Энэ 7 хоногт
ПАРИСЫН ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ БАВУУДОРЖИЙН БААСАНХҮҮ ДҮҮДЭЭ ЗАХИХ НЬ
Монгол Улсын олимпийн медалийн буухиаг таслалгүй, ард түмнийхээ итгэлийг дааж сэтгэлийг хураан Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү дүүдээ баярлалаа. Чи алтан соёмбот төрийн далбаагаа Парисын тэнгэрт мандуулж чадсан Монгол үндэстний баатар боллоо. Бөхдөө хайртай Монголчуудын баяр цэнгэл, сэтгэлийн тайтгарал, энэ олимпоос гялтаах амжилт, цор ганц медалийг дүү минь чи авчирлаа. Гайхамшигтай. Энэ амжилтаараа жиндээ дэлхийн чансааг тэргүүлээд эхэлж буй. 2024 онд чи Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальтан боллоо. 2024 он чинийх байлаа. Дахин дахин баярлалаа.
Монгол Улсын олимпийн медалийн буухиаг таслалгүй, ард түмнийхээ итгэлийг дааж сэтгэлийг хураан Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү дүүдээ баярлалаа. Чи алтан соёмбот төрийн далбаагаа Парисын тэнгэрт мандуулж чадсан Монгол үндэстний баатар боллоо. Бөхдөө хайртай Монголчуудын баяр цэнгэл, сэтгэлийн тайтгарал, энэ олимпоос гялтаах амжилт, цор ганц медалийг дүү минь чи авчирлаа. Гайхамшигтай. Энэ амжилтаараа жиндээ дэлхийн чансааг тэргүүлээд эхэлж буй. 2024 онд чи Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальтан боллоо. 2024 он чинийх байлаа. Дахин дахин баярлалаа.
Баасанхүү дүүдээ захих хэдэн үг байна.
Олон түмний магтаал, шагналд дарагдаж байгаа нь зүй ёсны хэрэг. Амжилтаа үнэлүүлэх нь гарцаагүй. Хөдөлмөрлөсөн хүнд амжилт ирнэ. Амжилтын үр шимээ хүртэх нь ч зөв. Хар цагаан хэл дагах нь ойлгомжтой. Тэр бүхнийг хөнгөхөн даваад гараарай. Магтаал, хүндэтгэлд живэж уруудахгүй гэдэгт чинь итгэж байна. Бэлтгэл, формоо битгий алдаарай. Энэ амжилт чиний жүдогийн замналын эхлэл гэж бодоорой.
Лос Анжелесийн олимпод одооноос бэлтгэж эхлээрэй. Чамд Монголын жүдогийн түүхэнд дэлхийн хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга болох, цаашлаад жүдогийн төдийгүй Монголын спортын түүхэнд анхны эмэгтэй “олимпийн аварга” болох ирээдүй, нөхцөл, боломж, ур чадвар, сэтгэл зүй бүрэн байна. Энэ түүхэн хувь заяаг алдаж болохгүй.Аргентин улсын жүдочин, чиний жингийн домог Паула Парето эгчээсээ үлгэр жишээ аваарай. Паула 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн ч олимпийн аварга болох хүсэл мөрөөдөлдөө 2016 оны Риогийн олимпоор хүрсэн байдаг. Мөрөөдөлдөө хүрэхэд Паула 30 настай байв. Энэ хүртэлх 8 жилийн хугацаанд тэрээр жин, бэлтгэл, формоо хадгалж, бэлтгэлээ дээд зэргээр базаан дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, тивийнхээ аваргадаа 6 удаа түрүүлсэн. Зодог тайлсан Паула жүдогийн олон улсын тэмцээнд ирж таарвал түүнтэй зорьж ярилцаад үзэх хэрэгтэй. Эерэг энерги авна. Гоё дурсамж ч болно. Дэлхийтэй ойр яваарай миний дүү.
Өөрийгөө ялан дийлээрэй. Чамайг дэлхийн өрсөлдөгчид бүгдээрээ судалж буй. Тиймээс мэх, тактикаа олон талтай болгоорой. Энэ тал дээр Хашбаатарын Цагаанбаатар ахаасаа мэргэжлийн үг сонсоорой. Цагаанбаатар 2008 оны Бээжингийн олимпийн бүтэлгүйтэлд маш зөв дүгнэлт хийж, барилдааны тактикаа эрс өөрчилж, мэхний олон талт хувилбар хөгжүүлснээр 2009 онд Дэлхийн аварга цол, 2010 онд Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байлаа. Хагас финалд шүүлтийн илт луйвар орчихсоноос биш Цагаанбаатар бол дэлхийн хошой аварга хүн юм шүү. 2009-2010 оны Хашбаатарын Цагаанбаатар бол дэлхийд шуугиулж байсан. Шижирээгийн онцолдгоор “аюумшигтай” Цагаанбаатар байлаа. Монголын жүдогийн ирээдүйн төлөө академи байгуулан зүтгэж байгаа Цагаанаа чиний барилдаан бүрт дүн шинжилгээ хийсэн, цэгнэсэн, дүгнэсэн л суугаа. Орон орны жүдочдын онцлог, сэтгэл зүй, тэдэнтэй хэрхэн барилдвал зохих мэдлэг туршлагыг маш сайн мэдэх, зөвлөж чадах хүн бол Цагаанбаатар. Хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ номыг нь унших хэрэгтэй. Бэлтгэлээ таслахгүй гээд шинэ оны босгон дээр өглөө эрт Спортын ордны хаалгыг нүдэж гүйцэтгүүлж явсан Цагаанбаатарын түүх бий юм шүү.
