Энэ 7 хоногт
Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль
Монголчууд түүхэндээ анх удаа Үндсэн хуульт Бүгд Найрамдах улсаа тунхаглаад 85 жил өнгөрчээ.
Монголчууд түүхэндээ анх удаа Үндсэн хуульт Бүгд Найрамдах улсаа тунхаглаад 85 жил өнгөрчээ. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлалаас чөлөөлөгдөөд ердөө 10 гаруйхан жил болж байсан үе шүү дээ. Хүн амын дийлэнх нь өвчин эмгэгт эзлэгдэж, яр шарханд баригдсан ядуу дорд малчид, бичиг үсэггүй, соёл иргэншилгүй нүүдэлчид байлаа. Богд хаант Монгол Улсын Засгийн газар үзэл баримтлал, чиг баримжаагаа эрж хайн, сайд түшмэдээ Бээжин рүү илгээж, гадаад орнуудын элчин сайдын яамдаар хэсүүлэн, дипломат түншээ сураглаж явсан цаг. Харамсалтай нь манж маягийн өмсгөлөө салбагануулсан монгол ноёдод нааштай үг хэлэх хэн ч олдоогүй юм. Гашуун түүх шүү.
1921 оны үйл явдлаар Ардын нам зонхилж эхлэв. Ноёдын, түшмэдийн намууд эрэл хайгуулынхаа эцэст мухардмал байдалтай болчихсон байсан хэрэг. Орос Улсад гарсан Октябрийн хувьсгалын нөлөөгөөр зохилсон Ардын нам Богд хааны эрхийг хязгаарлан, төр, шашны хэргийг тусгаарлалаа. Гэхдээ төрийн хэргээс ноёд, түшмэдийн намынхныг шууд шахан зайлуулаагүй. Энэ асуудал бол түүхийн тэс өмнөө хэсэг юм.
Үндсэн хуулиа баталж авъя гэсэн асуудал бүр 1921 оноос өрнөжээ. Мөн оны аравдугаар сарын 10-нд Монгол Ардын нам (МАН)-ын Төв хороо, Ардын Засгийн газар (АЗГ)-ын хамтарсан хуралдаанаас, “Ардын эрхтэй, хэмжээт цаазат засгийн гол баримтлах хууль, дагаж явах дүрэм хэмжээг тусган, комисс гаргаж хянан тогтоолгон, үүрд журамлан шийтгүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. Тэгээд мөн сардаа (25-нд) бүх яамдад бичиг илгээн “үүрд дагаж шийтгүүлэх Үндсэн хуулийг зохион тогтоож, нийтээр дагаж мөрдөхийн тулд” саналаа ирүүлэхийг хүсчээ.
Ийнхүү Үндсэн хуулийн төсөл зохиох ажил тухайн үеийн тэргүүлэгч сэхээтнүүдийн дунд өрнөв. Баримтаас үзэхэд хэд хэдэн хувилбар төслүүд зохиогдсоны зэрэгцээ гадаад улсуудын үндсэн хуулиудыг олноор орчуулан судалж байсан нь тодорхой байдаг. АЗГ-ын Ерөнхий сайд байсныхаа хувьд Д.Бодоо өөрөө идэвхийлэн оролцож, нэг хувилбар төсөл боловсруулжээ. “Монголын хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль” хэмээх уг төсөлд Улсын Их Хурал (УИХ)-ын тухай “...Засгийн газрын дэргэд ардын төлөөллийн хурал буюу УИХ байна. Засгийн газраас аливаа цааз хууль тогтооход ардын санал, хуралдааны зөвшөөрлийг эрхбиш хэрэглэвээс зохино” гэж зааж байжээ.
Үндсэн хуулийн бас нэг хувилбарыг Жамсрангийн Цэвээн зохиосон байдаг. Тэрээр төсөлдөө Монгол Улсыг төрийн байгууламжийн хувьд хэмжээт эрхт эзэн хаантай, Үндсэн хуультай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байхаар заасан байна.
Энэ мэт хүмүүсийн саналыг нэгтгэн Үндсэн хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг 1922 онд байгуулжээ. Комиссыг Шүүх яамны тэргүүн сайд Н.Магсаржав ахалж ажиллахаар болсон байна. АЗГ-аас комисст “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй Засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” гэсэн чиглэл өгчээ. Комисс уг чиглэлийн дагуу ажиллаж, Англи, Америк, Швед, Бельги, Голланд зэрэг улсын үндсэн хуулиудыг орчуулан судалж байсан байна. Мөн Зөвлөлт Орос Улсынхыг ч орчуулсан байдаг бөгөөд эдгээр орчуулгууд гар бичмэлээрээ хадгалагдан үлджээ.
Төдөлгүй комиссыг татан буулгажээ. Ингэхдээ тэдний ажлыг урагшгүй байна гэсэн үндэслэл хэлсэн байх юм. Гэвч үүний цаана өөр шалтгаан байсныг дараа дараагийн үйл явдлууд нотолдог. Энэ үеэс коминтернийн “гар” Монгол Улсын анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажил руу шургалан орж иржээ. Комисс АЗГ-ын чиглэлийн дагуу хөрөнгөтний хууль ёсыг хэт судлах болсон нь татан буулгах шалтгаан болсон гэж зарим түүхчид үздэг. Ингэж үзэх хангалттай баримтууд ч бий.
