь ганц л юм хэлье зүгээр. Чиний энэ жил УБ-ын гудамжинд тарих гэж байгаа мод бол ёстой ургана гэж ац шүү гэдгийг л битгий мартаарай!

Дамбийжаа