БААБАР
“Монголд ДАЙН болж байна уу?” гэсэн нэгэн залуу сэтгүүлчийн өгүүлэл төвийн том сонины эхний нүүрт гарчээ. 2010 онд Афганистанд байлдааны дүнд 800 хүрэхгүй хүн үхсэн бол зөвхөн Баянхонгорт л гэхэд 1358 хүн үхсэн байгаа нь томоохон дүгнэлт хийх шалтгаан болжээ. Гэтэл ердөө 1874 хүүхдийг баянхонгорчууд угтан авсан ба дээр нь 50 нярайг хүн болгож чадаагүй юм байна. Дүгнэлт: Монголд дайнаас илүү гамшиг болж байна!

    Одоо 2010 оны Дэлхийн банкнаас гаргасан статистикийг харъя. Манай оронд нас баралт 56 промиль буюу 10 мянган хүн тутамд 56 хүн нас бардаг ба энэ нь 86 промиль бүхий дэлхийн дундачаас хавьгүй сайн үзүүлэлттэй байх юм. 10 мянган хүн тутамд 238 хүн шинээр мэндэлдэг нь дэлхийн дундач болох 203 гэсэн тооноос илүү гарч байна. Цэвэр өсөлт 10 мянга тутамд 182 байгаа нь 118 гэсэн дэлхийн дундачаас хавьгүй өсөлттэй юм байна. Ингэхээр Монголд жилд 15 мянган хүн үхэж, 65 мянган хүүхэд төрдөг ба хүн ам маань жил бүр 50 мянган иргэнээр нэмэгддэг юм байна. Эрэгтэйчүүд 63,6: эмэгтэйчүүд 69,8 наслаж байгаа нь дэлхийн шилдэг үзүүлэлт биш боловч гайгүй дундачдаа багтдаг юм байна. Жишээ татагдсан Афганистаныг аваад үзвэл төрөлт 446 (бараг хулгана шиг үржиж байгаа биз?), нас баралт 203 (манайхаас дөрөв дахин их “хурдацтай үхэж байна гээч!) дундач наслалт эрэгтэй 43,2, харин эмэгтэй нь хэдэн сараар ариа ахиу 43,5 гэнэ шүү.

    Баянхонгорт амьдарч буй хүний тоо хорогдсон байж болно, ер нь тийм ч байх гэхдээ энэ нь шилжин суурьшилтаас болоо болов уу. Сүүлийн хорин жилд 520 мянган хүнтэй байсан Улаанбаатар 1,3 сая болтол өссөн, үүнээс гадна Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдийг нэмэхээр бүр ч илүү шилжилт хөдөлгөөний дүн гарна. Дайны хувьд гэвэл Халх голын тулалдаанд Монголоос 238 хүн үхсэн нь нэр устайгаа архивт бий. 1945 оны чөлөөлөх дайнд Монголоос 78 хүн үхсэн нь ч түүхийн хөдөлшгүй баримт. Тэгэхээр ямар дайнтай харьцуулав? Харин 1937-38 онд Монголын төр 30 мянган иргэнээ зориудаар хороосноос болж 1950 хүртэл хүн амын өсөлт бараг зогсонги байдалд орсон байдаг юм.

    Зохиогч Монголд үр хөндөлтөөр жилд 30 мянган ураг амиа алддаг гэжээ. Хаанаас авсан ямар тоог нь мэдэхгүй, арай л дэгсдүүлчих шиг боллоо. Ер нь үр хөндөж болох эсэх нь дэлхийн аль ч оронд маргаантай асуудал байдаг. Христийн шашинт олон оронд үүнийг ёс суртахуун, ёс зүйн талаас нь гарган тавьдаг юм. Гэхдээ л ихэнх оронд хүн үр хүүхэдтэй болох эсэх хэдтэй байхыг нь өөрснөө шийдэх асуудал гэж үздэг. Монголд 1990 он хүртэл үр хөндөх нь хоритой зүйл байлаа. Дээр нь жирэмснээс сэргийлэх элдэв эм хэрэгслэл бас хориотой. Хүсээгүй жирэмслэлт айл гэрт аз жаргал гэхээсээ ядуурал, зовлон нэмдэгийг хэн хүнгүй мэднэ. Жирэмслэлтээс зайлсхийх боловсрол мэдлэг олгох гэсэн нь дээр үү, юу юугүй иш мухаргүй үр хөндөлтийг хорьсон хууль гаргах уу?

Үргэлжлэлийг уншихыг хүсвэл энд дар