Монголын хөгжимчид авьяас чадвартай, мэдрэмж өндөр, нөр их хичээл зүтгэлтэй, тэр хэрээр гайхамшигтай уран бүтээл гаргаж чаддагийн илэрхийлэл болсон цохивор хөгжмийн чуулгын шинэ бүтээлийн ээлжит тоглолт энэ сарын 26, 27-нд Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна. Энэ чуулгыг Хөгжим бүжгийн коллежийн багш, Улсын филармонийн хөгжимчин Б.Зоригт удирддаг. Түүний “цэргүүд” нь Хөгжим бүжгийн коллежийн дунд, ахлах ангийн сурагчид болон тус коллежийн оюутнууд. Гэхдээ энэ “цэргүүд” яг л томчуудын түвшинд бэлтгэгдэж уран бүтээлийг зохих ёсоор хүргэдэг айхтар хүүхдүүд байдгийг сонгодог хөгжим сонирхдог үзэгчид мэддэг болоод буй. Урлагийн хатуу хүтүү, чанд чангыг хэдийнэ мэдэрсэн янз бүрийн насны энэ залуу уран бүтээлчид Б.Зоригт багшийнхаа удирдлагаар ямар ч хүнд зохиолыг хээв нэг тоглож чаддаг нь бахархам. Мэдээж тэднийг ийм мундаг болтол “ноцолддог” нь өнөө л багш нь.
Цохивор хөгжимчдийн энэхүү чуулга нь Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжимчдийн тав дахь үеийнхэн бөгөөд чуулгаа хэзээд эгэл даруугаар “Цохивор хөгжимчдийн” л гэж нэрлэх. Сурагчдынхаа чадвар, боломжид буюу нарийвчилж авч үзвэл тэднээр уран бүтээл хийлгүүлж чадна хэмээн өөртөө итгэж, эрдсэн Б.Зоригт багш  хүүхдүүдийнхээ хамт дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын тун нарийн нандин зохиолуудыг олны хүртээл болгосоор ирсэн юм.
Хамтлаг урьд нь хэдэн жилдээ нэг тоглолт хийдэг байсан бол 2006 оноос эхэлж жил бүр шинэ бүтээлийн тоглолт хийж байхаар тогтсон. Ингэхдээ зүгээр л бэлэн зохиолууд “машиндаад” байх биш, өөрсдийн хүчээр шинээр хөрвүүлж, найруулж тоглох болсон. Хөгжмийн зохиолчдын бусад хөгжмийн зэмсэгт зориулан бүтээсэн зохиолуудыг цохивор хөгжимд, тэгэх тусмаа чуулгад зориулан хөрвүүлэхийг нь хөрвүүлж, найруулахыг нь найруулж цоо шинэ бүтээл хийж үзэгч олны оюуны сонорт зориулж буйд багш, сурагчдын нөр их хөдөлмөрийн утга орших буюу. Чуулгын шинэ уран бүтээлийн нэр нь мөн л их энгийн, “Найруулга”.
Эдүгээ тэдний үзэгчдэдээ өргөн барих гэж буй “Найруулга-2010”-ын хөтөлбөрийг харахад  тоглолт уламжлал ёсоор үнэхээр “амттай” болох нь харагдаж байна.
Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгийн жүжгийн хэсгээс найруулан бэлтгэсэн “Шоколад”, мөн энэхүү жүжгийн хэсгээс хийсэн “Цай” хэмээх зохиолоор тоглолтыг эхлүүлэх аж. Цаашилбал хөгжмийн зохиолч Ф.Дюпений “Мянган хөлт”, Ж.Россиний “Хулгайч шаазгай” дуурийн удиртгал гээд л үргэлжилсээр, Н.Жанцанноровын “Хутагтын сахиус”-ыг хүртэл тоглох нь.  Ийнхүү уг чуулга “Найруулга-2010”-аар нийт 16 зохиол үзэгч олондоо сонордуулах ажээ.
Уг тоглолтод хүүхдүүдтэй хамтарч нэртэй зарим уран бүтээлч тоглоно. Тухайлбал хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Бөртэ” хамтлагийн ятгач Ч.Мөнх-Эрдэнэ нар гоцлох юм билээ.  
Нүргэлүүлж, жингэнүүлж, цангинуулан ямар сүртэй тоглодог гэж санана, тэд. Тэгсэн хэрнээ хэчнээн хөгжимлөг, мэргэжлийн тоглодог билээ.
Үзэгчдийн таашаалд, урлагийн шаардлагад нийцсэн гайхамшигт тоглолт үзүүлдэг тэдний тоглохгүй тайз, зочлохгүй газар гэж үгүй. Тэд өнгөрсөн жил бүр наадмын өмнөх Төрийн концертод ч уригдаж нижигнүүлсэн алдартнууд билээ.   
Baabar.mn-ийн нийт уншигч, хэрэглэгчдэд Монголын авьяас билгийн мөнхийн ундарга байх энэхүү гайхамшигт хамтлагийн шинэ уран бүтээлийн тоглолтыг үзэхийг санал болгож байна. Тэдэнтэй харилцахыг хүсвэл 96673570 утсаар шууд ярьж болно. Эсвэл Улсын филармонийн 70118012 дугарын утсаар холбогдож мэдээлэл авч болно. Тасалбарын үнэ 8000 төгрөг юм билээ шүү.
Р.Оюунжаргал