Бондоор амьсгалсан 2012 оны өвлийг бид үдэж байна. Жеймс Бондын тухай цувралын 23 дахь анги болох Skyfall хоёр сарын хугацаанд бараг тэрбум долларын орлого олж, дэлхий даяар шуугиан дэгдээв. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан 1.5 тэрбум долларын бонд Монголдоо л дуулиан тарилаа.

Английн зохиолч Яна Флемингийн романуудын гол баатар өөрийгөө “Бонд, Жеймс Бонд” хэмээн бардам танилцуулдагтай адилаар Монголын Засгийн газар олон улсын зах зээлд анх удаа гаргаж буй өрийн бичгээ Чингис хэмээн сүрлэгээр нэрлэв. Манай эрх баригчид санхүүгийн шинэ хэрэгслээр “наадах” гараагаа цараатай эхэлж, ДНБ-ийхээ тавны нэгтэй дүйцэх хэмжээний хөрөнгийг нэг дор босгож чадлаа. Олон улсын өрийн зах зээл ч Монголыг уриалгахан хүлээж авсныг 1.5 тэрбум ам.долларын бондын эрэлт 15 тэрбумд хүрсэн нь харуулна. Өөрөөр хэлбэл, бид нийт эдийн засгаа хоёр нугалсан хэмжээний өр гаргаж зарсан ч худалдан авагч олдох ажээ.

Аврал


2009 оны санхүү, эдийн засгийн хямралын үеэр 1.2 тэрбум хүртэлх долларын бонд гаргах даалгаврыг УИХ Засгийн газарт өгч байсныг бид мэднэ. Тухайн үед засгийн эрх баригчид хандивлагчдаас хөнгөлөлттэй зээл олохын зэрэгцээ Оюутолгойн хөрөнгө оруулагчид, Тавантолгойн нүүрсний худалдан авагчдаас урьдчилгаа салгаж авахыг илүүд үзсэн юм. Тэгтэл дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ сэргэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого ихэссэнээр бонд гаргах хэрэгцээ ч мартагдсан.

Гэвч сайхан цаг удаан үргэлжилсэнгүй. Ашигт малтмалын үнэ уруудаж, ялангуяа нүүрсний экспорт буурснаас манай эдийн засаг, төсөвт цутгах мөнгөний хэмжээ үлэмж танагдлаа. 2012 оны арваннэгдүгээр сарын байдлаар төсвийн алдагдал 707 тэрбум төгрөг, гадаад худалдааны алдагдал 2.2 тэрбум доллар болж талийсан байна. 2011 онд 17.3 хувьд хүрсэн эдийн засгийн өсөлт 2012 онд 12 хувь болтлоо удаашрах төлөвтэй бол 2013 оны дүр зураг бүр ч бүрхэг байх таамаглал гарав. Ийнхүү төсөв, гадаад худалдааны хос алдагдал “өвлөж” авсан Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхийн тулд их мөнгө зарцуулах хэрэгтэй боллоо. Гэтэл Монгол Улс буурай орнуудын ангиллаас нэгэнт гарсан учраас хөнгөлөлттэй зээл олдох найдвар тун бага. Ядаж байхад нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох, төсвийн зарлагын өсөлтийг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн чанга заалт 2013 оноос үйлчилж эхэлж байдаг.

Нөгөө талд өмнөх засгийн гаргаж ирсэн их бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд эхлэх цагаа хүлээсээр. Дээрээс нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгөө нэхэж, залуу гэр бүлүүд орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлээ шаардах аж. Ингээд төсвийн зарлагаа ч дураараа нэмж чадахаа байсан Шинэчлэлийн Засгийн газар эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй асуудлыг шийдэх гарц олсон нь таван тэрбум долларын бонд юм. Олон улсын өрийн зах зээлээс босгосон мөнгөө төсвийн биш Хөгжлийн банкны дансанд байршуулж, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээс өөр зам ч байсангүй. Тиймээс ч эрх баригчид зориг гарган шуурхай ажиллав. Аз болж Чингис бондын эрэлт хэрэгцээ их байж, өгөөж нь бага тогтож чадлаа. Америкийн 10 жилийн хугацаатай өрийн бичигтэй харьцуулахад Монголынх гурав дахин ашигтай учраас хөрөнгө оруулагчид шуурах нь аргагүй. Манай таван жилийн хугацаатай бондын өгөөж жилийн 4.125, арван жилийнх нь 5.125 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, бид Грек, Португал, Испани зэрэг өрийн хямралд автсан Европын орон төдийгүй Бразил, Энэтхэг, Мексик, Орос зэрэг хөгжиж буй оронтой харьцуулахад хамаагүй бага өртгөөр мөнгө олж чадаж байгаа юм. Тухайлбал, Грекийн 10 жилийн хугацаатай бондын өгөөж 11.64 хувь байгаа бол Энэтхэгийнх 8.15 хувьтай байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл муу, Монголын дотоодын байдал хэцүү байгаа энэ үед бага хүүтэй зээл олоод ирсэн нь алга ташин баяр хүргэх гавъяа мөн. Хамгийн гол нь Монголын Засгийн газар олон улсын өрийн зах зээлд нэвтэрч, бенчмарк тогтоосон учраас ийм аргаар мөнгө босгох эрмэлзэл бүхий хувийн хэвшлийнхэнд ч боломж нээж өгч байгаа юм.

2013 онд төсвийн зарлагаас гадуур 2.1 их наяд төгрөг (1.5 тэрбум долларыг өнөөгийн ханшаар бодоход) орж ирж байна. Энэ нь эдийн засгийг мөнгөгүйдэх аюулаас аварч, ДНБ-ий өсөлт хоёр оронтой тоогоо хадгалсан хэвээр байхын баталгаа болж буй.