Монголын спортын ах, эгч нарынхаа алдаанаас суралцаарай. Олимпийн аваргуудын минь хувь заяа яаж хэрхсэнийг хэлүүлэлтгүй санах. Тухайлбал, Бадар-Ууган. Тэрээр Бээжингийн олимпод яаж тасархай түрүүлж алтан медаль хүртлээ. Мексик, Ирланд, Ботсвана, Молдавын боксчдыг сөхрүүлж, финалд Кубын боксчныг илт илүүрхэж байв шүү. Одоо ч тодхон санаж байна. Тухайн үед Олон улсын боксын мэргэжлийн хүрээнд Монголын Бадар-Ууган (-54), Украйны Ломаченко (-57) нарын хоорондын тулааныг үзэх юмсан гэсэн яриа, хэлэлцүүлэг өрнөж байсныг тод санаж байна. Олимпод алтан медаль хүртсэн жин жингийн аваргууд дундаас шалгаруулж өргөмжилдөг нэр хүндтэй Баркерын цомыг Ломаченко хүртсэн бол Олон улсын боксын холбооны 2008 оны дэлхийн шилдэг боксчны шагналыг Бадар-Ууган авч байсан. Олон улсын боксын холбоо жингийн өөрчлөлт хийж (-56) жинг гаргаж ирсэн нь Бадар-Ууган Ломаченко нарын тулааныг үзэх олон нийтийн хүслийг харгалзсан юм болов уу гэж хүртэл боддог байлаа. Бадар-Ууган олимпийн алтан медаль хүртсэн амжилтаа хадгалж үргэлжлүүлж чадаагүй. Түүнийг урьсан найр наадам, хүлээн авалт 2008 он дуустал тасраагүй гэдэг. Тэрээр формоо нэгэнт алдаад жин ихээр нэмсэн нь ТВ-ээр харагддаг байлаа. Боксын спортдоо эргэн ирэх оролдлого хийгээд Казакстаны олон улсын тэмцээнд ялагдсан, улмаар зодог тайлсан. Бэртэл гэмтэл байсан ч зодог тайлахад хүргэсэн шалтгаан мөн эсэхэд ганц Бадар-Ууган өөртөө хариулах байх даа. Хүн өөрийгөө хуурч чаддаггүй гэдэг. Бадар-Ууган боксоо орхиж захиргааны даргын ажилд шилжсэн бол Ломаченко Лондонгийн олимпод дахин түрүүлж, тэр хооронд дэлхийд 2 түрүүлж домог болсон юм. Олимп, дэлхийн хошой аварга Ломаченко мэргэжлийн боксод шуугиулж явсныг сонирхогчид андахгүй. Харин Бадар-Ууган маань Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хэрүүлтэй, шуугиантайхан гүйцэтгэж сууна. Хатуу ч гэсэн үнэн бий. Монголын боксын эрэгтэй баг олимпод тасралтгүй оролцож ирсэн түүхэн буухиа энэ олимпоор таслагдлаа. Өөрөө олимпийн аварга болсон спортын төрлийнхөө хөгжилд анхаарч чадаагүй хүн бусад спортын төрлийн хөгжилд, олимпизмын үзэл санаанд манлайлах уу? Энэ өөр сэдэв тул ингээд орхиё.
Баасанхүү дүү минь ухаантай байгаарай. Спорт залуу насны үйл хэрэг юм шүү. Ирэх 4 жил формоо өндөрт хадгалж, Монгол тамирчдын хүрээгүй оргилыг эзэлж домог болоорой. Өглөө бүр сана, өөртөө байнга хэл. Олимпод сэтгэл зүйчгүй, хоол зүйчгүй явсан, харин онлайнаар холбогдож байсан тухай чиний ярилцлагыг дэргэдээс хэн нэгэн “хөөе” хэмээн зогсоож буй, чи хэсэг балмагдаж байгаа бичлэг ч явж байна. Дарамт шахалтыг хөнгөхөн өнгөрөө. Сэтгэлээ амар тайван байлга. Олимпод медаль хүртээд булган сүүлгүй тухай олхиогүй үгс ч гарч буй. Инээгээд хүлээж ав. Олон түмэн сайнтай, муутайгаа байж бүрддэг юм. Өөртөө шинэ зорилго тавь, өндөр хүсэл эрмэлзэл үүсгэ, хичээ, зүтгэ, ял, мөрөөдөлдөө хүр. Лос Анжелесийн олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаагаа өндөрт мандуулж,төрийн дууллаа эгшиглүүл. Америкийн Монголчууд жүдогийн ордныг дүүргэж таарна. Ордон даяар Монгол Монгол гэж цуурайтна, төрийн дууллаа дагаж дуулна. Тэр гайхамшигтай орчныг одоо төсөөлөөд урагшаа хичээ. Бэлтгэлээ эрчимжүүл. Чи чадна. Өөртөө итгэ. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга Бавуудоржийн Баасанхүүг хармаар байна. Амжилт хүсье.
Б.Батбаатар