Комисс татан буугдсанаар Үндсэн хуулийн төслийг зохиох ажилд эрс өөрчлөлт орсон байна. Зөвлөлтөөс хууль цаазын мэргэжилтэн П.В.Всесвятский гэгч эрхэм хүрэлцэн ирлээ. Тэрээр Үндсэн хуулийн төслийг зохиох ажлыг гардан зохион байгуулсан төдийгүй өөрийн гараар орос эхийг нь бичсэн байдаг. Түүнийг Монголд ирүүлэх ажил цаг хугацааны хувьд Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн АЗГ-ыг тэргүүлж байх үетэй давхацдаг боловч тэр хоёр дотно нөхөр байсан нь олон баримтаар нотлогддог.
Ардын хувьсгалын (1921 оны) гурван жилийн ойн баярыг долдугаар сарын 7-нд тэмдэглэж байхад Ерөнхий сайд Б.Цэрэндорж Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, Бүгд найрамдах улс тунхаглах болсныг зарлажээ. Энэ нь Үндсэн хуулийг батлахтай салшгүй холбоотой тул төсөл боловсруулах ажлыг яаравчлууллаа.
1924 онд аравдугаар сард дахин нэг комисс байгуулагдав. Энэ комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндорж өөрөө толгойллоо. Гишүүд нь Элбэгдорж Ренчино, Ж.Цэвээн, Гомбобадамжав нар. Зөвлөлтийн мэргэжилтний туслалцаатайгаар нэгэнт боловсруулчихсан Үндсэн хуулийн төслийг тэд дахин нухаж Их хурлаар батлуулахад бэлэн болгох ажил гүйцэтгэв. Ингээд Улсын анхдугаар их хурал хуралдав.
Улсын анхдугаар их хурал 1924 оны арван нэгдүгээр сарын 8-нд нээгджээ. Хуралд Халхын дөрөв, Дөрвөдийн хоёр аймаг, Алтайн болон Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошууд, мөн ардын цэргийн ангиудаас нийт 77 төлөөлөгч оролцсон юм. Тэдний ихэнх нь ядуу дорд энгийн ард байсныг Баабар “Монголчууд: Нүүдэл, суудал” номдоо дурдсан нь бий. Ноёдын болон түшмэдийн төлөөлөл цөөнх хувь байсны дээр Зөвлөлт Орос Улс, Коминтерний төлөөлөгчид оролцсоныг түүхийн баримтууд илтгэдэг. Мөн Зөвлөлтийн Засгийн газар, Коминтерний гүйцэтгэх хороо болон Буриад, Түвд, Ордос, Хөлөнбуйр, Баргын төлөөлөгчид болох нийт 14 хүн баяр хүргэж үг хэлж байжээ.
Хурлаар юуны өмнө Засгийн газар, аймаг, хошуудын тайланг сонсож хэлэлцжээ. Нийгэм, эдийн засгийн сүүлийн гурван жилийн үр дүнг авч хэлэлцэн, 16 тогтоол гаргасан байна. Төлөөлөгчид ихээхэн идэвхитэй оролцож, давхардсан тоогоор 250 гаруй удаа санал шүүмжлэл гаргаж, 200 гаруй асуулт тавьж, хариулт тавьжээ.
Хурлын хамгийн чухал хэсэг нь Үндсэн хуулийг хэлэлцэж батласан нь юм. Арван нэгдүгээр сарын 25-26-нд уг хуулийн төслийг хэлэлцсэн байна. Төслийнхөө зүйл, заалт бүрийг Ерөнхий сайд Б.Цэрэндорж нэг бүрчлэн уншиж тайлбарлажээ. Төрийн дээд төв байгууллагын бүтэц, ажиллах зарчим, УИХ-ын төлөөлөгчид, Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тоо, яамдын сайд нарыг сонгох, Нийслэл хүрээний нэрийг солих, төрийн далбааны утга бэлгэдлийг батлах зэрэг олон асуудлаар төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэлж, 20 шахам өөрчлөлт оруулж байжээ. Ийнхүү төслийг зүйл бүрээр нь нягтлан хэлэлцсэний эцэст 26-ны өдрийн 16:15 цагт Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагджээ.
Анхдугаар Үндсэн хууль бол хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон юм. Тийм ч учраас Их хурлаас, “бүгдээр нэгэн сэтгэл, нийтийн хүчээр улс төр, үндэс юугаараа үүрд батлан хамгаалах чухал зорилтыг агуулан бүхий” Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батласан нь “монгол туургатанд хэдэн зуун оноос нааш үзэгдсэнгүй гайхамшигтай хэрэг” болсныг бахархан тэмдэглэсэн юм.
Бидний өвгөд дээдсийн гайхамшигтай, бахархам түүхийн нэгхэн жишээ нь энэ юм. Иргэншил хийгээд соёл, хүмүүнлэгийн доод хязгаарт орхигдон мартагдсан ард түмнээ аварч, авч үлдсэн түүхэн тэмцлийг энэ баримт өнөө хийгээд ирээдүйн хүмүүст өгүүлсээр байх нь дамжиггүй.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
БурууЦолмон
moron
Зочин
BAmbaR
tenuun
Гэрэл
marka
анхаа
анхаа
золзаяа