Д.Энхболдбаатар
Буяны үйлс

Бүр 80-аад оны сүүл үед “Монголын залуучууд” сонины сэтгүүлч Б.Галаарид хөгжлийн бэрхшээлтэй ахлах ангийн охин Д.Бадамхандын тухай анхлан бичиж, түүнийг Зөвлөлтөд эмчлүүлэх зардалд нь нэмэр хандив өргөхийг орон даяар уриалж байсныг санаж байна. Миний мэдэх анхны хандивын хөдөлгөөн тэр байлаа. Д.Бадамханд эгч тухайн үед Орос руу явж, илизаровын аппаратаар хөгжилгүй болсон хөлөө эмчлүүлж байлаа. Хандивын хөдөлгөөн үр дүнгээ өгч дээ гэж бодсон. Хожим өөртэй нь уулзаж ярилцлага хийж байхдаа би олны сайн санааны тэрхүү тусламж асар хүнд айдас, сэтгэлийн дарамт болж байсныг сонссон юм. Шуналтай нэгний нүдний хор, санааны гижиг хүрч, элдэв заль мэх, эргэн тойрныхныгоо хардаж сэжиглэхийн зовлон гээд юу эсийг туулснаа шимшрэн ярьж билээ. Хандив, өглөгийн тухай сайхан сэдвээ эвгүй түүхээр эхэллээ гэж бүү зэмлээрэй. Учир нь өгөх хийгээд авахын үйлэнд учир их байна. Харамын сэтгэлээр өгч, шуналын сэдлээр авбал буян болдоггүйг бид өвгөдөөсөө сурсан.

1990-ээд он гарснаас хойш ийм тусламж, хандивын аян, хөдөлгөөн бишгүй өрнөх болсон. Үр шимийг нь амсаад үхэл, зовлонгоосоо хагацаад явж буй хүмүүс ч бишгүй. Хэлж ирдэггүй өвчин зовлонг өөрсөд дээрээ тохоож ухаардаг монгол зон тусын сэтгэлийг эрхэмлэхийн гүн ухаантай түмэн. “Сайн хүн болоорой” гэх эмээгийн ерөөлийг сонсоогүй хүүхэд үгүй биз. Тэр сайн чанартаа тэмүүлэхийн эрхээр хармын сэтгэлээ даван туулах дотоод хөшүүрэг нь өглөг, буян болдог нь лавтай.

Өгөх сайхан

Амьдрал зөвхөн авах, идэх хоёр дээр тогтдоггүй. Бас өгөх хэрэгцээ бий. Хэн нэгэнд хэрэгтэйг нь өгч, түүгээрээ түүнийг баярлуулж, буян хийснийхээ сэтгэлийн таашаалыг хүртэхийн хэрэгцээ. Өгөх сайхан. Яг л бурханы энд хүрсэн мэтээр өөрийгөө сэтгэх сэтгэлийн ариуслыг бид өглөг, тусаасаа өөрсдөө хүртдэг.
Хайрламаар, магадгүй харуусан өрөвдмөөр, бүр энэрэн эвийлмээр учрал тохиол бидэнтэй цаг мөч тутам тулгардаг. Байгаагаараа, чадлаа хүрэхийн хэр хэмжээгээр бусаддаа туслахыг хүсэх хэрнээ нэг л болж өгөхгүй байх түг түмэн шалтгаан бий. Наанадаж тусыг бодож сарвайсан өглөг минь тусаа үнэхээр хийж чадах уу, үгүй юү гэдэгт эргэлзэх эргэлзээ тулгарна.

Хандивын тухай мэдээлэл цуглуулах явцдаа цөөнгүй баримт сөхөж харлаа. Бөхийн өргөө, Жанрайсэг шүтээнийг барьж байгуулсан, Чингис хааны тухай түүхэн кино бүтээх үйл явцын тухай гэх мэт олон ажилд өргөн олны хандив дэмжлэгийг цуглуулсан баримт байна. Жанрайсэг шүтээнийг монголчууд XX зуунд хоёр удаа бүтээн амилуулахдаа хоёуланг нь сүсэгтэн түмний өглөг хандиваар бүтээжээ. Түүнчлэн байгаль, амьтан хамгаалах, соёл урлагийг хөгжүүлэх, гадаад улс орны ард түмнүүдэд халуун гараа сунгах, зуд турханд нэрвэгдсэн үед нь талчид, тариаланчдад туслах гэх мэт олон ажил, асуудалд хандивын хөдөглөөн өрнөж байж. Энэ бүхнээс эрүүл мэндийн, бүр тодруулбал, өвчин зовлонд учирсан хувь хүмүүс эмчилгээ, оношлогоонд зарцуулах зардлыг ард түмнээсээ гуйж, хандив цуглуулах тухайг өгүүлэхээр онцолж байна. Учир нь...

Үргэлжлэлийг уншихын хүсвэл энд дар