Айдас


Хүнд үед авралын мөнгө олж ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар додигор байх аж. Гэхдээ олсон мөнгөө ухаалгаар зарцуулж чадах уу гэдгээс л бүх зүйл шалтгаалах билээ. Олон улсын өрийн зах зээлээс хүүтэй мөнгө босговол түүнийгээ зөвхөн үр ашгаа өгөх төслүүдэд зарцуулах хэрэгтэйг Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван дэн Бринк бондын сургаар л анхааруулж байв.

1.5 тэрбум ам.доллар Монголбанкны дансанд орж ирсэн цагаас буюу арванхоёрдугаар сарын зургаанаас хүү хэдийнэ бодогдож эхэлсэн. Харин Засгийн газар маань Шинэ бүтээн байгуулалт, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр гэсэн тойм жагсаалттай л сууж байна. Олон их наяд төгрөгөөр хэмжигдэх эдгээр нүсэр төслүүдийг алинаас нь эхэлж хэдий хугацаанд хэрэгжүүлэх, тэдгээр нь хэзээнээс үр ашгаа өгөх нь тодорхойгүй хэвээр. Цаасан дээр батлагдаад олон жилийн нүүр үзсэн ч амьдрал дээр хэрэгжиж чадаагүй эдгээр том нэрсээс ойрын дөрвөн жилд хэрэгжих боломжтой, ашигтай байж чадахыг нь шигшиж байж хөрөнгө оруулах учиртай.

1982 онд Малайзын Засгийн газар япончуудтай хамтраад Perwaja Steel хэмээх хүнд аж үйлдвэрийн төслийг эхлүүлсэн байдаг. Гэвч энэ нь үр ашиг муутай байхыг мэдсэн Nippon Steel корпораци 1987 онд хаяж явснаар Малайзын Засгийн газар төслийг бүрэн эзэмших болсон. Зөвхөн дотоодын хэрэгцээнд зориулж, хүчин чадлынхаа 35 хувиар л ажиллаж байсан Perwaja Steel сарын 10 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байжээ. 20 хүрэхгүй жилийн хугацаанд ганц энэ төсөл Малайзын өрийн дарамтыг их хэмжээгээр тэлж, банкны салбарыг нь хэцүү байдалд оруулж дөнгөсөн түүхтэй. Ямар төсөлд хөрөнгө оруулах вэ гэдгээ маш сайн тооцоолж байж сонгох хэрэгтэйг энэ жишээ харуулна.

Харин монголчуудад алдах эрх байхгүй. Учир нь энэхүү 1.5 тэрбум ам.доллар бидэнд өдрийн 196 мянган долларын үнэтэй олдож буй. Таван жилийн дараа 500 саяыг нь, 10 жилийн дараа үлдсэн тэрбумыг нь буцаан өгөх бөгөөд нийт 605 сая ам.долларын хүү төлөх тооцоо бий. Тиймээс ч энэ мөнгөний зарцуулалтыг хянах зөвлөлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулж, тайланг төсөл тус бүрээр гарган олон нийтэд мэдээлэх хэрэгтэйг эдийн засагч Д.Жаргалсайхан тэмдэглэжээ. Засгийн газар Монгол Улсын нэрийг барьцаалж босгосон хөрөнгөө ард түмнийхээ өмнө нээлттэй, ил тод байдлаар удирдах ёстой билээ.

Одоогоор ийм туршлага манайд байхгүй. Тухайлбал, Хөгжлийн банк 580 сая долларын бонд гаргаж, 5.75 хувийн хүүтэй босгосон мөнгөө нэг хэсэг хав дарж, өдөр бүр 100 орчим сая төгрөг хий төлж байсан. 2012 онд 672.7 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байгааг нь тус банкны цахим хуудаснаас харж болох ч яг ямар төсөлд хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн, тэр нь хэр үр ашигтай болохыг нарийн тооцоог мэдэхэд бэрх байгаа юм.

1.5 тэрбум ам.доллар бол Шинэчлэлийн Засгийн газрын босгохоор төлөвлөсөн нийт хөрөнгийн ердөө гуравны нэг нь. Гэтэл 2008 онд 1.6 тэрбум ам.доллар байсан Засгийн газрын гадаад өр 2012 онд дөрвөн тэрбум ам.доллараас давах төлөвтэй. 2013 онд энэ хэмжээ бүр 7.6 тэрбум долларт хүрэх тооцоог Монголбанкнаас гаргажээ. Мөнгө зээлж болно, гэхдээ зээлсэн мөнгөө ухаалгаар зарцуулахгүй бол юу болдгийг харуулах жишээ Грек, Португал, Итали, Испаниас эхлээд мундахгүй. Европын холбооны хөгжингүй орнууд хүртэл өрийн хямралаас болж үйлээ үзэж байхад Монгол Улс яах бол гэхээр айдас төрнө. Гэхдээ ингэж муу амлаж, айж суухын оронд нэгэнт олдсон 1.5 тэрбум ам.доллараа эргэлтэд оруулж, эргээд харамсахааргүйгээр зарцуулахад анхаарах нь зүйтэй болов уу. Зээлээ хүүтэй нь төлсөн зардлаас илүү үр ашигтай төслүүдийг сонгож санхүүжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын үүрэг болж байна. Харин тэр ажлаа хэр сайн гүйцэтгэж байгааг нь хянаж байх нь ард түмэн бидний даалгавар билээ. Яагаад гэвэл энэ нь Н.Батбаярын ч, Ч.Улааны ч, ер нь хэний ч мөнгө биш, харин бидний мөнгө, бас бидний өр.

Үндэстний ТОЙМ, The New York Times, Эргэлтийн цэг 2012 он
Д.Мөнхчимэг